“Урт нэртэй” хуулийн урт холын аян
Төрсөн түүх, өгсөн нэр, туулсан замынх нь аль аль нь урт “Гол, мөрний урсац, бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” гэх хууль гарсан цагаасаа л хэл амны бай болсон. Уг хуулийг гараад удаагүй байхад ам чилээх шахсан нэрийг нь хүртэл хэлэхээс төвөгшөөж “Урт нэртэй” хэмээн хочилсон.Өнөөдөр Монголын эдийн засгийн тулгуур болсон уул уурхайн салбар уруудахад нөлөөлсөн зүйлүүдийн нэг “урт нэртэй” хууль гэдгийг салбарын үйлдвэрлэгчдийн зүгээс хэлж буй. Хуулийн уг санаа нь уул уурхайн салбарын байгаль орчин сүйтгээд орхидог жишгийг халах зорилготой байсан. Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба “Байгаль орчноо хамгаалах, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах, уул уурхайн үйлдвэрлэлд сүйтгэгдсэн газар шороог нөхөн сэргээх, унаган төрхөнд нь оруулах чиглэлээр төр засгаас тавьж байгаа бодлого чиглэлийг бид эсэргүүцэхгүй, хүлээн зөвшөөрнө. Гагцхүү түүнийг хэрэгжүүлэх арга механизм нь буруу байна шүү дээ. Үр дагавар нь ямар гарах вэ, ямар хор хохирол учрах вэ, эдийн засгийн ямар үр дагавартай вэ гэдгийг хууль батлахаасаа өмнө тооцоолоогүй” гэсэн юм.
Урт нэртэй гэж нэрлэдэг энэ хуулийн хүрээнд 1391 тусгай зөвшөөрөл хөндөгдсөнөөс 391 олборлолтын тусгай зөвшөөрлийг хамруулсан. Үүнээс 260 орчим тусгай зөвшөөрлийн буюу алтны шороон ордуудын үйл ажиллагааг зогсоосон гэх мэдээлэл бий. Энэ нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд таагүй мэдээ байсан талаар хэлэх хүн олон. Тухайлбал, Ашигт малтмалын хуульд зааснаар тусгай зөвшөөрлийг Засгийн газрын шийдвэрээр цуцлах юм бол тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн төлбөр олгоно гэсэн байдаг. Гэтэл дээр дурдсан 260 орчим аж ахуйн нэгжид тэр их мөнгийг хаанаас өгөх вэ.
Татвар төлөгчдийн мөнгөнөөс л хумслана. Энэ мэт улс төрийн “гаж дон” архагшиж, нэг талыг хэт барьсан бодлогогүй бодлогууд гаргаж, олон хүнийг айлгах болсон.
Юу, юу, яасан гэнэ ээ?
2006 оны Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан Стратегийн ордын тухай ойлголт олныг гайхшруулж дуусаагүй байтал дээрх “урт нэртэй” хууль 2009 онд батлагдсан. Гэтэл стратегийн гэх үгийн утгыг бүрэн тайлж амжаагүй, “Урт нэртэй” хуулийнхаа учир утгыг ойлгоогүй байж байтал Ерөнхийлөгчийн санаачилгаар Ашигт малтмалын тухай хуулийг дахин шинэчлэх болсон нь усны шувуу шиг хөрөнгө оруулагчдыг үргээчихсэн. Гаднынхан “гамшгийн” гэж тодотгоод амжсан эл хуулиар өнөөх л нөхөн сэргээлт, орон нутгийн оролцоо, уул уурхайн компаниудын хариуцлагын талаар үг үсэггүй дурдсан боловч уул уурхайн компаниудын эрх ашгийн талаар дуугараагүйгээр зогсохгүй өмчөө төрд булаалгах таагүй нөхцөл бүрдсэн гэх. Адаглаад орлогоос татвар авах зарчмаас эрс хазайж олборлосон бүгдээс ашиг авахаар заасан байх жишээтэй.
“Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав “Уул уурхайн салбарын гол хууль нь өөрчлөгдөнө гэхээр хэн Монголд хөрөнгө оруулаад явж байх вэ дээ” гэв. Мөн “Цөмийн энергийн тухай хууль” батлагдаж, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Монгол Улсын Засгийн газрыг шүүхэд өгөөд, Олон улсын арбитрт заргалдсан. Хайгуулын ажиллагааг зогсоож, хөрөнгө оруулагчид Монголын хөрсөнд хөрөнгөө буллаа. Цаашилбал 2006 онд батлагдсан Гэнэтийн ашгийн гэх тодотголтой 68 хувийн татвараас эхтэй Монголын татварын таагүй орчин уул уурхайн салбарын хувьд шүдний өвчин болчихоод байгаа нь нууц биш
Гэнэтийн ашгийн 68 хувиас болоод манай алтны салбар хүнд цохилтод орсон. Хэдийгээр тус хуулийг хүчингүй болгосон ч алдаа нь заларч амжаагүй байхад Өсөн нэмэгдэх рояалти татвар гэгч зүйл шинээр гараад ирсэн. Үр дүнд нь олон улсын хөрөнгийн бирж дээрх Монголтой холбоотой хувьцааны үнэ навс уначихаад байна. УИХ-ын гишүүн Д.Зоригт “Татварын таагүй орчин хөрөнгө оруулагчдыг алдах бас нэг гол шалтгаан. Үүнтэй холбоотой уул уурхайд хөрөнгө оруулсан бүхэн тодорхой хэмжээний алдагдал хүлээж эхлээд байна. Энэ нь юугаар илэрдэг вэ гэхээр Монголд үйл ажиллагаа явуулдаг Австрали, Торонто, Нью-Йорк зэрэг томоохон хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компаниудын хувьцааны үнэлгээ сүүлийн хоёрхон жилийн дотор 77-93 хувиар унаад байна. Ийм улсад хэн хөрөнгө оруулахыг хүсэх вэ” гэлээ. Энэ мэт ар араасаа ундарсан учир дутагдалтай олон хуулийн учрыг нь олоход ихээхэн төвөгтэй.
Монголд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих тухай хууль байснаас хязгаарлах тухай хууль гэж байгаагүй. Тэр хууль нь ч өөрийн гэсэн эерэг үр дүн өгсөн. Гэтэл үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль баталсан.
Хэдийгээр гадаадын цөөнгүй оронд ийм төрлийн хууль үйлчилдэг ч нөхцөл, шалгуур, хэрэгжилт нь тодорхой бөгөөд бодитой байдаг тул гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд тоглоомын дүрэм ойлгомжтой байдаг.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Уг нь шинээр баталсан хуулийн зорилго нь их зөв. Гэтэл батлахдаа хүндрүүлээд нийгэмд буруу ойлголт бий болгочихлоо. Уг нь ашигт малтмалын салбар дахь төрийн оролцоог багасгамаар байна.
Гэтэл тус салбарт гаднын төрийн өмчит компани ихээр хөрөнгө оруулах нь манай үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж улс төрийн маргаан үүсч болзошгүй. Тиймээс тус хуулиар гаднын төрийн өмчит компаниудын хөрөнгө оруулалтыг зохистой түвшинд байлгах зорилттой байсан. Гэтэл хууль батлахдаа нийт хөрөнгө оруулагчдыг үргээчихсэн” хэмээн учирласан удаатай. Ийнхүү хөрөнгө оруулагчид эхний асуултынхаа хариултыг ч бүрэн авч чадаагүй байтал тэднийг дээрх мэт эцэс төгсгөлгүй таагүй мэдээгээр бөмбөгдсөөр л. . .
Итгэл бөхтөл үлээсэн салхи
“Оюутолгой” бол монголчуудын төдийгүй олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийн галыг бадраагч байсан гэхэд хилсдэхгүй. Гэтэл гэрээнд өөрчлөлт оруулах тухай он жил дамжин яригдаж, Оюутолгойн хөрөнгө оруулалт зогссоны уршгаар далд уурхайн үйл ажиллагаа зогссон. Нийтлэлч Баабарын нэгэн нийтлэлд “Оюутолгойн зэс, алтыг ашиглахаар гадныхны байгуулсан компанийн хувийг заавал авна гэсээр байгаад Монголын Засгийн газар 34 хувийг нь өр тавьж байгаад эзэмшсэн. Татвар роялтийг нь аваад ашгийн хагасыг нь хүртдэг олон улсын жишиг байхад шүү дээ. Монгол ухаан ч дэлхийнхээс өөр л дөө! Одоо үүсэх бүх асуудал эндээс гаралтай” гэжээ. Төр нэгэнт шийдвэрээ гаргаад Засгийн газар нь гэрээ байгуулсан бол түүнийгээ зайлшгүй хэрэгжүүлээд явах ёстой. Гэтэл сонгууль болж, засгийн эрх солигдоход өмнөх бүх хууль тогтоомж нь өөрчлөгдөөд байж болохгүй. Ингээд байвал гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх нь бүү хэл, Монголыг олж харах ч үгүй.
Хүлээлт
Дээр дурдсан уул уурхайтай холбоотой олон хууль эдийн засгийн тамирыг шавхаж, хямрал хаалга тогшоод байгаа энэ үед юу хийх вэ. Үүний тулд УИХ-ын ээлжит бус чуулганаар Ашигт малтмалын тухай хууль болон Хөрөнгө оруулалтын орчны тухай хуулийн төслийг оруулахаар төлөвлөгдөөд байгаа сураг бий. Ашигт малтмалын анхны хууль 1994 онд батлагдаж улмаар 1997 онд нүүрээ угааж, нөгөө хувцасаа өмссөн. Түүний дараа 2006 онд дахин “мэс засалд” орсон түүхтэй. Ашигт малтмалын анхны хуульд байгалийн эрдэс баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байх эрхийг нээж, төр өмчлөгч хэмээн хуульчилжээ.
Түүнчлэн ашигт малтмалыг хайх, ашиглах зөвшөөрлийг гадаад, дотоодын хуулийн этгээдэд олгох, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, иргэд Монгол Улсын газрын баялгийг эзэмших, ашиглах эрхийг нээсэн хөтөч хууль юм.
Тэгвэл 1997 оны хуулиар гаднын хөрөнгө оруулагчдад илүү таатай, зах зээлийн боломжийг нээж, Монголын эдийн засгийг дэлхийд газарчилсан хууль болсон гэж уул уурхайн салбарын үйлдвэрлэл эрхлэгчид үнэлдэг.
Тэгвэл 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өмнөх хоёр хуулийн нэгдэл гэж салбарынхан дүгнэдэг. Эргэн харвал, Үндсэн хуулийн дараа орох уул уурхайн салбарын эцэг хууль өнгөрсөн 20 жилийн хугацаанд гурвантаа дүрээ өөрчилж, үүргээ тодорхой хэмжээнд чамлахааргүй биелүүлж иржээ. Гэтэл дөрөв дэх өөрчлөлтийг хийх шаардлага байсан уу гэдгийг эргэн харахад илүдэхгүй болов уу.
Шинэчилсэн найруулга хийгээд хууль тогтоогчдын шалгуураар орохоор зэхэж буй Хөрөнгө оруулалтын орчны тухай хуульд өнөөдрийн гаргасан алдаа, үүссэн асуудлыг шийдвэрлэх, өнөө маргаашийг биш 10, 20 жилээр алсыг харсан зохицуулалтыг хийсэн сайн хуулийн төсөл болсон гэдгийг уг хуулийн төсөл дээр ажилласан Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд О.Чулуунбат, УИХ-ын гишүүн Д.Зоригт нар хэлж буй. О.Чулуунбат “Хөрөнгө оруулалтын хуулийг гадаад, дотоодын том жижиг гэлтгүй нийт хөрөнгө оруулагчдад зориулан гаргаж буй. Тиймээс татварын орчинг тогтворжуулахаар байгаа. Мөн хууль эрх зүйн орчинг урт хугацаанд тогтвортой байх талаар тусгасан” гэв.
Хэдийгээр хуулийг хэлэлцэх цаашлаад хөрөнгө оруулагчдад ээлтэйгээр батлах нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж магадгүй ч энэ бол ердөө л эхлэл. Цаана нь дээр дурдсан Урт нэртэй хууль, Цөмийн энергийн тухай хууль, Төрөөс баримтлах Эрдэс баялгийн талаарх бодлогын баримт бичиг, Оюутолгойн гээд олон асуудлыг шийдэхгүй бол хөрөнгө оруулагчид тийм ч хурдан эргэж ирэхгүй.
Уул уурхайн ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа “Нэг хуульд өөрчлөлт оруулаад л хөрөнгө оруулагчдын итгэл сэрэгчихгүй. Хамгийн гол нь манайх зах зээлийн эдийн засагтай орны хувьд бизнес дэх төрийн шууд оролцоог зохицуулах үүрэг рүү нь түлхүү чиглүүлэх хэрэгтэй байна” гэв. Улс төрчид л түүхий хууль “үйлдвэрлэдэг”. Тиймээс тэдний бүх зүйлийг төрийн оролцоотойгоор хийх гэсэн буруу бодлоос ангижрах цаг болсныг Монголын эдийн засаг харуулаад байна.
Э.Зоригт
2013 оны 9 сарын "Уул уурхайн уналт ба эдийн засгийн доргилт" дугаараас
Тус дугаарыг энд дарж, бүрэн эхээр уншина уу.


