“Ти Ди Би Секьюритис” зах зээлд хэр том орон зай эзэлж байна вэ? Ярилцлагын эхэнд та сонирхолтой тоо баримтаар компанийнхаа цар хүрээг илэрхийлэхгүй юу.
Монголын хөрөнгийн зах зээл cүүлийн таван жилд маш хурдацтай өсөж байна. 2025 онд л гэхэд 2.1 их наяд төгрөгийн бонд шинээр гарсан бол хувьцааны зах зээлийн үнэлгээ 13 их наяд төгрөгийг даваад байна. Зах зээл тэлж, иргэд, байгууллагуудын оролцоо нэмэгдэхэд үнэт цаасны компаниудын хувь нэмэр үнэхээр их байсан. Одоогоор манай улсад үнэт цаасны 54 компани үйл ажиллагаа явуулж байна.
“Ти Ди Би Секьюритис”-ийн хувьд, өнгөрсөн 18 жилийн хугацаанд андеррайтерын үйлчилгээгээр дамжуулан харилцагчдадаа дотоод, гадаадын зах зээлээс 20.0 гаруй их наяд төгрөгийн санхүүжилт татаж өгч, бизнесийн үйл ажиллагааг нь дэмжсэн. Мөн брокерын үйлчилгээгээр жилд дунджаар 4.5 их наяд төгрөгийн дотоод, гадаад арилжаанд хөрөнгө оруулагчдаа зуучилж байна.
2025 онд үнийн дүнгээр нь авч үзвэл дотоодын биржүүд дээрх шинэ үнэт цаас гаргалтуудын 59 хувьд бид андеррайтераар ажилласан. Харин биржүүдийн үнэт цаасны арилжааны хувьд, 30 орчим хувийг нь бүрдүүлсэн байна.
Энэ тоонууд бол зөвхөн хэмжээний үзүүлэлт биш, харин олон жилийн турш харилцагчид бидэнд хөрөнгө, зорилго, ирээдүйн төлөвлөгөөгөө даатгаж ирсний илэрхийлэл. Тиймээс бид харилцагчдынхаа итгэлийг хамгийн үнэт хөрөнгө, хамгийн том хариуцлага гэж үздэг.
Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулагчдын зан төлөв хэрхэн өөрчлөгдөж байна вэ? Шинэ үеийн хөрөнгө оруулагчид юуг чухалчилж байна?
Монголчуудын хөрөнгө оруулалтын хандлагад гурван том өөрчлөлт ажиглагдаж байна. Нэгдүгээрт, хадгаламж, хөрөнгө оруулалтын ялгааг хүмүүс маш сайн мэддэг болсон байна. Хадгаламж хөрөнгийг хамгаалдаг бол хөрөнгө оруулалт өсгөдөг. Өөрөөр хэлбэл, мөнгийг хадгалах бус өөрийнхөө төлөө ажиллуулахад анхаарч хувьцаа, бонд, хөрөнгө оруулалтын сан, олон улсын зах зээл зэрэг илүү өргөн боломжуудыг сонирхож судалдаг болсон байна.
Хоёрдугаарт, богино хугацаанд ашиг олохоос илүүтэй урт хугацаанд хөрөнгөө системтэй өсгөхийг чухалчилдаг болж. Өмнө нь ямар нэг компани IPO хийх болоход “хувьцааны ханш нь хэд хоногт өсөх бол” гэдэг асуулт түгээмэл ирдэг байсан. Тэгвэл одоо “10 жилийн дараа миний хөрөнгө хаана байх вэ”, “хүүхдийнхээ боловсролд зориулах мөнгөө би хаана байршуулах вэ” гэж асуудаг болсон. Энэ нь санхүүгийн боловсролыг зөвхөн мөнгө өсгөх мэдлэг чадвар бус, ирээдүйн амьдралын чанартай холбоотой чухал ойлголт гэж хардаг болсны илрэл.
Гуравдугаарт, хүмүүс бие биеэ дагаж сургаар хөрөнгө оруулах, хамгийн өндөр өгөөж амлаж байгаа газрыг дагахаас илүү найдвартай байдал, мэргэжлийн туршлага, ил тод байдлыг чухалчилдаг болсон. Сайн бүтээгдэхүүн, өндөр өгөөж мэдээж чухал. Гэхдээ хүмүүс хэнд итгэж хөрөнгөө байршуулах вэ гэдгээ харьцуулж судалж шийдвэр гаргадаг болсон нь зах зээлийн маш чухал өөрчлөлт гэж бодож байна.
Тэгвэл “Ти Ди Би Секьюритис” сэтгэлгээний энэ өөрчлөлтийг “тордох” тал дээр хэрхэн анхаарч байна вэ?
Иргэд хөрөнгө оруулалт хийх талаар сонирхож, энэ хэрээр хөрөнгийн зах зээл рүү орж ирэх урсгал ихсэж байна. Гэсэн ч ихэнх хүнд олон жилийн турш итгэж үйлчлүүлсэн банкны системээс хөрөнгийн зах зээл рүү орж ирэхэд амар биш байдаг. Өөрөөр хэлбэл, илүү өндөр түвшний хариуцлага итгэлцэл шаарддаг. Тиймээс хөрөнгийн зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх нь чухал. Үүний тулд бүтээгдэхүүн сайн байхаас гадна үнэт цаасны компаниудын үйлчилгээ, мэргэжлийн ёс зүй, харилцагчийн эрх ашгийг хамгаалах тогтолцоо, санал хүсэлтийг шийдвэрлэх соёл сайтар бэхэжсэн байх ёстой. Энэ ч утгаараа манай хамт олон Монголын хөрөнгийн зах зээлд анх удаа Харилцагчийн шилдэг үйлчилгээ, туршлагын олон улсын ICXS:2024 стандартыг нэвтрүүлж, хамгийн өндөр түвшний буюу “Excellence” баталгаажуулалт авсан.
Монгол хүн монгол компаниудынхаа хувьцаанд хөрөнгө оруулах соёлыг “DataLAB”- аар түгээнэ.
Мөн бид харилцагчдадаа хөрөнгө оруулалтын шийдвэрээ илүү оновчтой гаргахад нь туслах зорилгоор “DataLAB” платформыг бий болгосон. Энэ платформыг хөгжүүлэх олон шалтгааны нэг нь мэдээлэл, судалгаагүй хөрөнгө оруулалт хийх эрсдэлээс харилцагчдаа хамгаалах явдал юм. Чанартай мэдээлэлтэй хүн л оновчтой шийдвэр гаргана. Оновчтой шийдвэр гаргасан хүний хөрөнгийн зах зээлд итгэх итгэл нэмэгдэнэ.

“DataLAB” платформ үнэхээр сонирхол татаж байгаа. Энэ хөгжүүлэлтээр дамжуулж та бүхэн өөр ямар үнэ цэн бүтээхийг зорьж байна вэ?
“DataLAB”-аар дамжуулж монгол хүн монгол компаниудынхаа хувьцаанд хөрөнгө оруулах соёл, дадлыг түгээхийг зорьж байгаа. Үүний тулд хөрөнгө оруулагчид шийдвэрээ таамаг, сургаар бус мэдээлэл, судалгаанд үндэслэн гаргах боломжтой байх ёстой. Гэвч дотоодын хувьцаануудыг хялбар аргаар харьцуулж судлах боломж өнөөдрийг хүртэл хязгаарлагдмал байсаар ирсэн. Тиймээс бид хувьцааны мэдээлэл, тоон шинжилгээг нэг дор төвлөрүүлж, хөрөнгө оруулагчдад илүү хялбар, илүү мэдээлэлтэйгээр шийдвэр гаргах орчныг бүрдүүлэхийг зорьсон.
Өнөөдөр Монголын хөрөнгийн биржид 160 гаруй хувьцаат компани бүртгэлтэй байна. Тэдгээрээс бид хувьцаа нь идэвхтэй арилжаалагддаг 90 орчим компанийн сүүлийн таван жилийн санхүүгийн болон арилжааны үзүүлэлтүүдийг DataLAB платформ дээр нэгтгэсэн. Ингэснээр хөрөнгө оруулагчдад хамгийн хэрэгтэй байдаг үзүүлэлтүүдийг нэг платформ дээр харьцуулан харах боломжтой.
Хүссэн компанийнхаа сонирхсон бүх үзүүлэлтийг хормын дотор бусад компанийн үзүүлэлттэй харьцуулж харна гэдэг маш том давуу тал. 2025 онд нээлтээ хийсэн DataLAB платформ маань хүн бүр ашиглах боломжтойгоор манай вэб хуудсанд нээлттэй байршсан. Саяхан бид илүү динамик, АI туслахтай “DataLAB 2.0” шинэ хувилбараа гаргасан. Тиймээс хөрөнгийн зах зээл сонирхогч хэн бүхнийг манай “DataLAB”-д зочлохыг урьж байна.
Тэгэхээр энэ төрлийн платформ хөгжүүлж байгаа анхдагч нь танайх гэж ойлгож болох уу?
Тийм ээ, дотоодын хөрөнгийн зах зээл дэх энэ төрлийн анхны платформ гэж ойлгож болно. Монголын хөрөнгийн зах зээл 35 жилийн түүхтэй, хөгжиж буй зах зээл. Иймээс мэргэжлийн байгууллагууд дор бүрнээ л зах зээлийн хөгжил, төлөвшилд хувь нэмрээ оруулж байна. Манай хувьд, зах зээлийн түүхийн тэн хагасыг бичилцэж, 18 дахь жилтэйгээ золгоод байна. Хөгжиж буй зах зээлд амаргүй цаг үе олон байсан. Гэсэн ч бид зах зээлийн энгийн оролцогч байхаас илүү зах зээлд шийдвэрлэх шаардлагатай асуудал юу байгааг олж харж, ялангуяа дэд бүтцийн шийдлүүдээр хөгжлийг хурдасгахыг зорьж ирсэн.
Тухайлбал, 2010 оны үед манай хөрөнгийн зах зээлд онлайн арилжааны систем байгаагүй. Хөрөнгө оруулагч брокер дээрээ биечлэн ирж захиалгаа өгдөг, брокерууд захиалгыг нь биржийн арилжааны танхимд очиж биржийн системд оруулдаг байлаа. Тэр үед бид зах зээлийн нэг чухал хэрэгцээг олж харж, дотоодын хөрөнгийн зах зээлийн анхныонлайн арилжааны системийг нэвтрүүлсэн. Дэлхийн хөрөнгийн зах зээлийн түүхийг харахад хөгжлийн хурдасгуур үргэлж бодлогын орчноос эхэлдэг
Өнөөдөр энэ систем олон улсын брокерын системүүдтэй холбогдож, хөрөнгө оруулагчид дотоод, гадаадын үнэт цаасны арилжаанд нэг сувгаар, эх хэлээрээ оролцох боломжийг бүрдүүлээд байна. Үүн шиг “DataLAB” ч мөн зах зээлийн хөгжил, хөрөнгө оруулагчдын эрэлт хэрэгцээг мэдэрсэн эрэл хайгуул, хичээл зүтгэлийн маань үргэлжлэл.
Бидний хувьд зах зээлдээ бэхжүүлэхийг хүсдэг зүйл бол илүү итгэлтэй хөрөнгө оруулагчид, илүү мэргэжлийн зах зээл, илүү ухаалаг хөрөнгө оруулалтын соёл юм.
Мөн миний хувьд, “TDB Securities”-ийн шинийг санаачилж, зах зээлийн өөрчлөлт шинэчлэлд бодит хувь нэмэр оруулдаг соёл хүрээгээ тэлж байгаад баярладаг. Манай байгууллагаас ажлын гараагаа эхэлсэн залуус өнөөдөр хөрөнгө оруулалтын сан, үнэт цаасны компаниудыг удирдаж, мэргэжлийн соёл, стандарт, туршлага, бүтээлч хандлагыг түгээж, санхүүгийн зах зээлд цоо шинэ боломж, цоо шинэ бүтээгдэхүүнийг бий болгож яваа нь үнэхээр бахархам санагддаг.
Ярилцлагын төгсгөлд та Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хэрхэн тодорхойлох вэ? Хөгжлийн дараагийн түвшинд хүрэхийн тулд юу хийх шаардлагатай байна вэ?
Дэлхийн хөрөнгийн зах зээлийн түүхийг харахад хөгжлийн хурдасгуур нь үргэлж бодлогын орчноос эхэлсэн байдаг. Монголын хөрөнгийн зах зээлийн дараагийн өсөлт нь бодлогын дорвитой дэмжлэг, чанартай хувьцаат компаниуд, институцийн хөрөнгө оруулагчийн хөгжил, иргэдийн оролцоо гэсэн дөрвөн хүчин зүйлээс хамаарна. Ялангуяа дотоодын тэтгэврийн сан, даатгалын компани, хөрөнгө оруулалтын сангууд хүчирхэгжих нь хөрвөх чадварыг нэмэгдүүлнэ.
Хөрвөх чадвар сайжрах тусам томоохон компаниуд зах зээлд гарах сонирхол нэмэгдэж, хөрөнгө оруулагчдын сонголт өргөжнө. Хөрвөх чадвар бол тойрог хэлбэрээр урсдаг гол гэсэн үг. Зах зээлийн урсгал эрчтэй байх уу, татрах уу гэдгийг бид хөрвөх чадвараар л тодорхойлдог. Гол мөрөн ширгэлгүй урсаж байвал сайн байдагтай адил хөрвөх чадвар нэмэгдэж байж л хөгжил ирнэ.
"Mongolian Economy" сэтгүүл, 2026 оны зургаадугаар сарын "Санхүүгийн салбарын гол тоглогчид" тусгай дугаарын 6-8-р нүүр


