Улаанбаатар хот усгүй болох тухай мэдээ үе үехэн эрчийг авдаг байсныг уншигч та мартаагүй байх. 2000-аад оноос эхлэлтэй эл таагүй мэдээ таван жил тутам хангинадаг сэрүүлэг шиг л байсан. Гэхдээ энэ бүх анхааруулга хий хоосон байгаагүй. Туулын сав, гүний усны нөөц, хотжилтын дарамт, гангийн давтамж, хэрэглээний өсөлтөөс урган гарсан бодит тооцоолол байсан.
Харин энэ дугаарт “Mongolian Economy” сэтгүүл илүү гэрэлтэй мэдээг дайж байна. 2030 он гэхэд усны хомстолд орох тод улаан анхааруулгатай амьдарч байсан нийслэлчүүд бид усгүйдэхийн зовлонг тойрч чадлаа. АНУ-ын Мянганы сорилтын корпорацаас хэрэгжүүлсэн Усны компакт хөтөлбөр улаанбаатарчуудад 2050 он хүртэл сэтгэл амар аж төрөх боломжийг олгоод байна.
“Хэрэв ус бохирдуулагч аж ахуйн нэгжүүд дор бүрнээ хэрэглэсэн усаа дахин цэвэрлэж, эргүүлэн ашигладаг болчихвол 2100 он хүртэл ч тайван амьдрах боломжтой” хэмээн гидрогеологич, газарзүйн ухааны доктор Д.Доржсүрэн хэлж байна. Үүгээр барахгүй Улаанбаатар хотын усан хангамж 2016 оны түвшинтэй харьцуулахад 80 хувиар нэмэгдсэн гэсэн таатай мэдээг тэрбээр дуулгав.

Д.Доржсүрэн гуай байгаль орчин, тэр дотроо усны салбарт нэгэн насаа зориулж яваа эрдэмтэн судлаач хүн. Тиймдээ ч усны нөхцөл байдлыг зөвхөн өнөөдрөөр бус, түүхэн цаг үеэр нь харж чаддаг. Улаанбаатар хот 1978 оноос эхэлсэн их гангийн улмаас усны гачигдалд орж, 1980-аад онд зарим хорооллыг цагийн хуваарийн дагуу усаар хангаж байсан түүхтэй.
Мөн 1996 оноос эхлэлтэй жил дараалсан ган гачиг Хатан Туулыг туйлдуулж, 2006-2007 онд Туул гол Улаанбаатар хот орчимд 7-10 км тасарч байсан халаглам үе бий. Тэр үед Монгол Улс гадаргын усныхаа 30 гаруй хувийг алдаж, 1500 шахам гол горхи, 3000 орчим булаг шанд ширгэж байжээ. “Түймрийн гал орон даяар авалцаж, үндсэн ажлын хажуугаар түймрийн жижүүрт хонож ажиллахад тэр хоног өдрүүд ажил мэргэжлийн минь үнэ цэнийг зүрхэн тушаа сийлэх шиг л болсон” хэмээн Д.Доржсүрэн гуай дурсаж байв.
Түүний туурвисан ном бүтээл, салбарын яам, олон улсын байгууллагуудын хүсэлтээр хийсэн судалгаа шинжилгээ, оролцсон ажлууд нь усны нөөц тогтоох, бодлого тодорхойлох, ирээдүйгээ төлөвлөх, гарц шийдэл хайхад чиглэж байсан.
Тэр бүү хэл Усны компакт хөтөлбөр хэрэгжих үндэс суурь нь болсон юм. Судалгаа бол бүхний суурь Мянганы сорилтын корпорац монголчуудын ус хангамж руу хараагаа чиглүүлэхээс өмнө эдийн засгийн өсөлтийг дэмжих, ядуурлыг бууруулах олон хувилбар судалж үзсэн байна. Эцэст нь ус хамгийн чухал гэдгийг эрдэмтдийн судалгаанаас олж харжээ. Усны нөөц, хангамжийн талаарх судалгааг Д.Доржсүрэн гуай 2014-2015 онд удирдан гүйцэтгэж, гурван боть суурь тайлан гаргасан. Тайланд нийслэлчүүд 2000 оноос хойш 20 гаруй жилийн хугацаанд усны эх үүсвэрийг барилгаар шахан бетонжуулж, их хэмжээгээр бохирдуулсныг шүүмжилжээ.
Мөн үүнээс шалтгаалан 1982 онд тогтоосон Улаанбаатар хотын усны нөөцийн 30 гаруй хувь нь эргэн сэргэхээргүй болсон талаар сануулсан байна. Түүний оролцсон дараагийн том судалгаа нь Дэлхийн банкны дэргэдэх “2030 Усны нөөцийн бүлэг”-ийн судалгаа юм. Энэ судалгаанд Улаанбаатар хотын усны нөөцийг эх үүсвэртэй нь тулган тооцоолж, маш “хатуу” дүгнэлт танилцуулсан. Тодруулбал, “2030 он гэхэд Улаанбаатар хот одоо байгаа эх үүсвэрээрээ усны эрэлтээ хангаж чадахгүй, дутагдалд орно” гэсэн дүгнэлт юм. Тиймээс цэвэр усны шинэ эх үүсвэр нэмэхээс гадна техникийн хэрэглээнд ундны ус ашигладаг үрэлгэн байдлыг өөрчлөх шаардлагатайг тус судалгаанд онцолжээ. Америкийн ард түмний бэлэг Гидрогеологич, газарзүйн ухааны доктор Д.Доржсүрэн манай сэтгүүлээр дамжуулан Америкийн ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.
Учир нь Америкийн ард түмний 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн Усны компакт хөтөлбөр Улаанбаатарын хөгжлийг тэтгэх гурван том бэлэг барьсныг тэрбээр тодотгов. Эхнийх нь, Шувуун фабрик, Биокомбинатын орчимд алтны ордоос ч үнэ цэнтэй усны ордыг “олборлоход” бэлнээр нь хүлээлгэн өгсөн явдал юм. Баруун эх үүсвэр ашиглалтад орсноор хоногт 140 мянган тонн усыг нийслэлийн унд, ахуйн хэрэглээнд нийлүүлэх нөхцөл бүрдсэн. Харин удаах нь Хатан Туулын алжаалыг тайлах Ус дахин боловсруулах үйлдвэр бол гурав дахь нь усны салбарын засаглал, тариф, хяналт, лаборатори, автоматжуулалтыг дэмжих замаар институцийн хөгжлийг дэмжиж буй нь юм.
Энэ гурван бэлгээс Ус дахин боловсруулах үйлдвэрийн үнэ цэнийг тоогоор тодруулсан нь анхаарал татаж байлаа. Нийслэлчүүд бид хагас дутуу цэвэрлэсэн усаа Туул голдоо цутгаж ирсэн. Төв цэвэрлэх байгууламжаас Туул руу нийлүүлдэг усны хэмжээ хоногийн 130-160 мянган тонн. Жилээр нь тооцвол 50 сая тонн. Энэ бол Туулын бохирдлын гол хүчин зүйл. Харин дахин боловсруулах үйлдвэр байгуулагдсанаар өдөр бүр 50 мянган тонн усыг Туулд цутгахаас урьтаж дахин боловсруулдаг болоод байна. Хамгийн чухал нь дахин боловсруулсан усыг ДЦС-3, ДЦС-4 зэрэг томоохон станцад нийлүүлснээр үнс зайлуулж, систем хөргөхөд дахин боловсруулсан ус ашигладаг болсон. Станцууд хоногт 30 мянган тонн ус техникийн хэрэгцээнд ашигладаг бөгөөд өмнө нь унданд хэрэглэж болох усаар станцыг “булхуулдаг” байсан нь дэндүү хайран байсан юм.
Станцаар зогсохгүй ус бохирдуулагч аж ахуйн нэгжийн хариуцлага Усны компакт хөтөлбөрийн хүрээнд шинэ шатанд яригдаж эхэлсэн.
Улаанбаатар хотод ойролцоогоор 6000 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдгаас 100 орчим нь усны өндөр бохирдол үүсгэдэг томоохон бохирдуулагчид. Тухайлбал, арьс шир боловсруулах, хүнс үйлдвэрлэх явцад усыг маш ихээр бохирдуулдаг. Гэвч хаягдсан усыг урьдчилан цэвэрлэлгүйгээр төвлөрсөн системд нийлүүлдэг нь усны салбарын зовлон болж хувирсан. Харин хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрүүд хаягдал усаа урьдчилан цэвэрлэх зарчим хүчтэй тавигдсанаар бохирдуулагч 100 аж ахуйн нэгжээс 28 нь цэвэрлэх байгууламжаа байгуулаад байна. Үлдсэн нь ойрын жилүүдэд асуудлыг шийдэх амлалт өгчээ.
Гашуун сургамж Улаанбаатарчуудад Туулын ус хуралдан тогтдог, хурын усыг нөөцлөн тогтоодог 10 хүрэхгүй эх үүсвэр бий. Эдгээрийг аягатай усаар зүйрэлбэл, амсрыг нь үүрд мөнх таглана гэдэг асар том мунхаглал. Ийм мунхаглалын золиос болсон эх үүсвэр бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчмын эх үүсвэр. Хотын унд, ахуйн хэрэглээний 40 орчим хувийг дангаар хангадаг энэ эх үүсвэрт 96 гүний худаг байрладаг. Гэтэл байгаль эхийн нөөцлөх савыг нийслэлчүүд бетоноор шахсаар л байна. Бүр худгийг нь хүчээр акталж байгаад барилгажуулсан тохиолдол ч бий. Сэтгүүлч миний бие нийтлэлийнхээ төгсгөлд гидрогеологич Д.Доржсүрэнгийн ярианаас нэгэн агуулгыг нэмэлт хачиргүйгээр дайя.
“Усны эх үүсвэрийн бүсэд барилга байгууламж, шатахуун түгээх станц барьж хөлийн газар болгох нь байгаль эх, хүн төрөлхтний эсрэг хийж буй гэмт хэрэг. Нөгөөтээгүүр, стандарт шаардлага хангасан усыг унд ахуйдаа хэрэглэх нь хүний үндсэн эрх. Гэхдээ энэ эрхийн цаана мөнхийн үүрэг, хариуцлага бий. Үүнийг Туулын хөндийд амьдарч буй хүн бүр цаг ямагт санаж явах учиртай. Ялангуяа бидэнд дэлхийн олон хотод тэр бүр заяагаагүй ариун тансаг ус заяасан. Иймд чандмань эрдэнээ нүдний цөцгий мэт хайрла. Аврагдсан ирээдүйгээ улам бүр нандигна” хэмээн тэрбээр хэлсэн билээ.
Mongolian Economy сэтгүүлийн 2026 оны 5-р сарын "Улаанбаатар хот усны тусгаар тогтнолоо баталгаажуулав" дугаараас


