Түймэрт өртсөн экосистемийн нөхөн сэргэлтийг дэмжих, байгалийн нөөцийг хамгаалах, урт хугацаанд хяналт тавихад урьдчилсан тооцоогоор 83.97 тэрбум төгрөг шаардлагатайг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир өнөөдрийн (XI.25) Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Түймэр нийт 484.4 мянган га талбайг хамарч, үүний 431.6 га нь дархан цаазат газарт, үлдсэн нь дархан цаазат газрын орчны бүсэд хамаарч байгаа аж. Шинжээчид байгаль орчинд учирсан хохирлыг анх 1.2 их наяд төгрөгөөр үнэлсэн ч Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт учирсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлэн тооцдог журмын дагуу дархан цаазат газрын хэмжээнд учирсан хохирлын дүнг 3.35 их наяд төгрөгөөр тогтоосон байна.

Мөн Халхгол сумын Засаг даргын баталсан хохирлын актад шууд зардлыг 367.6 сая төгрөгөөр тогтоожээ. Уг зардлыг арванхоёрдугаар сарын 1-ний дотор төлүүлэхээр шийдвэрлэснийг салбарын сайд мэдээллээ.

Үнэлгээг шинжээчдийн баг, орон нутгийн ажлын хэсэг болон холбогдох байгууллагын 50 орчим албан хаагч 2026 оны аравдугаар сарын 23-наас арваннэгдүгээр сарын 3-ны өдрүүдэд хээрийн судалгаа хийсний үндсэн дээр гаргажээ. Хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлалын дагуу хийсэн уг үнэлгээгээр түймэр Задгайт, Хоньт, Азарга уул, Соёлз уул, Ханчандмань, Хөтөл нуур, Нөмрөг гол, Дэгээ голын сав газрын экосистемийг хамарч, ой, ойт хээр, хээр, нуга болон голын татмын экосистемд сөргөөр нөлөөлсөн байна. 

Цаашид түймэрт өртсөн газар нутаг дахь байгалийн аясаар нөхөн сэргэх үйл явцыг дэмжихийн зэрэгцээ эмзэг, өндөр эрсдэлтэй бүсүүдэд хамгаалалт, хяналт-шинжилгээний ажлыг үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатай гэж шинжээчдийн баг дүгнэжээ.