Танай компани сантехникийн төрөлжсөн материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ямар төрлийн бүтээгдэхүүн, шийдлийг хэрэглэгчдэд хүргэж байна вэ?
Манай компани барилгын салбарт, тэр дундаа сантехникийн материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 2000 оноос олон улсын чанарын шаардлагад нийцсэн сантехникийн материалаар хэрэглэгчдээ хангаж ирсэн. Одоогийн байдлаар бид Европын зах зээл болон дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн халаалтын систем (радиатор, дулаан дамжуулах хоолой), ус хангамж ба түүний холбох хэрэгсэл, ариун цэврийн сантехникийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний хаалт арматур зэрэг орчин үеийн, өнгө үзэмж сайтай, Европ болон ОХУ-ын чанар, стандарт шаардлагыг хангасан бүтээгдэхүүнийг нийлүүлдэг.
Сантехникийн материалын зах зээлд төрөлжиж ажиллах нь ямар давуу талтай вэ? Танай компанийн бусдаас ялгарах онцлог юу вэ?
Энэ салбарт ажилласан 26 жилийн туршлагаас гадна сантехникийн систем, материалын талаарх хамгийн сүүлийн үеийн техник, технологийн мэдээлэл, найдвартай, хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрлэгч, нийлүүлэгчидтэй тогтвортой ажиллах хамтын ажиллагаа зэрэг нь биднийг өрсөлдөгчдөөс ялгаж өгдөг.
Сантехник бол барилгын хамгийн чухал хэсгүүдийн нэг. Тийм учраас энэ чиглэлээр төрөлжиж ажиллахаас өөр аргагүй гэж боддог.
Төрөлжсөнөөр бид зах зээлийн өөрчлөлт, шинэ технологи, стандартыг нэн даруй мэдэрч, харилцагчдадаа зөвлөх, тохирох бүтээгдэхүүн санал болгох чадвартай болдог. Сантехникийн материалын чанар нь барилгын ашиглалтын хугацаа, аюулгүй байдалд шууд нөлөөлдөг.
Танай компани бүтээгдэхүүний чанар, найдвартай байдлыг хэрхэн баталгаажуулдаг вэ?
Бид олон жилийн турш найдвартай гэдгээ баталж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Европын болон ОХУ-ын үйлдвэрлэгч, нийлүүлэгчидтэй урт хугацааны хамтын ажиллагаатай ажилладаг. Бараа бүтээгдэхүүн тус бүрдээ чанарын гэрчилгээ, техникийн паспорт хүлээлгэн өгдөг. Мөн импортын үе шатанд болон агуулахад орохын өмнө бүтээгдэхүүний чанарын шалгалт хийж харилцагчдадаа нийлүүлдэг. Сантехникийн материалын найдвартай нийлүүлэлтийг хангахгүйгээр олон жилийн турш үйл ажиллагаа явуулах нь боломжгүй асуудал.
Тиймээс Монголын барилгын салбарт 26 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулсан нь бидний найдвартай байдлыг нотлох бас нэг үзүүлэлт байх.
“Лотконс” ХХК сүүлийн үед үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа гэсэн. Энэ талаар тодруулж ярина уу?
Тийм ээ, бид материал нийлүүлэлтээс барилгын дэд бүтцийн бүхий л инженерийн тооцоолол, зөвлөгөө, угсралтын ажлыг хамарсан цогц үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүдийг нэг дор цуглуулах зорилготойгоор “LOTCONS” барилгын материалын төвийг ашиглалтад оруулж нээсэн. Барилгын компаниудтай шууд хамтран ажиллаж, төслийн шаардлагад тохирсон халаалт, ус хангамжийн систем, цахилгаан, агааржуулалтын тооцоо гаргаж, материалын сонголтоос эхлээд угсралт хүртэлх үйл явцад дэмжлэг үзүүлэх чадвартай инженерчлэлийн цогц төвийг барилгын салбарын нийт үйл ажиллагаа эрхлэгчдэдээ ойртуулахыг хичээлээ. Энэ нь харилцагчдадаа цогц шийдэл, нэг цэгийн үйлчилгээ санал болгох нэг алхам юм.


