Тодруулбал, өчигдөр 18:00 цагийн орчимд уурхайн чулуулгийн хагарлын бүсийн дагуу газар хөдлөлтийн шинжтэй үзэгдэл болж, гүний уурхайд чичирхийлэл бүртгэгджээ. Үүний улмаас чулуулгийн нуралт үүсэж, тухайн бүсэд ажиллаж байсан 15 ажилтан өртөж, бэртэл авсан байна.

Ослын дараа уурхайн ослын удирдлага, аврах багууд шуурхай арга хэмжээ авч, гүний уурхайд ажиллаж байсан бүх ажилтныг бүртгэн, эрүүл мэндийн байдлыг нь шалгажээ. Уг ослын улмаас хүний амь нас эрсдээгүй бөгөөд нуралтад өртсөн ажилтнуудад эмнэлгийн тусламж үзүүлж, шаардлагатай оношилгоог хийж байгаа аж.

Харин Оюу толгойн хөрөнгө оруулагч “Рио Тинто” компани аравдугаар сарын 30-нд гаргасан мэдэгдэлдээ ослын улмаас гурван ажилтан бэртсэн гэж мэдээлжээ. Мөн аюулгүй байдлын үнэлгээ хийж дуусах хүртэл гүний уурхайн үйл ажиллагааг түр зогсоосноо мэдэгдсэн байна.