Сүүлийн гурван жилд улсад бүртгэлтэй хөдөлмөр эрхэлдэг эмэгтэйчүүдийн тоо буурсан үзүүлэлттэй гарч. Эндээс эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэхгүй байх явдал нэмэгдэж байна гэж харж болох ч бодит байдал дээр тэд эрчүүдээс хавьгүй их ажил эрхэлдэг болжээ. Өрхийн аж ахуй, тэр дундаа жижиг худалдаа, интернэт бизнес зэрэг шинэлэг хэлбэрийн бизнесийг ихэвчлэн эмэгтэйчүүд эрхэлж байна. Харамсалтай нь эдгээрийг улс албан ёсоор бүртгээгүй учир эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт бага гарч байгаа юм. Наад зах нь цахим ертөнцөд бизнес эрхлэгчдийн халааг охид, бүсгүйчүүд залгамжлах болсон билээ. Түүнчлэн хөдөлмөрийн насны нийт хүн амын 50.4 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа нь нийгэм дэх тэдний үүрэг, оролцоо чамгүй бийг илтгэж байна.
Албан бус секторт ажиллаж буй иргэдийн 90 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа тухай Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Эрдэнэчимэг онцлов. Тодруулбал, энэ нь бүртгэлжээгүй, татвар төлдөггүй, улс сайн дүгнэж мэддэггүй хэсэг байх нь. Тэгэхээр энэ албан бус бизнесийг албажуулах, тэдэнд таатай нөхцөл бүрдүүлэхэд төрийн бодлого шаардлагатай байгааг тэрбээр нэмж хэлсэн.
Харин албан ёсоор бүртгэгдсэн, статистик мэдээнд ордог салбаруудаас эрүүл мэнд, боловсрол, худалдаа, үйлчилгээний салбарт эмэгтэйчүүд ихээр ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй хүмүүсийн 88 хувь нь эмэгтэйчүүд байх жишээтэй.
Ер нь эмэгтэйчүүд хэзээнээс олон гартай мэт хөдөлмөрлөж ирсэн. Улсад бүртгэлтэй хөдөлмөр эрхлэхийн зэрэгцээ гэр орны ажил, хүүхэд, ахмад, өвчтөнийг асрах зэрэг хэдэн давхар ажилтай байдаг. Дээр нь олон нийтийн сонгуульт ажил хүлээвэл илүү их ажил хийх үүрэгтэй. Гэхдээ үүнийг зарим оронд бүртгэж тооцоолдог аж. Өрхийн үйлдвэрлэл, хэрэглээ нь улсын эдийн засгийн чухал талбар байдаг учир Япон, Швейд зэрэг оронд өргөтгөсөн үйлдвэрлэлийн тооцоо гэж гаргадаг байна.
Монгол Улс ийм оролдлого огт хийгээгүй биш хийж. Статистикийн үндэсний хорооноос олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр эмэгтэйчүүдийн илүү цагийн ачааллыг тооцох судалгааг 1990-ээд оны сүүл, 2000 оны эхээр хийсэн аж. Судалгааны дүнд монгол эмэгтэй хүн эрчүүдээс дунджаар 3-6 цаг илүү ажилладаг нь тогтоогджээ.
Нүүдлийн соёлтой байсан ард түмний хувьд эмэгтэйчүүдийн давхар ачааг үл анзаарах явдал бий. Харин суурьшмал нийгэмд амьдарч буй монголчууд өнгөрсөн үед авах, гээхийн ухаанаар хандвал зохилтойг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хэлтсийн дарга Х.Баавгай онцолсон. Учир нь орчин цагт гэр бүлийн эрэгтэй, эмэгтэй хүн тэгш эрх, үүрэгтэй байх зарчмыг баримталвал зохилтой гэх. Шуудхан хэлэхэд, эмэгтэй хүн гэдэг утгаараа гэрийн ажлыг заавал хийх ёстой гэх хандлагаар хандаж болохгүй нь. Энэ хандлагын өөрчлөлтийг эрчүүд гэлтгүй нийгэм даяараа ойлговол өнөөдрийн ачаатай тэмээ нарын нуруу амрах учиртай. Тэгж байж бүсгүйчүүдийн тэнгэрийн талыг даах чадал, тэнхээ үл барагдана.
Н.Хатанбаатарын ханийнхаа жилийн хөдөлмөрийг үнэлсэн тооцооллыг хүргэе.
• Хүүхэд асрагчийн дундаж цалин- сард 250.000 төгрөг, жилд 3 сая төгрөг
• Гэр орон цэвэрлэх үйлчилгээ- нэг удаа 5000-10000 төгрөг, долоо хоногт гурван удаа бол сард 60-120 мянган төгрөг
• Тогооч- долоо хоногт 200, сард- 800 мянган төгрөг
• Санхүүгийн туслах- цагт 10.000, долоо хоногт 5 цаг гэж үзвэл сард 200 мянган төгрөг
• Угаалга- долоо хоногт 20-25 мянган төгрөг, сард 80-100 мянган төгрөг
• Бусад ажил- цагт 5000 төгрөг, хоногт 10 цаг 50 мянган төгрөг бол сард 1.5 сая төгрөг
Сүүлийн үед бүсгүйчүүдийн давхар ачааг эр нөхөр нь ойлгох, түүнийгээ бусдад сурталчлах нь элбэгших болжээ. Америкийн нэгэн залуу эхнэрийнхээ “нэргүй” ажлыг үнэлсэн тухай өөрийн блогтоо бичиж. Дараа нь нэгэн монгол залуу ханийнхаа жилийн хөдөлмөрийг үнэлсэн тухайгаа цахимаар түгээсэн. Америк залуугийн тооцоолсноор хүүгээ асарч буй эхнэрийнх нь жилийн хөдөлмөр 3960 ам.доллар болсон бол Н.Хатанбаатарынх 3.07 сая төгрөг болсон байх юм. Хоёр залуу уг үнэлгээг гаргахдаа дундаж цалингаар тооцсон бөгөөд хоёул эхнэрээ цалинжуулж чадахгүй тухай дурьджээ.

Н.Хатанбаатар “Гэрийн ажил миний эрхэлдэг ажлаас гурав дахин өндөр үнэлэгдэх нь гэдгийг үргэлж анхаарч байх хэрэгтэй юм байна. Хааяа эхнэр маань өөртөө нэг юм худалдаж авчихаад гэм хийсэн хүн шиг байхаар нь би их өрөвдөж өөрийгөө үзэн ядмаар болдог. Уг нь би л ичих ёстой шүү дээ” хэмээжээ.
Эрчүүд энэ мэтээр эхнэрийнхээ хөдөлмөрийг томруулдаг шилээр хардаг болчихвол наад зах нь гэр бүлийнхний дунд үл ойлголцол бий болохгүй, улмаар хүчирхийлэл намжих давуу талтай. Улмаар нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж болох юм.
Эдийн засгийн өсөлт нь саарч буй улс орнууд эмэгтэйчүүдийн оролцоотойгоор эдийн засгаа дэмжих бодлого барих болсон. Жишээлбэл, Японы засгийн газар энэ бодлогоо зарласан. Япон улс нь эмэгтэйчүүд удирдах албан тушаалд томилогдох, бизнес эрхлэхэд таагүй орнуудын нэг. Ялангуяа, хүйсээр ялгаварлах үзэл энэ улсад газар авч хүүхэд төрүүлж, жирэмсний амралтаа авснаар тухайн эмэгтэй ажлын карьер дуусгавар болдог байна. Иймээс Японы Засгийн газар жирэмсний амралтын дараа эмэгтэйчүүд ажилдаа эргэн орох нөхцлийг бүрдүүлэхэд анхааран ажиллахаа мэдэгдсэн. Хэрэв эмэгтэйчүүд хүүхэд төрүүлснээсээ болж ажлаа орхидоггүй бол Японы ажиллах хүчин 4.5 саяар нэмэгдэнэ гэж үзжээ.
Харин Монголд эмэгтэйчүүдийн хийж байгаа ихэнх ажил үнэлэгдээгүй байдаг. Үүнд тодорхой үнэлгээ тогтоох үүднээс Засгийн газраас хийж буй эхний ажил хүүхэд харах үйлчилгээний тухай хууль. Энэ нь эмэгтэй хүний хөдөлмөрийг үнэлэмжтэй болгох гэсэн бодлогын нэг алхам аж. Түүнчлэн голлох салбаруудад ажиллаж буй эмэгтэйчүүдийн тоо эрчүүдээс давамгай байгаа ч тэдний хийж буй ажил үнэлэмж багад тооцогдож байна. Харин үнэлэмж буюу цалин өндөртэй ажилд дийлэнхдээ эрчүүд ажиллаж байгааг ХАХНХЯ-ны мэргэжилтэн хэлсэн. Өнөөдрийн байдлаар эмэгтэйчүүдийн цалингийн дундаж эрчүүдийнхээс 100 мянган төгрөгөөр доогуур байгаа аж.
Мөн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо сайн биш. УИХ-ын гишүүдийн 14 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа ч орон нутгийн хэмжээнд удирдлагын 22 хувьд нь л байна. Тиймээс шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог бодитой дэмжье гэвэл квотыг нэмэгдүүлж, тэдний сонгогдох боломжийг нэмэгдүүлэх шаардлага бийг албаныхан дуулгав.
Г.Орхон
2016 оны 3 сарын "Хэрвээ Хиллари Клинтон Ерөнхийлөгч болвол" дугаараас
Тус дугаарыг бүрэн эхээр унших бол энд дарна уу


