Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) өнгөрсөн бямба гарагт өндөрлөлөө. Хаалтын үеэр COP17-ын Ерөнхийлөгч, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Яасмин Фуад, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир нар хурлын үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн.
12 өдрийн турш талууд Монголд чуулж, газрын доройтол, цөлжилт, гангийн эсрэг бодит шийдэл, хамтын ажиллагаа, санхүүжилтийн шинэ боломжуудыг эрэлхийллээ. Монгол Улс СОР17 хурлыг даргалах ирэх хоёр жилийн хугацаанд олон улсын түншлэлээ бэхжүүлж, талуудын хамтын оролцоог ханган ажиллахаар болов. Мөн “Тал хээрийн төлөвлөгөө”-г олон улсын түвшинд дэмжүүллээ. Хурлын хүрээнд дэлхий нийтэд 18 тэрбум ам.долларын санхүүжилт зарлагдаж, Монгол Улсад 1.48 тэрбум ам.долларын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээ, хэлэлцээр байгуулагдав.

КОП17-ын Ерөнхийлөгч, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
Хурлын хугацаанд төлөөлөгчид нийт 34 шийдвэрийг хэлэлцэж баталсан. Онцлох шийдвэрүүдээс дурдвал Алжир улсын санаачилсан Монгол Улсын Засгийн газар ба ард түмэнд талархал илэрхийлэх тухай тогтоол, мөн бага хурлыг хүлээн авч даргалагч улсын хувьд Монгол Улсын санаачилсан “Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая” нэртэй Улаанбаатарын тунхаглалыг санал нэгтэйгээр баталлаа.
Бага хурлаас үйл явдлын шинжтэй найман шийдвэр гаргасан. Конвенцын ирээдүйн стратегийн хүрээг боловсруулах Засгийн газар хоорондын ажлын хэсгийн эцсийн тайланг хэлэлцэх, талуудын байр суурийн зөрүү ихтэй гангийн асуудлаарх яриа хэлэлцээг үргэлжлүүлэх боломжийг нээсэн шийдвэрүүд үүнд багтаж байна.
Түүнчлэн агуулгын шинжтэй 14 шийдвэрийг батлуулахын тулд Монгол Улс даргалагч орны хувиар талууд болон Конвенцын Нарийн бичгийн дарга нарын газартай нягт хамтран ажиллалаа. Байгаль орчны олон улсын конвенцуудын уялдаа, жендэр, иргэний нийгмийн оролцоо, шилжилт хөдөлгөөн зэрэг маргаантай сэдвийн хүрээнд яриа хэлэлцээг үргэлжлүүлж, холбогдох агуулгыг бусад шийдвэрт тусгахын төлөө ажилласан. Эцэслэн шийдвэрлэж чадаагүй дөрвөн асуудлыг КОП18-аар үргэлжлүүлэн хэлэлцэхээр хойшлуулсан. Өндөр түвшний уулзалт, чуулга болон бусад арга хэмжээний үр дүнгийн баримт бичгүүдийг баталгаажуулсан есөн шийдвэр мөн гарлаа.

UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад:
Хаалтын хэвлэлийн хурлыг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлье. КОП17-ын Ерөнхийлөгч хэлэлцээ, зохион байгуулалтыг хэрхэн урагшлуулсан талаар сая танилцууллаа. Маш эгзэгтэй үед тайван, тууштай манлайлал үзүүлж, талуудын яриа хэлэлцээг урагшлуулах боломж бүрдүүлсэнд талархаж байна. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцыг хэрэгжүүлэхэд шаардлагатай шинэ бүтцийн гол бүрэлдэхүүн хэсгүүдийг бий болгож чадлаа.
Бэлчээрийн тэргүүлэх санаачилга энэ удаагийн КОП-ын хэрэгжилтийн гол цөмийн нэг байлаа. Эхний шатанд ойролцоогоор 1.29 тэрбум ам.долларын санхүүжилт бүрдсэн. Үүний зэрэгцээ тогтвортой хөдөө аж ахуй, эрүүл хөрс, элсэн болон шороон шуурганы асуудлыг хэлэлцсэн. Эдгээр нь Монгол Улс, Төв Азийн бүс нутагт онцгой ач холбогдолтой сэдэв юм. Бодлого, санаачилгыг санхүүжилтгүйгээр хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал. Иймээс хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дайчлах болон нөөц бүрдүүлэх тухай шийдвэрүүд бидэнд бодит хэрэгсэл болно.
КОП17-ын зорилго үүгээр хязгаарлагдахгүй. Хэрэгжилтийн явцад эмэгтэйчүүд, залуучууд, уугуул иргэд, орон нутгийн иргэдийн дуу хоолойг байнга сонслоо. Холбогдох асуудал албан ёсны хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд багтаагүй ч Улаанбаатарт анх удаа Уугуул иргэдийн бүлэг болон Орон нутгийн иргэдийн бүлэг хуралдсан. КОП17-ын Ерөнхийлөгч болон миний бие Жендэрийн бүлгийн хуралдаанд оролцлоо.
Эмэгтэйчүүдийн оролцоогүйгээр газраа сэргээж, итгэл найдвар, амьдрал, үр хүүхдийнхээ ирээдүйг хамгаалах боломжгүй. Иймээс бид жендэрийн асуудлыг цаашид ч тууштай урагшлуулна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Сайд Ц.Сандаг-Очир:
Хурлын хугацаанд Цэнхэр бүсэд 447, Ногоон бүсэд 309 буюу нийт 756 арга хэмжээ зохион байгууллаа. Гэвч КОП17-ын цар хүрээ хурлын танхимд болсон хэлэлцүүлгийн тоогоор хязгаарлагдахгүй. Засгийн газар, олон улсын байгууллага, шинжлэх ухааны байгууллага, иргэний нийгэм, бизнес, орон нутгийн иргэд, эмэгтэйчүүд, залуучууд өөрсдийн туршлага, мэдлэг, шийдлийн саналаа хуваалцаж, хамтран ажилласан нь хурлын чухал үнэ цэн байлаа.
Дэлхий нийтийн хэмжээнд газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлыг шийдвэрлэхэд жил бүр ойролцоогоор 355 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо бий. Гэтэл өнөөдөр жилд 77 тэрбум ам.доллар л энэ чиглэлд зарцуулагдаж байна.
Тиймээс КОП17 санхүүжилтийн хэрэгцээг зарлаад өнгөрөхөөс илүүтэй төр, хувийн хэвшил, олон улсын болон санхүүжүүлэгч байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүнийг хэмжигдэхүйц үр дүнд хүргэхэд анхаарлаа хандууллаа. Цаашлаад газрыг хэрхэн зөв, үр ашигтай ашиглах, доройтлыг бууруулж, улмаар саармагжуулах тухай асуудал хэлэлцээний төвд байв.
КОП17-ын үеэр газрын доройтлыг саармагжуулж, цөлжилттэй тэмцэх чиглэлээр дэлхий нийтэд 18 тэрбум ам.доллар, үүнээс Монгол Улсад 1.48 тэрбум ам.доллар буюу тав орчим их наяд төгрөгийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээ, хэлэлцээр, санамж бичиг байгуулсан.
Тухайлбал:
-Европын хөрөнгө оруулалтын банктай 200 сая евро
-Дэлхийн банктай 100 сая ам.доллар
-Уул уурхайн компаниудтай газрын нөхөн сэргээлт хийх, 5000 га талбайд заган ой байгуулах зэрэг ажилд 130 сая ам.доллар
-Монголын ногоон санхүүгийн корпорац болон ХААН Банктай 50 сая ам.долларын гэрээ, хэлэлцээр байгууллаа.
КОП17-ын хүрээнд Хотын дарга нарын чуулга уулзалтыг зохион байгуулсан. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Даян дэлхийн ногоон хөгжлийн институт, BYD, Дэлхийн банк болон НҮБ-тай хамтран гэр хорооллын яндангийн тоог бууруулах, нүүрсний хэрэглээг багасгах, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих, авто зам, ногоон байгууламж хөгжүүлэх чиглэлээр 400 сая ам.долларын гэрээ, хэлэлцээр хийлээ.
Мөн Монгол Улс 863 МВт-ын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүч болон хиймэл оюуны “Ногоон дата” төвийн төслүүдийг хөгжүүлэх томоохон хөрөнгө оруулалтын гэрээнүүд байгуулж чадлаа. Түүнчлэн ногоон бүсэд Монголын 53 байгууллага дотоод, гадаадын түншүүдтэй хамтын ажиллагаагаа эхлүүлж, нийт 38 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын боломж нээсэн байна.
Эдгээр санхүүжилт, хамтын ажиллагаа нь цөлжилтийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах Монгол Улсын үндсэн зорилготой уялдаж байна. Мөн хувийн хэвшлийн үйл ажиллагааг өргөжүүлэх, орон нутгийн бизнесийг хөгжүүлэх, иргэдийн орлого, амьжиргааг дээшлүүлэхэд бодит үр өгөөж авчрах боломжтой.
КОП17-ын 12 өдрийн хугацаанд Цэнхэр бүсэд 20 мянга, Ногоон бүсэд давхардсан тоогоор 85 мянга гаруй хүн зочилсон. Хоёр бүсэд нийтдээ 110 мянга гаруй удаагийн зочлолт бүртгэгдлээ. Төр, хувийн хэвшил, үйлчилгээний салбарын ажилтан, сайн дурынхан, оюутан залуус нийлсэн 3000 гаруй хүн хурлын зохион байгуулалтад ажилласан. Улаанбаатар хотын зочид буудлуудад 14 мянга гаруй ор, хоногийн үйлчилгээ борлуулагдаж, 5.4 тэрбум төгрөгийн эдийн засгийн эргэлт бий болсон. Хурлын талбайн хоол, үйлчилгээний байгууллагууд давхардсан тоогоор 87 мянган зочин, төлөөлөгчид үйлчилсэн байна. Түүнчлэн энэ оны наймдугаар сард Монгол Улсад 141 мянга гаруй жуулчин ирсэн. Монгол Улс КОП17-ыг даргалах ирэх хоёр жилийн хугацаанд олон улсын түншлэлээ улам бэхжүүлж, талуудын өргөн оролцоог ханган, “Эх байгалиа сэргээе. Итгэл найдвараа бадраая” уриаг бодит ажил болгохын төлөө тууштай ажиллана.


