Та Монгол Улсад хэдэнтээ зочилсноос гадна 2019 онд манай улстай хамтран төсөл хэрэгжүүлсэн. Та Монгол Улсын талаарх сэтгэгдлээ хуваалцана уу?

Германы GIZ байгууллагаар дамжуулан Монголын аялал жуулчлалын байгууллагууд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай 2019 онд хамтран ажилласнаа дурсахад таатай байна. Бидний ажил Монголын аялал жуулчлалын салбарын дижитал стратегийг боловсруулахад чиглэж байсан юм. Уг хамтын ажиллагааны үр дүнд Mongolia.travel дижитал платформ, #FeelMongolia кампанит ажил бий болсон.

Улаанбаатарт болсон нэг уулзалт санаанд тод үлдэж. Слайд дээр Монгол руу жуулчин илгээдэг гол зах зээл болох Хятад, Орос, Солонгос, Японы тухай өгүүлж байв. Илүү сайн таниулах, агаарын холболтоо сайжруулах, визийн нөхцөлийг хөнгөвчлөх, илүү хүчтэй өрсөлдөх зэрэг санаа дурдагдаж байлаа. Харин би “Дэлхийн хаана ч байхгүй ямар зүйл Монголд байдаг вэ” гэж асуусан. Нам гүмийн эцэст нэг хүн Баян-Өлгийн бүргэдийн анчид, наадам, говь, нүүдэлчин соёл гэж хариулсан. Тэрхүү яриа аялал жуулчлалын стратегийн тухай байр суурийг маань өөрчилсөн гэж болно. Зүүн Өмнөд Азийн орнуудтай Монгол Улс үнэ, тав тух, байршлаар өрсөлдөж чадахгүй. Харин Монголд байгаа зүйлийг өөр юугаар ч орлуулшгүй гэж үздэг аялагчдыг татаж чадна.

Монгол Улс нэг сая жуулчин хүлээж авах зорилготой. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

Тоонд анхаарах нь буруу биш. Гагцхүү дангаараа хангалтгүй. Монгол Улс 2025 онд 846,103 гадаадын жуулчин хүлээн авч, 2026 оны нэгээс наймдугаар сард жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс бараг 18 хувиар өссөн тухай “Синьхуа” мэдээлжээ. Энэ өсөлт бодитой бөгөөд салбарынхны хөдөлмөрийг үнэлэх ёстой. Гэхдээ үүний цаана юу байгааг харъя. МОНЦАМЭ агентлагийн мэдээлснээр 2024 онд гадаадын жуулчдын 78 хувийг Хятад, Орос, Өмнөд Солонгосын иргэд бүрдүүлжээ. Монголын жуулчны улирал богино. Аялал жуулчлал нь хөрш зэргэлдээ цөөн улс, зуны хэдхэн сараас хамааралтай байвал аль нэг зах зээл, чиглэлд гарсан доголдол хүчтэй цохилт болно.

Би үүнийг “жуулчин илгээгч зах зээлээс хамаарсан хавх” гэж нэрлэдэг.

Тиймээс “Нэмж хэдэн жуулчин авах вэ?” бус харин “Жуулчин бүрээс ямар өгөөж хүртэж байна вэ? Тэр мөнгө хаана, аль сард зарцуулагдаж байна вэ?” гэдэг нь миний бодлоор илүү оновчтой асуулт. Удаан хугацаагаар саатаж, Улаанбаатараас гарч орон нутгаар аялдаг, хавар эсвэл намар дахин ирдэг цөөн жуулчин нь богино хугацаагаар ирсэн олон жуулчнаас илүү өгөөжийг Монголд үлдээж болно.

Тэгвэл амжилтыг жуулчдын тооноос гадна юугаар хэмжих хэрэгтэй вэ?

Жуулчдаа бүртгэ. Гэхдээ өөр таван үзүүлэлтийг бас хэмжих хэрэгтэй. Өгөөж буюу нэг жуулчны нэг хоногт зарцуулсан мөнгө. Саатах хугацаа буюу Монголд өнгөрүүлсэн хоногийн дундаж. Газарзүйн тархалт буюу Улаанбаатараас гадна зарцуулсан мөнгөний дүн. Улирлын тархалт буюу долоо, наймдугаар сараас бусад үед ирсэн жуулчдын хувь. Эцэст нь, эргэн ирэлт буюу хэд нь дахин ирэв, эсвэл найз нөхдөө ирүүлэв гэдгийг хэмжих хэрэгтэй. Эдгээр үзүүлэлт өөрчлөлтийг авчирна. Яам, тур оператор, гэр баазууд нь аймгуудад зарцуулагдаж буй мөнгө, оргил улирлын өмнөх болон дараах эрэлтийг анхаарч эхэлбэл өөр төрлийн бүтээгдэхүүн гаргана. Тоо бол цаас бөглөхийг хэлэх бус юуг бүтээхийг шийддэг чухал хүчин зүйл юм. 

Та “Passion-Tourism” буюу хүсэл сонирхолд тулгуурласан аялал жуулчлалын тухай судалдаг. Энэ нь манай улсын хувьд ямар ач холбогдолтой байж болох вэ?

Тодорхой бүлэг хүмүүсийн сонирхолд тулгуурласан аялал гэж ойлгож болно. Нас, хүйс зэрэг хүн ам зүйн үзүүлэлтээр бус чин хүсэл, сонирхлоор нь жуулчдыг авч үзнэ гэсэн үг. Шувуу сургагчид, одон орон сонирхогчид, морь унах дуртай хүмүүс, гэрэл зурагчид, нүүдлийн соёл, эсвэл хоол сонирхогчид бий. Тэд олон улсад тархан амьдардаг тул ямарваа судалгаа, статистикт ялгарч харагддаггүй. Гэхдээ аяллаа хэдэн сарын өмнөөс судалж, эрт захиалдаг, нутгийн мэргэшсэн хүмүүстэй ажиллаж мөнгөө зарцуулдаг, эргэн ирдэг аялагчид юм.

Баян-Өлгийн казахуудын бүргэдээр ан хийх уламжлал, гэрлийн бохирдол хамгийн багатай говийн шөнийн тэнгэр, наадмын амин сүнс болсон адууны соёл, хоёр бөхт тэмээ, жилийн дөрвөн улиралд нүүдэллэн амьдардаг малчин өрхүүд гээд нэрлэж болно.

Монгол ийм хүмүүсийг татах нөөцөөр маш баялаг. Баян-Өлгийн казахуудын бүргэдээр ан хийх уламжлал, гэрлийн бохирдол хамгийн багатай говийн шөнийн тэнгэр, наадмын амин сүнс болсон адууны соёл, хоёр бөхт тэмээ, жилийн дөрвөн улиралд нүүдэллэн амьдардаг малчин өрхүүд гээд нэрлэж болно. Энэ бүхнийг хөгжүүлэхдээ би SOAR буюу давуу тал, боломж, хүсэл тэмүүлэл, үр дүн гэсэн дөрвөн бүрэлдэхүүнтэй аргачлалыг ашигладаг. Энэ нь тухайн улсад юу дутагдаж байгаагаас бус, юу байгаагаас эхэлнэ. Таагүй цаг агаар нь аяллын өвөрмөц уур амьсгал болж, хүрэхэд бэрх байршил нь хүн бүрт олдохгүй онцгой туршлага болж мэднэ.

Практик талаас нь харвал сонирхол бүрийн улирал өөр учраас эрэлтийг тархаах боломжтой. “Түмэн тэмээний баяр” гуравдугаар сард, наадам долоодугаар сард, Бүргэдийн баяр аравдугаар сард болдог. Харин од ажиглахад шөнө урт байх тусам тохиромжтой. Зөв хөгжүүлж чадвал Монголын аяллын хуанли зуны оргил улирлаасаа хавьгүй урт үргэлжлэх боломжтой.

Хиймэл оюун аялал жуулчлалыг хэрхэн өөрчилж байна вэ?

Хамгийн том өөрчлөлт нь вэбсайтын чатбот биш. Харин аялал жуулчлалын байгууллагуудын өмнө нь хариулж ирсэн “Жуулчин ирээд юу хийх вэ?” гэсэн асуултад хиймэл оюуны системүүд хариулдаг болсон явдал юм. Аяллаа тухайн компанийн вэбсайтыг ашиглаж бус, хиймэл оюунтай ярилцаж төлөвлөдөг хүний тоо нэмэгдэж байна. Ингэснээр маркетинг нь өгөгдлийн асуудал болж хувирсан. Мэдээллээ машин боловсруулахад тохиромжтой бүтэцтэй, үнэн зөв, шинэчлэгдсэн, олон хэлээр, нээлттэй гаргахгүй бол хиймэл оюуны хэрэгслүүд Монголыг гуравдагч талын бичсэн зүйлд тулгуурлан тайлбарлана. 

Саяхны нэг нийтлэлдээ би “Мэдээллээ машин ашиглахад зориулан эмхэлж цэгцлээгүй улс, компани маркетингийн өрсөлдөөнд ялагдаж байгаа төдийгүй хиймэл оюун хариултаа боловсруулахад ашиглаж буй өгөгдөлд огт багтахгүй байна гэсэн үг” гэж дурдсан.

Сайн мэдээ гэвэл технологийн өртөг буурсан. Харин байгууллагын өгөгдлийг хэн хариуцах, хувийн мэдээллийг хамгаалах дүрмийг хэн тогтоох, технологи нийлүүлэгчийг сонгох шийдвэрийг хэн гаргах зэрэг засаглал, удирдлагын ажил сул байна. Үүнийг гаднын гүйцэтгэгчид даатгаж болохгүй.

Тэгвэл таны бодлоор Монголын аялал жуулчлалын бизнесүүд хиймэл оюуныг хэрхэнашиглах хэрэгтэй вэ?

Таван практик алхмаас эхэл. Нэгдүгээрт, улирал, үнэ, маршрут, захиалга өгөх, холбоо барих зэрэг үндсэн мэдээллийг вэбсайтдаа ойлгомжтой, бүтэцжүүлсэн байдлаар оруулж, тогтмол шинэчил. Хоёрдугаарт, зорилтот зах зээлийнхээ хэлээр мэдээллээ хүргэ. Персийн булангийн орнуудын аялагчдыг татмаар байвал араб хэлээр бич. Гуравдугаарт, танай улсын талаар хиймэл оюун юу гэж хэлж байгаа тухай хиймэл оюуны хэрэгслүүдээс асуу.

Алдаатай мэдээлэл байвал засаж залруул. Дөрөвдүгээрт, хэрэглэгчдийн онлайн үнэлгээ, сэтгэгдлийг тогтмол ажигла, дүгнэ. Тавдугаарт, хөтөч, жуулчны баазуудаа байнга сурга. Монголын хамгийн том давуу тал болох нүүдэлчин айлын зочломтгой занг автоматжуулах боломжгүй. Харин тэр айлын үүдэнд уг занг үнэлж, бишрэх хүмүүсийг илүү олноор авчрахад хиймэл оюун туслах ёстой.

Та Саудын Арабын Аялал жуулчлалын холбоонд зөвлөхөөр ажиллаж байсан. Тус улсын аялал жуулчлалын хөгжлөөс бид юу сурах ёстой вэ?

Саудын Араб 2019 онд жуулчны цахим виз нэвтрүүлж, жуулчдад үүдээ нээсэн. 2023 онд 106.2 сая жуулчин хүлээж авснаар “Алсын хараа 2030” хөтөлбөртөө тусгасан 100 сая жуулчин авах зорилтдоо долоон жилийн өмнө хүрч, 2030 оны зорилтоо 150 сая болгон нэмэгдүүлээд байна. Монгол Улс энэ тоог хуулах хэрэггүй. Харин аргыг нь анхаарах нь зөв. Саудын Араб аялал жуулчлалын салбарыг улсынхаа онцлогт тулгуурлан хөгжүүлсэн. Зочломтгой зан, бүс нутгуудын соёл, хоол, элсэн цөл, түүх, соёлын дурсгалт газрууддаа түшиглэсэн гэсэн үг. 

Би Саудын Арабын соёлын өвийг зочломтгой занд нь тулгуурлан аяллын туршлага болгохын тулд 3S буюу Spirit, Style, Savor гэсэн аргачлалыг боловсруулж байв. Өөр улсын аялал жуулчлалын загварыг хуулбарласан орон эцэстээ үнээр өрсөлдөхөд хүрдэг. Харин өөрийн соёлд тулгуурлан хөгждөг орнууд аяллын утга учир, агуулгаар өрсөлддөг. 

Азийн аялал жуулчлалд ямар тренд голлон ажиглагдаж байна вэ?

Зургаан трендийг дурдъя. Нэгдүгээрт, цар тахлын дараах сэргэлт жигд бус байна. Ази, Номхон далайн бүс 2025 онд 331 сая жуулчин хүлээж авсан нь зургаан хувийн өсөлт боловч 2019 оны түвшнээс есөн хувиар доогуур үзүүлэлт. Харин Ойрх Дорнод цар тахлын өмнөх түвшнээс ойролцоогоор 39 хувиар давсан байна. Жуулчин илгээгч шинэ зах зээлүүд, ялангуяа Персийн булангийн орнуудын ач холбогдол жил ирэх тусам нэмэгдэж байна. Хоёрдугаарт, аяллын шинэ санаа, чиглэл олж нээх нь сошиал платформ, контент бүтээгчид рүү шилжсэн.

Хятад аялагчид Xiaohongshu-гаас, Саудын Арабын аялагчид Snapchat, TikTok, You- Tube-ээс санаа авч байна. Гуравдугаарт, аялагчид заавал үзэх газруудын жагсаалтыг гүйцээхийн оронд өөрийн хүсэл сонирхлыг дагаж байна. Хоол, анимэ, киноны зураг авалтын газар, спорт, байгаль, соёл гээд олон чиглэл бий.

Дөрөвдүгээрт, олны хөлөөс хол аяллын чиглэлүүдийг хүмүүс улам сонирхох боллоо. Тавдугаарт, аяллаа төлөвлөхөд хиймэл оюун нэн чухал болжээ. 

Зургаадугаарт, геополитик, агаарын орон зайн хориг, цаг агаар нь аяллын маршрут, зардлыг тасралтгүй өөрчилж байна. Эдгээрээс харахад Монгол Улс зах зээл, улирлын хамаарлаа төрөлжүүлж, тодорхой сонирхлын бүлгүүдэд зориулсан бүтээгдэхүүн хөгжүүлэх нь чухал болжээ. Улам бүр хуваагдаж буй дэлхийд тэнцвэрээ хадгалах нь хөл дээрээ бат зогсох арга мөн. 

ITM Mongolia 2026-д оролцох Монголын аялал жуулчлалынханд хандаж та юу хэлэх вэ?

“Дэлхийн өөр хаана ч байхгүй юу Монголд байна вэ?” гэсэн асуултыг дахин тавъя. Улмаар тухайн зүйлийг эрхэмлэн сонирхдог хүмүүст зориулж бүтээгдэхүүн хөгжүүл. Тэргүүлэх гурван сонирхлын чиглэлийг сонгоод дор хаяж таван жил тууштай хэрэгжүүл. Өгөөж, хугацаа, газарзүйн болон улирлын тархалтыг нь хэмж. Хиймэл оюуны хэрэгслүүд Монголын тухай үнэн зөв өгүүлдэг байхаар мэдээллээ бэлтгэ. Жуулчны бааз, хөтчүүдээ сурга. Учир нь аяллын гүн утга, баялаг агуулгыг жуулчдад зөвхөн тэд л мэдрүүлнэ. Монгол Улс аль нэг газрын хямд хувилбар болох шаардлагагүй. Харин өөрийн мөн чанарыг улам бүр тодруулж, түүндээ тохирсон эдийн засгийн өгөөжийг хүртэх хэрэгтэй.