Эгийн голд станц барих боломжийг 1965 онд Зөвлөлтийн институтын судалгаанд дурдсан байдаг. Монгол Улсын Засгийн газар 1991 онд төслийг эхлүүлэх шийдвэр гаргаж, Азийн хөгжлийн банкны зээл, буцалтгүй тусламжаар техник, эдийн засгийн үндэслэл болон байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийлгэж байв. Швейцар, Итали, Монголын компаниуд 1990-ээд оны эхний хагаст судалгааг боловсруулсан ч бүтээн байгуулалтын хөрөнгө бүрдээгүй. 1996-1997 онд Малайз, Чехийн компаниудаас хөрөнгө оруулах, станц барих санал ирсэн ч ажил хэрэг болсонгүй.

Дараагийн оролдлого нь 2006-2007 онд өрнөв. Станцыг БНХАУ-ын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр хэлэлцэж, тендерээр Хятадын компаниудын консорциум шалгарсан ч тухайн санхүүжилтээр бас л бүтээн байгуулалт өрнөсөнгүй. 2013 онд төслийн нэгжийг дахин байгуулж, Францын нэгэн компанитай хамтран шинэчилсэн ТЭЗҮ боловсруулсныг Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл 2014 онд хэлэлцэн дэмжжээ.

2015 онд Хятадын Эксим банк төслийг санхүүжүүлэхээр бэлтгэж байх үед Оросын тал Эгийн гол дээр далан барих нь Сэлэнгэ мөрний урсац, Байгаль нуурын экосистемд хэрхэн нөлөөлөх асуудлыг тавьсан.

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны хэлэлцүүлгээр ч Сэлэнгийн сав газарт төлөвлөж буй усан цахилгаан станц, усны бусад төслийн нөлөөг хамтад нь үнэлэх асуудал хөндөгдөв. Улмаар 2016 онд төслийн бэлтгэл ажил саатаж, Эксим банкны санхүүжилтийг бусад дэд бүтцийн төсөл рүү шилжүүлжсэн байдаг.

Ингээд төслийн өмнө хоёр асуудал зэрэг тавигдсан. Монголын эрчим хүчний системд оргил ачааллыг даах шинэ эх үүсвэр хэрэгтэй байв. Үүний зэрэгцээ усан санг дүүргэх, станцыг ажиллуулахад доод урсгал хэрхэн өөрчлөгдөхийг хоёр талын хүлээн зөвшөөрөх судалгаагаар тогтоох шаардлагатай болсон. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн төвд нийтэлсэн баримт бичигт Эгийн голын төслийн үнэлгээг шинэчлэх, Сэлэнгийн экосистемд үзүүлэх нөлөөг бууруулах арга хэмжээг тусгах, сав газрын төслүүдийн нийлбэр нөлөөг үргэлжлүүлэн үнэлэхийг зөвлөсөн байдаг.

2024 оны есдүгээр сарын 3-нд Монгол, Оросын байгаль орчны асуудал эрхэлсэн сайд нар Байгаль нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Үүний хүрээнд хоёр улсын Шинжлэх ухааны академийн эрдэмтэд төслийн нөлөөллийг хамтран судалжээ. Хоёр жил үргэлжилсэн ажлын урьдчилсан дүнг ШУА-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл Ерөнхий сайд Н.Учралд танилцуулсныг Засгийн газар 2026 оны арваннэгдүгээр сарын 13-нд мэдээлэв.

Өмнө нь төслийг саатуулж байсан хил дамнасан нөлөөллийн асуудлаар хоёр улсын эрдэмтэд хамтарсан урьдчилсан дүгнэлтэд хүрсэн нь энэ удаагийн гол ахиц юм.

Хамтарсан ажлын хэсэг дүгнэлтээ арваннэгдүгээр сарын 19-нд ОХУ-ын Засгийн газарт танилцуулахаар төлөвлөжээ. Монголын тал судалгааны үр дүнг эцэслэн хэлэлцэж, тохиролцсон баримт бичгийг албажуулах, Засгийн газар хоорондын комисст танилцуулах, хэрэгжүүлэхэд шаардлагатай шийдвэрийн төслийг боловсруулах үүргийг холбогдох сайд нарт өгчээ.  

Эдийн засаг, хөгжлийн яамны танилцуулгаар Эгийнн голын усан цахилгаан станцын төсөл 310 МВт-ын суурилагдсан чадалтай, жилд 606 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэх тооцоотой. Монгол Улс 2025 онд цахилгааны хэрэглээнийхээ 21.4 хувийг импортоор хангасан нөхцөлд уг станцын гол ач холбогдол нь эрэлт хамгийн өндөр цагуудад дотоодоос чадал нийлүүлэх боломж юм.

Монгол, Оросын эрдэмтэд Эгийн голын УЦС-ын байгаль орчны нөлөөллийн талаар хамтарсан урьдчилсан дүгнэлтэд хүрсэн ч станцын барилгын санхүүжилт 2027 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад тусгагдаагүй.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн 2026 оны тавдугаар сарын дүгнэлтэд Эгийн голын 310 МВт-ын усан цахилгаан станцын төслийн нийт өртгийг 3.7 их наяд төгрөгөөр тооцож, 2032 онд дуусгахаар төлөвлөжээ. Ямартай ч энэ төслийг хэрэгжүүлэх талаарх үг үсэг 2027 оны төсвийн төсөлд тусгагдаагүй байна.