Арваннэгдүгээр сарын 19-нд болсон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд оролцсон 104 гишүүний 96 нь дэмжсэнээр Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн огцрох хүсэлтийг албан ёсоор ёсоор болголоо. У.Хүрэлсүх үүнээс хоёр хоногийн өмнө албан тушаалаасаа огцрох бодолтой байгаагаа мэдэгдээд байсан юм. УИХ ийнхүү албан ёсоор баталснаар тэрбээр 1992 оны Үндсэн хуулийн шинэчлэлээс хойш бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө сайн дураараа огцорсон анхны Ерөнхийлөгч болж байна.
Өнгөц харахад энэ нь төмөр замын авлигын дуулианаас үүдэлтэй хувь хүний улс төрийн хямрал мэт харагдавч, гүнзгийрүүлэн авч үзвэл Монголын хагас ерөнхийлөгчийн засаглалын тогтолцоо дахь эрх мэдэл, хариуцлагын тэнцвэргүй байдал, эрх баригч намын фракцуудын хагарал, мөн баялагт суурилсан эдийн засгийн засаглалын гажуудлыг илчилж байна.
Иймд ирэх дөрвөн сарын дотор зохион байгуулагдах Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль нь зөвхөн төрийн тэргүүнийг солих төдий асуудал биш юм. Хамгийн гол нь дуулиан дэгдэж, дээд албан тушаалтан огцорч, фракцуудын хүчний харьцаа өөрчлөгдсөний дараа нөгөө л хуучин асуудлууд эргэн давтагддаг тогтсон жишгийг Монгол Улс эцэст нь эвдэж чадах уу гэдэгт асуудлын гол зангилаа оршиж байна.
Улаанбаатар хотын захирагч асан Хишгээгийн Нямбаатар Ерөнхийлөгчийг төмөр замын төслийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтгүйгээр тодорхой нэгэн конгломератад (томоохон компаниудын нэгдэлд) олгохын тулд 25 сая ам.долларын авлига авсан хэмээн буруутгасны дараа буюу арваннэгдүгээр сарын 17-нд У.Хүрэлсүх огцрохоо мэдэгдсэн. Тэрбээр ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй хэмээн няцаасан ч огцрох өргөдлөө өгсөн юм.
Тэрбээр сүүлийн жилүүдэд албан тушаалаасаа бууж буй Монголын анхны удирдагч биш юм. 2025 оны тавдугаар сард дэгдсэн авлигын дуулианы улмаас Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцрохоос аргагүйд хүрсэн. Түүний орыг залгасан Гомбожавын Занданшатар ч мөн эрх баригч Монгол Ардын Нам (МАН) доторх фракцын тэмцлийн улмаас хүрэхгүй нэг жилийн дараа огцорсон билээ.
Тогтолцооны гажуудал
Институцийн дүрэм журмын дагуу Ерөнхийлөгч парламентын зөвшөөрөлгүйгээр огцрох боломжгүй.
Монголын нэг танхимтай парламент нь нийт 126 суудалтай бөгөөд эрх баригч МАН 68 суудал, хамгийн том сөрөг хүчин болох Ардчилсан Нам (АН) ердөө 42 суудал эзэлдэг. Эцсийн санал хураалтаар 96 гишүүн дэмжсэн нь шийдвэрлэх цохилт сөрөг хүчний зүгээс бус, харин эрх баригч намын дотроос ирснийг харуулж байна.
МАН-ын гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэн нь үндсэндээ улс төрийн алдагдлыг зогсоох (stop-loss) шийдвэр байлаа.
2026 оны хавар удирдлагын бүтцээ дөнгөж шинэчлээд байсан МАН-ын хувьд У.Хүрэлсүхтэй холбоотой дуулиан нь анх 2027 оны зургаадугаар сард товлогдоод байсан дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд тус намын ялах магадлалыг хойш татах сөрөг хүчин зүйл болж хувирсан. МАН-ын өнцгөөс харахад, эмх замбараагүй байдлыг богино хугацаанд таслан зогсоох нь хамгийн зөв сонголт юм. Энэ нь гадагшаа авлигын эсрэг тууштай байр суурьтай мэт харагдах боломжийг олгохын зэрэгцээ дотооддоо намыг хагалан бутаргаж болзошгүй, удаан үргэлжлэх огцруулах (импичмент) үйл явцаас зайлсхийх нөхцөлийг бүрдүүлж байна.
У.Хүрэлсүх өөрийн огцрох шийдвэрээ халдашгүй байдлаасаа татгалзаж, жирийн иргэний хувиар шалгуулан нэр төрөө сэргээх зорилготой алхам хэмээн мэдэгдсэн. Гэвч энэ нь хоёр талын чимээгүй тохиролцооны үр дүн байх магадлал өндөр. МАН авлигын эсрэг тэмцэгч дүр төрхөө хадгалж үлдэх бол, экс Ерөнхийлөгч ирээдүйд улс төрд эргэн ирэх боломжоо нээлттэй үлдээж байна.
Эдгээр буруутгалын үнэн мөн хараахан тогтоогдоогүй байна. Одоогийн байдлаар Монголын авлигатай тэмцэх байгууллага, хууль хүчнийхэн 25 сая ам.доллартай холбоотой сэжүүрүүдийг шалгаж байгаагаа л баталсан бөгөөд түүнээс их хэмжээний бэлэн мөнгө төлсөн гэх мэдээлэлд шууд нотлох баримт олдоогүй байна.

Энэхүү үйл явдал нь Монголын хагас ерөнхийлөгчийн засаглалын тогтолцоонд олон жил оршсоор ирсэн цоорхойнуудыг ил болголоо. Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч нь гадаад харилцаа, батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын асуудлыг хариуцаж, хуульд хориг тавих, гол албан тушаалтнуудыг нэр дэвшүүлэх эрхтэй. Харин парламентын олонх болсон намаас сонгогддог Ерөнхий сайд дотоод хэрэг болон эдийн засгийн бодлогыг давамгайлан удирддаг.
Энэ нь анхнаасаа эрх мэдлийг тэнцвэржүүлэх зорилготой байсан ч практик дээр маш олон ойлгомжгүй “саарал бүс”-ийг бий болгожээ. Хэрэв эдийн засаг тааруу байж, ард иргэдийн амьжиргааны асуудал үүсвэл хариуцлагыг Засгийн газар хүлээж, Ерөнхийлөгч шууд хариуцлага хүлээх шаардлагагүй болдог. Гэсэн хэдий ч томоохон ордын ашиглалт, хил дамнасан дэд бүтэц зэрэг стратегийн чухал ашиг сонирхлын төслүүд ихэвчлэн Ерөнхийлөгчийн зөвшөөрлийг шаарддаг бөгөөд тэдгээрийн бодит нөлөө нь Үндсэн хуулиар тогтоосон хязгаараас хамаагүй давж гардаг.
Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх халдашгүй эрх эдэлдэг тул авлигатай тэмцэх ердийн механизмууд төрийн тэргүүнд хүрч чаддаггүй.
Парламентын олонх нь эрх баригч намын гарт байдаг тул хяналт шалгалт амархан хэлбэрдэл төдий болж хувирдаг. Аливаа дуулиан нам доторх зөвшилцлийг эвдэх хэмжээнд хүрмэгц хямралыг дээд албан тушаалтныг огцруулах замаар шийдвэрлэж, асуудлын уг үндсийг нь хөндөлгүй орхидог.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улс гурван Ерөнхий сайд, хоёр УИХ-ын даргын нүүр үзэж, одоо ийнхүү Ерөнхийлөгч нь хугацаанаасаа өмнө огцорлоо. Гол албан тушаалтнуудын энэхүү хэвийн бус халаа сэлгээний давтамж нь төлөвшсөн ардчилсан орнуудтай харьцуулахад хамаагүй өндөр байна.
Бүтцийн шинэчлэл хийхгүйгээр зөвхөн хүмүүсийг сольдог энэхүү загвар нь тогтолцоо өөрийн алдааг засах чадваргүй байгааг харуулж байна. Улс төрийн үймээн самуун бүр аль нэг улстөрчийн уналтаар төгсдөг ч Засгийн газар болон Ерөнхийлөгчийн институц хоорондын эрх мэдэл, хариуцлагын зааг ялгааг тодорхой болгох, дээд эрх мэдэлд тавих хязгаарлалтыг хэвшил болгох ажил хийгдэхгүй хэвээр байна.
Нэг нам дангаар ноёрхох үед хяналт сулардаг; харин Засгийн газар болон төрийн тэргүүний албан тушаал хоёр өөр намын гарт хуваагдах үед дотоод зөрчил тэмцэлд автдаг. Аль ч тохиолдолд Монгол Улс тогтвортой засаглалгүй хоцорч байна.
МАН-ын дотоод улс төр
Эрх баригч намын өнцгөөс харахад У.Хүрэлсүх огцорсон явдал нь Монгол Ардын Нам (МАН)-ын үе хоорондын эрх мэдлийн шилжилтийн чухал эргэлтийн цэг болж байна.
Зуу гаруй жилийн түүхтэй энэ нам орчин үеийн Монголын түүхийн ихэнх хугацаанд төр барьж ирсэн. Өнөөгийн МАН нь уламжлалт, давуу эрх ямба бүхий хуучин фракц болон илүү прагматик (бодит үр дүнг эрхэмлэдэг), залуу үеийн фракц гэсэн хоёр хэсэгт хуваагдаад удаж байна. У.Хүрэлсүх 2021 онд өндөр саналаар Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь хуучин элитүүдийн улс төрийн оргил үе байлаа. Гэвч 2024 оны парламентын сонгуулийн дараа МАН-ын суудлын давуу байдал мэдэгдэхүйц хумигдаж, үүн дээр өндөр инфляц, авлига, олон нийтийн бухимдал нэмэгдсэнээр нам дотор удирдлагаа шинэчлэхийг шаардах дуу хоолой улам бүр хүчээ авах болов.
2025 оноос хойш үргэлжилж буй улс төрийн тогтворгүй байдал нь үндсэндээ эдгээр фракцын тэмцэл ил гарч дэлбэрч буйн илрэл юм.
1987 онд төрсөн Ням-Осорын Учрал 2026 онд Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга болсноор гүйцэтгэх засаглал болон намын гол эрх мэдлийг гартаа төвлөрүүлээд байна. Гэхдээ Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчид нэр дэвшигч 50 нас хүрсэн байх ёстой. Н.Учрал нэр дэвших насны босгыг хангахгүй ч намын нэр дэвшүүлэх үйл явцыг бүрэн хянаж байгаа тул хөшигний ар дахь гол тоглогч болж байна.
У.Хүрэлсүхийг авлига авсан хэмээн ил тод буруутгасан Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатар нь өөрөө ч мөн улс төрийн дуулиант хэргийн ял зэмээс зайлсхийж Канад руу оргон зайлсан МАН-ын өндөр албан тушаалтан асан юм. Түүний хилийн чанадаас шууд дамжуулалтаар (лайв) дэлгэсэн илчлэлтүүд нь фракцын тэмцлийг өдөөх талбайн гаднах хэрэгсэл болж байна.
Монголын улс төрд авлигын хэрэгт буруутгах явдал нь зөвхөн хууль шүүхийн асуудал байхаа больж, фракцууд бие бие рүүгээ довтлох ердийн нэг зэвсэг болж хувирчээ. Мэдээллийг ил болгох цаг хугацаа болон түгээх хурд нь илүү өргөн хүрээтэй эрх мэдлийн төлөөх тэмцлийн хэрэгсэл болж байна.
Монголын «баялгийн хараал»
Монголын улс төрийн тогтворгүй байдлын уг үндэс нь бүр ч гүнд буюу баялагт суурилсан эдийн засгийн засаглалын мухардалд оршиж байна.
Монголын гадаад худалдааны 90 орчим хувийг ашигт малтмалын экспорт бүрдүүлдэг бөгөөд нүүрс, зэс нь санхүүгийн гол тулгуур багана төдийгүй рент хайх (эрх мэдлээ ашиглан ашиг хонжоо олох) үйл ажиллагааны гол талбар болдог. 2023 оны Тавантолгойн нүүрсний уурхайтай холбоотой авлигын хэргээс эхлээд энэ долоо хоногт У.Хүрэлсүхийг огцроход хүргэсэн Тавантолгой–Гашуунсухайтын төмөр замын хэрэг хүртэл байгалийн баялаг, дэд бүтцийн төслүүд нь авлигын дуулианы үржил шимтэй хөрс байсаар ирсэн.
У.Хүрэлсүхийн дуулианы гол цөм болсон Тавантолгой–Гашуунсухайтын төмөр зам нь Тавантолгойн уурхайг Гашуунсухайт боомттой, цаашлаад Гашуунсухайт–Ганцмодны хил дамнасан төмөр замтай холбодог 233.6 км урттай шугам юм. 2020–2022 онд баригдсан уг төмөр замыг нээлттэй тендер зарлалгүйгээр «нүүрсээр төлбөр хийх» (off-take буюу нүүрсээр барьцаалж барих) загвараар хэрэгжүүлсэн бөгөөд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үйл явц нь эхнээсээ маргаан дагуулсаар иржээ.
Монголын баялаг, хөрөнгийн хэт төвлөрөл нь ашиг хуваах тогтвортой сүлжээг бий болгосон. Улс төр, бизнесийн цөөн тооны элитүүд олборлолт, тендер, үнэ тогтоолтыг гартаа атгаснаар жирийн иргэд баялгийн өгөөжөөс хүртэх боломж хязгаарлагдмал байна.
Баян хоосны ялгаа удаан хугацаанд өндөр хэвээр байж, хүн амын бараг 30 хувь нь ядуурлын шугамын орчимд амьдарч байгаа бол инфляц бага орлоготой иргэдийн амьжиргааг улам бүр доройтуулсаар байна.
Эдийн засаг унах эсвэл түүхий эдийн үнэ хэлбэлзэх бүрд хуримтлагдсан олон нийтийн бухимдал авлигын дуулианаар дамжин дэлбэрч, эцэст нь нэг эсвэл хоёр өндөр албан тушаалтныг суудлаас нь буулгаснаар нийгмийн хурцадмал байдлыг түр зуур намжаахад хүргэдэг.
Энэхүү чөтгөрийн тойргийн хамгийн аюултай тал нь бүтцийн шинэчлэлийн оронд зөвхөн улс төрийн халаа сэлгээ хийгддэг явдал юм. Дуулиан дэгдэх бүрд олон нийтийн анхаарал зөвхөн хэн огцрох вэ гэдэг дээр төвлөрдөг. Ирээдүйд ийм асуудал гарахаас сэргийлэх суурь тогтолцоог бүрдүүлэх, тухайлбал тендерийг ил тод болгох, албан тушаалтнуудын хөрөнгө орлогыг олон нийтэд нээлттэй мэдээлэх, авлигатай тэмцэх хараат бус байгууллагыг бэхжүүлэх зэрэг шаардлагыг олон нийт тэр бүр тууштай тавьдаггүй. Ашиг хуваах энэхүү тогтолцоо өөрчлөгдөхгүй цагт ижил төстэй дуулиан шуугиан, улс төрийн үймээн самуун дахин дахин давтагдсаар байх болно.
Монголын шилжилтийн үе
Одоогийн байдлаар УИХ-ын дарга Сандагийн Бямбацогт Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түр орлон гүйцэтгэж, Монгол Улс ээлжит бус сонгууль хүртэлх дөрвөн сарын шилжилтийн үе рүү шилжээд байна. Баруун бүсийн Ховд аймгаас гаралтай С.Бямбацогт 2026 оны дөрөвдүгээр сард УИХ-ын даргаар сонгогдсон бөгөөд үүнээс өмнө ЗГХЭГ болон Зам, тээврийн хөгжлийн сайд, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан туршлагатай. Тэрбээр албан тушаалаа хүлээж авмагцаа сонгуулийн үеэрх хэт туйлширсан сөргөлдөөнийг хязгаарлах, төрийн аппаратын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор нам хоорондын зөвшилцлийн механизмыг нэн даруй байгуулав.
Цаашдын улс төрийн нөхцөл байдал гурван гол хувьсагчаас шалтгаална.
Нэгдүгээрт, МАН нэгдсэн нэг нэр дэвшигч дэвшүүлж чадах уу? Дээр дурдсанчлан Н.Учрал насны хязгаарын улмаас Үндсэн хуулиар нэр дэвших эрхгүй. Тэрбээр олон нийтэд хандан намын сахилга бат, эдийн засгийн тогтворжилт, хууль ёсны дэг журмыг нэн тэргүүнд тавина гэдгээ илэрхийлээд байна. Н.Учрал сонгуулийн товыг арванхоёрдугаар сарын 20-ноос өмнө зарлана гэдгийг мэдэгдэж, энэхүү шилжилтийн үеийг олон нийтийн итгэлийг сэргээх боломж хэмээн тодорхойлжээ.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Янгугийн Содбаатар нэр дэвшигч тодруулах үйл явцын талаар бүр ч тодорхой байр суурь илэрхийлж, хөшигний ар дахь тохиролцоогоор бус, харин анхан шатны байгууллага, намын гишүүд, олон нийтийн санал болон рейтинг тогтоох судалгаанд тулгуурлан нэр дэвшигчийг тодруулах ёстой гэв. Тэрбээр мөн төмөр замтай холбоотой буруутгалыг үндэслэлгүй хэмээн няцаасан ч У.Хүрэлсүхийн огцрох шийдвэрийг Үндсэн хуульд нийцсэн зөв алхам хэмээн дэмжсэн байна.
Гэсэн хэдий ч нам доторх фракцын хуваагдал хэвээр байна. С.Бямбацогтод Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн институцийн давуу тал болон төрийн удирдлагын арвин намтар бий. Гэхдээ түүнд хүчтэй өрсөлдөгч гарч ирж болзошгүй нь Ерөнхий сайд асан Гомбожавын Занданшатар бөгөөд тэрбээр олон нийтийн санал асуулгаар өндөр рейтингтэй, хуучин сүлжээн дундаа нөлөөгөө хадгалсаар байна.
Хэрэв Н.Учрал, Я.Содбаатар нар нэгдсэн нэг нэр дэвшигч дээр эртнээс дэмжлэг төвлөрүүлж чадахгүй, Г.Занданшатар эсвэл хуучин фракцын өөр нэгэн улстөрч өрсөлдөхөөр зэхвэл МАН хагаралд орж, сөрөг хүчин болох Ардчилсан Намд Ерөнхийлөгчийн суудалд хүрэх бодит замыг нээж өгөх эрсдэлтэй.
Хоёрдугаарт, сөрөг хүчин олон нийтийн санаа бодлын давуу байдлаа сонгогчдын санал болгон хувиргаж чадах уу? Энэхүү дуулиан нь Ардчилсан Намд ховорхон тохиох боломжийн цонхыг нээж өгсөн ч тус нам олон жилийн турш фракцуудын хуваагдал, бодлогын тодорхой хөтөлбөргүй явж ирсэн. Намын дарга Одонгийн Цогтгэрэл, Ерөнхий нарийн бичгийн дарга Сангажавын Баярцогт нар 2025–2026 онуудад дотоод сахилга батаа чангатгахыг оролдсон боловч олон жил ужгирсан фракцын хуваагдал арилаагүй хэвээр байна.
Ерөнхий сайд асан Норовын Алтанхуяг, АН-ын дарга асан Лувсаннямын Гантөмөр, УИХ-ын дэд дарга Бөхчулууны Пүрэвдорж нарын зэрэг хүмүүс 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлалтай нэр дэвшигчдээр яригдаж байна. Авлигын эсрэг уриа лоозонгоос хальсан засаглалын бодит хөтөлбөр, нэгдсэн нэг нэр дэвшигчгүйгээр АН өнөөгийн таатай нөхцөл байдлыг сонгуулийн олонхын санал болгож чадахгүйд хүрнэ.
Гуравдугаарт, удахгүй өрнөх хууль хяналтын байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа гудамжны эсэргүүцлийн жагсаалд хүргэх үү? У.Хүрэлсүх огцорсны дараа ч хэргийн шалгалт хэрхэн өрнөх нь олон нийтийн санаа бодолд хүчтэй нөлөөлсөн хэвээр байх болно. Хэрэв олон нийт мөрдөн шалгах ажиллагаа удааширч, хууль шүүх ялгавартай үйлчилж байна гэж үзвэл 2022 оных шиг өргөн хүрээтэй гудамжны эсэргүүцлийн хөдөлгөөн давтагдах магадлал өндөр. Нийгмийн шахалт нь нэг бол авлигын эсрэг илүү гүнзгий тэмцлийг өрнүүлэх, эсвэл фракцуудын ашиг сонирхолд ашиглагдан улс төрийн тодорхойгүй байдлыг улам бүр дэвэргэх болно.
Дотоодын үймээн самуунаас үл хамааран геополитикийн түвшинд суурь өөрчлөлт гарахгүй. Монголын нүүрсний экспортын талаас илүү хувь нь Хятад руу нийлүүлэгддэг бөгөөд эдийн засаг нь туйлын хөшүүн бүтэцтэй. Аль ч удирдагч энэ суурь зарчмыг ганхуулахгүй. Харин бодит нөлөө нь газрын ховор элемент, зэсийн уурхай зэрэг салбарт «гуравдагч хөрш» орнуудаас орж ирэх хөрөнгө оруулалтад мэдрэгдэнэ.
Улс төрийн тогтворгүй байдал нь шилжилтийн үед олон улсын хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэх нь дамжиггүй.
У.Хүрэлсүхийн огцролт нь Монголын ардчилсан шилжилтийн хувьд томоохон сорилт (стресс тест) болж байна. Нэг талаас, парламент огцрох хүсэлтийг тайван замаар баталж, эрх мэдлийг шилжүүлсэн нь Үндсэн хуулийн суурь тогтолцоо тодорхой хэмжээний тэсвэр хатуужилтай хэвээр байгааг харууллаа. Гэвч институцийн цоорхой, фракцын хагарал, баялгийн засаглалын бэрхшээлүүд тийм ч амархан шийдэгдэхгүй.
Жинхэнэ шалгалт ойролцоогоор дөрвөн сарын дараа болох Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулиар ирнэ. Хэрэв шинэ удирдлага бүтцийн шинэчлэл хийхгүйгээр зөвхөн хүмүүсийг сольдог хуучин замаараа явбал Монгол Улс нөгөө л нэг тойргоо давтах болно. Хэн Ерөнхийлөгч болохоос илүүтэй томоохон төслүүдийн ил тод байдлыг хангах, эрх мэдлийн хяналтыг чангатгах, элитүүдийн ашиг хуваах тогтолцоог эвдэх боломжтой эсэх нь хамаагүй чухал асуудал юм.
Энэ асуултын хариулт нь зөвхөн 3 сая гаруй монголчуудын амьдрал ахуйд хамаараад зогсохгүй, Зүүн Хойд Азийн эх газрын орнуудын ардчиллын туршлага болон баялагт суурилсан эдийн засгийн засаглалын хамгийн сүүлийн үеийн ажиглалтын жишээ болж байна.
Ч.Сумъяа
Энэхүү өгүүлэл "The Diplomat" сэтгүүлд 2026 оны 11 дугаар сарын 20-ны өдөр англи хэл дээр
"Mongolia’s President Steps Down Amid Corruption Allegations" нэртэйгээр нийтлэгдсэн болно.
Зургийн эх сурвалж: Ерөнхийлөгчийн тамгын газар


