Хаалга нээгдэхэд хүмүүс хамгийн түрүүнд юу анзаардаг бол? Магадгүй хаалга нээсэн хүний царай төрхийг хамгийн тод анзаарч мэднэ. Харин дараагийн агшинд орон зайтай “ярилцаж” эхэлдэг. Тиймээс интерьерд “сэтгэл” гаргах нь тун чухал.
2018 онд байгуулагдсан Made Interiors компани сайн дизайн, чанартай материал, зөв сонголтын үнэ цэнийг монголчууддаа хүргэхийг зорин ажиллаж байна. Тэд Их Британийн орчин үеийн дизайны тод төлөөлөл Tom Dixon, Нидерланд төдийгүй дэлхий дахинаа танигдсан Марсел Вандерсийн үүсгэн байгуулсан Moooi, гэрэлтүүлгийн дизайны чиг хандлагыг тодорхойлогч Италийн Luceplan, Бельгийн тансаг зэрэглэлийн үнэртэн Baobab Collection, Францын хамгийн эртний лааны брэнд Trudon зэрэг дэлхийн брэндийг Монголд албан ёсоор төлөөлөн ажиллаж байна.
Хамгийн чухал нь тэд зөвхөн бүтээгдэхүүн борлуулахад гол зорилгоо чиглүүлдэггүй. Харин үйлчлүүлэгчийнхээ амьдралын хэв маяг, орон зайн хэмжээ, гэрэлтүүлэг, хэрэглээ, хэрэгцээ гээд олон хүчин зүйлийг харгалзан үзэж, зохимжтой сонголт хийхэд мэргэжлийн зөвлөгөө өгч чаддаг.


Сайн интерьерийн жор
Интерьерийн чухал жор “Гоё харагдаж байна уу?” гэсэн асуултаас урган гарч болно. Харин сайн дизайн, оновчтой интерьерийн жор найруулахад бүр ч олон асуултад хариулах шаардлагатай. Хэр сайн эдэлгээ даах, тав тух мэдрүүлж чадах эсэх, хэмжээ хэлбэр, өнгө, материал нь бусад элементтэй хэрхэн хорших, таван жилийн дараа ч үнэ цэнээ мэдрүүлж чадах эсэх… Энэ бүх асуултад хариулснаар интерьерийн жорыг оновчтой найруулж чадна.
Тиймээс Made Interiors зөвхөн харагдах байдлыг бус дизайн, материал, хийц, брэндийн түүх, ашиглалтын хугацаа зэргийг цогцоор нь чухалчилж үздэг.
Тэдний ойлголтоор тансаг байдал өндөр үнээс илүүтэй чанартай материал, нарийн хийц, бодож боловсруулсан дизайн, орон зайд бий болгож буй онцгой уур амьсгалын нийлбэр аж. Өдгөө хэрэглэгчдийн сонирхол ч өөрчлөгдөж байна. Материалын гарал үүсэл, үйлдвэрлэлийн арга, технологи, ашиглалтын хугацаа төдийгүй тухайн бүтээгдэхүүнийг хэн бүтээсэн, ямар үүх түүхтэй гэдэг нь сонголтын чухал хэсэг болжээ.

Дизайн орон зайг бүтээдэг
Монголын орон сууцны талбай харьцангуй жижиг. Хязгаарлагдмал орон зайд авсаархан тавилга сонгох нь хамгийн зөв шийдэл мэт санагдаж болно. Гэвч интерьерт энэ логик үргэлж үйлчилдэггүй. Олон жижиг тавилга нэг дор байрлуулах нь өрөөг давчуу, эмх замбараагүй харагдуулж болдог. Харин цөөн боловч зөв хэмжээтэй, олон зориулалтаар ашиглах боломжтой бүтээгдэхүүн орон зайг илүү цэгцтэй болгодог.
Хадгалах зайг шийдсэн пуф, хэсгүүдийг нь өөрчлөн байрлуулах боломжтой модуль буйдан, олон янзаар ашиглаж болох ширээ бага талбайд тун тохиромжтой. Мөн шалнаас хөндий харагдах хөлтэй тавилга, намхан түшлэг, шилэн элементүүд орон зайг хөнгөн, нээлттэй харагдуулдаг. Энэ зөвлөгөөнд зөвхөн тавилгын талаар яриад өнгөрч болохгүй. Хивсний хэмжээ, гэрэлтүүлгийн байрлал хүртэл орон зайн харьцаанд нөлөөлдөг.
Хэт жижиг хивс тавилгуудыг тус тусад нь салангид харагдуулдаг бол зөв хэмжээтэй хивс тэдгээрийг нэгэн цогц болгон холбож өгдөг.
Харин гэрэлтүүлгийн хувьд, тааз, шал, хана, ширээний гэрлийг давхарлан ашиглах нь орон зайд гүн, дулаан уур амьсгал бий болгодог. Made Interiors-ийн төлөөлдөг Tom Dixon, Moooi зэрэг брэндийн гэрэлтүүлэг үндсэн үүргээ тун сайн гүйцэтгэхийн зэрэгцээ интерьерийн гол акцент болж чаддагаараа онцлогтой.
Үүн дээр гэрийн үнэр ч нэмэгдэнэ. Trudon, Baobab Collection брэндийн лаа, диффузер гайхалтай үнэр бэлэглэхээс гадна савлагаа, материал, хийцээрээ интерьерийн нэг хэсэг болж чаддаг. Тиймээс цөөн боловч чанартай, онцлог дизайнтай бүтээгдэхүүн сонгож, орон зайд өөрийн өнгө төрхийг бий болгох нь илүү оновчтой.
Тайван, дулаан суурь орчинд 1-2 statement piece буюу анхаарал татах гэрэл, кресло, ширээ зэрэг элемент нэмэх нь орон зайг сонирхолтой болгодог. Мөн сүүлийн үеийн интерьерийн чиг хандлагад тавилгын хурц, өнцөглөг хэлбэрээс илүү дугуйрсан, зөөлөн хэлбэр давамгайлах болсон. Харин өнгөний хувьд тайван, даруухан суурь сонгож, гялгар металл, гууль, бараан шил, байгалийн чулуу, барзгар бүтэцтэй даавуу зэрэг ялгаатай гадаргууг хослуулах нь баялаг мэдрэмж төрүүлдэг. Гэхдээ трендээс илүү чухал зүйл бий.
Олон жилийн дараа ч мэдрэмжийг тань таатайгаар хөглөх. Энэ бол тун чухал зүйл.
Интерьерийн үнэ цэн бүтээгдэхүүний үнээр хэмжигддэггүй. Харин тэр бүтээгдэхүүн бусад элементтэй хэрхэн хоршиж, тухайн орон зайд ямар мэдрэмж бий болгож байгаагаар илэрдэг. Тиймээс Made Interiors үзүүлэнгийн танхимаа зөвхөн бүтээгдэхүүн үзэж, худалдан авах газар бус, гэрэл, үнэр, материал, дизайны хоршлыг бодитоор мэдэрч турших, орон зайгаа хэрхэн хөгжүүлэхээ ойлгох орчин болгон хөгжүүлэхээр зорьж байна. Харин урт хугацаанд сайн дизайн, оригинал шийдэл, чанартай материалд хөрөнгө оруулахын үнэ цэнийг хэрэглэгчдэд ойлгуулж, интерьерд хандах хандлагыг нь зөв чигт чиглүүлэхээр зорьж байгаа аж. Энэ хүрээнд Made Interiors орон сууцны интерьерээс гадна оффис, ресторан, зочид буудал зэрэг олон нийтийн болон төсөлд суурилсан орон зайн дизайнд үнэ цэн бүтээхийг эрхэмлэн ажиллаж байна.
Дизайн бол орон зайг “гоё” харагдуулахын нэр биш. Дизайн бол орчны мэдрэмж, дүр төрх, хэрэглээ, цаашлаад үнэ цэнийг тодорхойлох чухал хүчин зүйл билээ.



Mongolian Economy "Бүтээн байгуулалтын 100 жил" тусгай дугаарын 46-48 дугаар тал, 2026 оны 9-р сар
Сэтгүүл үзэх: https://www.mongolianeconomy.mn/magazines/25522#page=30


