Даатгалын салбарын шинэ түүх бичигч

2026 оны тавдугаар сарын 7-ны өдөр даатгалын салбарт тодоор бичигдэх нэгэн үйл явдал “Шангри-Ла” зочид буудалд болов. Энэ өдөр “Иншүрко Даатгал” ХХК дотоодын даатгалын зах зээлд гадаадын хөрөнгө оруулалт татсан гурав дахь, Японоос хөрөнгө оруулалт татсан анхны компани болсон юм. Тодруулбал, “Стратегийн түншлэлийн нээлтийн ёслол"-оо тэд ёслол төгөлдөр хийж, Япон улсын хөрөнгө оруулагчтай стратегийн түвшний хамтын ажиллагааг эхлүүлснээ олон нийтэд зарласан билээ. Хамтын ажиллагааны хүрээнд “Иншүрко Даатгал” ХХК Япон Улсаас 1.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт татан төвлөрүүлж байгаа юм. 

Энэхүү хамтын ажиллагааг эхлүүлснээр тус компани урт хугацааны тогтвортой өсөлт, санхүүгийн чадавх, эрсдэл даах чадвар болон олон улсын түвшинд өрсөлдөх боломжоо шинэ шатанд гаргах чухал алхмыг хийсэн. Түүнчлэн Япон Улсын даатгалын салбарын туршлага, засаглалын өндөр стандарт, үйлчилгээний соёл, технологийн дэвшилтэт шийдлийг Монголын зах зээлд нэвтрүүлэх өргөн боломжийг нээж буйгаараа онцлогтой юм.

“Иншүрко Даатгал” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Томохико Уэмүра “Өргөн уудам боломж, залуу эрч хүч, арвин байгалийн нөөцөөрөө онцлог Монгол Улс нь эдийн засгийн өсөлт, ирээдүйг чиглэсэн бодлогын дэмжлэгтэйгээр хөгжлийн шинэ шатанд шилжиж байна. 

Ийм чухал цаг үед "Иншүрко Даатгал" ХХК Монголын анхны гадаадын хөрөнгө оруулалттай ердийн даатгалын компани болохын хувьд Япон, Монголын соёл, бизнесийн гүүр болж, хувь хүн болон байгууллагуудыг итгэлтэй, тайван хөгжихөд дэмжин ажиллаж байна. Итгэлцэл бол бидний үйл ажиллагааны гол тулгуур бөгөөд хамгийн эрхэм үнэт зүйл юм. Бид харилцагч бүрийн хэрэгцээ, зорилго, ирээдүйн төлөвийг ойлгож, урт хугацаанд хамтран ажиллах найдвартай түнш нь байхыг зорьдог. 

Үүний зэрэгцээ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж, даатгалын салбарт шинэ соёл, өндөр стандартыг төлөвшүүлэхэд анхаарч ажиллаж байна” гэж өгүүлсэн юм. Хөрөнгө оруулалтын хүрээнд талууд зөвхөн санхүүгийн хамтын ажиллагаагаар хязгаарлагдахгүйгээр бүтээгдэхүүн хөгжүүлэлт, эрсдэлийн удирдлага, дижитал шилжилт, хүний нөөцийн чадавхжуулалт зэрэг олон чиглэлд хамтран ажиллахаар зорьж байна. Энэ нь харилцагчдад илүү хүртээмжтэй, олон улсын жишигт нийцсэн, хэрэглэгч төвтэй даатгалын үйлчилгээг хүргэх суурийг бүрдүүлж буй юм.

Энэхүү стратегийн түншлэл нь даатгалын салбар дахь гадаадын хөрөнгө оруулалт, итгэлцлийн бодит жишээ төдийгүй Монгол, Япон хоёр улсын бизнесийн хамтын ажиллагааны шинэ илэрхийлэл болж чадлаа. Японы хөрөнгө оруулалттай болсон нь тус компанийн хувьд шинэ боломж, шинэ хариуцлага, шинэ хөгжлийн эхлэл болж, цаашид Монголын даатгалын салбарт үнэ цэн бүтээсэн тэргүүлэгч байгууллага болох зорилгыг нь улам бататгаж байна.

“Иншүрко Даатгал” ХХК-ийн хамт олон

Компанийн үүсэл, хөгжил 

Сүүлийн жилүүдэд даатгалын салбарын үндсэн үзүүлэлтүүд тогтвортой өсөж, нийт хөрөнгийн хэмжээ жилд дунджаар 16 хувь, даатгалын хураамж, нөхөн төлбөр 15-16 хувиар өссөн. Өдгөө даатгалын компаниуд иргэд, аж ахуйн нэгжийн 400 гаруй их наяд төгрөгөөр үнэлэгдэх эрсдэлийг хамгаалж байгаа нь салбарын нийгэм, эдийн засагт гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэж буйг илтгэнэ. Энэхүү салбарын харьцангуй шинэ тоглогчдын нэг болох “Иншүрко Даатгал” компани 2023 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр үүсгэн байгуулагджээ. Тэд Монгол Улсын даатгалын салбарт шинэ өнгө төрх, олон улсын чиг хандлагыг шингээсэн үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байв. Улмаар Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн 94 дүгээр тогтоолоор ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө авч, албан ёсоор салбарын зах зээлд хөл тавьжээ.

Анх найман хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байсан “Иншүрко Даатгал” ХХК өнөөдөр мэргэжлийн ур чадвар, хариуцлага, хэрэглэгч төвтэй үйлчилгээг эрхэмлэсэн 20 гаруй чадварлаг, мэргэшсэн хамт олонтой болж өргөжин тэлээд байна. Хэдийгээр харьцангуй шинэ компани боловч богино хугацаанд зах зээлд өөрийн өнгө төрх, байр суурийг бүрдүүлж, хэрэглэгч төвтэй үйлчилгээ, технологид суурилсан шийдэл, олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн хөгжүүлэлтээрээ салбартаа танигдаад байна.

Тус компани нийт 48 төрлийн даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд санал болгож, иргэн болон байгууллагын эрсдэлийн хамгаалалт, санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Тээврийн хэрэгсэл, хөрөнгө, хариуцлага, гэнэтийн осол, эрүүл мэнд, аялал зэрэг олон төрлийн эрсдэлийг хамарсан бүтээгдэхүүнүүдээр дамжуулан хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн цогц хамгаалалтын шийдлийг хүргэж буй нь тэдний онцлог юм. Түүнчлэн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох Алсын хараа-2050, Ногоон хөгжлийн үзэл баримтлал, Тогтвортой санхүүжилтийн холбооны Ногоон таксономи болон олон улсын тогтвортой хөгжлийн чиг хандлагатай уялдуулан салбартаа анхдагч “Ногоон даатгал”-ын багц бүтээгдэхүүнийг хөгжүүлсэн нь компанийн онцлох ажлуудын нэг болж байна. Энэхүү бүтээгдэхүүн нь байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай хэрэглээ болон тогтвортой хөгжлийг дэмжих зорилготойгоор бүтээгдсэн бөгөөд даатгалын салбарт шинэ хандлага, шинэ соёлыг нэвтрүүлж буйгаараа онцлогтой юм.

Mongolian Economy сэтгүүл, 2026 оны зургаадугаар сарын "Санхүүгийн салбарын гол тоглогчид" тусгай дугаарын 30-31-р нүүр