Таныг Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар томилогдсоноос хойших Талуудын анхны бага хурал Монгол Улсад болж байна. КОП17-ыг амжилттай боллоо гэж үзэхийн тулд ямар үр дүнд хүрээсэй гэж та хүсэж байна вэ?

Цөлжилт, газрын доройтлын талаар хэлэлцэх хамгийн тохиромжтой улсын нэг бол Монгол Улс. Учир нь Монгол орны азар нутгийн бараг 77 хувь нь доройтолд өртөөд байна. Энэ бол асуудал ноцтой болсны илрэл. Үүний зэрэгцээ Монгол Улс бэлчээр, малчдын асуудлыг олон улсын тавцанд илүү өндөрт тавихад манлайлан ажиллаж байна. Миний хувьд, КОП17-ын амжилтыг хурал, яриа хэлэлцээний дараах бодит өөрчлөлтөөр хэмжихийг хүсэж байна. Энэ хурлаас хүчтэй түншлэлүүд бий болж, хөрөнгө оруулалт нэмэгдэн, бодит үйл ажиллагаа хурдассан байвал КОП17-ыг амжилттай болсон гэж үзнэ.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 130 гаруй улс 2030 он гэхэд 1.5 тэрбум га доройтсон газрыг нөхөн сэргээхээр амлалт өгсөн. Энэ амлалтыг хэмжигдэхүйц үр дүнд хүргэхэд түншлэл, хөрөнгө оруулалт, бодит дэмжлэг хэрэгтэй. Үүний тулд бид байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлтийг зардал гэж хардаг хандлагаа өөрчлөх ёстой. Энэ бол хөрөнгө оруулалт.

Дэлхий дахинд газрын доройтол, гангийн асуудлыг шийдвэрлэхэд жил бүр ойролцоогоор 355 тэрбум ам.доллар шаардлагатай. Гэсэн ч одоогийн хөрөнгө оруулалт 77 тэрбум ам.доллар орчимд хэлбэлзэж байна.

Тиймээс зөрүүг нөхөхөд Засгийн газар, хөгжлийн банкууд, олон улсын санхүүгийн байгууллагууд, хувийн хэвшлийнхний идэвх оролцоо, хамтын ажиллагаа юу юунаас илүү чухал.

Мөн КОП17-оор дамжуулан дэлхийн бодлогын хэлэлцүүлгийн төвд бэлчээрийн асуудлыг илүү тод авчирна гэж найдаж байна. Бэлчээр нутаг дэлхийн хуурай газрын талаас илүү хувийг эзэлж, хоёр тэрбум орчим хүний амьжиргааг тэтгэн, дэлхийн хүнсний зургааны нэгийг бүрдүүлдэг. Гэвч бодлого, хөрөнгө оруулалтын түвшинд хангалттай анхаарал татаж чаддаггүй. Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилтэй давхцан КОП17-ыг зохион байгуулж буй нь энэ байдлыг өөрчлөх онцгой боломж юм. Тогтвортой нөхөн сэргээлт хүнээс эхэлдэг. Үүнийг КОП17 улам бататгаасай гэж хүсэж байна. 

Дэлхийн аль бүс нутагт газрын доройтол хамгийн хурдацтай байна вэ? Хэрэв доройтол энэ янзаараа үргэлжилбэл ирэх жилүүдэд хүнс үйлдвэрлэл, усны нөөц, амьжиргаа, шилжилт хөдөлгөөнд ямар нөлөө үзүүлэх вэ?

Газрын доройтол дэлхийн бүх бүс нутагт ажиглагдаж байгаа ч хуурай бүсүүдэд үр дагавар нь илүү тод байна. Сахелийн бүсээс Төв Ази, Монгол Улсаас Латин Америкийн орнуудад хүртэл асуудал үргэлжилж байна. Газрын зохисгүй ашиглалтын улмаас гангийн давтамж нэмэгдэж, усны хомсдол илүү лавширч байгаа нь Европ, Хойд Америкт ч мэдрэгдэж байна. Сүүлийн жилүүдэд тохиосон ган гачиг, хэт халалт аль ч улс эрсдэлээс ангид бишийг харууллаа.

Энэ байдал үргэлжилбэл үр нөлөө нь байгаль орчны хүрээнээс хальж, хүнсний систем, усны аюулгүй байдал, эдийн засагт шууд нөлөөлнө. Иргэдийн амьжиргаанд ирэх дарамт нь ч нэмэгдэнэ. Ялангуяа газрын доройтол усны нөөцөд хүчтэй нөлөөлдөг. Эрүүл хөрс, экосистем хур тунадасыг шингээж, газрын доорх усыг нөхөн сэргээж, гадаргын урсацыг зохицуулдаг. Харин газар доройтох тусам энэ чадавх суларч, гангийн нөлөө илүү хүндэрдэг.

2030 он гэхэд дэлхийн усны эрэлт боломжит нийлүүлэлтээс 40 хүртэлх хувиар давах төлөвтэй байна.

Иймээс газрын тогтвортой менежмент усны аюулгүй байдлын чухал хэсэг болж байна. Мөн иргэдийн орлого, өрхийн амьжиргаанд туссан сөрөг нөлөөлөл шилжилт хөдөлгөөнийг ч өдөөдөг. 

Бидэнд энэ бүхнийг өөрчлөх боломж  бий. Доройтсон газрыг нөхөн сэргээх, хөрсний эрүүл мэндийг сайжруулах, гангийн бэлэн байдлыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт нь хүнс, усны аюулгүй байдал, эдийн засгийн тэсвэрлэх чадварыг нэгэн зэрэг бэхжүүлдэг. Тогтвортой газрын менежментэд зарцуулсан нэг ам.доллар тутамд 7-30 ам.долларын өгөөж бий болдог гэсэн тооцоо ч бий. Тиймээс 2030 оноос өмнө бид ямар шийдвэр гаргаж, ямар сонголт хийхээ сайтар бодолцох ёстой. Бидний сонголт цөлжилтийн эрсдэлийг нэмэгдүүлэх үү, эсвэл хүнс, ус, эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих үү гэдгийг шийдвэрлэх гол хүчин зүйл байх болно. 

Газрын доройтлын гол шалтгаануудыг та хэрхэн эрэмбэлэх вэ?

Шалтгааныг дэлхий даяар нэг ижил байдлаар эрэмбэлэх боломжгүй. Улс орны экосистем, хөгжлийн онцлогоос шалтгаалан хөдөө аж ахуй, уул уурхай, хурдацтай хотжилт, усны хомсдол гээд харилцан адилгүй шалтгаан байж болно. Уур амьсгалын өөрчлөлтийн тухайд, цөлжилтийн эрсдэлийг нэмэгдүүлдэг ч ихэнхдээ дангаараа гол шалтгаан болдоггүй. Харин газар, байгалийн нөөцийн менежментэд хэдийнэ нүүрлээд байсан эмзэг байдлыг л ил болгож, хүндрүүлдэг.

Газрын доройтолд нийтлэг нэг шалтгаан бий. Энэ бол газрын урт хугацааны үнэ цэнээс богино хугацааны өгөөжийг илүүд үзэх хандлага юм.

Жишээлбэл, хүнсний үйлдвэрлэл эрүүл хөрснөөс шууд хамаардаг ч зохисгүй тариалангийн арга хөрсний үржил шимийг бууруулж, элэгдлийг нэмэгдүүлэн, экосистемийн тэсвэрлэх чадварыг сулруулдаг. Үүнтэй адил үйл явц уул уурхай, дэд бүтэц, хот байгуулалтын салбарт ч өрнөдөг. Тиймээс хөгжлийг байгалийн нөөцийн урт хугацааны даацтай нийцүүлж төлөвлөх нь чухал.

2050 он гэхэд дэлхийн хүн ам ойролцоогоор 9.6 тэрбумд хүрч, хүнсний эрэлт 35-56 хувиар өснө.

Мөн тэр үед хүн амын бараг 70 хувь нь хот суурин газарт амьдрах төлөвтэй байна. Энэ нь хүнс, эрчим хүч, ашигт малтмал, орон сууц, дэд бүтцийн эрэлтийг нэмэгдүүлнэ. Иймээс үйлдвэрлэл, хэрэглээг илүү тогтвортой болгох, нөөцийн үр ашгийг сайжруулах, газрын нөхөн сэргээлтийг хөгжлийн төлөвлөлтөд нэгтгэх шаардлага зүй ёсоор тулгарч байна.

Газрын доройтлын үр дагаврыг хүн төрөлхтөн хэдэн арван жил хэлэлцсэн ч доройтлын хурд саарсангүй. Үүний гол шалтгааныг та хэрхэн тодорхойлох вэ?

Өнөөдөр асуудлыг ойлгохоос илүү шийдлүүдийг бодитоор хэрэгжүүлэх нь гол сорилт болоод байна. Цөлжилтийн шалтгаан, үр дагаврыг хүмүүс харьцангуй сайн ойлгодог болсон. Шийдлүүд бодит ажил хэрэг болоход санхүүжилтийн хомсдол том саад болсон хэвээр байна. Ялангуяа хөгжлийн олон зорилт дэвшүүлсэн, уур амьсгалын дарамттай бодитоор нүүр тулсан хөгжиж буй орнуудад санхүүжилтийн асуудал илүү хурцаар тавигддаг. Үүний зэрэгцээ арга хэмжээ авч чадахгүй байгаагийн өртөг нь ч дагаад өсөж байдаг. Газрын доройтол дэлхийн эдийн засагт жил бүр бараг 900 тэрбум ам.долларын хохирол учруулдаг гэсэн тооцоо бий. Тиймээс нөхөн сэргээлт, тэсвэрлэх чадварт хөрөнгө оруулах нь эдийн засгийн хувьд үр өгөөжтэй шийдвэр юм.

Бодлогын уялдаа мөн чухал. Газар, ус, хөдөө аж ахуй, биологийн олон янз байдал, дэд бүтэц, уур амьсгал хоорондоо нягт холбоотой атлаа олон оронд тусдаа бодлого, институцээр зохицуулагдсаар байна.

Ийм салангид байдал нь үр дүнтэй, урт хугацааны шийдэл хэрэгжүүлэх боломжийг хязгаарладаг. Дээр нь хариуцлага, хяналтын тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай. Сайн мониторинг, найдвартай өгөгдөл, ил тод тайлагнал нь хэрэгжүүлж буй арга хэмжээ хэр үр дүнтэй байгааг тодорхойлж, хөрөнгө оруулалтыг зөв чиглүүлэхэд тусална.

Гэхдээ хамгийн том сорилтыг би “хэрэгжилт” гэж дахин тодотгож хэлэхийг хүсэж байна. Газрын тогтвортой менежмент, нөхөн сэргээлт, гангийн бэлэн байдлын шийдлүүд үр дүнтэйг бид мэднэ. Одоо эдгээрийг төсөл, санаачилгын хүрээнээс гаргаж, үндэсний хөгжлийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын шийдвэрийн салшгүй хэсэг болгох шаардлагатай. КОП17 ч энэ сэдвийг илүү чухалчлах болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, КОП17-ын нээлтийн үеэр 2026.08.17-ны өдөр

Газрын доройтол, гангийн асуудлыг шийдвэрлэхэд жил бүр 355 тэрбум ам.доллар шаардлагатай ч одоогийн хөрөнгө оруулалт 77 тэрбум орчим байгааг та түрүүнд онцолсон. Санхүүжилтийн зөрүүг багасгах, нөхөх ямар боломж байна вэ?

Юун түрүүнд хандлагаа өөрчлөх шаардлагатай. Ингэж байж засгийн газар, хөгжлийн банкууд, санхүүгийн байгууллагууд, институцийн хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, буяны байгууллагуудыг хамарсан илүү өргөн санхүүжилтийн тогтолцоог бий болгож чадна. Мөн маш олон тохиолдолд хөрөнгө бус, харин санхүүжилт татахад бэлэн, сайтар боловсруулсан төсөл хангалтгүй байдаг. Тиймээс хөрөнгө оруулалт татах чадвартай нөхөн сэргээлтийн төслүүдийн санг бүрдүүлэх нь тэргүүлэх зорилт байх ёстой. 

КОП17 нь Засгийн газар, санхүүгийн байгууллага, бизнес, хөрөнгө оруулагчид, буяны байгууллага, иргэний нийгмийг нэг дор холбох чухал талбар болно. Бид энэ хүрээнд “Business for Land” зэрэг санаачилгаар дамжуулан санхүүжилтийн цар хүрээг өргөтгөхийг зорьж байна. Дэлхийн ДНБ-ий тал хувь нь байгалиас дунд болон өндөр түвшинд хамааралтай байдаг. Тиймээс бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхний оролцоогоор санхүүжилтийн тогтолцоонд хүч нэмэх нь чухал. 

Газрын нөхөн сэргээлтийн төлөөх дэлхийн санхүүжилтийн ердөө зургаан хувийг хувийн хэвшил бүрдүүлж байна. Тэдний оролцоог нэмэгдүүлэх гол хөшүүрэг нь юу байх ёстой вэ?

Хувийн хэвшлийн оролцоо өнөөгийн түвшнээс хавьгүй өндөр байх боломжтой. Эрүүл, бүтээмжтэй газар нь хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэл, ойн аж ахуй, уул уурхай, үйлдвэрлэл, аялал жуулчлал болон дэлхийн нийлүүлэлтийн олон сүлжээний суурь болдог. Тиймээс газрын нөхөн сэргээлтэд хөрөнгө оруулах нь бизнесүүдийн хувьд урт хугацааны эрсдэлийг бууруулах, тэсвэрлэх чадвараа нэмэгдүүлэх, үйл ажиллагаандаа шаардлагатай байгалийн нөөцийг хамгаалж буй хэлбэр юм.

Гол асуудал нь нөхөн сэргээлтийг хувийн хөрөнгө оруулагчдад сонирхол татахуйц урт хугацааны хөрөнгө оруулалт болгох нөхцөлийг бүрдүүлэхэд оршино. Байгаль орчны олон төсөл эхний шатны зардал өндөр, хөрөнгө оруулалтын хугацаа урт зэргээс шалтгаалан хувийн хөрөнгө татахад хүндрэлтэй тулгардаг. 

Тиймээс төр катализаторын үүрэг гүйцэтгэхэд анхаарах хэрэгтэй.

Төсөл бүрийг төр өөрөө шууд санхүүжүүлэхийн оронд хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулах, төслийн бэлтгэлийг сайжруулах замаар илүү их хувийн хөрөнгө оруулалт татаж болно. Газрын нөхөн сэргээлт, хүнс, усны аюулгүй байдал, уур амьсгалын тэсвэрлэх чадвар, биологийн олон янз байдал зэрэгт анхаарал хандуулах нь нийгэм, эдийн засгийн үр өгөөжтэй ч, богино хугацааны санхүүгийн өгөөжийн талаар ярихад ярвигтай байдаг. Тиймээс хөрөнгө оруулагчдад тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой бодлого, газрын эзэмшил, ашиглалтын баталгаа, ил тод засаглал, найдвартай өгөгдөл, хяналт-шинжилгээний тогтолцоогоор дэмжиж өгөх хэрэгтэй. Мөн төр санхүүжилтийн баталгаа, холимог санхүүжилт болон эрсдэл хуваалцах бусад хэрэгслээр дэмжлэг үзүүлснээс төслүүдийн хөрөнгө оруулалт татах чадвар нэмэгдэнэ.

“Business for Land” санаачилгын тухайд, гол концепц нь дээрх шийдлүүдэд чиглэж байгаа. Түүнчлэн КОП17-ын үеэр тус санаачилгын хүрээнд, Дэлхийн тогтвортой хөгжлийн бизнесийн зөвлөлийн удирдлага дор бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч, иргэний нийгмийн байгууллага болон бусад түншийг хамарсан зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, боловсруулсан бодлогын зөвлөмжүүдээ танилцуулна. Эдгээр зөвлөмж нь нөхөн сэргээгдэх ландшафтад чиглэх хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого, зохицуулалт, хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэхэд төвлөрч байгаа.

КОП17-ын бас нэгэн чухал сэдэв нь Бэлчээрийн тэргүүлэх санаачилга. Энэ санаачилгын хүрээнд малчдын дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хэрхэн тусгах вэ?

Энд нэг энгийн ойлголт бий. Бэлчээрийг үе дамжин ашиглаж, хамгаалж ирсэн хүмүүсийн оролцоогүйгээр нөхөн сэргээх боломжгүй. Малчид газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг хамгийн түрүүнд мэдэрдэг хүмүүсийн нэг. Яах аргагүй бэлчээрийн экосистемийн талаар хамгийн их туршлага, мэдлэг хуримтлуулсан хүмүүс мөн. Тиймээс бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлт, хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд ижил төстэй сорилт бүхий орнуудын туршлага солилцоо маш чухал зүйл.

Мөн бэлчээрт хөрөнгө оруулах эдийн засгийн үндэслэлийг орон нутгийн иргэдийн оролцоотойгоор илүү тодорхой болгож болно.

Миний хувьд, Монголд ажиллах үеэрээ байгаль хамгаалагч Б.Буджавтай Монголын тал нутгаар нэлээд явсан. Тэр бол экологич мэргэжилтэй, байгаль хамгаалагч хүн. Бас насан туршдаа мал малласан нэгэн. Тиймдээ ч ямар өвс ургамал өмнөхөөсөө цөөрсөн, өнгөц харахад хэвийн мэт боловч бэлчээрийн шим хэрхэн буурсныг маш ойлгомжтой тайлбарласан. Түүний энэ туршлага нэг зүйлийг улам тодорхой болгосон. Нөхөн сэргээлт амжилттай болохын тулд шинжлэх ухаан, инновацыг тухайн газар нутагтай өдөр бүр харьцаж амьдардаг хүмүүсийн мэдлэгтэй уялдуулах нь чухал гэдгийг баталж өгсөн. Тиймээс малчдын оролцоо зөвлөлдөх уулзалтаар хязгаарлагдах ёсгүй. Тэднийг төлөвлөлт, хэрэгжилт, мониторингийн бүх шатанд оролцуулж, орон нутагт түшиглэсэн засаглалыг бэхжүүлэх хэрэгтэй.

Улс орнууд нөхөн сэргээлтийн ахицыг ихэвчлэн тарьсан модны тоо, сэргээсэн газрын хэмжээгээр үнэлдэг. Бий болсон өөрчлөлтийг бодитой хэмжихийн тулд тайлагналын стандарт, хараат бус мониторингийн тогтолцоонд хэрхэн анхаарч байна вэ?

Нөхөн сэргээлтийг тоогоор хэмжих амархан ч бодит үр нөлөөг үнэлэх нь илүү төвөгтэй байдаг. Тухайлбал, мод тарих чухал ч экосистемийн үйл ажиллагаа сайжирсан уу, хүмүүсийн амьдралд бодит өөрчлөлт авчирсан уу гэдгийг моддын тоогоор илэрхийлэх боломжгүй. Тиймээс талбайн хэмжээнээс гадна хөрсний эрүүл мэнд, ус хадгалах чадвар, биологийн олон янз байдал, ургамлын бүрхэвч, нүүрстөрөгчийн хуримтлал, экосистемийн бүтээмж зэрэг үзүүлэлтийг хэмжих нь илүү үр дүнтэй. Үүний зэрэгцээ нөхөн сэргээлт нь тариаланчид болон малчдын орлого, хүнсний аюулгүй байдал, гангийн давтамж, уур амьсгалын бусад эрсдэлийг даван туулах чадварт хэрхэн нөлөөлж байгааг хэмжих хэрэгтэй.

Өнөөдөр үр нөлөөг бодитоор хэмжих боломж эрс нэмэгдсэн.

Дэлхийн ажиглалтын систем, хиймэл дагуулын зураг, гео-орон зайн технологи, хиймэл оюун ухаан нь газрын өөрчлөлтийг илүү нарийвчлалтай хянах боломж олгож байна. Эдгээрийг газар дээрх ажиглалт, орон нутгийн иргэдийн мэдлэгтэй хослуулбал нөхөн сэргээлтийн үр дүнг үнэн зөвөөр үнэлж чадна. Нөгөөтээгүүр, найдвартай мэдээлэл нь Засгийн газарт аль арга хамгийн үр дүнтэй байгааг тодорхойлоход, хөрөнгө оруулагчид болон хөгжлийн түншүүдэд төслийн байгаль орчин, нийгмийн үр өгөөжийг бодитоор үнэлэхэд тусална. КОП17-оор дамжуулан мониторинг, өгөгдлийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг бүр илүү бэхжүүлэх ч боломжтой. 

2030 онд КОП17-ыг эргэн дүгнэхэд дэлхийн хуурай бүс нутаг болон Монголын бэлчээрт ямар бодит, хэмжигдэхүйц өөрчлөлт гарсан байгаасай гэж та хүсэж байна вэ?

2030 оноос эргэн харах үед, КОП17 газар нутгийг үнэлэх, нөхөн сэргээх, хөгжлийн бодлогод хандах хандлагыг өөрчлөхөд бодит хувь нэмэр оруулсан байгаасай гэж хүсэж байна. Юуны өмнө газрын нөхөн сэргээлт байгаль орчны тусдаа зорилт хэвээр үлдэхгүй, эдийн засаг, хөгжлийн бодлогын үндсэн хэсэг болсон байх хэрэгтэй. Дэлхийн хуурай бүсүүдэд хөрсний эрүүл мэнд сайжирч, бэлчээрийн тэсвэрлэх чадвар нэмэгдэн, усны менежмент боловсронгуй болж, орон нутгийн иргэд ган, уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг даван туулах чадвартай болсон байхыг мөн хүсэж байна. Үүний тулд улс орнууд нөхөн сэргээлтийн үндэсний зорилтуудаа хэрэгжүүлэх нь чухал.

Харин зорилтуудаа хэрэгжүүлэхэд илүү хүчтэй түншлэл бий болж, хөрөнгө оруулалт нэмэгдсэн байх нь онцгой ач холбогдолтой.

Түүнчлэн КОП17 болон Бэлчээрийн тэргүүлэх санаачилггыг бэлчээрийн тогтвортой менежмент, шинжлэх ухааны хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг дэмжих урт хугацааны олон улсын түншлэлийн эхлэл болоосой гэж хүсэж байна. Монголын туршлага бусад хуурай бүсийн орнуудад малчдын уламжлалт мэдлэг, ландшафтын нэгдсэн менежментийн үнэ цэнийг илүү өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөхөд нөлөөлнө гэж найдаж байна.

Эцэст нь, газрын нөхөн сэргээлт бол хүнс, усны аюулгүй байдал, эдийн засгийн тэсвэрлэх чадвар, хүний сайн сайхан байдалд хийж буй хөрөнгө оруулалт гэж үнэлдэг хандлага хүрээгээ тэлээсэй. КОП17 эдгээр өөрчлөлтийг хурдасгаж чадвал, үр нөлөө нь 2030 оноор хязгаарлагдахгүй бүр ч удаан хүгацаанд үргэлжлэх болно.

Тэрбээр КОП17 эхлэхийн өмнө бага хурлын бэлтгэл ажилтай танилцахаар Монгол Улсад зочилсон бөгөөд Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газрын төлөөллүүд түүнийг хүлээн авч уулзсан юм.