Сүүлийн үед АНУ-ын хүч суларч байгаа талаар ярих болсон. Америкчууд өөрсдийн дэлхийд эзлэх байр суурьтаа санаа зовж буй нь дамжиггүй. Учир нь хэдхэн жилийн өмнө тохиосон санхүүгийн хямралаас бүрэн ангижраагүй байгаагийн зэрэгцээ иргэдийнх нь цалин сүүлийн 20 жилд өсөөгүй, түүнчлэн томоохон өрсөлдөгч гэж болох 1.3 тэрбум хүн амтай, хязгааргүй боломж олгох томоохон зах зээл бүхий БНХАУ-ын эдийн засаг өдөр ирэх тусам тэлж байна. Харин түүхийг эргэн сөхвөл АНУ-ын эдийн засаг харьцангуй хүчирхэг байсан нь харагдана.
Хүн төрөлхтний түүхэнд хамгийн хүчирхэг эдийн засагтай их гүрнүүд мөн дэлхийн эдийн засгийн нийт бүтээгдэхүүний хамгийн их хувийг үйлдвэрлэдэг орнууд ерөнхийдөө хамгийн их хүн амтай эсвэл хамгийн том газар нутагтай байх ажээ. Мөн хүчирхэг эдийн засагтай орнуудын чухал нууц нь аж үйлдвэржилт юм. Дөнгөж 300 гаруй жилийн өмнө дэлхийн эдийн засаг хөдөө аж ахуйд тулгуурлаж гол баялгийг бүтээдэг байв.
Ингээд хамгийн хүчирхэг эдийн засгууд хэмээн түүхэнд мөнхлөгдсөн таван гүрнийг онцльё.
Ромын Эзэнт гүрэн / МЭ 100 он/
Ром жижиг улсаас дэлхийн эзэнт гүрний хэмжээнд хэдхэн зууны дотор хүрсэн. Эртний Карфагентай хийсэн Пунийн дайн тэднийг их гүрний статусаа улам бататгахад чухал нөлөө үзүүлсэн гэдэг. Уг дайны үеэр Ромын эзэнт гүрэн Газар дундын тэнгисийг эрхшээлдээ оруулснаар эдийн засгийн асар идэвхтэй гэгдэж байсан Египт зэрэг улсад худалдаагаа өргөжүүлжээ. Эдийн засгийн өсөлтийн хамгийн чухал нэг хэсэг бол худалдаа. Тухайн үед ромчууд энэ тал дээр хэнийг ч дагуулахгүй чадвартай байсан аж. Мөн тэд санхүүгийн маш нарийн тогтолцоотой байсан төдийгүй банкны тэмдэглэл болон зээлийн олон төрлийг ашигладаг байсан аж. Түүнчлэн худалдаачид болон наймаачид холын зайг туулан үнэт метал тээвэрлэдэг байсныг судалгаагаар нотолсон байдаг.
Хятадын Сүн гүрэн
/МЭ 1200 он/
Хятадад хөдөө аж ахуй Ойрхи Дорнодыг бодвол хожуу нэвтэрсэн аж. Хэдий ийм ч тэд үр өгөөжийг нь овжин ашигласнаар дэлхийн түүхэнд байгаагүй гайхамшигт соёл иргэншлийг МЭ 1200-гаад оны үед бий болгож чаджээ. Зарим түүхч, эдийн засагч дэлхийн хамгийн анхны аж үйлдвэрийн хувьсгал Англид бус Хятадад үүссэн гэж ч маргалддаг. Япон болон Хятадын эрдэмтдийн хийсэн судалгаагаар тухайн үеийн Хятадын эдийн засаг хүн ам нь өсөхийн хэрээр улам өргөжиж байжээ.
Энэтхэгийн Их Могол улс
/МЭ 1700 он/
Энэтхэг нь дэлхийн хамгийн эртний соёл иргэншлүүдийн нэг бөгөөд тэнд олон эзэнт гүрэн сэхэж, сөхөрч байсан түүхтэй. Гэхдээ тус гүрнүүдээс эдийн засгийн хувьд хамгийн хүчирхэг байсан нь 16-р зуунаас 19-р зуун хүртэл буюу Их Британийн колончлол тогтох хүртэл оршин тогтносон Их Могол улс юм. Түүхч Ангус Маддисоны хэлснээр Их Могул улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн тухайн үеийн Англи болон Францтай тэнцэхүйц байсан ч нийгмийн эрх баригч анги давхаргын тансаг амьдралын хэв маяг Европын нийгмээс хэт давсан байсан гэжээ.
Тухайн үед Энэтхэгт очсон Европын худалдаачид Их Моголын цайз, цэцэрлэг, уран зохиол болон уран зургийг яах аргагүй биширдэг байсан гэлцдэг бөгөөд Энэтхэгийн ард түмэн алтнаас бусад барууны бараа таваарыг огт сонирхдоггүй байсан аж. Ийм ч учраас тэдний эрэлтийг хангах үүднээс барууны колончлогчид Америк тивийн үнэт металлыг цөлмөсөн ч гэж ярьдаг. Харин Британийн эзэнт гүрний аж үйлдвэржилт улам хүчээ авснаар Их Могол улс 19-р зуунд албан ёсоор Британийн колон улс болсон юм.
Британийн Эзэнт гүрэн
/ МЭ 1870 он/
Эдийн засагчдын хувьд дэлхийн түүхэн явцын ДНБ-ийг тооцож судлахад нотолгоо баримт маш багатай байдаг. Харин Британийн эзэнт гүрэн татвар болон бусад бүртгэлийг дэлгэрэнгүй хийж үлдээсэн нь судалгааны ажлуудыг баримтжуулах чухал түлхэц болсон гэдэг. Мөн Британи нь дэлхийн эдийн засгийг ноёрхол бий болгоход хамгийн их хүн амтай улс байх шаардлагагүй гэдгийг нотолсон анхны гүрэн юм. Британийн гол давуу тал аж үйлдвэрийн хувьсгалаас үүдэлтэй шинэ техниж технологи мөн колони улсуудаас авдаг байсан ашигт оршиж байжээ. Британийн Эзэнт гүрний оргил үед тэдний нийт бүтээгдэхүүний зургаагаас илүү хувийг тэдний колони улсууд бүрдүүлж байсан аж.
АНУ / МЭ 1950 он/
Дэлхийн II дайны эцэс гэхэд АНУ дэлхийн эдийн засгийн нийт бүтээгдэхүүний тал хувийг үйлдвэрлэж байлаа. Хэдий тийм боловч энэхүү “амжилт” түр зуурынх байсан юм. Учир нь тухайн үед бусад хүчирхэг гүрэн Дэлхийн II дайнаас бүрэн сэргэж амжаагүй байжээ. АНУ 19-р зууны сүүлээр хүн амын хурдацтай өсөлт, байгалийн асар их баялаг болон бизнес эрхлэгчдэдээ түшиглэн дэлхийн тэргүүлэх эдийн засаг болж чадсан аж. Гэвч өнгөрсөн зуунд тэд ийн давамгайлж байсан гол шалтгаан нь дайн. Харин өнөөдөр АНУ-ын хүч суларч байгаа нь дотоодын өсөлт суларч байгаагаас бус харин бусад улс гүрэн тэднийг гүйцэж эхэлж байгаатай холбоотой аж
2015 оны 5 сарын "Дашийн шог" дугаараас
Тус дугаарыг бүрэн эхээр унших бол энд дарна уу


