НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) ирэх сарын 17-нд Улаанбаатар хотноо эхэлж, 11 өдрийн турш үргэлжилнэ. 190 гаруй орны 6000 орчим зочид төлөөлөгч оролцох бага хурлын товлолт өдөр ойртохтой зэрэгцэн цахим орчинд шүүмжлэл хөвөрч айсуй. “Байдаг л нэг дарга нарын цуглаан, яриад мартдаг л сэдэв. Үүнд 250 тэрбум төгрөг зарцуулах нь хэр оновчтой вэ” гэх өнцөг цухалзсаар.
Тэгвэл үүнд зохион байгуулагчдын зүгээс тайлбар хийлээ. Тэд КОП-ын эргэн тайрон дахь бүх талын мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор МОНЦАМЭ агентлагийг түшиглэн Media Center байгуулжээ. Өнөөдөр нээлтээ хийсэн энэ төвөөр дамжуулан хурлын бэлтгэл ажил болон дэлхийд хүргэх “Тал хээрийн төлөвлөгөө”-г Үндэсний хороо танилцууллаа.
Өнөөдөр (2026.07.28)-ийн байдлаар хурлын бэлтгэл ажил 82 хувьтай үргэлжилж байна. Мөн хуралд оролцохоор 4100 гаруй гадаадын иргэн, зочид төлөөлөгчид бүртгүүлээд байгаа аж. Сүүлийн нэг долоо хоногт л гэхэд бүртгүүлэгчдийн тоо 1000 гаруйгаар өсжээ. Хурлын тов дөхөх тусам бүртгэл улам идэвхжиж, 6000-8000 оролцогч хилийн чанадаас Монголыг зорин ирэх төлөвтэй байна. “Энэ тохиолдолд эдийн засгийн үр өгөөж 150 ам.долларт хүрнэ” гэж БОУАӨ-ийн сайд, КOП17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир хурлын үеэр танилцуулав.
Хэрэв гадаад зочдын тоо 8000-аас давбал, тэдний Монгол Улсад оруулах орлогын хэмжээ 170 ам.долларт хүрэх ч боломжтой.

Хурлын зочид цөм өөрсдийн зардал, санхүүгийн нөөц боломждоо тулгуурлан буудлын өрөөгөө захиалж, аяллын төлөвлөгөөгөө гаргаж байгаа аж. Энэ нь сая сая жуулчин хүлээж авах зорилготой манай улсын зочлох үйлчилгээний салбарт ч үнэтэй туршлага үлдээж буй.
Зочдын дунд томоохон хөрөнгө оруулагчид ч бий. Тухайлбал, хуралд оролцох Европын хөрөнгө оруулалтын банк Монгол Улсад 200 сая еврогийн хөрөнгө оруулалт хийхээ амлаад байгааг БОУАӨ-ийн Дэд сайд Б.Мөнхтамир мэдэгдэв. Энэ хөрөнгө оруулалтын чамгүй хувь нь ойн салбарт чиглэх ажээ. Мөн 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт татахаар Дэлхийн банктай яриа хэлэлцээ хийх ажил өрнөж байгааг Дэд сайд онцлов.
Зөвхөн энэ хоёр байгууллагаас Монголыг чиглэх хөрөнгийн хэмжээ нэг их наяд төгрөгт дүйж буй.
Түүнчлэн Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк ногоон дэд бүтэц, тэр дундаа автозамын салбарт хамтрах саналаа ирүүлсэн байна. Тодруулбал, тус банк амьтны гарц, нарны эрчим хүчний шийдэл бүхий бүхий ногоон замын төсөлд хамтрах, хөрөнгө оруулах боломжтойгоо илэрхийлж, энэ саналыг нь судалж байгаагаа Дэд сайд Б.Мөнхтамир мэдэгдлээ. Хэрэв КОП17 хурлаар энэ санал баталгаажвал манай улсыг чиглэх мөнгөний урсгал нэг их наядыг ч давах төлөвтэй байна.
Монгол Улс КОП17 хурлыг зохион байгуулахад 250 тэрбум төгрөг зарцуулж байгаа ч нэг их наядыг давах хөрөнгө оруулалт татаж чадвал “стратеги” амжилттай хэрэгжсэний илрэл болох нь дамжиггүй.
Гэхдээ гадаадын хөрөнгө оруулагчид бүх эрсдэлийг бүрэн тодорхойлсны эцэст хамтардаг гэдгийг мартаж болохгүй. Тийм ч учраас хоосон амлалт дээр бус тодорхой төлөвлөгөөг бид санал болгох учиртай.
Тал хээрийн төлөвлөгөө
Өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тодотгосон Тал хээрийн төлөвлөгөө (Steppe Agenda) бол КОП17 хурлын үеэр Монгол Улсаас дэлхийд танилцуулах гол платформ юм. Тус төлөвлөгөөгөөр дамжуулан Монгол оронд нүүрлээд буй цөлжилт, газрын доройтол, усны хомсдол, бэлчээрийн даацыг тоо судалгаатай танилцуулж, харилцан уялдаатайгаар шийдвэрлэх арга замыг хэлэлцэнэ.
Төлөвлөгөөнд Бэлчээрийн тогтвортой менежмент, Ус ба газрын нэгдсэн менежмент, Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц гурван чиглэлийг голчлон тусгаж, тогтвортой хөдөө аж ахуйг малчдын амьжиргаанд сөргөөр нөлөөлөхгүйгээр хөгжүүлэх, малын тооноос чанарт шилжих замаар бэлчээрийн доройтлыг бууруулах, үүнд олон улсын туршлагыг нэвтрүүлэх талаар тусгажээ.
Мөн усны нөөц, газрын ашиглалт, ган, цөлжилтийн эрсдэлийг нэг бодлогын хүрээнд удирдах, зам, хот байгуулалт, эрчим хүч болон бусад бүтээн байгуулалтад экосистемийн даац, нөхөн сэргээлтийг тусгах ажлуудыг төлөвлөсөн байна.
Энэ бүхнийг бодит ажил хэрэг болгоход урт хугацааны хөрөнгө оруулалт шаардлагатай. Ийм учир хөрөнгө оруулалтыг харилцан уялдсан төсөл, хөтөлбөрүүдэд чиглүүлэх механизм бий болгохоор “Тал хээрийн төлөвлөгөө”-г боловсруулжээ.
Өөрөөр хэлбэл, бага хурлын урт хугацааны өгөөж нь Тал хээрийн төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, тэдгээрийг санхүүжүүлэх тогтолцоо, дэмжих бодлогын орчин, Монголын байгаль орчны салбарт нэвтрүүлэх шинэ технологи, ногоон бизнесийн салбарын тэлэлт байх болно хэмээн зохион байгуулагчид онцолж байна.

Ташрамд дурдахад, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын мэдээллээр дэлхийн хуурай газрын 40 хүртэлх хувь нь доройтжээ. Харин Монгол Улсын хувьд, нийт нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь доройтолд өртөөд байна. Тиймдээ ч үндэсний хэмжээнд олон жилийн турш хуримтлагдсан асуудлаа дэлхийн нийтийн анхааралд хүргэж, санхүүжилтийн урсгалыг эх орондоо чиглүүлэх гол зам нь КОП байж мэдэх юм.
КОП17 сонирхсон хүн бүрд нээлттэй. Хэрэв та судалгааны мэдээлэл авах, илтгэл хэлэлцүүлэг сонсох, ажил хэргийн яриа өрнүүлэх бол КОП-ын “Ногоон бүс”-д урьдчилан бүртгүүлэх боломжтой. Мөн хурлын үеэр иргэний үнэмлэхээ үзүүлэхэд л “Ногоон бүс” танд нээлттэй байх болно.


