Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө, эрхэм уншигчид аа!

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа нь Монгол Улсын хувьд нэр төрийн хэрэг төдийгүй эх дэлхийнхээ ирээдүйн төлөө олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран хүлээсэн үүрэг, хариуцлагаа бодитоор хэрэгжүүлэх түүхэн боломж хэмээн үзэж байна.

Талуудын 17 дугаар бага хурлын “Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая” хэмээх уриа нь хүн төрөлхтөн бид энэ ертөнцөд ирээд буцах хүмүүн заяандаа өвөг дээдсээс өвлүүлэн үлдээсэн эх байгалийнхаа унаган төрхийг сэргээж, эх дэлхийгээ хайрлан хамгаалдаг хойч үеийг төлөвшүүлэн үлдээж, ирээдүйдээ итгэх итгэл найдвараа бадраах гүн гүнзгий утга агуулгатай юм.

Өнөөдөр цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг зөвхөн байгаль орчны асуудал хэмээн ойлгох бус, харин хүнсний хангамж, аюулгүй байдал, усны нөөц, хүн төрөлхтний амьжиргаа, тогтвортой хөгжил, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдалтай уялдуулж цогцоор нь авч үзэх шаардлагатай.

Монгол Улс цөлжилт, газрын доройтол, гангийн сөрөг нөлөөг бодитоор мэдэрч буй орны хувьд эх байгалиа хамгаалах дэлхий нийтийн хамтын хүчин чармайлтад хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ.

Өдгөө Монгол Улс газрын нөхөн сэргээлт, ойн санг нэмэгдүүлэх, хөрс, ус, бэлчээрийн хамгаалал, хүнсний хангамж, аюулгүй байдал, хөдөөгийн тогтвортой хөгжлийг дэмжих “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” зэрэг үндэсний бодлого, санаачилгуудыг хэрэгжүүлж байна.

Манай улсын хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь зөвхөн мод тарьж, ургуулах ажил бус, харин цөлжилт, газрын доройтлыг сааруулах, газрын нөхөн сэргээлтийг өргөжүүлэх, ойн санг нэмэгдүүлэх, хөрсний үржил шим, усны нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, хүнсний хангамжийг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх үндэсний хэмжээний цогц санаачилга юм.

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас Монгол Улсын санаачилгаар 2026 оныг "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил" болгон зарласан нь энэхүү бага хурлын ач холбогдлыг улам бүр тодотгож байгаа билээ.

Талуудын 17 дугаар бага хурлыг даргалагч улсын хувьд, Монгол Улсын санаачилсан “Тал хээрийн төлөвлөгөө” санаачилга нь “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга”, “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга” гэсэн харилцан уялдаа холбоо бүхий гурван тэргүүлэх чиглэлд тулгуурлаж байна. Энэхүү санаачилга тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, бодит үр дүнд хүргэнэ гэдэгт итгэж байна.

Монголчууд бид мянга мянган жилийн түүхтэй эх байгальтайгаа шүтэлцэн амьдарч ирсэн уламжлалт мэдлэг, туршлагаа дэлхий дахинаа хуваалцаж, энэхүү уламжлалт мэдлэгийг орчин үеийн шинжлэх ухаан, технологи, инновацтай хослуулан хөгжүүлэх нь газрын тогтвортой менежмент, экосистемийн тэнцвэрт байдал, хүн төвтэй хөгжлийн чухал шийдэл болно хэмээн үзэж байна.

Нэгдсэн хүчээр эх байгалиа сэргээж, нэгэн зорилгоор итгэл найдвараа бадрааж, нэгдмэл хариуцлагаар илүү сайхан ирээдүйг бүтээцгээе. Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, эх дэлхий энх амгалан, шим мандал ширгэшгүй арвин байж, ирээдүй хойч үед минь өвлөгдөн үлдэх болтугай.