Шүлхий өвчний шинэ хэвшил SAT-1 Монгол Улсад бүртгэгдээд байна. Энэ хэвшлийн эсрэг вакциныг ОХУ-аас эхний ээлжид 1.5 сая тунг авахаар төлөвлөөд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор шүлхийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Мал эмнэлгийн ерөнхий газрын (МЭЕГ) мэргэжилтэн Х.Бодьсайханаас тодрууллаа.

Одоогоор хэдэн аймгийн хэдэн суманд үхрийн шүлхий бүртгэгдэж, хэдэн үхэр өртөөд байна вэ?
Шүлхий өвчний хоёр хэвшил (SAT-1, О) манай улсад бүртгэгдээд урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээ хэрэгжүүлж байна. Тухайлбал, шүлхийн SAT-1 хэвшлээр Баян-Өлгий аймгийн хоёр сум, Ховд аймгийн хоёр суманд нийт 1320 толгой мал өвчилсөн нь тогтоогдсон. Харин шүлхийн О хэвшил зургаан аймгийн 11 суманд бүртгэгдэж, нийт 64 өрхийн 3183 мал өвчилж, МЭЕГ-аас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Шүлхий туссан үхрийг шууд устгалд оруулдаг уу. Эмчилж эдгээх боломжтой юу?
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, зааварт энэ талаар маш дэлгэрэнгүй тодорхой зааж өгсөн. Тухайн заавар мөн бусад хууль, журмын дагуу хорио цээрийн арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Мөн шинэ тохиолдол анх удаа гарч байгаа, дахин дэгдэж байгаа, олон улсын чанартай авто зам, нисэх буудал зэргийг хамран гарсан тохиолдолд богино хугацаанд таслан зогсоох зорилгоор устгах арга хэмжээг хэрэгжүүлэхээр заасан.
Олон аймаг, сум, олон тооны мал сүргийг хамран гарсан тохиолдолд хорио цээр, дархлаажуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой.
Үхрийн шүлхийн вакциныг хаанаас оруулж ирдэг вэ. Улсын хэмжээнд жилд хэдэн сая тун шүлхийн вакцин хэрэглэдэг юм бол?
Вакциныг 2018-2024 он хүртэл ОХУ-аас авсан. Түүнээс өмнө БНХАУ, Франц зэрэг улсуудаас авсан тохиолдол бий. Харин 2025 онд Турк улсын үйлдвэрлэгчээс авсан. Манай улс жилд дунджаар 8-10 сая тун вакцин авдаг. Энэ нь жилд бүх үхрээ хавар, намар хоёр удаа тарих хэмжээний тун юм. МЭЕГ тухайн жилдээ батлагдсан төсөвтөө багтааж л авч байгаа.
Вакцин хийлгэсэн үхэр шүлхийгээр өвчлөөд байна гэж ХХААХҮ-ийн сайд мэдээлсэн. Шалтгаан нь юу юм бол. Үнэхээр чанарын шаардлага хангахгүй вакцинаас болсон уу?
Вакцин таригдаагүй үлдсэн тохиолдлууд мэр сэр гарч байна. Тухайлбал, Өвөрхангай аймагт нэг айлын үхэр таригдаагүй үлдсэн. Зарим тохиолдолд малчид малаа тариулахгүй хувийн өмч гэдэг утгаар хандах нь бий. Вакцины чанарын хувьд олон улсын лавлагаа лабораториор баталгаажсан, манай улсын Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораториор шалгуулсан вакциныг авч ашигладаг.
Улсын төсвөөс жил бүр 50 орчим тэрбум төгрөгийг шүлхий өвчний эсрэг тарилгад зарцуулдаг юм байна. Малчид малдаа хийлгэж байгаа вакцины төлбөрийг өөрсдөө төлдөггүй юм уу?
Засгийн газрын 2018 оны 225 дугаар тогтоолоор мал, амьтны өвчнийг улсын төсвөөс санхүүжих, орон нутгийн төсвөөс санхүүжих, иргэнээс санхүүжих гэж гурав ангилсан байдаг. Шүлхий өвчин хил хязгаараас хамаарахгүйгээр халдварлан дамждаг өвчин тул улсаас бодлого, төлөвлөгөөтэйгээр тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлдэг тул улсаас санхүүжихээр заасан байдаг.
ОХУ-ын олон муж, газар нутгаар үхрийн шүлхий өвчны шинэ хэвшил өнгөрсөн хоёрдугаар сараас тархсан гэж олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байна. Тэд өвчлөлийг хязгаарлаж чадаагүй, мөн Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагад албан ёсоор мэдэгдээгүй, бүртгүүлээгүй хэвээр байгаа. Тиймээс зарим улс орон холбогдох арга хэмжээг аваад эхэлсэн. Тухайлбал, Казахстан улс гуравдугаар сараас эхлэн ОХУ-аас амьд мал, малын гаралтай бүтээгдэхүүн худалдан авахыг хориглосон. Харин манайх энэ чиглэлд яагаад анхаарахгүй байгаа юм бол?
Монгол Улс Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын гишүүн бөгөөд тухайн байгууллагын албан ёсны сайтын мэдээлэл, дүрэм, журамд заасны дагуу аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, экспорт, импортын асуудлыг зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл, энэ байгууллага нь Дэлхийн мал эмнэлгийн төв байгууллага гэсэн үг юм.
Манай хөрш БНХАУ-д шүлхийн SAT-1 хэвшил бүртгэгдээд 2026 оны дөрөвдүгээр сард ДМАЭМБ-ын сайтад мэдээлэгдсэн байгаа.
Одоогоор ОХУ-д шүлхийн SAT-1 хэвшил оношлогдсон талаар ДМАЭМБ-ын сайтад албан ёсны мэдээлэл гараагүй байна.
Гэтэл ОХУ-тай хилийн худалдаа тогтмол хийдэг, зорчих хөдөлгөөн ихтэй Баян-Өлгий, Ховд аймгийн нутагт энэ өвчин тархаж эхэлсэн. Мөн Төв, Өвөрхангай, Дорнод аймгуудад өвчлөл тархаад байна. Тиймээс нэн тэргүүнд баруун бүсийн Цагааннуур, Боршоо боомтууд дээр онцгой дэглэм тогтоож, хатуу чанд арга хэмжээ авах шаардлагатай биш үү?
УОК-ын тавдугаар сарын 30-ны өдрийн хуралдаан, Засгийн газрын зургаадугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар өвчний нөхцөл байдлыг хэлэлцүүлж, Ховд, Баян-Өлгий аймагт хорио цээрийн дэглэм тогтоосон. Мөн Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Онцгой комиссоос аймгаа бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн зэрэг холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Одоо нэн тэргүүнд шүлхий өвчинтэй тэмцэх ямар ажил хийж байна вэ?
Эхний ээлжид шүлхий өвчний шинэ халдварын тохиолдлыг Баян-Өлгий, Ховд аймгаас өөр аймаг, сумын нутагт тархаахгүй байх зорилгоор хорио цээр, устгалын арга хэмжээ хэрэгжүүлж байна. Энэ шинэ гарсан тохиолдол нь манай мал сүрэгт тухайн хэвшлээс хамгаалах урьд авсан дархлаа, вакцин байхгүй учраас цаашид гарах эдийн засгийн хохирол, улс орныг хамарсан халдварын эрсдэлийг бууруулах арга хэмжээг авч байна. Мөн яаралтай вакцин худалдан авч урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, хүн, мал, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, хяналтыг сайжруулах, тухайн бүс нутагт олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх, олон нийтэд ухуулга сурталчилгаа мэдээлэл хүргэх зэрэг цогц арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Сэтгүүлч: Р.Ренчиндулам





