Жирийн иргэдийн нэрнээс авхуулаад нийслэл хотын маань нэр хүртэл баатар гэдэг үгийг бидэнд өдөр тутам сануулсаар байдаг. Бид түүхээс, мөн өнөөгийн нийгмээс баатруудыг эрэн хайж тэдний үлгэр жишээгээр өөрсдийн өдөр тутмын шалгууруудыг давахыг хичээдэг, нэг үгээр бидэнд сэтгэлийн хүч хайрлах 34
тэрхүү төгс төгөлдөр нэгнийг хайсаар эцэст нь заавал хэн нэгэнд хүчээр тохож түүнийгээ нийтээрээ магтан дуулах нь коммунизмаас үүдэлтэй муу зуршил. Үнэндээ өнөөдөр бидний дунд аж төрж буй баатруудыг тоох нь битгий хэл ад үзэх нь ихэсч байгаа нь энэхүү нийгэм буруу тийшээ яваад байгааг илэрхийлнэ.
Баатар гэж хэн юм бэ? Оксфордын нэвтэрхий тольд “баатар” хэмээх үгийг “эр зориг, ололт амжилт, зөв шударга үйлсээрээ бусдад хүндлэгдсэн нэгэн” хэмээн тайлбарлажээ. Тэгвэл бидний дунд баатрууд оршсоор л байгаа юм байна. Үгүй ээ, гудамж талбайд жагсаал зохион байгуулж, хэзээ ч биелэгдэшгүй хүсэл мөрөөдлөө нийгэмд тулгаж, түүгээрээ өөрийнхөө “од” болох өчүүхэн хүслээ биелүүлэх тэдгээр нөхөд биш шүү. Харин идэх талхнаасаа хэмнэн байж, гэр орон гал голомтоо барьцаанд тавин бизнес эхлүүлсэн тэдгээр бизнес эрхлэгчид болон тэрхүү хувийн салбарт ажиллагсад л жинхэнэ бидний дунд орших баатрууд мөн.
Яг л байлдаж буй баатруудын ижлээр бизнесийн талбарт алдагдалтай ажиллаж бүхий л эд хөрөнгөөрөө хохирсон баатрууд ч бий. Дайсанд урвасан цэргүүд шиг хууль бус аргаар ашиг хайж яваад баригдаж “толгойгоо авахуулсан” хулчгарууд ч бас бий. Тэд улс оронд байсан сул баялгуудыг хуулийн дагуу эргэлтэд оруулж баялаг бүтээдэг чанараараа л баатар хэмээх тодотгол зүүх эрхтэй. Баялаг гэхээр уншигч та зөвхөн эрдэс баялга хэмээн бүү эндүүрээрэй, эргэлтэд ороогүй баялаг нь ажилгүй байгаа иргэн, зарагдаж амжаагүй байгаа бичгийн цааснаас эхлээд нийгэмд хараахан эрэлт нь үүсч эхлээгүй хөрөнгүүдийг хэлнэ.
Тэдгээр хөрөнгүүдийг худалдан авч нэмүү өртөг шингээн эдийн засгийн эргэлтэд оруулах хамгийн шударга систем бол хувийн салбар гэдэгтэй маргах нэгэн гарахгүй. Учир нь тэд бүх зүйлийн үнийг байгалийн жамаар нь тогтоож өгдөг, чанар муутай бичгийн цаасыг хямдханаар, чадвартай мэргэжилтний цалинг аяндаа өндрөөр үнэлж эдийн засгийн эргэлтэд оруулдаг. Бид хувийн салбарын ач тусыг дурсахдаа юун түрүүнд улсад төлдөг татвар болон шинээр бий болгосон ажлын байрыг онцлох нь олонтаа ч энэ бол зөвхөн нэгэн хэсэг нь. Харин тухайн бизнесийн худалдан авсан түүхий эд, албан байрны түрээс гэх мэт зардлууд нь хүртэл дотоодын эдийн засагт агрегат эрэлт үүсгэж байдаг бөгөөд үүссэн агрегат эрэлт нь бусад төрлийн бизнесийн цэцэглэн хөгжих зах зээл нь болж байсныг сүүлийн 23 жил бидэнд нотолжээ.
1990 онд бидний алдаршуулж байсан коммунизм задран унаж, бидний “ах” хэмээн авгайлдаг байсан “баатрууд” Монголыг орхин гарах үед манай эдийн засаг хоол нэхэн ангалзах ангаахайнууд шиг байдалтай үлдсэнийг ихэнх уншигч санаж байгаа. Тэр л үед бидний дунд өнөөгийн нэргүй баатрууд төрөн гарсан.
Тэдгээр нэргүй баатрууд 1993 онд нэрлэсэн үнээр 768 мянган долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бичил эдийн засгийг 2012 онд 8.7 тэрбум долларын (11.3 дахин том) бөгөөд дэлхийд хөгжлийнхөө хурдаар тэргүүлэгч эдийн засаг болгожээ.
Тэд урьд нь зөвхөн ЗХУ-ын техник технологиор хөдөлдөг байсан эдийн засгийн “нүдийг нээн” дэлхийтэй танилцуулсан. Тэднийг 2000 оны эхээр барууны өндөр хөгжилтэй орнуудаас техник технологи, хөрөнгө оруулалт татахаар мэрийж байхад Монгол хэмээх улсыг газрын зураг дээр хаана байдгийг мэддэггүйчүүд их байсан гэдэг. Одоо ч гэсэн мэр сэр байсаар л байгаа.
Үнэндээ сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлтөөрөө олон улсыг “өнгөлж” гадны хөрөнгөтнүүд Монгол руу хошуурч байсан нь эрдсийн бүтээгдэхүүний үнэ болон БНХАУ-ын 1.3 тэрбум хүнтэй зах зээлийн эдийн засгийн үсрэнгүй өсөлттэй л нягт холбоотой бидэнд олдсон цухасхан боломж байжээ. Нэгэнт бий болсон эдийн засгийн үсрэнгүй хөгжил, түүнийг бүтээсэн нэргүй баатрууд бол байгалийн жамаар оршин тогтнох хүчин зүйлс. Гэвч тухайн хөгжил цэцэглэлтийг өөрийн нэр дээр, өөрсдийн хүслээр жолоодох жинхэнэ шуналтнууд ч энэхүү хөгжлөөс хоцорсонгүй.Аливаа зохиолд амжилттай, алдартай баатрыг устгаж түүний амжилтыг өөрт тохох сонирхолтой “Исмэл тайжууд” байсаар байдаг нь амьдрал дээр ч үнэн бололтой. Тэдгээр “Исмэл тайжууд” Монголын эдийн засгийн 23 жилийн хугацаанд туулж, хөгжиж ирсэн хувийн салбар хэмээх механизмыг үгүйсгэн, хүрсэн жоохон амжилтыг төрөөр дамжуулан ард иргэдэд хувааж өгсөн нэр зүүн хувийн улс төрийн ашиг хонжоо болон цаана нь бий болох авлигалын зах зээлийг урьтал болгосоор 2012 онд хүслээ гүйцэлдүүлж чадсан. Тэд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах “эх оронч” нэртэй хуулиараа нэргүй баатруудыг ажилгүй болгон олон нийтийг төөрөгдүүлэх замаар бүх зүйлийг зөвхөн өөрсдөөсөө хамааралтай болгохыг зорьдог.
Нийгэмд айдас түгээж, бутарган устгаад эхэлчихсэн тэрхүү “Исмэл тайжуудын” ачаар эдийн засгийн өсөлт 2011 онд дээд цэгтээ буюу 17.5 хувьд хүрч байсан бол 2012 онд 12.3 хувь, 2013 онд нэг оронтой тоонд орсон. Дээр дурьдсан агрегат эрэлт багассанаар гадаад худалдааны эргэлт 2011 онд 11.4 тэрбум доллар байсан бол 2012 онд 11.1 тэрбум болж харин 2013 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс даруй 15 хувь буурсан эдийн засгийн идэвх ямархуу түвшинд байгааг харуулж байна. Идэвхгүй байгаа эдийн засагт эрэлт нь нийлүүлэлтээсээ түрүүлж багасах нь ойлгомжтой.
Инфляцийн түвшин 9.8 хувь болон буурсан үзүүлэлтийг эдийн засагчид дисинфляци буюу эдийн засгийн хөрөлтийг илэрхийлсэн үзүүлэлт хэмээн болгоомжилдог боловч манай бодлого боловсруулагчид бараа материалын үнийн өсөлттэй тэмцсэн мэтээр ярьж нийгмийг төөрөгдүүлсээр. Эдийн засгийн сулралаас үүдсэн төгрөгийн ханшаа барихын тулд Төвбанк нь зөвхөн 2013 оны дөрөвдүгээр сарын туршид нийт есөн удаа валютын зах дээр интервенц хийж нийт 258.4 сая доллар своп (эрсдэлийн солилцоо) хэлбэрээр валютын нөөцөөсөө борлуулсан. Гэсэн ч төгрөгийн ханш тухайн сардаа 0.16 хувь, жилийн хугацаанд 8 хувиар унасан билээ. Мэдээж дэлхийн эдийн засгийн байдал дотоодын уул уурхайн салбарт нөлөөлж байгаа боловч дээрх хууль болон манай “эх оронч”-ийн маск зүүсэн улс төрчдийн урьдчилан таахын аргагүй араншин нь дотоодын бусад салбарыг ч гэсэн гадаад орчноос тасдаад нэг жилийн нүүр үзэж байна. Хэдийгээр тухайн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан гэх боловч хувийн салбарын хөрөнгө оруулалтын хэлцлүүд Засгийн газраас зөвшөөрөл авах хүндхэн даваанаас салгаагүй л байна. Угаас тэр шалгуурыг нь давсан хэлцэл ч сүүлийн нэг жилд гарсангүй, тийм сонирхол ч байсангүй. Нэргүй баатруудаа магтан дуулдаггүй юмаа гэхэд нийтээрээ үзэн ядах өнөөгийн үзэгдэл цаашид үргэлжилбэл бид 1990-ээд оны гамшгийн байдалд хүрэх нь гарцаагүй. Эрдэмт хүн даруу, их мөрөн дөлгөөн байдгийн ижил Монголын нэргүй баатрууд өнгөрсөн 23 жилд чимээгүй боловч бүтээсэн нь их байжээ. Гавьяаг нь бид өнөөдөр ч эдэлсээр байна. Цээжээ дэлдэх “эх оронч”-дын ижил тэд магтан дуулуулахыг хүсэхгүй, авлига авч бусдыг дарамтлахыг ч хүсэхгүй. Зүгээр л тэдэнд ажиллах боломж олгоход л хамгийн том шагнал нь тэр.
А.Билгүүн /Эдийн засагч/
2015 оны 10 сарын "Хүний эрх ба эдийн засгийн эрх чөлөө" дугаараас
Тус дугаарыг бүрэн эхээр унших бол энд дарна уу


