“Инвескор Капитал ҮЦК” компани үнэт цаасны зах зээлд ямар байр суурь эзэлж байна вэ? Мөн танай компаниар дамжуулан хөрөнгө оруулагчид дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээлийн арилжаанд хэр идэвхтэй оролцож байна вэ?
“Инвескор Капитал ҮЦК” ХХК 2018 онд байгуулагдсан бөгөөд 2022 оноос үйл ажиллагаагаа эрчимтэй тэлж, Монголын хөрөнгийн зах зээлд үнэт цаасны арилжаа, хөрөнгө оруулалтын зөвлөгөө, андеррайтер, компанийн санхүүжилтийн чиглэлээр ажиллаж байна. Үйл ажиллагааны цар хүрээ, гүйцэтгэсэн төслүүд, татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ, харилцагчдын тоо, арилжааны идэвхээр салбарынхаа ТОП-5 үнэт цаасны компанийн нэг нь болж чадсан.
Манай компанийн онцлог нь зөвхөн үнэт цаасны арилжаа, зуучлалын үйлчилгээгээр хязгаарлагддаггүй, байгууллагын буюу “corporate segment”-д төвлөрөн ажилладгаар ялгардаг. Түүнчлэн бид компаниудад хөрөнгийн зах зээлээ санхүүжилт татах, бонд гаргах, IPO хийхэд нь мэргэжлийн түвшинд санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, урт хугацааны өсөлтөд нь дэмжлэг болдог.
Мөн Монголдоо анхны ETF, IC Reit, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, төлбөр тооцооны T+0 горим зэрэг шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, шийдлүүдийг хөрөнгийн зах зээлд нэвтрүүлсэн. Ийнхүү бүтээгдэхүүн үйлчилгээний төрөлжилтийг нэмэгдүүлж, салбартаа шинэчлэлийн анхдагчдын нэг болж чаджээ.
Эдгээрийн үр дүнд манай компаниар дамжуулан хөрөнгийн зах зээлд оролцогчдын тоо тогтмол өсөж байна. Мөн хөрөнгө оруулагчид IPO, гадаад дотоод бонд, тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүнүүдэд идэвхтэй оролцох болсон.
Хөрөнгө оруулагчдын хандлага, ойлголт ч өөрчлөгдөж, өмнөхөөсөө илүү судалгаатай, эрсдэлээ тооцсон, урт хугацааны үнэ цэнийг чухалчилж шийдвэр гаргах хандлагатай болсон. Энэ нь зах зээлийн төлөвшилд ч эерэг нөлөө үзүүлж байна. “Инвескор Капитал” нь богино хугацааны өндөр хэлбэлзэлтэй арилжаанаас илүүтэйгээр өгөөж-эрсдэлийн харьцаа тодорхой, мөнгөн урсгал нь ойлгомжтой, харилцагчийн зорилгод нийцсэн хөрөнгө оруулалтын урт хугацааны шийдлүүд санал болгохыг чухалчилдаг.
“Инвескор Капитал” олон салбарт чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг компанийн хувьд хөрөнгийн зах зээл, үл хөдлөх болон санхүүгийн зах зээлийг холбосон сонирхолтой нүүдлээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ тэлэх үү. Ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төслүүдээс дурдвал?
”Инвескор Капитал”-ын хувьд хөрөнгийн зах зээл, үл хөдлөх хөрөнгө болон санхүүгийн зах зээлийг уялдуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх нь стратегийн чухал чиглэлүүдийн нэг болоод байна. Ялангуяа барилга, үл хөдлөхийн салбарын компаниуд хөрөнгийн зах зээлээс бонд гаргах замаар санхүүжилт татах нь түгээмэл болсон. Тиймээс бид тухайн төслийн мөнгөн урсгал, хугацаа, эрсдэл болон хөрөнгө оруулагчдын өгөөжийн хүлээлтэд нийцсэн санхүүжилтийн шийдэл санал болгоход анхаардаг.
Энэ хүрээнд хэрэгжүүлсэн онцлох бүтээгдэхүүний нэг нь IC Reit юм. Хөрөнгө оруулалтын Reit сан нь илүү уян хатан нөхцөлөөр үл хөдлөх хөрөнгийн салбараас өгөөж хүртэх боломжийг хөрөнгө оруулагчдад санал болгодог. Тодруулбал, хөрөнгө оруулагч заавал өндөр үнээр үл хөдлөх хөрөнгө шууд худалдан авах шаардлагагүй.
Харин REIT сангийн нэгж эрхийг санхүүгийн нөөц бололцоондоо тулгуурлан худалдаж авснаар сангийн багц дахь “үл хөдлөх”-ийн үнэ цэнийн өсөлт, түрээсийн орлого зэргээс өгөөж хүртэх боломжтой.
Бид цаашид шинэ сангуудын бүтээгдэхүүн, бонд болон байгууллагын санхүүжилтийн шийдлүүд хөгжүүлнэ. Ингэснээр хөрөнгийн зах зээлийн өгөөжийг илүү олон хүнд хүртээмжтэй болгохын зэрэгцээ үл хөдлөхийн салбарын хөрөнгө оруулалтыг илүү ил тод, мэргэжлийн удирдлагатай, тогтвортой бүтэц рүү шилжүүлэхийг зорьж байна.

Танай компани өнгөрсөн хугацаанд хэдэн компанийг хөрөнгийн зах зээлд гаргахад зөвлөх, зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн бэ? Дотоодын зах зээлд танайхаар дамжуулан IPO хийсэн компаниудаас дурдана уу?
Хувьцаат компани болох үйл явц сүүлийн жилүүдэд идэвхжиж байна. Компаниуд хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилт татах боломжийг илүү өргөн ашиглах болсон. Бидний хувьд андеррайтерын үйлчилгээг идэвхтэй үзүүлж ирсэн. Онцлох төслүүдээс дурдвал “Монголын Хөрөнгийн Бирж”, “Голомт банк”, “Эм Жи Эл Акуа” зэрэг компаниудын IPO дээр ажиллаад байна. Үүнээс гадна хаалттай зах зээлд компанийн бонд, өрийн хэрэгслийн санхүүжилт сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц идэвхжсэн.
Ялангуяа 2021 оноос байгууллагууд олон улсын жишгийн дагуу хөрөнгийн зах зээлээр санхүүжилт татаж байна. Энэ хугацаанд манай компани 30 гаруй аж ахуйн нэгжийн үнэт цаас гаргалт, өрийн бичиг болон санхүүжилтийн бүтцийн зөвлөх үйлчилгээнд оролцож, нийт 300 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт татан төвлөрүүлэхэд туслаад байна. Цаашид бид андеррайтерын үйл ажиллагааг зөвхөн үнэт цаас гаргах үйлчилгээ бус, компаниудыг хөрөнгийн зах зээлд бэлтгэх, засаглал, тайлагнал, хөрөнгө оруулагчтай харилцах чадавхыг сайжруулах цогц санхүүгийн зөвлөх үйлчилгээ болгон хөгжүүлэхийг зорьж байна.
ABS буюу хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь Монголын зах зээлд харьцангуй шинэ бүтээгдэхүүн хэвээр байна. Танай туршлагаас харахад энэ бүтээгдэхүүний зах зээл дэх хэрэглээ, оролцоо хэрхэн нэмэгдэж байна вэ?
Манай компани 2020 онд Монголын анхны хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас буюу дөрвөн тэрбум төгрөгийн санхүүжилт татан төвлөрүүлэх төслийг гүйцэтгэж байсан. Тухайн үед энэ нь хөрөнгийн зах зээлд шинэ ойлголт байсан ч сүүлийн жилүүдэд ABS бүтээгдэхүүний талаарх ойлголт, сонирхол аажмаар нэмэгдэж байна.
Одоогийн эрх зүйн орчны хүрээнд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь тогтвортой мөнгөн урсгалтай актив дээр суурилан хөгжих боломжтой харагддаг. Ялангуяа банк, банк бус санхүүгийн байгууллага, орон сууцны санхүүжилтийн байгууллагуудын зээлийн багц зэрэг нь үнэт цаасжуулахад хамгийн ойр, бодитой суурь болж байна.
Ирээдүйд олон улсын жишигт илүү ойртож, зах зээл гүнзгийрэхийн хэрээр хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хэрэглээ илүү өргөжих боломжтой.
Тухайлбал, автомашины зээл, зээлийн картын авлага, орон сууцны зээл, түрээсийн орлого, хэрэглээний зээлийн багц зэрэг тогтмол мөнгөн урсгалтай хөрөнгийг үнэт цаасжуулж, зах зээлд шинэ эх үүсвэр татах боломж нээгдэнэ. Нөгөө талдаа хөрөнгө оруулагчдад эрсдэл нь тодорхой, өгөөж нь ойлгомжтой бүтээгдэхүүн санал болгох чухал суваг болно.

Монголын хөрөнгийн зах зээлд гадаадын хөрөнгө оруулалт хангалттай орж ирэхгүй байгаа гол шалтгааныг та юу гэж харж байгаа вэ?
Үүний гол шалтгаан нь бодлого, хууль эрх зүйн тогтворгүй байдалтай холбоотой. Гадаадын хөрөнгө оруулагчид тухайн улсын улс төрийн бодлого, хууль эрх зүйн орчин хэр тогтвортой, эрх ашгийг нь хэр хамгаалдаг, маргаан үүсвэл шүүхийн тогтолцоо нь хараат бусаар ажиллаж чаддаг эсэхийг нэн түрүүнд хардаг. Манай улс энэ тал дээр итгэл төрүүлэхүйц орчин бүрэн бүрдүүлээгүй байна. Төрийн байгууллагуудын хяналт шалгалт, нэмэлтматериал шаардах практик өндөр, мөн гадаадын иргэн, хуулийн этгээдэд тавих KYC болон “тохиромжтой этгээд”-ийн шаардлага олон шаттай байгаа нь бодит бэрхшээл үүсгэдэг.
Үүн дээр оршин суугч бус этгээдэд ногдох суутган татварын өндөр хувь хэмжээ нь хөрөнгө оруулагчийн цэвэр өгөөжийг бууруулж, Монголын санхүүгийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сулруулж байна. Иймд гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд KYC, бүрдүүлбэрийн шаардлагыг оновчтой болгох, татварын бодлогыг хөрөнгө оруулагчдад илүү ээлтэй болгох, хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалсан тогтвортой эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай.
Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Санхүүгийн болон хөрөнгийн зах зээлийн оролцогчдын хувьд Татварын хуулийн шинэчлэлээс ямар хүлээлттэй байгаа вэ? Хөрөнгийн зах зээлийг дэмжих ямар бодлого, зохицуулалтыг тусгаасай гэж хүсэж байна вэ?
Татварын багц хуулийн шинэчлэлээс санхүүгийн болон хөрөнгийн зах зээлийн оролцогчдын гол хүлээлт нь татварын орчныг илүү таатай, өрсөлдөх чадвартай болгох гэж харж байна. Ялангуяа нээлттэй зах зээлд арилжаалагддаг хувьцаа, бонд, нэгж эрхээс иргэдийн олж буй хүүгийн болон ногдол ашгийн орлогын татварыг нэг хувь болгох зэрэг өөрчлөлт нь хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэх бодит дэмжлэг болно Учир нь хөрөнгийн зах зээл итгэл, өгөөж дээр тогтдог.
Татварын хувь хэмжээ буурах нь зах зээлд оролцох сонирхлыг нэмэгдүүлж, урт хугацаанд хөрөнгө оруулах хөшүүрэг болдог.
Түүнчлэн санхүүгийн бүтээгдэхүүний хөрвөх чадвар сайжрах, арилжааны идэвх нэмэгдэх, улмаар зах зээлийн гүнзгийрэлд эергээр нөлөөлнө. Ерөнхийдөө татварын бодлого нь зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх хэрэгсэл бус эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогын нэг чухал хөшүүрэг гэж харах шаардлагатай. Татварын дарамт өндөр байх тусам бизнесийн идэвх суларч, хөрөнгө оруулалт хумигдаж, зах зээлийн өсөлт саарах эрсдэлтэй.
Тиймээс Татварын багц шинэчлэлийн хүрээнд зах зээлд эерэг нөлөө үзүүлэх зохицуулалтуудыг илүү оновчтой тусгах нь чухал юм. Ялангуяа татвар төлөгчдийн ачааллыг бууруулах, санхүүгийн бүтээгдэхүүнд ногдох татвар, шимтгэлийг багасгах, мөн татварын маргаан, хугацаа хэтрэлтээс шалтгаалан бизнесийн үйл ажиллагааг гацааж, хүндрүүлдэг зохицуулалтыг илүү уян хатан болгох нь зүйтэй. Энэ нь хөрөнгийн зах зээлд шинэ хөрөнгө оруулагч татах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, зах зээлийг илүү хүртээмжтэй, идэвхтэй болгох суурь нөхцөл болно.
Mongolian Economy сэтгүүл, 2026 оны зургаадугаар сарын "Санхүүгийн салбарын гол тоглогчид" тусгай дугаарын 20-22-р нүүр


