Дэлхий гаргийг тойроод сансрын хөл хөдөлгөөн улам бүр нэмэгдэж байна. Гэвч тэдгээрийн дийлэнхийг бүрдүүлж буй хог хаягдал дунд нүдэнд үзэгдэхгүй, одоогийн технологиор бүрэн илрүүлж, хянахад ч бэрх зүйлс бий. Эрдэмтдийн тооцоолсноор дэлхийн тойрог замд нэг миллиметрээс нэг сантиметр хүртэлх хэмжээтэй 230 сая гаруй ширхэг сансрын хог хаягдал, түүнчлэн үүнээс том хэмжээтэй 1.5 сая орчим хэлтэрхий эргэлдэж байна. Эдгээр биет нь секундэд олон зуун километрын хурдтай хөдөлдөг тул жижиг хэмжээтэй хэлтэрхий нь ч хиймэл дагуулд ноцтой гэмтэл учруулах боломжтой байдаг.
Хиймэл оюуны тооцоолол боловсруулах төвүүдийг сансарт байгуулах, Засгийн газар болон компаниуд хиймэл дагуулын сүлжээгээ улам өргөжүүлэхээр ажиллаж буй өнөө үед эрсдэл нэмэгдэж байгааг судлаачид анхааруулж байна.

Сансрын хогийн цэг
Дэлхийн тойрог замд хаягдсан пуужингийн эд анги, ашиглалтын хугацаа нь дууссан хиймэл дагуул болон мөргөлдөөнөөс үүссэн олон мянган биет байгааг НАСА тооцоолжээ.
Европын сансрын агентлагийн 2026 оны арваннэгдүгээр сарын 2-нд шинэчилсэн статистик мэдээллээр дэлхийн тойрог зам дахь хог хаягдлын хэмжээ дараах байдалтай байна.
230 сая гаруй – 1 миллиметрээс 1 сантиметр хүртэлх хэмжээтэй биет.
1.5 сая орчим – 1-10 сантиметрийн хэмжээтэй биет.
68,450 орчим – 10 сантиметрээс том хэмжээтэй биет. Үүнд ажиллагаатай сансрын хөлгүүд ч багтана.
19,610 орчим – дэлхийн тойрог замд байгаа нийт хиймэл дагуул. Үүнээс 15,800 орчим нь идэвхтэй ажиллагаатай.
Хойд Каролинагийн их сургуулийн Механик болон сансрын инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Марк Мореттогийн онцолсноор сансрын хог хаягдлын хамгийн аюултай хэсэг нь илрүүлж хянахад хэт жижиг боловч сансрын хөлөгтэй мөргөлдвөл их хэмжээний хохирол учруулах чадвартай хэлтэрхий ажээ. Хоёр том биет мөргөлдсөнөөр мянга мянган шинэ хэлтэрхий үүсэж, бусад хиймэл дагуулд учрах аюулыг улам нэмэгдүүлдэг байна.
Цаашид хүн төрөлхтөн дахин шинэ хиймэл дагуул огт хөөргөхгүй байсан ч мөргөлдөөний улмаас сансрын хог хаягдлын хэмжээ нэмэгдсээр байх эрсдэлтэйг Европын сансрын агентлаг анхааруулжээ.

Тойрог замыг цэвэрлэх технологийн эрэлд
Дэлхийн хамгийн том хиймэл дагуулын сүлжээ болох Starlink-ийг ажиллуулдаг SpaceX компани 2026 оны аравдугаар сарын 6-нд гаргасан мэдээлэлдээ дэлхийн нам тойрог замд 11 мянга гаруй Starlink хиймэл дагуул ажиллуулж байгаа бөгөөд цаашид тоог нь 100 мянга хүргэх, сансрын хиймэл оюуны тооцоололд зориулсан хиймэл дагуулын тоогоо нэг сая хүртэл нэмэгдүүлэх тухайгаа танилцуулжээ.
Тэдний хувьд дэлхийн тойрог замд үүсэж буй сансрын хог хаягдлын мөргөлдөөнөөс зайлсхийх систем болон сансрын биетүүдийг хянах Stargaze нэртэй сүлжээг хөгжүүлсэн байна.
Түүнчлэн Starlink-ийн хиймэл дагуулууд нам өндөрт байрладаг бөгөөд ажиллагаагүй болсон тохиолдолд агаар мандлын эсэргүүцлийн нөлөөгөөр дэлхийн агаар мандалд аажмаар бууж, шатах боломжтой байдаг талаар мэдээлжээ.
Харин Их Британийн Сансрын агентлаг 2026 оны аравдугаар сард ClearSpace компанитай 61 сая фунт стерлингийн гэрээ байгуулж, ашиглалтаас гарсан хиймэл дагуулыг барьж авч, дэлхийн тойрог замаас цэвэрлэх зориулалттай сансрын хөлөг бүтээхээр болжээ. Төслийн хүрээнд уг сансрын хөлгийг 2029 онд хөөргөж, 2032 он гэхэд хоёр хиймэл дагуулыг тойрог замаас гаргах зорилт тавьсан байна.
Хэдийгээр хоёр хиймэл дагуулыг устгаснаар нийт сансрын хог хаягдлын хэмжээг мэдэгдэхүйц бууруулахгүй ч ирээдүйд мөргөлдөх өндөр эрсдэлтэй ашиглалтаас гарсан том хэмжээний сансрын хөлөг, пуужингийн эд ангиудыг цэвэрлэх зэргээр илүү өргөн хүрээнд ашиглах технологийн боломжийг турших эхний алхам нь энэ болох юм.

Сансарт ч барьцааны тогтолцоо хэрэгтэй юу?
Сансрын хог хаягдлыг бууруулахад зөвхөн технологийн шийдэл хангалтгүй. Ашиглалтын хугацаа дууссаны дараа хиймэл дагуулуудаа тойрог замаас цэвэрлэхэд нь эдийн засгийн хувьд компаниудыг сэдэлжүүлэх шаардлага бий. Өөрөөр хэлбэл, компаниуд хиймэл дагуул хөөргөхдөө тодорхой хэмжээний барьцаа төлж, ашиглалтын хугацаа дуусахад хөлгөө тойрог замаас амжилттай цэвэрлэсэн тохиолдолд мөнгөө буцаан авах боломжтой.
Нийт хиймэл дагуулын ердөө 20 хувь нь ийм тогтолцоонд хамрагдвал дэлхийн тойрог замын урт хугацааны тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлэх аж.
Санхүүгийн энэ хөшүүрэг нь одоогийн зохицуулалт, робот төхөөрөмжөөр хог хаягдал цэвэрлэх ажиллагааг нөхөхөөс гадна компаниудыг хиймэл дагуул хөөргөхөөсөө өмнө ашиглалтын дараах устгалын төлөвлөгөө боловсруулахад түлхэц өгөх юм.
Сансрын нэг хог хаягдлыг цэвэрлэснээр өнөөдөр шууд эдийн засгийн өгөөж авчрахгүй байж болох ч энэ нь мөргөлдөөний эрсдэлийг бууруулж, сансрын орон зайг ирээдүйд аюулгүй, тогтвортой ашиглах нөхцөлийг бүрдүүлэх урт хугацааны хөрөнгө оруулалт болох юм.


