Дайн дуусах эсэх нь баасан гарагт шийдэгдэнэ
Ираны дайныг эцэслэх энхийн гэрээний суурь зарчмыг тохиролцсон гэдгээ талууд ням гарагт мэдэгдлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Исламын Бүгд Найрамдах Иран улстай байгуулах гэрээ бэлэн болсон гэж ням гарагт мэдээлээд, мөн Ормузын хоолойг хаах шийдвэрээ цуцалж байгаагаа зарлалаа. Ираны Гадаад хэргийн дэд сайд Казем Гарибабади ч мөн гэрээг эцэслэж буйгаа мэдээлснээс гадна, Ливан гэх мэтээр дайн бүх фронтод дуусна гэж ярьжээ.
Талууд энхийн гэрээний урьдчилсан нөхцөл, суурь зарчмуудаар тохиролцоо хийгээд байгаа ч гарын үсэг зурж баталгаажуулахаас нааш хэрэгжихгүй гэж Гарибабади анхааруулсан. Мөн зуучлагч тал болох Пакистаны Гадаад хэргийн сайд Шебхаз Шарифын мэдээллээр, хоёр улсын төлөөлөгчид энэ баасан гарагт Швейцарь улсад айлчилж, албан ёсоор гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болох төлөвтэй байна.
Энхийн гэрээ ямар заалт агуулсан бэ?
Өрнөдийн хэвлэлүүдийн мэдээлснээр, уг гэрээний урьдчилсан нөхцлүүд нийтэд ил болоогүй ч "Ливан улс гэх зэрэг бүх фронтод гал зогсоож, 30 хоногийн дотор тэнгисийн хориг саадыг бүрэн цуцлах, АНУ Ираны ойр орчмоос цэргээ бүрэн гаргах, Ормузын хоолойг нээх" гэсэн заалтууд багтаж байгааг Иран улсын Гадаад хэргийн дэд сайд ярьжээ. Мөн тус улсын газрын тосны борлуулалтын хоригийг түр зогсоож, гэрээ байгуулагдсанаас 60 хоногийн дотор цөмийн хэлэлцээрт хүрэх, энэ хугацаанд царцаасан хөрөнгөнийх нь 24 тэрбум ам.долларыг чөлөөлөх талаар тусгасныг төрийн мэдлийн Мехр агентлаг нь уламжилсан байна. Тоон мэдээлэл зарим хэвлэлд зөрж байгаа бөгөөд 12 тэрбум ам.долларын хөрөнгийг Америк чөлөөлнө гэж бичжээ.
Амралтын өдрүүдэд гарсан энэхүү нааштай өөрчлөлтийн нөлөөгөөр даваа гарагт Брент газрын тосны үнэ дөрвөн хувиар буурлаа. Энэ нь цаашдаа инфляцид санаа зовниж буй улс орнуудын төв банкуудад тайвчшрал авчирах болно гэж ажиглагчид үзэж байна. Ормузын хоолойн тээвэрлэлтийн хувьд дайны өмнөх үеийн хэвийн байдалд дахин ороход хэдэн сарын хугацаа шаардлагатай гэж тэд хэлж буй. Уг хоолойгоор далайн тээвэр дамжих боломжтой болохын тулд эхний ээлжид усан замыг минагүйжүүлэх хэрэгтэй хэмээн Тафтсын Их Сургуулийн далайн судалгааны практик профессор Рокфорд Вейтц ярьжээ.


