Манай улсад хэрэгжиж буй төслүүдийн ялгаруулсан, шаардлага хангасан нүүрстөрөгчийн кредитийг Сингапурын компаниуд худалдан авч, нүүрстөрөгчийн татварын тооцоондоо ашиглах юм. Энэ хүрээнд шаардлага гарах төслүүдийн хүсэлтийг энэ оны аравдугаар сарын 30-наас хүлээн авч эхэлнэ. Энэ тухай аравдугаар сарын 8-нд Сингапурын Үндэсний байгаль орчны агентлаг болон Эрчим хүч, худалдаа, аж үйлдвэрийн яам хамтарсан мэдэгдэл гаргажээ. Хүсэлтийг хоёр улсын Засгийн газар хамтран үнэлэх бөгөөд төсөл бүр тогтоосон шалгуурыг хангах шаардлагатай юм.

Энэ боломжийг хэрхэн эдлэх боломжтой талаар барилгын дулаалгаар жишээлэн тайлбарлая. Дулаан алдагдалтай барилгыг сайн дулаалбал түлээ, нүүрс түлэх нь багасаж, үүнийг дагаад агаар мандалд ялгарах хүлэмжийн хий ч буурна. Ийн буурсан хүлэмжийн хийн хэмжээг тусгай аргачлалаар тооцоолж, хөндлөнгийн байгууллагаар баталгаажуулснаар кредит тооцох боломж бүрдэх юм. Нэг кредит нь нүүрсхүчлийн хийн нэг тоннтой дүйцэх хэмжээний хүлэмжийн хийн бууралт, шингээлтийг илэрхийлдэг аж. Тиймээс шаардлага хангасан төсөл түлшний зардлаа хэмнэхийн зэрэгцээ кредитээ борлуулж орлого олох боломжтой юм. Өөрөөр хэлбэл, төсөл хэрэгжүүлэгч байгальд үзүүлсэн хэмжиж болох эерэг үр дүнгээрээ орлого олох боломжтой гэсэн үг. 

Монголоос карбон кретит худалдаж авах сонирхол Сингапурын компаниудад бий. Учир нь тус улс хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг үйлдвэр, байгууламжуудаас нүүрстөрөгчийн татвар авдаг. Тэд шаардлага хангасан кредитээр татвар ногдох ялгарлынхаа тав хүртэлх хувийг нөхөх боломжтой.

Өөрөөр хэлбэл, Монголд бууруулсан хийн хэмжээг Сингапурын компани өөрийн татварын тооцоонд ашиглана. Үүний тулд худалдаж авсан кредит нь хоёр улсын шаардлагыг хангасан байх ёстой.

Манай улсын хувьд барилгын дулаалгаас гадна бэлчээрийн менежментийг сайжруулах, ойжуулах, малын метан ялгарлыг багасгах, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, хог хаягдлын ялгарлыг бууруулах зэрэг чиглэлээр төсөл боловсруулж, шалгаруулалтад оролцох боломжтой. Үүнтэй холбоотой аргачлалууд бий бөгөөд төсөл бүр тухайн аргачлалын шаардлагыг хангах ёстой.

Хүсэлт гаргах нь тогтсон үе шатуудтай. Эхлээд ямар төсөл хэрэгжүүлэх, хүлэмжийн хийг хэрхэн бууруулах, үр дүнг нь яаж хэмжихээ танилцуулна. Дараа нь төслийн дэлгэрэнгүй баримт бичиг, хөндлөнгийн үнэлгээг бүрдүүлж, хоёр улсын зөвшөөрлийг авна. Төсөл хэрэгжиж, бодит үр дүн нь баталгаажсаны дараа кредит гаргах, олон улсад шилжүүлэх ажиллагаа хийгдэх юм.

Төсөл санаачлагч нь мөн санхүүжилт, худалдан авагч, борлуулах нөхцөлөө шийдэх шаардлагатай. Сингапурын талын гаргасан мэдэгдэлдээ Монголын төслүүдээс нийт хэдий хэмжээний кредитийг ямар үнээр худалдаж авах, хэдэн төгрөгийн санхүүжилт олгох талаар дурдаагүй. Одоогоор төслийн  хүсэлт авах хугацаа, үндсэн шаардлагууд л тодорхой болоод байна. Хоёр улс энэ чиглэлд хамтран ажиллах хэлэлцээрийг 2025 оны аравдугаар сарын 6-нд байгуулж байсан юм.