2017 онд Д.Трампын Мар-а-Лаго эдлэнд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад улс олон үзүүлэлтээр АНУ-аас хоцорч байлаа. Түүнчлэн Д.Трамп дараа жилээс нь эхлүүлсэн технологи, худалдааны хурц сөргөлдөөнд Бээжин “сул дорой”, бэлтгэлгүй байсан. Харин өнөөдөр Ши Жиньпин эрс өөрчлөгдсөн Хятад улсыг удирдан Вашингтонд ирж байна.
Дэлхийн хоёр дахь том эдийн засаг нь технологийн хүчирхэг тоглогч болон тодорчээ. Дотооддоо бэлдсэн технологийн мэргэжилтнүүдийн хүчээр Хятадын хиймэл оюуны загварууд Цахиурын хөндийн тэргүүлэх түвшинд улам ойртож байна. Бээжинд төвтэй сансрын компаниуд дахин ашиглах боломжтой пуужин хөөргөж, газардуулан, дэлхийн тэргүүлэгч SpaceX-тэй өрсөлдөх зорилго тавьжээ. Эрчим хүч, хиймэл оюун, робот техник, санах ойн чипийн салбарын Хятад компаниуд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хөрөнгийн зах зээлд дуулиантай IPO хийв.
Хятадын үйлдвэрлэлийн аварга “машин” өнгөрсөн онд дэлхийтэй хийсэн худалдаанаас 1.2 их наяд ам.долларын ашигтай гарсан. Үүнд, Хятадын цахилгаан автомашин, нарны хавтан, чипийн эрэлт эрчимтэй өссөн нь чухал нөлөө үзүүлсэн байна. Үүгээр зогсохгүй зарим стратегийн бүтээгдэхүүн, ялангуяа газрын ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээнд Хятад давамгай байр суурьтай байгаа нь Д.Трампын “America First” худалдааны бодлоготой сөргөлдөхөд нь Бээжингийн хувьд Вашингтонд дарамт үзүүлэх онцгой хөшүүрэг болж байна.
Түүнчлэн АНУ уламжлалт холбоотнуудтайгаа зөрчилдөж, дэлхийн эдийн засгийг тогтворгүй болгож буй Ирантай хийж буй дайнаа зогсоох шийдэл олоогүй байгаа энэ үед Ши Жиньпин Хятадыг хариуцлагатай, найдвартай дэлхийн удирдагч хэмээн харагдуулахыг эрмэлзэж байна.
Бээжингийн бодлого боловсруулагчид нэг зүйл дээр бараг санал нэгдэж буй: АНУ Хятадад нэг талын шаардлага тавьдаг байсан үе өнгөрсөн.
Шанхай дахь Фуданы их сургуулийн Олон улсын судлалын хүрээлэнгийн декан, Хятадын Засгийн газарт гадаад бодлогын асуудлаар зөвлөгөө өгдөг Ү Шиньбо “Хятад улс есөн жилийн өмнөхөөсөө хавьгүй өөртөө итгэлтэй болсон. Өнөөдөр Хятад АНУ-ыг тогтоон барих үр дүнтэй арга замтай болсон нь бүр ч чухал. Вашингтон Бээжинтэй илүү эрх тэгш, илүү хүндэтгэлтэй харьцах ёстой. Мөн хоёр орны харилцаа улам бүр харилцан тэнцүү байх шаардлагатай” гэж ярьжээ. Гэхдээ энэ бүхэн Ши Жиньпиний хувьд энэхүү айлчлалын ач холбогдол, эрсдэл нь харьцангуй бага гэсэн үг биш.
Ши лхагва гарагийн орой Эндрюсийн цэргийн баазад газардаж, гурван өдөр үргэлжлэх айлчлалаа эхлүүлсэн бөгөөд Д.Трамп түүнийг угтаж авсан. Өндөр технологийн нөлөөгөөр саарч буй эдийн засагтаа шинэ “цэнэг” өгөхийг Хятадын удирдагч зорьж буй. Тавдугаар сард Бээжинд болсон уулзалтын үеэр хоёр талын тохиролцсон “стратегийн тогтвортой байдал”-ыг хадгалах нь АНУ-тай цаашид үүсэх үл ойлголцол, сөргөлдөөн Хятадын хөгжлийн замд саад болохоос сэргийлэхэд тусална гэж Бээжин үзэж байгаа юм.

Гэвч дэлхий дахинд эзлэх байр суурь болон технологийн хүч нь өсөн нэмэгдэж буй Хятад улс Ши Жиньпиний айлчлалаар Вашингтонд бас нэг шинэ бодит байдлыг ойлгуулахыг хүсэж байна. Өөрөөр хэлбэл, Бээжин АНУ-тай тогтвортой харилцаатай байхыг хүсдэг. Гэхдээ Хятадын өсөлт хөгжил АНУ-аас хамаарахаа больсон.
Лхагва гарагт Коммунист намын гол хэвлэл болох “Жэньминь жибао” сонинд нийтлэгдсэн Бээжингийн өөртөө итгэх итгэлийг тодхон харуулсан өгүүлэлд АНУ дахь Хятадын Элчин сайд Тайвань болон хүний эрхийн асуудал нь Бээжингийн хувьд давж болохгүй “улаан шугам” болохыг анхааруулжээ.
Элчин сайд Ше Фэн “Хятадын бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхолд халдаж болохгүй. Тайванийн асуудал, ардчилал ба хүний эрх, Хятадын улс төрийн тогтолцоо болон хөгжлийн зам, түүнчлэн хөгжих эрхтэй холбоотой дөрвөн улаан шугамыг сорьж болохгүй” гэж бичсэн байна.
Ши Жиньпиний ертөнц
Pew Research Center-ийн долдугаар сард нийтлэгдсэн шинэ судалгаанд хамрагдсан 36 орны ихэнх нь Хятадыг АНУ-аас илүү эергээр үнэлжээ. Мөн хүмүүсийн итгэлийг хүлээх үзүүлэлтээр Ши Жиньпин Д.Трампаас ялимгүй илүү гарсан гэж судлаачид дүгнэсэн байна. Энэ өөрчлөлт нь дэлхийн тавцанд АНУ-ын гүйцэтгэх үүрэг өөрчлөгдөж буйтай холбоотой гэж шууд дүгнэхэд хэцүүү. Харин Хятадын “зөөлөн хүч”-ээ ашиглах чадвар эрс нэмэгдсэн гэвэл оновчтой байж магадгүй.
Өнөөдөр дэлхийн олон орны бизнесүүд Хятадын хиймэл оюуны загваруудыг ашиглаж, хэрэглэгчид нь Хятадын цахилгаан машин жолоодож байна.
Labubu тоглоом, Хятадын телевизийн олон ангит кино зэрэг дэлхий даяар түгсэн соёлын бүтээгдэхүүнүүд, мөн цахим орчин дахь “Chinamaxxing” буюу Хятад амьдралын хэв маяг, технологи, соёлыг сонирхон дуурайх чиг хандлага нь Хятадыг сонирхох сонирхлыг өсгөж, тус улсыг зорих жуулчдын тоонд ч нөлөөлжээ.
Ши Жиньпин сүүлийн хэдэн долоо хоногт илүү идэвхтэйгээр гадаад айлчлал хийж, Хятадын дэлхийн манлайллын талаарх өөрийн үзэл баримтлал, дэлхий ертөнцийг харах өнцгийг олон улсад танилцуулж байна. Энэ сарын эхээр Шинэ Делид болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр тэрбээр гишүүн орнуудад ухаалаг үйлдвэр байгуулах, хиймэл оюуны загвар хөгжүүлэхэд нь туслахаа амлажээ. Мөн Египетэд хийсэн төрийн айлчлалынхаа үеэр Ши Ойрх Дорнодод “аюулгүй байдлын шинэ бүтэц” байгуулах санал дэвшүүлсэн байна. Энэ тогтолцоо нь АНУ-ын аюулгүй байдлын хамгаалалтад тулгуурлахгүй байх ёстой гэсэн санааг тэрээр илэрхийлжээ.
Үүний зэрэгцээ энэ жил олон орны удирдагч Бээжинд ээлж дараалан айлчилсан нь Хятадын дипломат нөлөө нэмэгдэж буйг харуулж байна. Харин Цагаан ордон сүүлийн хэдэн долоо хоногт Ирантай үргэлжилж буй дайны асуудлаар өөрсөдтэй нь бизнесийн харилцаатай орнуудад хариуцлага тооцохыг оролдож байна. Вашингтон тэдгээр орнуудыг Ирантай харилцаагаа зогсоохыг шаардаж, эс бөгөөс томоохон хориг арга хэмжээ авна гэж айлгасан. Ираны хамгийн том худалдааны түншийн хувьд Хятад энэ жагсаалтын хамгийн эхэнд бий.
Эх сурвалж: CNN


