-ESG-ийн талаар дэлгэрэнгүй ярилцъя. Тэр дундаа уул уурхайн төрийн өмчит компаниуд ESG буюу тогтвортой хөгжлийн тайлан гаргах тал дээр ямар хэмжээнд вэ?
-Төрийн өмчит компаниудын хувьд сүүлийн 3-4 жил, ковидын дараагаас ESG-ийн тухай ойлголтыг илүү ярьж эхэлсэн. Тогтвортой хөгжлийн тайлан гаргах соёл, манлайлал, хандлага ч нэмэгдэж байна. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. Хамгийн том хөшүүрэг нь санхүүгийн салбар байсан гэж би боддог.
Монголын арилжааны банкууд 2013 оноос "Тогтвортой санхүүжилтийн санаачилга"-ыг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний гол санаа нь зээл олгохдоо зөвхөн эргэн төлөлтийг нь харахаас гадна тухайн төсөл нийгэм, байгаль орчин, эдийн засаг, хүрээлэн буй орчинд ямар эерэг болон сөрөг нөлөө үзүүлэхийг хамтад нь үнэлдэг болох явдал байлаа.
Энэ үзэл баримтлал аажмаар төлөвшиж, санхүүгийн байгууллагуудаас бизнесийн байгууллагууд руу хүчтэй нөлөөлж эхэлсэн. Ингээд "ногоон санхүүжилт", "тогтвортой хөгжил", "ESG" гэсэн ойлголтууд сүүлийн 4-5 жилд эрчимтэй яригдах болсон. Хувийн хэвшлийн компаниуд энэ чиглэлээр илүү түрүүлж манлайлсан. Эхлээд банкууд тогтвортой хөгжлийн тайлан гаргаж эхэлсэн. Дараа нь засаглал сайтай томоохон компаниуд нэгдсэн.
Жишээлбэл, “MCS” группийн хэд, хэдэн компани, “Шунхлай” групп, “Таван Богд”, “Голомт”, “Бодь” групп зэрэг компаниуд ESG-ийн тайлангаа тогтмол гаргаж байна.Энэ соёл аажмаар төлөвшөөд ирэхээр төрийн өмчит компаниуд ч мөн энэ талаар ярьж, ажиллаж эхэлсэн. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” өөрийн тогтвортой хөгжлийн бодлоготой. Миний санаж байгаагаар 2018 онд тогтвортой хөгжлийн бодлогоо баталсан байдаг. Үүний хүрээнд хүлэмжийн хийн тооллого хийх, байгаль орчны менежментийн тогтолцоо, чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх зэрэг олон ажил эхлүүлсэн.
Өнөөдрийн байдлаар төрийн өмчит уул уурхайн компаниудаас олон улсын жишигт нийцсэн ESG тайлан тогтмол гаргаж байгаа байгууллага бидний мэдэхээр хараахан байхгүй байна.
-Тэр дундаа олборлох салбарын төрийн өмчит компаниудын тухайд тийм тайлан одоогоор байхгүй гэж ойлгож болох уу?
-Тийм. Харин хувийн хэвшлийн компаниудад бол байгаа. Жил бүр ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг. Гол шалгуур нь татварын хэмжээ, орлого, эдийн засгийн үзүүлэлт байдаг. Гэтэл нөгөө талаас тухайн байгууллага нийгмийн хариуцлагаа хэрхэн хэрэгжүүлж байна, байгаль орчинд хэр ээлтэй ажиллаж байна, ESG тайлангаа хэр чанартай гаргаж байна гэдэг үзүүлэлтээр үнэлдэг тогтолцоо илүү хүчтэй байвал зүгээр санагддаг.
Хамгийн чухал нь бид тогтвортой хөгжлийн тайлан гаргах арга зүйгээ удаан хугацаанд бүрэн тодорхойлж чадаагүй. Харин 2022 онд Санхүүгийн зохицуулах хорооноос "Тогтвортой байдлын тайлагналын удирдамж"-ийг баталснаар тодорхой хэмжээнд шийдэгдсэн.
Үүний дараа хөрөнгийн биржид бүртгэлтэй, олон нийтийн хувьцаат компаниуд ESG тайлангаа гаргаж эхлэх санаачилга өрнөсөн. Гэхдээ энэ нь одоогоор албан журмын шаардлага биш. Сайн дурын үндсэн дээр хэрэгжиж байгаа учраас компаниуд аажмаар нэгдэж байна. Гэхдээ тайлан гаргах нь өөрөө нэг асуудал. Харин тайлангийн чанар бүр илүү чухал асуудал.
-Танай байгууллага компаниудын гаргасан ESG тайлангуудыг харьцуулж судалдаг гэсэн. Ингэхэд ямар нэгэн дутагдал ажиглагддаг уу. Засаж залруулах юу байдаг вэ?
-Нэгдүгээрт, үнэхээр олон улсын түвшинд сайн гаргасан тайлан олон бий. Хоёрдугаарт, зарим байгууллагын тайлан дутуу, эсвэл доторх мэдээлэл, өгөгдөл нь эргэлзээ төрүүлэхээр байдаг. Энэ хоёр асуудлыг тус тусад нь тайлбарлая.
Нэгдүгээр асуудал нь ESG тайлангийн бүтэцтэй холбоотой. Байгууллагын засаглал, менежмент (Governance), байгаль орчин (Environmental), нийгмийн нөлөө (Social), удирдлага, тайлагнал гэсэн дөрвөн үндсэн бүрэлдэхүүнээс ESG бүрдэнэ. Гэтэл зарим байгууллагад эдгээрийн аль нэгийг нь хангалттай тусгадаггүй, эсвэл дутуу мэдээлдэг нийтлэг асуудал ажиглагддаг. Зарим байгууллага ESG тайландаа засаглалтай холбоотой мэдээллээ бараг оруулдаггүй. Зөвхөн байгаль орчны чиглэлээр хийсэн зарим ажлаа дурдчихсан байдаг. Гэтэл засаглал гэдэг бол тухайн байгууллагын стратеги, урт хугацааны бодлого, удирдлагын тогтолцоо, тогтвортой хөгжлийг тодорхойлдог хамгийн чухал хэсэг.
Өнөөдөр маш олон байгууллага засаглалын асуудлаасаа болж хямралд орж, хоёр, гурав хуваагдах, эсвэл зорьсон үр дүндээ хүрч чадахгүй байх зэрэг хүндрэлтэй тулгардаг. Ийм жишээ хувийн хэвшилд ч олон бий, төрийн байгууллагуудад ч бий. Жишээлбэл, төрийн оролцоотой банкуудын тухайд төрөөс төлөөлөл орж ирэхээр сонгодог засаглалын зарчим бүрэн хэрэгжихгүй байх тохиолдол гардаг. Улс төрийн нөлөөгөөр томилгоо хийх, хангалттай боловсроогүй төсөлд санхүүжилт олгох, томоохон шийдвэрүүдэд улс төрийн нөлөө орох зэрэг асуудал гардаг. Ингэснээр засаглалын доголдол нь байгууллагын хямрал болж, эцэстээ санхүүгийн эрсдэл болж хувирдаг.
Тиймээс ESG тайлангийн хамгийн чухал бүрэлдэхүүн болох засаглалын асуудлаа орхигдуулах нь нийтлэг дутагдал болж байна.
Хоёр дахь нийтлэг асуудал нь тайланд орсон мэдээллийн үнэн зөв, итгэл үнэмшилтэй байдал юм.
Жишээ нь, "Манай байгууллага энэ жил тэдэн тонн хүлэмжийн хийн ялгарлыг буурууллаа", "Төчнөөн хэмжээний цаас хэмнэсэн" гэх мэт мэдээлэл тайлагнадаг. Гэхдээ энэ нь үнэхээр бодит тооцоонд үндэслэсэн эсэх нь эргэлзээтэй байх тохиолдол бий. Нэг ундаа, усны үйлдвэрийн тайланг үзэж байхад үйлдвэрлэлийн явцад ашиглаж байгаа нүүрсхүчлийн хийгээ шууд хүлэмжийн хийн ялгаруулалт гэж тайлагначихсан байсан. Гэтэл байгууллагын бодит ялгаруулалт гэдэг зөвхөн тэр биш. Байгууллагын хэрэглэж байгаа дулаан, цахилгаан, тээвэрлэлт, цаашлаад санхүүжүүлж байгаа төсөл, ханган нийлүүлэлтийн сүлжээ хүртэл тодорхой аргачлалаар тооцогддог.
-Та бүхэн компаниудад юу гэж зөвлөдөг вэ?
-Бид байгууллагуудад нэг зүйлийг үргэлж зөвлөдөг. ESG тайлан гаргах нь моод хөөсөн, эсвэл зүгээр нэг гоё тайлан гаргах ажил байж болохгүй. Гадаадаас хөрөнгө оруулалт татахын тулд эсвэл байгууллагынхаа имижийг сайжруулахын тулд хийдэг ажил ч биш. Энэ нь тухайн байгууллагын бодит үйл ажиллагааг үнэн зөвөөр илэрхийлдэг тайлан байх ёстой.
Яг энэ зарчим хувьцаат компаниудад хамгийн тод харагддаг. Учир нь хувьцаат компани олон нийтийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулдаг учраас хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө үнэн зөв тайлагнах үүрэгтэй.Тиймээс жил бүр үйл ажиллагааныхаа тайланг гаргаж, хувьцаа эзэмшигчдийн хурлаараа хэлэлцүүлж, холбогдох байгууллагуудад хүргүүлдэг хууль, эрх зүйн зохицуулалттай.
ESG тайлагнал ч мөн адил энэ зарчмаар хөгжих ёстой. Эхний ээлжид хувьцаат компаниудаас эхэлж байна. Цаашдаа байгууллагуудын засаглал сайжирч, нийгмийн хариуцлага, олон нийттэй харилцах соёл төлөвшихийн хэрээр хэн нэгэн шаардахгүй байсан ч ийм тайлангаа өөрсдөө гаргадаг болно.
Тэр үед "ESG тайлан" гэсэн нэрнээс илүүтэй байгууллагын жилийн үйл ажиллагааны бодит тайлан болж төлөвшинө.
Өөрөөр хэлбэл, бид энэ жил ямар үр дүнтэй, ашигтай ажиллав, нийгэм, байгаль орчинд ямар нөлөө үзүүлэв, түүнийг хэрхэн бууруулсан, бүтээгдэхүүн үйлчилгээний чанараа сайжруулахын тулд ямар хөрөнгө оруулалт хийсэн, бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд юу хийсэн гэдгээ бодит мэдээлэлд тулгуурлан тайлагнадаг соёл руу шилжих хэрэгтэй.
Жишээлбэл, бүтээмж сайжирснаар нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулах эрчим хүч, дулаан, усны хэрэглээ буурдаг. Ийм бодит үр дүнгээ тайлагнах нь л жинхэнэ ESG тайлагнал гэж би үздэг.
-ESG тайлан гаргах тал дээр уул уурхайн төрийн өмчит компаниуд яагаад харьцангуй удаан байна гэж та харж байна вэ?
-Шалтгаан олон бий. Нэгдүгээрт, тайлагналын нэгдсэн аргачлал, удирдамж манайд харьцангуй сүүлд бий болсон. Санхүүгийн зохицуулах хороо 2022 онд тогтвортой байдлын тайлагналын удирдамжаа баталсан. Өөрөөр хэлбэл, ердөө 3-4 жилийн өмнөөс л байгууллагууд нэгдсэн чиглэлтэй болсон гэсэн үг. Тиймээс компаниуд одоо л судалж, хүний нөөцөө бэлтгэж, аргачлалаа эзэмшиж байна.
Хоёрдугаарт, байгууллагуудын мэдлэг, ойлголт дутмаг байна. ESG тайлан гэдэг бол зөвхөн байгаль орчны тухай тайлан биш. Үүнд эрчим хүч, бүтээмж, засаглал, эрсдэлийн удирдлага, байгаль орчин, ажилтнуудын сайн сайхан байдал, олон нийттэй харилцах бодлого, ханган нийлүүлэгчид, үйл ажиллагаа явуулж буй орон нутагтайгаа хамтран ажиллаж буй байдал зэрэг маш олон асуудлыг нэгтгэн тайлагнах шаардлагатай байдаг. Энэ бүх мэдээллийг нэгтгэж, олон улсын аргачлалын дагуу тайлагнах мэдлэг байгууллагуудад одоогоор хангалттай бүрдээгүй байна. Энэ хоёр үндсэн шалтгаанаас болоод олон байгууллага ESG тайлангаа хараахан гаргахгүй байгаа.
Гурав дахь шалтгаан нь манлайлал. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллагыг удирдаж байгаа удирдлагын баг, шийдвэр гаргагчид энэ асуудлыг хэр зэрэг ойлгож, ач холбогдол өгч байгаагаас бүх зүйл ихээхэн шалтгаалдаг.
Сүүлийн жилүүдэд зарим байгууллага тогтвортой хөгжлийн асуудлыг хариуцсан тусгай нэгж байгуулж эхэлж байна. Бид ч мөн томоохон үйл ажиллагаатай, олон ажилтантай, нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөө өндөртэй харилцагч байгууллагууддаа тогтвортой хөгжлийн нэгж, алба байгуулахыг зөвлөдөг. Ингэснээр дор хаяж энэ асуудлыг хариуцах хүн, нэгжтэй болж, мэдлэг ойлголтыг төвлөрүүлэн хуримтлуулах боломж бүрдэнэ. Харин ийм бүтэцгүй, олон хэлтэст тархмал байдлаар хариуцаж байгаа нөхцөлд мэдлэгийг системтэй бий болгоход хүндрэлтэй байдаг. Ийм шалтгаан, хүчин зүйлсийн улмаас хэрэгжилт хангалттай бий болохгүй байна. Хэрэгжилт байхгүй болохоор тайлагналын тухай ярих боломж ч бүрдэхгүй.
-ESG тайлангаа тогтмол гаргадаг компаниудыг урамшуулдаг, үнэлдэг, шалгаруулдаг тогтолцоо илүү хөгжвөл байгууллагуудын идэвх нэмэгдэх байх, тийм үү?
-Өнөөдөр зарим байгууллага "гаргах албагүй" гэсэн ойлголтоор хойш суух хандлага ажиглагддаг. Ялангуяа уул уурхайн компаниудын хувьд хамгийн их тайлагнах шаардлагатай салбарын нэг мөртлөө заавал гэсэн хууль эрх зүйн шаардлага хараахан бүрдээгүй байна. Цаашдаа энэ нь хууль, зохицуулалтын шаардлага болохыг үгүйсгэхгүй. Харин өнөөдрийн байдлаар сайн дурын зарчмаар хэрэгжиж байна.
Гэхдээ тайлагналын үр өгөөжийг ойлгосон хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдийн санаачилгаар тайлангаа гаргаж байна. Учир нь байгууллагад маш олон талын ашиг авчирдаг. Өнөөдөр ямар ч байгууллагын хамгийн том зорилго бол тогтвортой хөгжил. Өөрөөр хэлбэл, урт хугацаанд тогтвортой, амжилттай үйл ажиллагаа явуулах явдал юм. Энэ нь төрийн байгууллагаас эхлээд хувийн бүхий л байгууллагад адилхан хамаарна.
Тиймээс байгууллага урт хугацааны тогтвортой хөгжлийг стратегийн зорилгоо болгож байгаа бол БОНЗ-ын хэрэгжилт, тайлагналын ач холбогдлыг ойлгон хэрэгжүүлэх нь хамгийн чухал.Ингэснээр байгууллага тогтвортой хөгжлийн зорилгодоо хүрэхэд бодит хувь нэмэр оруулж эхэлдэг.
Хамгийн энгийн жишээ нь санхүүжилтийн боломж. Хэрэв байгууллага БОНЗ-ын тайлангаа тогтмол гаргадаг, тайлан нь бодит дата мэдээллээр баталгааждаг бол санхүүгийн байгууллагуудын үнэлгээ сайжирдаг. Үүний үр дүнд зээлийн нөхцөл, хугацаа, хүү илүү таатай болох, шаардлагууд нь харьцангуй хөнгөрөх боломжтой.
Мөн тогтвортой хөгжлийн тайлангаа тогтмол гаргадаг байгууллагаас дахин дахин ийм төрлийн мэдээлэл шаардах шаардлага ч багасдаг. Үүнээс гадна гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад тухайн байгууллага сайн засаглалтай, нийгэм, байгаль орчны хариуцлагатай ажилладаг, үйл ажиллагаагаа ил тод тайлагнадаг гэсэн итгэл төрүүлдэг. Ингэснээр энэ байгууллагатай хамтран ажиллах эрсдэл харьцангуй бага гэж үнэлэгдэнэ. Энэ бол санхүүгийн талаас харахад хамгийн наад захын үр ашиг.
Нөгөө талд нь нийгмийн нөлөөлөл бий. Өнөөдөр ямар ч байгууллагын хувьд нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх байдал буюу social permit маш чухал болсон. Ялангуяа өнөөгийн Монголд компаниудын өмнө хоёр том сорилт тулгарч байна. Нэгдүгээрт, эрчим хүчний асуудал. аоёрдугаарт, хүний нөөцийн хомсдол. Олон компани хөрөнгө оруулалт хийж, шинэ төсөл хэрэгжүүлэх боломжтой атлаа ажиллах хүчний дутагдлаас болж төслөө хэрэгжүүлж чаддаггүй.
Харин тогтвортой хөгжлийн тайлангаа тогтмол гаргадаг, нийгэмд ил тод бодлого хэрэгжүүлдэг байгууллагын хувьд олон нийтийн итгэл, хүлээн зөвшөөрөл илүү өндөр байдаг.
Гурав дахь үр өгөөж нь байгууллагын дотоод соёл, удирдлагын тогтолцоонд гардаг өөрчлөлт юм. Учир нь энэ тогтолцоо ажиллаж эхэлснээр ажилтнуудын сайн сайхан байдалд анхаардаг, хүний эрхийг хүндэтгэдэг, шударга, ёс зүйтэй үйл ажиллагааг дэмждэг соёл байгууллагад төлөвшиж эхэлдэг.
Авлига, ёс зүйгүй үйлдлээс урьдчилан сэргийлэх механизм ч энэ тогтолцооны хүрээнд хэрэгжинэ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (ХАБЭА)-г сайжруулна. Мөн ажилтнуудын сэтгэл зүйн эрүүл мэндийг анхаарч, ажлын дарамт, стресс, burnout буюу ажлаас халшрах эрсдэлийг бууруулах бодлого хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, энэ бүхэн эцсийн дүндээ ажилтнуудаа хамгаалж байгаа хэрэг юм. Байгууллага одоо байгаа хүний нөөцөө тогтвортой хадгалах нөхцөлийг бүрдүүлдэг.
Үүнээс гадна байгаль орчинд нөлөө ихтэй үйл ажиллагаа явуулдаг компанийг жишээ болгон авч үзье. Байгаль орчны хяналт, хариуцлагын тогтолцоогоо сайжруулснаар осол, аваар, хүн, машин техник, байгаль орчинтой холбоотой аливаа инцидентийн эрсдэл буурч, хяналтад орж эхэлдэг. Үүний үр дүнд байгууллагын үйл ажиллагааны тасралтгүй байдал сайжирна.
Мөн торгууль, нөхөн төлбөр зэрэг санхүүгийн алдагдал багасна. Тоног төхөөрөмжийн эвдрэлээс үүдэх зардал ч буурна. Зарим тохиолдолд өмнө нь мэргэжлийн хяналтын байгууллага ноцтой зөрчил илрүүлээд үйл ажиллагааг нь түр зогсоож, лацдаж, "улаан хуудас" өгдөг байсан нөхцөл ч багасах боломжтой. Ингэснээр байгууллагын үйл ажиллагаа, санхүү, хөрөнгө, үр ашиг, хэмнэлтэд бодит эерэг нөлөө үзүүлдэг.
Тиймээс БОНЗ-ыг зүгээр нэг тэмдэг, сертификат, эсвэл маркетингийн хэрэгсэл гэж ойлгож болохгүй. Энэ бол байгууллагын урт хугацааны хөгжлийн стратегийн нэг хэсэг.


