Монголыг зорин ирэх гадаадын жуулчид манай нүүдэлчин соёл ахуй, байгалийн үзэсгэлэнт газрууд, Үндэсний их баяр наадам болон түүх, археологийн дурсгалуудыг үзэх сонирхолтой байдаг. Тэр тусмаа Монголын хязгаар нь үгүй говийг үзэж, үлэг гүрвэлийн мөрөөр аялах нь элбэг. Тэгвэл сүүлийн жилүүдэд жуулчид Улаанбаатарын өвлийн наадам, цагаан сар, цан хүүрэг савссан өвлийн байгаль, Мөсний баярыг үзэх нь нэмэгджээ. 2026 оны 1-2 дугаар сард Монгол Улс 82,119 жуулчин хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 29 хувиар өссөн үзүүлэлт байв. Салбарын яам энэ үзүүлэлтийг өвлийн жуулчны улиралд бүртгэгдсэн хамгийн өндөр дүн гэж мэдээлжээ. Энэ өсөлт нь өвлийн улиралд жуулчин татах боломж бидэнд бүрэн байгааг харуулна. Тиймээс ч өвлийн аялал жуулчлал сүүлийн жилүүдэд төрийн бодлого, салбарын төлөвлөлтөд илүү тодорхой тусах болсон.

Засгийн газар 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд Аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийг баталсан. Уг стратегид дотоодын болон өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлийг багтаажээ. Мөн 2025 оны долдугаар сард Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам TikTok компанитай санамж бичиг байгуулж, “Connect by Tourism” төслийн хүрээнд 2025-2026 онд улирлын онцлогт тулгуурласан контент, нөлөөлөгчдийн маркетингийн кампанит ажил хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Үүнд, өвлийн аялал жуулчлалыг онцлохоор тусгасан байна. 

Зорилго нь Монголын өвлийн байгаль, нүүдэлчин соёл, өвлийн наадам, тусгай сонирхлын аяллыг олон улсын цахим хэрэглэгчдэд хүргэх аж.

Монголын өвлийн аялал жуулчлалын давуу тал нь үзэсгэлэнт байгаль болоод соёлыг хослуулах бүрэн боломжтойд оршиж буй. Хөвсгөл нуурын өвлийн байгаль, мөсний тогтоц, цаст уулс, говийн өвөрмөц тогтоц, малчдын өвлийн ахуй, уламжлалт хоол, гар урлал, үндэсний зан заншил зэрэг нь тус тусдаа аяллын бүтээгдэхүүн болох боломж бий. Тиймээс жуулчин тэнд юу хийх, хэрхэн хүрэх, хаана хоноглох, ямар үйлчилгээ авахыг багтаасан ижбүрэн хөтөлбөр боловсруулах шаардлага урган гарч байгаа юм.

Жишээлбэл, өвлийн байгаль үзэх гурван өдрийн аяллыг малчин айлд зочлох, уламжлалт хоол амтлах, морин чарга, эсвэл өвлийн явган аялал хийх туршлагатай хослуулж болох юм. Гэхдээ ийм үйлчилгээ бүрийг тухайн газрын цаг агаар, аюулгүй байдал, байгаль хамгаалал, нутгийн иргэдийн оролцоонд нийцүүлэн төлөвлөх ёстой. Жуулчинд өвөрмөц мэдрэмж өгөхөөс гадна бодит үнэ цэн санал болгож чадвал эдийн засагт үр өгөөжөө өгөх нь дамжиггүй. Японы Хоккайдо муж үүний нэг жишээ. Тус бүс цанын спорт, сноуборд, халуун рашаан, нутгийн хоол, соёлын өвийг нэгтгэн аяллын хөтөлбөр болгож чаджээ. Харин Саппоро хот цас, мөсний баярыг нь зөвхөн үзвэр бус жил бүр тодорхой хугацаанд жуулчин татах эвент болгосон. Үүнээс харахад бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх, арга хэмжээг тогтмол зохион байгуулах, мэдээллийг нэг дор төвлөрүүлэх,  орон нутгийн бизнесүүдийг нэг сүлжээнд холбож чадсан нь тэднийг амжилтад хүргэжээ.

НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын уулын аялал жуулчлалын талаарх судалгаа, зөвлөмжүүдэд өвлийн аялал жуулчлалын амжилтыг зөвхөн жуулчдын тоогоор бус, тухайн бүсэд бий болсон эдийн засгийн өгөөж, байгаль орчны тогтвортой байдалтай хамт үнэлэх ёстой тухай тусгасан нь бий.

Монгол Улсын хувьд мөсний баяр, өвлийн фестиваль нь тодорхой тооны жуулчдыг татаж байгаа ч байр сууц, хоол, үйлчилгээ, мэдээлэл, аюулгүй байдал хангалтгүй бол тухайн аялал нэг удаагийн сонирхлоор дуусах эрсдэлтэй. Тиймээс логистикийн хүртээмжийг сайжруулах, өвөл ажилладаг жуулчны бааз, зочид буудлуудын дулаалга, халаалт, халуун ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалт шаардлагатай болно. Цаашид өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ төр, хувийн хэвшил, орон нутгийн байгууллагуудын үүргийг тодорхой болгох шаардлагатай. Төр аялал жуулчлалын бүсүүдийн дэд бүтэц, мэдээллийн хүртээмж, аюулгүй байдлын зохицуулалт, хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэх бол хувийн хэвшил зах зээлд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ, борлуулалтаа хөгжүүлэх нь зүйтэй.

Орон нутгийн иргэд аяллын нийлүүлэлтийн сүлжээнд оролцож, орлогоос бодитой хүртэх боломжийг бүрдүүлэх шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. 

Монголын өвлийн аялал жуулчлал хөгжих гэрэлт ирээдүй харагдаж буй. Олон жил зохион байгуулсан мөсний баярууд, бүс нутгийн өвлийн арга хэмжээ, төрийн бодлогын шинэ чиглэл, 2026 оны эхний саруудад бүртгэгдсэн жуулчдын өсөлт үүнийг харуулж байгаа юм. Өвөл Монголын аялал жуулчлалын салбарын хүлээлтийн улирал хэвээр үлдэх ёсгүй. Өвлийн аялал жуулчлалыг бодит эрэлт, дэд бүтэц, үйлчилгээ, аюулгүй байдал, хөрөнгө оруулалттай уялдуулж чадвал энэ улирал зөвхөн жуулчдын тоог нэмэгдүүлэх бус, салбарын эдийн засгийн өгөөжийг жилийн турш тогтвортой болгох боломж болох нь дамжиггүй. Хөвсгөлд мөсний аялал, Хангайн бүсэд цаст уулс, рашаан, өвлийн байгальтай хосолсон амралт, Улаанбаатарын ойролцоо цасны спорт болон амралтын өдрийн аялал, баруун бүсэд бүргэдийн ан зэрэг өөр өөр бүтээгдэхүүн хөгжүүлэх боломж байгаа. Энэ боломжийг чангахан атгаж цан хүүрэг савссан өвлөө боломж болгох цаг иржээ.

Mongolian Economy "Аялал жуулчлал-Ирээдүйн чиг хандлага" тусгай дугаарын 22-23 дугаар тал, 2026 оны 10-р сар