Солонго төслийн эхний ээлжийн орон сууцны бүртгэл хэзээ эхлэх вэ? Бэлтгэл ажил аль шатандаа явж байна вэ?
Төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг Улсын комисс хүлээн авах бэлтгэл үргэлжилж байна. Цахим бүртгэлийг наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр нээхээр тооцсон. Засгийн газрын 2026 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор төрийн өмчийн орон сууцыг иргэдэд түрээслүүлэх, өмчлүүлэх журмыг баталсан.
Уг журмын дагуу сонгон шалгаруулалтыг 100 хувь цахимаар зохион байгуулна. Урьдчилсан байдлаар бүртгэлийг 14 орчим хоног нээлттэй байлгахаар төлөвлөж байгаа. Бүртгэл хаагдсаны дараа систем хүсэлтүүдийг шалгуур үзүүлэлт, оноогоор нь автоматаар эрэмбэлнэ.
Сонгон шалгаруулалтад ямар бүлгийн иргэд хамрагдах вэ? Өрхийг оноог хэрхэн үнэлэх бол?
Журамд зорилтот есөн бүлэг болон бүлэг тус бүрд ногдох квотыг тусгасан. Үүнд, залуу гэр бүл 15 хувь, төрийн захиргаа, төрийн тусгай болон төрийн улс төрийн албан хаагч 15 хувь, төрийн үйлчилгээний албан хаагч 20 хувь, хувийн хэвшлийн ажилтан, хувиараа хөдөлмөр эрхлэгч 10 хувь, ахмад настан 18 хувь, олон хүүхэдтэй гэр бүл таван хувь, өрх толгойлсон эцэг, эх таван хувь, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүний гэр бүл 10 хувь, байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж орон гэргүй болсон өрх хоёр хувь байхаар тооцож байна. Квотын эцсийн хуваарилалт, байрны төрөл, талбайн нарийвчилсан мэдээллийг сонгон шалгаруулалт зарлах үед танилцуулна.
Иргэн хэд хэдэн бүлгийн шалгуур хангаж болох ч үндсэн хүсэлтээ нэг бүлгээр гаргана. Харин бусад нөхцөл нь 100 онооны үнэлгээний тодорхой хэсэгт нэмэлт оноо болж тооцогдоно.
Жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг өрх энэ нөхцөлөө мэдээллийн сангаар баталгаажуулж, нэмэлт оноо авах боломжтой. Сонгон шалгаруулалтад хувь хүнээс илүүтэй өрхийг үнэлэх учраас нэг өрхөөс нэг хүсэлт хүлээн авна. Өрхийн насанд хүрсэн гишүүд өөрсдийн мэдээллийг цахим танилт, нэвтрэлтийн системээр баталгаажуулсны дараа өрхийн бүтэц, орлого, орон сууцны нөхцөл болон бусад шалгуурын оноо автоматаар бодогдоно.
Өрхийн бүрэлдэхүүнийг зөвхөн нэг хаягт бүртгэлтэй хүмүүсээр тодорхойлох уу?
Зөвхөн хаягийн бүртгэлээр тогтоохгүй. Хүсэлт гаргагчтай гэр бүлийн болон холбоо хамааралтай хүмүүсийн мэдээллийг улсын бүртгэл, статистик, нийгмийн хамгааллын зэрэг мэдээллийн сантай тулган нягтална. Сонгуулийн болон бусад шалтгаанаар нэг хаягт бүртгүүлсэн ч тухайн өрхийн бодит гишүүн биш хүнийг үнэлгээнд оруулахгүй.
Энэ чиглэлээр Үндэсний статистикийн хороо болон холбогдох яам, агентлагуудтай хамтран ажиллаж байна. Иргэд сонгон шалгаруулалтын явцад ямар шалгуураар хэдэн оноо авснаа өөрийн цахим эрхээр харах боломжтой.
Бүртгэл нээлттэй байх хугацаанд иргэн сонгосон байрны төрөл, талбай болон хамрагдах бүлгээ өөрчилж болно. Өөр бүлгээр хүсэлт гаргах бол өмнөх бүртгэлээ цуцалж, шаардлага хангасан бүлэгт дахин бүртгүүлнэ.

Өрхийн орлого, төлбөрийн чадварыг хэрхэн тооцох вэ?
Өрхийн орлогыг тэтгэвэр, нийгмийн даатгалын шимтгэл, татварын мэдээлэл зэрэг албан ёсны эх үүсвэрээр баталгаажуулна. Банкны дансны хуулга дангаараа орлогын нотолгоо болохгүй. Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон жижиг бизнес эрхлэгчийн орлогыг төлсөн татвар, хуульд заасан бусад бүртгэлд үндэслэн тооцно. Орлого нь татвар, нийгмийн даатгалын мэдээллээр баталгаажихгүй бол үнэлгээнд оруулах боломжгүй.
Өрхийн зээлийн үлдэгдэл, сарын төлбөрийг зээлийн мэдээллийн сангаас авч, орлого болон өрийн харьцааг тооцно. Өрхийн гишүүд мэдээллээ бүрэн баталгаажуулмагц төлбөрийн чадвар шаардлага хангаж байгаа эсэхийг систем мэдээлнэ.
Түрээсийн орон сууцны төсөл нь халамжийн хөтөлбөр биш. Тухайн иргэн зорилтот бүлгийн шалгуур хангахын зэрэгцээ сарын төлбөрөө тогтвортой төлөх чадвартай байх шаардлагатай. Тиймээс орон сууцны хэрэгцээ, нийгмийн нөхцөл, төлбөрийн чадварыг хамтад нь үнэлнэ. Урьдчилсан тооцоогоор 50 м.кв орчим байрны сарын түрээс 792 мянган төгрөг байх хувилбар яригдаж байна. Эцсийн үнийг Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр батална.
Өрхийн аль нэг гишүүн орон сууцтай бол сонгон шалгаруулалтад хамрагдах боломжтой юу?
Хүсэлт гаргагч болон түүний өрхийн гишүүдийн хэн нэг нь орон сууц өмчилдөг бол шаардлага хангахгүй. Ипотекийн зээлд үндсэн болон хамтран зээлдэгчээр оролцож, орон сууц эзэмшиж байгаа хүн мөн хамрагдах боломжгүй. Төр, нийслэлийн бусад орон сууцны хөтөлбөрөөс ижил төрлийн дэмжлэг авсан өрхийг давхар хамруулахгүй.
Хөтөлбөр нь гэр хороолол, инженерийн дэд бүтцэд холбогдоогүй сууц болон түрээсийн байранд амьдарч буй өрхийн орон сууцны нөхцөлийг сайжруулахад чиглэж байгаа. Тиймээс хүсэлт гаргагчийн нэр дээрх өмчөөс гадна өрхийн бодит амьдрах нөхцөл, гишүүдийн орон сууцны мэдээллийг хамтад нь үнэлнэ. Жишээлбэл, өөрийн нэр дээр орон сууцгүй ахмад настан байртай хүүхдийнхээ өрхийн бүрэлдэхүүнд бүртгэлтэй, инженерийн дэд бүтэцтэй орон сууцанд амьдардаг бол нэн тэргүүний хэрэгцээтэй өрхөд тооцогдохгүй. Харин гэр хороолол болон түрээсийн байранд бодитоор амьдарч буй өрхөд илүү боломж олгоно.
“Солонго” төслийн бүх байрыг түрээслээд өмчлөх нөхцөлөөр олгох уу?
Бүх төрийн өмчийн орон сууцыг автоматаар түрээслээд өмчлөх хэлбэрт шилжүүлэхгүй. Аль орон сууцыг ямар нөхцлөөр олгохыг компанийн ТУЗ болон салбар яамны бодлогын шийдвэрээр тогтооно.
Түрээслээд өмчлөхөөр шийдвэрлэсэн тохиолдолд тухайн өрх сарын түрээсээ төлөхийн зэрэгцээ таван жилийн хугацаанд байрны үнийн дүнгийн 30 хувийн урьдчилгааг бүрдүүлнэ.
Урьдчилгааг хугацааны эцэст нэг дор төлөхгүй, гэрээнд заасан хуваарийн дагуу сар бүр хуримтлуулах зарчим яригдаж байгаа. Гэрээний үүргээ биелүүлээгүй, урьдчилгаагаа тогтмол бүрдүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна. Түрээс, хуримтлал болон өмчлөлд шилжих төлбөрийн эцсийн нөхцөлийг шийдвэр гарсны дараа нийтэд мэдээлнэ.
“Солонго” төсөл ямар хэмжээний бүтээн байгуулалт вэ? Сургууль, цэцэрлэгийг хэрхэн шийдэхээр төлөвлөсөн бэ?
Хан-Уул дүүргийн 21-р хороонд хэрэгжиж буй “Солонго” төсөл нь есөн давхар 68 блок, нийт 5002 айлын орон сууцнаас бүрдэнэ. Эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг улсын комисс хүлээж авсан. Ашиглалтад оруулахад бэлэн болсон гэж ойлгож болно.
Хотхонд улсын цэцэрлэг ажиллуулах, Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр сургууль барих асуудлыг холбогдох байгууллагуудтай ярилцаж байна. Барилгын зураг төсөл, зохион байгуулалтыг БНСУ-ын стандартын дагуу боловсруулж, төслийн гэрээнд зааснаар зарим бараа, материалыг тус улсаас нийлүүлсэн. Энэ бол зорилтот өрхүүдэд зориулсан орон сууцны төсөл. Нэгээс гурван өрөө байрны талбай, төрөл тус бүрийн тоо, квотын мэдээллийг сонгон шалгаруулалт зарлах үед дэлгэрэнгүй танилцуулна.


