“Голомт Капитал” нь хөрөнгийн зах зээл, түүний дотор бондын зах зээлд тэргүүлэх байр суурьтай ажилладгийн нууц юу байна вэ?
Олон улсад томоохон төслийн санхүүжилтийг бондын эх үүсвэрээр хийх нь хамгийн оновчтой шийдэл байсаар ирсэн. Ялангуяа эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдолтой уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, үйлдвэрлэлийн төслүүдэд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагддаг бөгөөд тухайн хөрөнгө оруулалт нь урт хугацаанд төслийн ирээдүйн мөнгөн урсгалаас эргэн төлөгдөх онцлогтой байдаг.
Иймд тухайн төслүүдийг хөдөлгөж эхлэх, гацааг арилгах, цаашдын эх үүсвэр татах боломжийг нээж өгөх шийдэл бол хөрөнгийн зах зээл дээр бонд гарган санхүүжүүлэх юм. “Голомт капитал”-ын хувьд хөгжлийн эхэн үе шатандаа байгаа Монголын хөрөнгийн зах зээлийн онцлогт тулгуурлан томоохон төслийн санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх вэ, нөгөө талдаа мэргэжлийн хөрөнгө оруулагч дутмаг үед хөрөнгө оруулалтыг амжилттай босгох, олон тооны жижиг хөрөнгө оруулагчдад өгөөж өндөртэй, эрсдэл багатай мөнгөө өсгөх боломжийг хэрхэн олгох вэ гэсэн үндсэн хоёр асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулдаг. Товчхондоо, салбарынхны хэлж заншсанаар Buy side болон Sell side талуудыг хамгийн зөв цэгт уулзуулах дундын зууч гэж биднийг хэлж болно. Энэхүү зорилтын хүрээнд сүүлийн гурван жилийн хугацаанд “Голомт Капитал” нь хөрөнгийн зах зээлээс 1.9 их наяд төгрөгийн хөрөнгө татан төвлөрүүлж, эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдол бүхий салбарын компани, төслүүдийг дэмжин хамтран ажиллаж байна.
Санхүүжилт татан төвлөрүүлсэн онцлох төслүүдээс дурдана уу?
Манай улс 2025 онд нийт 12.4 тэрбум кВт/ цаг эрчим хүч хэрэглэснээс 22 хувийг нь импортолсон байна. Энэ хэмжээний гадагшаа урсах валютын урсгалыг бууруулж импортыг орлох, эрчим хүчний дутагдлыг нөхөх зорилгоор 600МВт-ын хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөлд шаардлагатай санхүүжилтийг бид бондын санхүүжилтээр татан төвлөрүүлж өгснөөр тус төсөл амжилттай хэрэгжиж, дараа дараагийн эх үүсвэр татах боломжийг нээж өгсөн. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний хоёр блок 2025 онд ашиглалтад орж, төвийн бүсийн эрчим хүчний системд нийт 1.1 тэрбум кВт/цаг эрчим хүч нийлүүлээд байна.
Энэ нь манай улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн 12 хувийг бүрдүүлсэн төдийгүй оргил ачааллын үед импортын эрчим хүчний хэрэглээг 47 хувиар бууруулсан үндэсний томоохон бүтээн байгуулалт юм.
Мөн бид Монгол Улсын экспортын орлогыг бүрдүүлж буй уул уурхайн салбарт онцлох хэд хэдэн төслийн санхүүжилт дээр ажилласан. Тухайлбал, Хан-Алтай алтны төслийн эхэн үеийн санхүүжилтийг хөрөнгийн зах зээлд бонд гаргах замаар татан төвлөрүүллээ. Үүний үр дүнд 2025 оны байдлаар Монголбанкны нийт худалдан авсан алтны 10 хувийг уг төсөл дангаараа бүрдүүлжээ. Ингэснээр салбартаа тэргүүлэх хэмжээний том уурхай ашиглалтад орж чадсан. Төслийн дараагийн шатны санхүүжилтийг ч бондоор шийдвэрлэж хамтран ажилласаар байна.
Мөн “Эрдэнэс Таван толгой” компанийн дотоодын гүйцэтгэгч “Кэй Эй Майнинг” болон МАК группийн “Хүрэн Толгой Коал Майнинг” зэрэг үндэсний уул уурхайн бүтээн байгуулагчдад санхүүжилт татан төвлөрүүллээ.
Өөр ямар салбарын төслүүдтэй хамтран ажиллаад байна вэ?
Бид барилгын салбарт, тэр дундаа ногоон барилгын элементүүд агуулсан төслүүдэд хөрөнгө оруулж, тогтвортой, ногоон санхүүжилтийг дэмжихийг эрмэлздэг. Тухайлбал, нийслэл хотын хойд бүсэд өмнө байгаагүй том хэмжээний, орчин үеийн Go.to Market төсөлд бондын санхүүжилт олгосон. “Мастер түншлэл” компанийн хэрэгжүүлсэн Go.to Market төсөл нь ногоон барилгын Bestger 00001 гэрчилгээтэй анхны худалдаа,
үйлчилгээний төв юм. Мөн АНУ-ын Ногоон Барилгын Зөвлөлөөс олгодог LEED гэрчилгээтэй баригдаж буй Неосити төслийг найман тэрбум төгрөгөөр санхүүжүүлээд байна. Энэхүү төсөл нь 1,360 хүүхдийн багтаамжтай “Шинэ Монгол-3”, “Ёкоминэ Монгол”, “Бяцхан Монгол” зэрэг сургуулийг хотхондоо шийдсэнээрээ онцлог. Энэ утгаараа тухайн бүсэд баригдсан орон сууцуудаас давуу талтай, тэр хэрээр хурдан хугацаанд ашиглалтад орж, борлуулагдаж байна.
Томоохон аж ахуйн нэгжүүд бондоор санхүүжилт татахтай холбоотой ямар зохицуулалтууд байна вэ?
Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн хөрөнгийн зах зээл дэх оролцоог нэмэгдүүлэх, санхүүжилт татах боломжийг өргөжүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн бирж (МХБ)-ээс холбогдох журмуудад өөрчлөлт оруулж, үнэт цаас гаргахад илүү хялбар, илүү хүртээмжтэй байдлаар шийдэж өгсөн.
Тодруулбал, нэг жил хүртэлх хугацаатай, таван тэрбум төгрөг хүртэлх үнийн дүнтэй бондыг барьцаа хөрөнгөгүй гаргах, үнэт цаас гаргах хүсэлтийг ажлын 10 хоногийн дотор шийдвэрлэх, компанийн өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн шимтгэлийг 90 хувиар бууруулах зэрэг бонд гаргах хугацаа, зардлыг хэмнэх зохицуулалтууд орууллаа.
“Голомт Капитал” нь Монгол Улсын ТОП-100 компанийн хөрөнгийн зах зээлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн компанитай хамтран ажилладаг. Дурдвал, “Шунхлай” компанийн МХБ дээр нээлттэй гаргасан бондын андеррайтераар хоёр жил дараалан ажиллаж, 130 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн.
Хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилт татах нь компаниудад ямар давуу талтай вэ?
Бусад эх үүсвэртэй харьцуулахад нөхцөлийн хувьд илүү уян хатан байхаас гадна компани болон төслийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, зах зээлд танигдах, хөрөнгө оруулагчдын итгэлцлийг бэхжүүлэх зэрэг олон давуу талтай. Мөн дотоодын зах зээлээс амжилттай санхүүжилт татаж, эргэн төлж буй нь цаашид компанийг олон улсын зах зээлээс санхүүжилт татахад түлхэц болдог онцлогтой. “Голомт Капитал” компани 2023-2025 онд давхардаагүй тоогоор 10 салбарын 70 гаруй компанид бондоор санхүүжилт амжилттай татан төвлөрүүлсэн.
Энэ хугацаанд бидэнд итгэл хүлээлгэсэн хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулсан бондын хүүгийн төлөлт, эргэн төлөлтийг цаг хугацаанд амжилттай төлж байна.
Цаашид ч дээр дурдсан томоохон төслүүдийн санхүүжилтээс гадна эргэлтийн хөрөнгийн богино хугацаат санхүүжилтийг ч компаниуд бондын зах зээлээс эх үүсвэр татах замаар шийдвэрлэх чиг хандлага нэмэгдэж байна. Эцэст нь хэлэхэд, тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах мега төслүүдийг эхлүүлж, амжилттай хэрэгжүүлэх үүдийг нээж өгөх шийдэл нь хөрөнгийн зах зээл мөн гэдэг нь бидний хамтын ажиллагааны үр дүнгээс харагдаж байна.
Mongolian Economy сэтгүүл, 2026 оны зургаадугаар сарын "Санхүүгийн салбарын гол тоглогчид" тусгай дугаарын 28-29-р нүүр


