Сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхийн хиймэл гэрэлтүүлэг жилд дунджаар 10 орчим хувиар нэмэгдсэн бөгөөд 2052 он гэхэд хуурай газрын нийт талбайн бараг тал хувь нь гэрлийн бохирдолд өртөж болзошгүй гэж судлаачид тооцоолжээ. Энэ нь зөвхөн хот суурин газрын асуудал биш юм. Хүний нөлөө харьцангуй бага, алслагдсан бүс нутгуудад ч хиймэл гэрэл хүрч, амьтан, ургамлын байгалийн хэмнэлийг өөрчлөх болжээ.
Гэрлийн бохирдол нь шувуу, хөхтөн, хоёр нутагтан, хэвлээр явагч, загас зэрэг сээр нуруутан амьтдын мелатонин буюу нойрны хэмнэлийг зохицуулдаг дааврын ялгаралтыг дунджаар 36 хувиар бууруулдаг байна. Түүнчлэн амьтдын орон зайн тархалтад нөлөөлж, зарим зүйл амьтдыг тод гэрэлтэй орчинд татахын зэрэгцээ бусдыг нь амьдрах орчноосоо дайжихад хүргэдэг.

Үүний хамгийн тод жишээ нь бидний сайн мэдэх гудамжны гэрлийн эргэн тойронд олноороо бөөгнөрдөг шөнөөр нисдэг шавж юм. Олон тооны судалгаанаас үзэхэд хиймэл гэрэлтүүлэгтэй орчинд нисдэг шавж төдийгүй тэдгээрээр хооллодог аалз зэрэг махчин амьтдын тоо, нягтрал нэмэгддэг аж. Энэ үзэгдэл нь усны амьдрах орчинд ч мөн адил үйлчилдэг. Хиймэл гэрэлд татагдсан махчин загас гэрэлтүүлэгтэй шүрэн хадны орчимд олноор төвлөрснөөр тухайн орчны амьтдын бүрэлдэхүүн, харилцан хамаарал өөрчлөгдөхөд хүрдэг байна.
Харин зарим сээр нуруутан хиймэл гэрэлтүүлэгтэй орчноос эсрэгээрээ зайлсхийдэг. Тухайлбал, пума тод гэрэлтэй бүсээс дайждаг бол нүүдлийн шувууд гэрэлтүүлэг ихтэй газраар дамжин өнгөрөхөөс цэрвэдэг байна.
Ийнхүү зарим зүйл амьтад тодорхой бүсэд хэт төвлөрч, зарим нь өөр амьдрах орчин руу шилжсэнээр байгалийн нөхцөлд өмнө нь бүрэлдэж байгаагүй амьтдын шинэ бүлгэмдэл бий болох нөхцөл үүсэж байгааг ХБНГУ-ын Цэнгэг усны экологи, загас агнуурын хүрээлэнгийн (IGB) Гэрлийн бохирдол ба экологийн физиологийн судалгааны баг онцолжээ.
Гэрлийн бохирдлын нөлөө зөвхөн амьтдаар хязгаарлагдахгүй. Ургамлын улирлын мөчлөг ч өөрчлөгддөг аж. Тухайлбал, хот суурин газрын модод хавар эрт нахиагаа дэлгэж, намар орой навчсаа гөвөх болжээ. Судалгаагаар хотын ургамлын ургах хугацаанд нөлөөлөх хүчин зүйлсийн дунд агаарын температураас илүүтэй гэрлийн бохирдол чухал нөлөөтэй байж болохыг тогтоосон байна.

Гэрлийн бохирдлыг хэрхэн бууруулах вэ?
Амьтан, ургамлын төрөл зүйл болон амьдрах орчны онцлогт тулгуурлан гэрлийн бохирдлыг бууруулах дөрвөн үе шаттай аргачлал санал болгожээ.
Нэгдүгээрт, шаардлагагүй гэрлийн эх үүсвэрийг бүрэн унтраах буюу ашиглалтаас гаргах. Хоёрдугаарт, гэрлийн ойлгогч, хаалт зэрэг зориулалтын хэрэгсэл ашиглан гэрлийг зөвхөн шаардлагатай хэсэг рүү чиглүүлж, гэрэлтүүлгийн эрчмийг багасгах. Гуравдугаарт, цаг тохируулагч болон хөдөлгөөн мэдрэгч суурилуулж, гэрэлтүүлэг ажиллах хугацааг хязгаарлах. Дөрөвдүгээрт, гэрлийн спектр буюу өнгөний найрлагыг тохируулж, амьд организмд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахыг зөвлөжээ.
Харанхуй орон зай, шөнийн амьдрал бол амьд организмын хамгийн чухал амьдралын хэрэгцээ юм. Тиймээс гэрэлтүүлгийг нэмэхээс илүүтэй хаана, хэзээ, ямар гэрэл шаардлагатайг зөв тодорхойлох нь гэрлийн бохирдлыг бууруулах эхний алхам болох юм.


