Экспортын орлогоор хоёрдугаарт Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хүч нэмэх нэг “турбо хөдөлгүүр”-ээр аялал жуулчлалын салбарыг байнга нэрлэж ирсэн. Гэвч энэ хүлээлтэд хүрч, дотоод потенциалиа бүрэн нээх боломж энэ салбарт гарч ирэлгүй уджээ. Үнэндээ манай улс нэг сая жуулчин хүлээж авна гэж 30 жил ярьж байгаа. Харин сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбарт олон гэгээтэй мэдээ сонсогдох болов. Ялангуяа Монголын аялал жуулчлал цар тахлын дараах хамгийн хүчтэй сэргэлтээ сүүлийн хоёр жилд үзүүлж байна. Энэ оны эхний 10 сард манайд ирсэн жуулчдын тоо 862 мянгад хүрчээ. Харин 2023 онд 594.0 мянга, 2024 онд 727.4 мянга, 2025 онд 847.2 мянган жуулчин ирж байв. Өсөлтийг улсаар нь задлан харвал хамгийн их нэмэгдсэн нь Орос, Япон, Хятадын жуулчид байгаа юм.

2025 онд аялал жуулчлалын салбарын орлого 1.6 тэрбум ам.долларт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 7.8 хувийг бүрдүүлсэн.

Энэхүү үзүүлэлтээрээ эдийн засгийн тэргүүлэх гурав дахь салбар, экспортын орлогоор хоёр дахь салбар болж нөлөө нь улам нэмэгдсээр байгаа тухай Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга В.Батчимэг өгүүлж байв. Салбарынхны олон жил ярьсан, санаа тавьсан өвлийн аялал жуулчлал ч өөдрөг мэдээ дагуулжээ. 2026 оны эхний улиралд Монгол Улсад 143,431 жуулчин ирсэн нь өмнөх оны мөн үеэс 39 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ нь жуулчны бус улирлын үед ч жуулчны урсгалыг нэмэгдүүлэх боломж байгааг харууллаа. 

Мөн энэ оноос зургаа хүртэлх жилийн хугацаатай зургаан хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг Засгийн газраас салбарын аж ахуйн нэгжүүдэд олгож эхэлсэн. Гэхдээ энэхүү өөдрөг өсөлттэй тоонуудын ардах дүр зураг адилхан гэгээлэг байж чадаж байна уу? Мэдээж жуулчны тоо өсөх нь ашиг, орлогыг дэмжиж, салбарын өсөн тэлэх боломжийг нэмэгдүүлэх, цаашлаад аж ахуйн нэгжүүдийн томрох процесст дэмжлэг үзүүлэх нь тодорхой. Гэхдээ энэхүү өсөлтийг тогтвортой хадгалах, тус салбарыг өмнө өгүүлсэн шиг эдийн засгийн хөдөлгүүр болгохын тулд үүнээс илүү том өөрчлөлт хийх хэрэгтэй болов уу.

Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалын салбар хангалттай хэмжээнд хөгжихгүй байгаа гол шалтгаан бол системээр нь харж төлөвлөлт хийхгүй байгаатай холбоотой.

Нислэгийн тоо нэмэгдэхэд тухайн чиглэлийн байр, тээвэр, хөтөч, хоол, аюулгүй байдлын үйлчилгээ бэлэн үү? Өндөр үнээр сурталчилж буй арга хэмжээнд хүрэх зам нь аюулгүй, ариун цэврийн байгууламж нь хангалттай, хог хаягдлын менежмент нь байгаль орчинд ээлтэй юу? Агаарын хөлгийн тоогоо нэмэгдүүлэх үү, ямар аяллын бүтээгдэхүүнээр аль зах зээлийгдэмжиж, хааш түлхүү анхаарах вэ, тухайн зах зээлд зориулсан бүтээгдэхүүнийг хэрхэн бий болгох вэ, ингэж хөгжүүлэхдээ аль бүс нутгийг сонгох вэ? Нэг хэсгийг нь хөгжүүлээд нөгөөг нь орхивол аялагчийн туршлага хамгийн сул холбоос дээр доголдож таарна. Сүүлийн жилүүдэд хөшөө дурсгал барих, тусгай хамгаалалттай газар байгуулах зэргээр оочин цоочин, хэт мөрөөдлийн чанартай бодлого хэрэгжүүлж ирсэн. Дээр өгүүлсэн тоон өсөлтийг аялал жуулчлалын салбарын хөгжлийн дараагийн пүрш болгохын тулд бид салбартаа байгаа асуудлуудыг зоригтой уудалж, ярилцаж, шинэ шийдэл, цэгцтэй хэрэгжүүлэлтийг эхлүүлэх ёстой. Энэ нь системээр нь харж төлөвлөлт хийхийн нэр. Үгүй бол өнөөгийн энэ тоон үсрэнгүй өсөлт нь хэсэг хугацааны үүлэн чөлөөны нар шиг өнгөрөх эрсдэл бий.

“ITM Mongolia 2026” юуг онцлох вэ

Дээр дурдсан сэдвүүдийг хөндөж ярилцах “ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн, форумыг Монголын аялал жуулчлалын холбоо 27 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн арга хэмжээ нь “Тогтвортой аялал жуулчлал – Төв Ази” үндсэн чиглэлийн хүрээнд зохион байгуулагдах юм. Хамгийн гол нь Монголын аялал жуулчлалын салбарын томоохон, тогтвортой зохион байгуулагдаж ирсэн уг арга хэмжээ энэ жилээс хөгжлийн дараагийн шатанд шилжих тухай зохион байгуулагчид өгүүлж байв. Тодруулбал, ITM Mongolia 2026 нь уламжлалт үзэсгэлэнгийн загвараас өргөжин, аялал жуулчлалын бизнес, борлуулалт, хөрөнгө оруулалт, бодлого, инновац, хүний нөөц, олон улсын хамтын ажиллагаа нэг дор огтлолцох цогц платформ болон хөгжинө.

Түүнчлэн энэ жилийн арга хэмжээний үндсэн сэдэв нь “Ирээдүйн аялал жуулчлал” бөгөөд энэ хүрээнд хиймэл оюун, цахим технологи, дижитал шилжилтийн талаар хөндөж ярилцана.

Онцлон дурдахад, дижитал шилжилт нь тур операторуудын хувьд зайлшгүй хэрэгцээ болж, үйл ажиллагааны хурд, зохион байгуулалт, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, маркетингийн үр нөлөөг нэмэгдүүлэхэд нь чухал үүрэг гүйцэтгэх болжээ. Энэ жилийн хувьд 300 гаруй байгууллага, 20 мянга орчим зочин, оролцогч оролцож,100 гаруй бизнес уулзалт хийгдэх хүлээлттэй байна. Үзэсгэлэнд уламжлал ёсоор аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, тур оператор, аяллын агентлаг, зочид буудал, жуулчны бааз, агаарын тээврийн компани, орон нутгийн төлөөлөл оролцож, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, аяллын маршрут, хөрөнгө оруулалтын боломжоо танилцуулна. Тухайлбал, энэ жилийн үзэсгэлэнгийн түнш улсаар Казахстан, түнш аймгаар Дундговь аймаг оролцох юм.  Геополитикийн хурцадмал байдал, шатахуун түлшний хомсдол, бизнес эрхлэх зардлын өсөлт, чадварлаг боловсон хүчний дутагдал, технологийн эрс шинэчлэл зэрэг олон сорилттой тулгараад буй аялал жуулчлалын салбарынханд ярилцах, хамтран ажиллах, хэлэлцэх, ойлголцох, шийдэл гаргах боломжийг ITM Mongolia 2026 олгож байна.

Mongolian Economy "Аялал жуулчлал ирээдүйн чиг хандлага" тусгай дугаарын 6-7 дугаар тал, 2026 оны 10-р сар