Ярилцлагын эхэнд та компанийнхаа талаар манай уншигчдад товч танилцуулна уу?

Манай компани Монгол, Солонгосын хамтарсан хөрөнгө оруулалттайгаар 2013 онд байгуулагдсан. БНСУ-ын хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч “Mirae Asset Financial Group”-ийн Монгол дахь салбар компани юм. “Mirae Asset Financial Group” нь 1997 онд байгуулагдсан. Хөрөнгө оруулалт, хөрөнгийн удирдлага, үнэт цаас, даатгал, банк, баялгийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Азийн санхүүгийн байгууллагуудаас хамгийн идэвхтэйгээр олон улсад тэлсэн компаниудын нэгд тооцогддог гэдгийг дэлхийн 20 гаруй зах зээлд салбар болон төлөөлөгчийн газартай гэдгээс харж болно. 

Тийм ч учраас Ази, Хойд Америк, Европ, Латин Америкт хүчтэй байр суурь эзэлдэг БНСУ-ын хамгийн том бие даасан санхүүгийн группийн нэг юм.

Бид энэхүү нэр хүндтэй групп компанийн салбар компанийн хувьд Монголын үндэсний компаниудыг дэлхийн хөрөнгө оруулагчидтай холбох, урт хугацааны стратегийн түншлэл бий болгох, улмаар гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорин ажиллаж байна. 

Энэ зорилгынхоо хүрээнд танай хамт олон саяхан нэгэн үнэ цэнтэй арга хэмжээг зохион байгуулсан шүү дээ.

Тийм ээ, бид Mongolia Corporate Day Event арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь олон улсын нэр хүндтэй хөрөнгө оруулалтын сангууд, хөрөнгө оруулагчид, Монголын тэргүүлэх компаниуд, арилжааны банкнууд, төрийн байгууллагууд, салбарын гол оролцогчдын төлөөллүүдийг нэг дор нэгтгэснээрээ онцгой ач холбогдолтой байсан. Монгол Улсын эдийн засаг, хөрөнгийн зах зээл нь дэлхийн хөрөнгө оруулагчдын анхаарлыг улам ихээр татсаар байна. Арга хэмжээний хугацаанд бид хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн төлөв, бизнесийн шинэ боломжууд, санхүүжилтийн шинэлэг шийдлүүд болон олон улсын хамтын ажиллагааны чиг хандлагын талаар үнэ цэнтэй мэдээлэл, туршлага солилцсоноос гадна гадаадын хөрөнгө оруулагчид Монголын компани хооронд тусгайлсан уулзалтууд зохион байгууллаа. 

Энэ хүрээнд шинэ түншлэлүүд бий болж, хөрөнгө оруулалтын бодит төслүүдийн эхлэл тавигдана гэдэгт бид итгэлтэй байна.

Бидний зохион байгуулсан арга хэмжээнд хүрэлцэн ирсэн бүх оролцогч байгууллагууд, түншүүд, эрхэм зочдодоо чин сэтгэлийн талархал  илэрхийлэхийн зэрэгцээ арга хэмжээ маань цаашдын илүү бат бөх хамтын ажиллагаа, шинэ боломжуудын эхлэл болно гэдэгт итгэл дүүрэн байна. “Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК” ХХК хувьсан өөрчлөгдөж буй эрин үед харилцагч хөрөнгө оруулагч та бүхэндээ шинэлэг бөгөөд тэнцвэртэй, найдвартай бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгон хөгжингүй ирээдүйг хамтдаа бүтээхэд үргэлж нээлттэй байх болно.

Mongolian Economy сэтгүүл, 2026 оны зургаадугаар сарын "Санхүүгийн салбарын гол тоглогчид" тусгай дугаарын 42-р нүүр