Ярилцлагын эхэнд та Монгол оронд тулгамдаж буй хүрээлэн буй орчны асуудлаас Засгийн газрын нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг тодорхойлж хэлэхгүй юу?  

Хүрээлэн буй орчны асуудлыг байгаль хамгааллын салбарт даатгаж үлдээдэг цаг ард үлдсэн байна. Газрын доройтол, цөлжилт, усны хомсдол, биологийн олон янз байдлын хомсдол, ган, зудын эрсдэл зэрэг нь өрхийн амьжиргаа, иргэдийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн өсөлт, хөдөөгийн хөгжилд нөлөөлөөд эхэллээ. Үүгээр зогсохгүй үндэсний аюулгүй байдлын хэмжээнд сөхөж ярих сэдэв болох эрсдэл ч байна. 

Тиймээс бид хүрээлэн буй орчны асуудлыг шинжлэх ухаан, инновац, хөрөнгө оруулалт, зөв бодлогоор удирдаж, асуудлыг шийдэхэд бүх нийтээрээ анхаарах ёстой. Монгол Улс бол нүүдлийн мал аж ахуйн өв соёлыг XXI зуунд хадгалж, тээж яваа цөөн орны нэг.

Иймээс эрүүл газар, бэлчээрийн шим, усны нөөц монголчуудад юу юунаас илүү үнэтэй. Гэвч хамгийн үнэ цэнтэй гэж тодорхойлж буй энэ зүйлс маань өнөөдөр хамгийн их доройтож хомстсон байна.

Энэ бол бидний хамгийн түрүүнд санаа тавьж шийдэх ёстой зүйлс. Мөн улаанбаатарчуудын хувьд агаар, хөрсний бохирдол хамгийн том асуудал. Үүн дээр мэдэгдэхүйц бодит үр дүн гаргах ёстой. 

Гэхдээ бодит үр дүнг бид нэг салбараас, нэг яамнаас нэхэх нь өрөөсгөл. Харин байгаль орчны асуудлыг хөгжлийн асуудлаарх шийдвэр гаргах явцад цогцоор нь анхаарч үзэх үндсэн шалгуур нь болгох хэрэгтэй. Хот байгуулалт, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, дэд бүтэц, бүсчилсэн хөгжлийн аль ч бодлого байгалийн нөөц, нөхцөл, эрсдэлийг хэр хариуцлагатай, үр ашигтай удирдаж байгаагаар үнэлэгддэг байх ёстой. Дэлхий нийт энэ хандлага руу чиглээд олон жил болсон.

Монгол Улсын үе үеийн Засгийн газар байгаль орчны асуудалд хэр сайн “санаа тавьсан” гэж та дүгнэх вэ? 

Аливаа хөгжлийн бодлого өнгөрсөн, одоо, ирээдүйн хэлхээс дээр тогтдог. Өнөөдрийн бидний хийж байгаа шинэчлэл тэг цэгээс эхлээгүй. Өмнөх үеийн бодлого, хуримтлуулсан туршлага, бий болгосон институцийн чадавх дээр тулгуурлаж байна. Үүнийг шударгаар үнэлэх ёстой.

Нөгөө талаас, байгаль орчны бодлогыг дөрвөн жилийн улс төрийн мөчлөгөөр хэмжих боломжгүй. Учир нь газрын доройтол, усны нөөц, ой, бэлчээр, хотын агаарын чанар, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн арван жилээр хэмжигддэг. Тэгэхээр бодлогын амжилтыг Засгийн газрын хугацаагаар бус, залгамж чанар, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр, тогтвортой санхүүжилт, ил тод тайлагнал, хамгийн гол нь иргэдийн амьдралд гарсан бодит үр дүнгээр тодорхойлох ёстой. Манай Засгийн газрын хувьд, бодлогын шинэчлэлийг байгаль хамгааллын арга хэмжээгээр хязгаарлаагүй. Засаглал, хөрөнгө оруулалт, бизнесийн орчны шинэчлэлтэй уялдуулснаараа онцлог.

Тухайлбал, иргэд, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын боломжийг хязгаарлаж ирсэн шаардлагагүй зөвшөөрөл, хүнд суртал, захиргааны саад, шударга бус давуу эрхийг арилгаж, төрийн хэт оролцоог бууруулахад чиглэсэн “Чөлөөлье” санаачилгыг энд дурдаж болно. Энэ санаачилгыг зөвхөн эдийн засгийн шинэчлэл мэтээр харах нь учир дутагдалтай. Үнэндээ энэ бол байгалийн нөөцийн ашиглалт, эрчим хүч, газар ашиглалт, дэд бүтцийн хөгжлийн шийдвэрийг хаалттай, захиргааны аргаар шийдвэрлэдгийг халж, ил тод дүрэм, шударга өрсөлдөөн, олон нийтийн хяналтад тулгуурлан гаргадаг болох засаглалын шинэчлэл юм.

Энэ шинэчлэлийн анхны алхам нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг батлуулж, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх суурь зохицуулалтыг бүрдүүлсэн явдал юм.

Уур амьсгалын санхүүжилт, нүүрстөрөгчийн зах зээл, хүлэмжийн хийн тооллого, тайлагнал, ил тод байдлын тогтолцоог хуульчлан зохицуулснаар төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоонд тулгуурласан цогц тогтолцоог бүрдүүлэх суурь тавигдлаа.

Сэргээгдэх эрчим хүчний салбарт л гэхэд, өрсөлдөөнт, нээлттэй аукционы тогтолцоог нэвтрүүлж байна. Ингэснээр хамгийн үр ашигтай технологи, өрсөлдөхүйц үнэ, хэрэгжүүлэх бодит технологи, шийдэл санал болгосон хөрөнгө оруулагчдыг ил тод өрсөлдөөний үндсэн дээр шалгаруулах боломж бүрдэж байна. Сэргээгдэх эрчим хүчний салбарт хувийн хөрөнгө оруулалтаар дамжин ногоон технологиуд нутагшвал яриад байгаа бодит өөрчлөлт маань бий болно. 

Талуудын 17 дугаар бага хурлыг Монголд зохион байгуулж буйн ач холбогдлыг та хэрхэн тодорхойлох вэ?

Энэ бол нэр төр, хариуцлагын асуудал. Нөгөөтээгүүр Монгол Улсын хөгжлийг тодорхойлох, монголчуудын байр суурийг дэлхий дахинд илэрхийлэх түүхэн боломж гэж харж байна. Манай улс дэлхийн сэрүүн бүсийн хээрийн экосистемийн хамгийн том орон зайг эзэлдэг. Ярилцлагын эхэнд хэлсэнчлэн бид байгальтайгаа зохицон амьдрах нүүдлийн соёл иргэншил, уламжлалт мэдлэгээ хадгалж үлдсэн цөөн орны нэг. Тиймээс талуудын бага хурлаар дамжуулан тогтвортой бэлчээр, газрын нөхөн сэргээлт, гандуу бүс нутгийн тэсвэрлэх чадварын асуудлаарх дэлхийн найдвартай түнш, манлайлагч, дэмжигч орон гэдгээ харуулахыг зорьж байна.

Бид инновацад суурилсан, эрсдэл даах чадвартай, төрөлжсөн эдийн засгийг бий болгох зорилготой гэдгээ энэ хурлаар тодоос тод илэрхийлэх болно.

Хамгийн гол нь Монгол бол тогтвортой хөгжлийн шийдэл санаачлагч, түүнийг манлайлан хэрэгжүүлэгч улс юм шүү гэдгээ дэлхий нийтэд таниулахыг хүсэж байна. Бидний шийдэл уламжлалт мэдлэг, шинжлэх ухаан, инновац, дижитал технологид суурилж байгаа. Иймээс Талуудын 17 дугаар бага хурал Монгол Улсын ногоон шилжилт, эдийн засгийн шинэчлэл, олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, дижитал шилжилтийн аль ч талбарт стратегийн боломж авчирна гэж итгэж байна.

Газрын доройтлыг сэргээх тухай асуудал бага хурлын чухал сэдвийн нэг. Монгол Улс уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай хувьд газрыг нөхөн сэргээх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

Уул уурхай бол Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч. Экспортын орлого, төсвийн бүрдүүлэлт, ажлын байр, дэд бүтцийн хөгжил зэрэгт уул уурхайн салбарын оруулж буй хувь нэмэр цаашид ч чухал байх болно. Байгалийн баялаг нь улс орны хөгжил, иргэдийн сайн сайхан амьдралд бодит үр өгөөж авчрах ёстой. Гэхдээ хөгжлийн төлөөс нь байгаль орчны доройтол, усны нөөцийн хомсдол, орон нутгийн иргэдийн эрх ашиг хохирох явдал байж болохгүй. Монгол Улсын зорилго бол уул уурхайн салбараа олборлолтын хэмжээгээр бус, хөгжлийн чанар, байгаль орчин, нийгэмд үлдээж буй эерэг өвөөр нь үнэлдэг улс болох явдал юм.

Иймээс бид байгаль орчны үнэлгээ, уурхайн хаалтын төлөвлөлт, нөхөн сэргээлт, байгаль орчны мониторинг, хяналт, хариуцлагын тогтолцоог дараагийн шатанд гаргах шаардлагатай гэж үзэж байна.

Нөхөн сэргээлтийн үр дүнг нөхөн сэргээсэн талбайн хэмжээгээр бус, экосистемийн үйл ажиллагаа хэрхэн сэргэж байгаа, биологийн олон янз байдал ямар түвшинд хүрч байгаа, ус, хөрсний чанар хэрхэн сайжирсан, орон нутгийн иргэдэд ямар бодит үр өгөөж бий болсон, урт хугацааны эрсдэлийг хэрхэн бууруулж чадсанаар үнэлэх нь зүйтэй.

Цаашид энэ тогтолцоог улам боловсронгуй, хяналттай болгоно. Мөн КОП17 хурлаас өмнө Монгол Улсын уул уурхайн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын оролцоотойгоор уул уурхайн салбарыг “ногооруулах” боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Цаашид уул уурхайн салбар байгальд ээлтэй шийдэл, дэвшилтэт технологи, ил тод засаглал, олон улсын байгаль орчин нийгмийн засаглалын зарчмуудыг үйл ажиллагаандаа бодитоор нэвтрүүлэх шаардлагатай. Ингэснээр байгаль орчны төдийгүй хөрөнгө оруулалтын эрсдэлийг багасгаж, олон улсын зах зээл дэх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадын хамт

КОП17 хурлын үеэр Монгол Улс хөрөнгө оруулагчдад ямар боломжууд санал болгох вэ?

Монгол Улс олон улсын хөрөнгө оруулагчдад тогтвортой хөгжлийн олон боломжуудыг танилцуулна. Үүнд сэргээгдэх эрчим хүч, тогтвортой мал аж ахуй, мах, ноос, ноолуурын нэмүү өртгийн сүлжээ, газрын доройтлыг бууруулах, экосистемийн нөхөн сэргээлт, усны нэгдсэн менежмент, ухаалаг хөдөө аж ахуй, байгальд ээлтэй дэд бүтэц, хиймэл оюунд суурилсан байгаль орчны мониторинг, ногоон дата төв зэрэг ирээдүйн өсөлтийг түүчээлэх гол салбарууд багтаж байгаа.

Монгол Улс асар их байгалийн нөөцтэй. Бидэнд өргөн уудам газар нутаг, “нар, салхины орон” гэж тодорхойлж болохуйц сэргээгдэх эрчим хүчний нөөц, сэрүүн уур амьсгал, өсөн нэмэгдэж буй дижитал дэд бүтэц, Зүүн хойд Азийг Төв Азитай холбосон стратегийн байршил гээд олон давуу тал бий. Үүнийгээ ашиглан ногоон болон дижитал шилжилтийг хослуулсан хөрөнгө оруулалтын шинэ чиглэлийг бид хөгжүүлнэ.

Тухайлбал, КОП17 хурлын хүрээнд танилцуулах Ногоон дата төв бол хамгийн хүлээлт дагуулсан төслүүдийн нэг болно.  

Үүний зэрэгцээ нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх, уур амьсгалын эрсдэлийг бууруулах, тогтвортой үйлдвэрлэл, аялал жуулчлал, хүнсний тогтолцооны өрсөлдөх чадварыг дээшлүүлэх эдийн засгийн өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын хувилбаруудыг санал болгоно. Үүнд зориулж Монгол Улс хөрөнгө оруулалтын эрхзүйн орчноо ч таатай болгож шинэчилсэн. 

Өнгөрсөн чуулганаар хүлээлт дагуулсан хуулийн шинэчлэлүүд эцэслэгдлээ. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг мөн баталлаа. Энэ өөрчлөлтүүд ногоон хөгжлийг дэмжихэд хэр том түлхэц үзүүлнэ гэж та найдаж байна вэ?

Бодлого, хууль эрх зүйн шинэчлэл бол ногоон шилжилтийн хамгийн чухал суурь. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг баталсан нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод гарсан хамгийн том ахиц. Энэ хуулиар уур амьсгалын өөрчлөлтийг эдийн засгийн хөгжил, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, хот байгуулалт, дэд бүтэц, усны нөөц, эрүүл мэнд, банк санхүү гээд бүх салбарт хамаарах хөгжлийн бодлогын үндсэн асуудал гэдгийг хуульчилснаараа онцлогтой.

Түүнчлэн төр, хувийн хэвшил, орон нутгийн удирдлага, иргэд, шинжлэх ухааны байгууллагуудын оролцоо, эрх, үүрэг, хариуцлагыг илүү тодорхой болгосон. Ингэснээр уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгальд ээлтэй шийдлийг дэмжих, ногоон санхүүжилтийг хөгжүүлэх, үндэсний болон олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх эрх зүйн суурийг бүрдүүлж чадлаа. Мөн Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтууд, Риогийн гурван конвенцын дагуу олон улсын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх эрх зүйн чухал үндэс тавигдсан гэж үзэж байна.

Бага хурал өндөрлөсний дараа ямар үр дүнд хүрсэн байгаасай гэж та хүсэж байна вэ?

“Монгол Улс бага хурлыг амжилттай зохион байгууллаа” гэж дэлхий нийтээр үнэлүүлэх нь мэдээж чухал. Гэхдээ бид үүнээс арай өөр, илүү том хүлээлттэй байна. “Монгол Улс газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлыг дэлхийн хөгжлийн бодлого, эдийн засаг, хөрөнгө оруулалтын тэргүүлэх асуудлын нэг болгон дэвшүүлж, хэрэгжилтэд чиглэсэн шинэ манлайллыг бий болголоо” гэж үнэлээсэй хэмээн хүсэж байна.

Ялангуяа бэлчээрийн үнэ цэн, түүнийг хамгаалах, тогтвортой ашиглах, нөхөн сэргээх асуудлыг олон улсын бодлого, санхүүжилт, хөрөнгө оруулалтын анхаарлын төвд оруулах нь Монгол Улсын гол зорилтын нэг. Энэ зорилгынхоо үр дүнг бид бодит өөрчлөлтөөр л хэмжинэ. 2030 гэхэд Монгол Улс хэдэн га газар нөхөн сэргээв, усны хүртээмж хэрхэн сайжрав, гангийн эрсдэл хэр буурав, хэдэн хүн тогтвортой орлоготой болов, байгальд ээлтэй шийдэлд хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт татав, орон нутгийн иргэдийн амьдралд ямар эерэг өөрчлөлт гарав гэдэг л амжилтын жинхэнэ шалгуур байх болно. Мэдээж ингэж дүгнүүлэхэд цаг хугацаа хэрэгтэй.

Бас нэг зүйлийг онцлоход Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын бага хурлыг ирэх хоёр жилийн хугацаанд даргална. Энэ хугацаанд бага хурлын үр дүн, шийдвэр, санаачилгыг үндэсний болон олон улсын бодлоготой уялдуулан хэрэгжүүлэхэд онцгой анхаарна. Хэрэгжилтийн явцыг тодорхой шалгуур үзүүлэлтээр үнэлж, шинжлэх ухаан, өгөгдөлд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ, тайлагналаар үнэлнэ гэдгийг тодотгохыг хүсэж байна. 

Монголчууд “Өвөг дээдсээс өвлөсөн газар шороо, үр хүүхдэдээ үлдээх эх орон” хэмээн нандигнаж ярьдаг. Энэ бол бидний тогтвортой хөгжлийн гүн ухаан. Бид аль эртнээс ирээдүй хойч үеийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж, эх байгалиа хамгаалж ирсэн. Тиймээс Талуудын 17 дугаар бага хурлаар Монгол Улс шийдэл дэвшүүлдэг, амлалтаа хэрэгжүүлдэг улс болохоо харуулахыг зорино. 

КОП17-ын бэлтгэл ажилтай танилцаж буй нь