Ингэснээр Монгол Улсаас анх удаа тус жагсаалтад багтаж, байгаль, түүх, соёлын өвд түшиглэсэн аялал жуулчлалын үнэ цэнийг олон улсад таниуллаа.
2014 оноос хэрэгжиж эхэлсэн “Green Destinations Top 100 Stories” санаачилга нь тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлж буй улс орон, бүс нутгийн сайн туршлагыг олон улсад сурталчлах зорилготой. Энэ жилийн шалгаруулалтад дэлхийн 100 гаруй улсын аялал жуулчлалын зорин очих газруудаас ирүүлсэн 660 гаруй сайн туршлагыг танилцуулсан байна.
Баянзаг нь үлэг гүрвэлийн чулуужсан олдвор, өвөрмөц тогтоц бүхий улаан эрэг, говийн байгалийн үзэсгэлэнгээрээ дэлхийд танигдсан Монголын аялал жуулчлалын онцлох бүс нутгийн нэг юм. Жил бүр 30,000 гаруй жуулчин зорин ирдэг Өмнөговь аймгийн аялал жуулчлалын гол түшиц газрын нэг төдийгүй Монголын байгалийн болон палеонтологийн өвийг дэлхийд таниулах үзэсгэлэнт газар юм.


Өмнөговь аймаг аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлж, байгалийн болон түүх, соёлын өвийг хамгаалах, байгальд ээлтэй аялал жуулчлалыг дэмжих, орон нутгийн онцлогт тулгуурласан тогтвортой хөгжлийг бий болгох бодлого баримталж байна. Энэ хүрээнд аялал жуулчлалын гол бүсүүдийн менежментийг сайжруулах, дэд бүтэц, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, байгалийн өвийг хамгаалах чиглэлээр үе шаттай ажиллаж байна.
Нидерланд Улсад төвтэй Green Destinations байгууллагаас зохион байгуулдаг энэхүү шалгаруулалт нь байгаль орчин, соёлын өвийг хамгаалах, нутгийн иргэдийн оролцоонд тулгуурласан тогтвортой аялал жуулчлалын шилдэг туршлагыг дэлхий нийтэд таниулдгаараа онцлогтой.
Баянзагийн амжилтын үндэс нь нутгийн иргэдийн санаачилга, оролцоонд суурилсан “Баянзаг загвар” юм. Тус загварын хүрээнд байгаль, палеонтологийн үнэт өвийг хамгаалах, жуулчдын хөдөлгөөнийг зохицуулах, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, аялал жуулчлалын орлогыг байгаль хамгаалал болон орон нутгийн хөгжилд зарцуулах бие даасан менежментийн тогтолцоог бүрдүүлжээ.
Дээрх туршлагыг олон улсын шалгаруулалтад нэр дэвшүүлэхэд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, нутгийн иргэдийн хэрэгжүүлсэн ажлын үр дүнг олон улсын үнэлгээний шалгуурт нийцүүлэн танилцуулахад чухал хувь нэмэр оруулсан байна.
Ийнхүү олон улсад шалгарсан нь Монгол Улсын байгаль, соёлын өвийг хамгаалах, нутгийн иргэдэд түшиглэсэн хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх сайн туршлагыг олон улсад таниулсан чухал үйл явдал болж байна.






