Иракийн өмнөд хэсгийн газрын тосны ордуудаас Сирийн Газар дундын тэнгисийн эрэг дэх Баниас боомт хүрээд буцаж ирэхэд 10 хоног зарцуулдаг. Цельсийн 50 хэмээс давж халсан, уудам цөлийг туулдаг энэ аялал таатай байх нь юу л бол. Гэвч Ормузын хоолой зургаан сарын турш үе үе хаагдаж байгаа тул Иракт газрын тосоо борлуулах гарц нэн хэрэгтэй болжээ. Иймээс өдөр бүр 1300 ачааны машин урт цуваа энэ замаар зорчих болсон хэмээн Сирийн Тээврийн сайд Яроб Бадр мэдээлэв.

Одоогоор энэ замаар тээвэрлэж буй газрын тосны хэмжээ АНУ-Ираны дайны өмнөх Иракийн экспортын дөнгөж тав орчим хувьтай тэнцэж байна. Гэхдээ энэ нь илүү том өөрчлөлтийн эхлэл байж мэднэ. Уг дайн эхэлснээс хойш худалдааны хөлөг онгоцууд халдлагад өртөж, нисэх буудлууд үе үе хаагдах болсноор Ойрхи Дорнодын орнууд хоорондоо холбогдох шинэ гарц, зам хайхаас өөр аргагүйд хүрсэн.

1507 онд Португалийн нэгэн далайчин Ормузын хоолойд усан онгоцтойгоо ирснээс хойш далайн тээвэр нь хуурай газрын худалдааны замуудын орон зайг эзлэх болсон билээ. Эхлээд далбаат хөлөг, дараа нь худалдааны усан онгоц, улмаар аварга том газрын тос тээвэрлэгчид улам их хэмжээний ачаа тээвэрлэх болж, тэмээн жингийн цуваа аажмаар цөөрөв. Түүнчлэн колоничлогч гүрнүүд тус бүс нутгийг хоорондоо өрсөлдөгч улсуудад “хуваасны” дараа үндсэрхэг үзэл нь хуурай газрын худалдааны замын саад тотгор болон хувирсан юм.

Тухайлбал, Израиль тусгаар тогтнолоо зарлахын өмнөхөн хөрш орнуудтай холбогддог төмөр замын гүүрүүдийг дэлбэлсэн. Харин Персийн булангийн орнууд газрын тосоо ойрын хөршүүддээ хуурай газраар нийлүүлэхийн оронд алс холын улс орнууд руу далайгаар экспортолж, аюулгүй байдлаа хангахын тулд дэлхийн томоохон гүрнүүдтэй түшиглэх болсон билээ. Гэхдээ АНУ-Ираны дайн эхлэхээс өмнө ч хуурай газрын худалдааны замууд эргэн сэргэх шинж тэмдэг ажиглагдаж байв. Энэ бүхэн нь тус бүс нутгийг соёл иргэншлийн зангилаа шугам болгож байсан эртний Торгоны замыг дахин санагдуулах боллоо.

Ойрхи Дорнод дахь төлөвлөсөн, баригдаж буй болон ажиллагаатай хуурай газрын тээврийн маршрутууд

Ираны эсрэг авсан хориг арга хэмжээ нь тус улсыг хөршүүдтэйгээ албан бус худалдааны өргөн сүлжээ бий болгоход нөлөөлөв. Олон жилийн турш зэвсэгт бүлэглэлүүд хууль бус наймааны сүлжээний үүргийг давхар гүйцэтгэж, өдөр тутмын өргөн хэрэглээний бараанаас эхлээд зэвсэг, хар тамхи хүртэл тээвэрлэж иржээ. “Ираны бүлэглэлүүд хуурай газрын эдийн засгийн коридоруудыг аль хэдийн хяналтдаа авсан” хэмээн АНУ-ын нэгэн албан тушаалтан өгүүлсэн. 2024 онд Сирид Б.Ассадын дэглэм нуран унаснаар тус улсаар дамжин өнгөрөх шинэ замууд нээгдэж, АНУ болон Персийн булан дахь түүний холбоотнуудад бүс нутгийн тээврийн сүлжээг хөгжүүлэх боломж дахин гарч ирсэн юм.

2025 оны арванхоёрдугаар сард АНУ-аас Сири, Иракийн асуудал эрхэлсэн тусгай элч Томас Баррак бүс нутгийн орнуудыг газрын тос, байгалийн хийн хоолой болон шилэн кабелиар илүү нягт холбох санаачилга дэвшүүлжээ. Ираны холбоотон зэвсэгт бүлэглэлүүдэд Израиль цохилт өгсний дараа Энэтхэг-Ойрхи Дорнод-Европын эдийн засгийн коридорыг байгуулах найдвар сэргэсэн гэж болохоор. Уг коридорын хуурай газрын хэсэг нь Дубайгаас Хайфа хүртэл 2500 гаруй километр үргэлжлэх боломжтой юм.

АНУ-Ираны дайн хуурай газрын бусад тээврийн чиглэлийн хөгжлийг ч хурдасгав.

Дайны улмаас Дубай дахь Жебел Али буюу бүс нутгийн хамгийн том далайн боомтын үйл ажиллагаа үндсэндээ зогсжээ. 2026 оны эхний хагаст тус улсын хамгийн том агаарын боомт болох Дубайн олон улсын нисэх буудлын ачаа болон зорчигч тээврийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 30 хувиар буурсан байна.

Энэ бүхний улмаас өмнө нь усан онгоц, нисэх онгоцоор ирдэг байсан бараа бүтээгдэхүүнийг одоо хуурай газраар тээвэрлэх болжээ. Тухайлбал, Туркээс Персийн булан хүртэл 2000 гаруй километр, Саудын Арабын баруун эргийн боомтуудаас 1600 орчим километр зам туулан бараа хүргэж байна. Хуурай газрын энэ тээврийн “гүүр” хүнсний хомсдол үүсэхээс сэргийлээд зогсохгүй Персийн булангийн орнуудад ажиллаж, амьдарч буй гадаадын иргэдэд тус бүс нутгаас гарах боломж олгожээ. Үүний зэрэгцээ авто тээврийн бизнес цэцэглэн хөгжиж байна. Арабын Нэгдсэн Эмират улсын нэгэн логистикийн компани дайны эхний сар болох гуравдугаар сард олсон орлого нь өмнөх бүтэн жилийн орлогоос нь давсан тухай мэдээлсэн. Ираны боомтууд бүслэлтэд орсны дараа Пакистаны Карачи боомтод саатсан, Ираныг чиглэсэн 3000 чингэлгийн бөөгнөрлийг арилгахын тулд тус улстай залгаа хуурай газрын зургаан боомтоо дахин нээв. Туркийн ачааны машинууд Иранд машин, тоног төхөөрөмж болон эмнэлгийн хэрэгсэл хүргэж байна. АНЭУ, Оман хоёр хил дээрх гаалийн шалгалтаа хөнгөвчилсөн бол Саудын Араб өөрийн боомтуудаар дамжин Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнуудад хүрэх барааны татвар, хураамжийн журмыг хялбаршуулжээ.

Төмөр замын тээвэр ч мөн сэргэж байна. Ираны Каспийн тэнгисийн эргийн боомтуудаас нийслэл Тегеран руу 20 минут тутамд галт тэрэг хөдөлж, Оросын мах, бордоо, малын тэжээл зэрэг бараа тээвэрлэж байгаа аж. Иран, Афганистаныг холбосон шинэ төмөр замаар дамжих нэг сарын худалдааны эргэлт нь өмнөх жилийнхээс бараг хоёр дахин нэмэгдсэн байна. Туркменистанаар дамжин Ираныг Хятадтай холбодог төмөр зам царигийн зөрүү зэрэг олон хүндрэлтэй тулгардаг ч өмнө нь долоо хоногт нэг удаа явдаг байсан галт тэрэг одоо хоёр удаа зорчих болж, газрын тос хүртэл тээвэрлэж эхэлсэн нь нэгийг өгүүлнэ.

Дайны үеэр Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн удирдагчид Кувейтийг Омантай холбох, олон жил саатсан 2100 километр урт, 250 тэрбум ам.долларын өртөгтэй төмөр замын төслийг түргэтгэхээр тохиролцжээ.

Турк, Саудын Араб хоёр мөн Истанбулаас Медина руу мөргөлчдийг тээвэрлэдэг байсан түүхэн Хижазын төмөр замыг сэргээхийг хүсэж байна. Ингэснээр Персийн булангийн орнуудыг Йордан, Сириэр дамжуулан Европтой холбох худалдааны шинэ коридор байгуулах боломжтой аж.

Сирийн төмөр замын сүлжээний бараг гуравны хоёр нь иргэний дайны улмаас сүйрсэн гэж тус улсын Тээврийн сайд Бадр мэдэгдсэн. Гэхдээ наймдугаар сарын 27-нд тэрбээр Саудын Арабын Тээврийн сайдтай Дамаскт уулзаж, авто болон төмөр замыг өргөтгөх гэрээнүүдэд гарын үсэг зуржээ. Үүнээс нэг өдрийн өмнө Ливаны Тээврийн сайд мөн Дамаскт хүрэлцэн ирж, Бейрутаас холбогдох төмөр замын шугамыг дахин нээх гэрээ байгуулсан байна.

Гэвч энэ бүс нутгийн тээврийн сүлжээний шинэчлэл зөвхөн авто болон төмөр замаар хязгаарлагдахгүй. АНУ-ын газрын тосны Chevron компани, Саудын Арабын төрийн өмчит Aramco болон Катар улс хамтарч Иракаас Газар дундын тэнгис хүртэлх хоолойнуудыг сэргээн засахад хөрөнгө оруулах боломжийг судалж байна. Наймдугаар сарын 29-нд Иракийн Ерөнхий сайд Али Заиди Басрагаас Сирийн хилийн ойролцоох Хадита хүртэл газрын тос дамжуулах хоолой барих 4.6 тэрбум ам.долларын төслийг эрчимжүүлэх үүрэг өгчээ. Уг хоолой өдөрт хоёр сая баррель газрын тос тээвэрлэх хүчин чадалтай байх юм.

Интернэтийн сүлжээ хүртэл чиглэлээ өөрчилж байна. Европ, Азийг холбосон цахим мэдээллийн урсгалын дийлэнх нь Улаан тэнгисийн ёроолоор татсан шилэн кабелиар дамждаг. Гэвч 2024 онд Хуситын босогчдын үйлдсэн гэж үзэж буй дөрвөн удаагийн халдлагын улмаас харилцаа холбооны уг сүлжээ ноцтой гэмтэж, үйлчилгээ үзүүлэгчид өөр хувилбар хайхад хүрчээ. Ирак нь Туркээр дамжсан олон улсын шилэн кабелийн холболттой бөгөөд одоо Сири болон Газар дундын тэнгис рүү чиглэсэн, төлөвлөж буй газрын тосны хоолойн дагуу хоёр дахь кабель татах талаар хэлэлцэж байна.

Хоёрдугаар сард Саудын Арабын харилцаа холбооны STC компани Сири улстай 800 сая ам.долларын гэрээ байгуулж, Европоос Ойрхи Дорнодоор дамжин Ази хүрэх 4500 километр урт шилэн кабелийн “Silklink” сүлжээ байгуулахаар төлөвлөсөн байна.

Гэхдээ эдгээр төлөвлөгөөний олонх нь хэзээ ч бодит ажил болохгүй байж мэднэ. Газрын тосоор баялаг орнууд батлан хамгаалах болон дотоодын хэрэгцээгээ тэргүүн ээлжинд тавих болсон тул бүс нутгийн дэд бүтцэд зарцуулах хөрөнгө нь хомсдож байна.

Хамгийн гол нь, Ойрхи Дорнод мөргөлдөөн, дайны хөлд нэрвэгдсэн хэвээр учир авто болон төмөр замууд пуужин, дроны халдлагад өртөх эрсдэлтэй хэвээр. Түүнчлэн далайн тээвэр нь бараа зөөвөрлөх хамгийн хямд арга юм. Сирийн Тээврийн яамны тооцоолсноор далайгаар тээвэрлэх зардал нь төмөр замынхаас зургаа, авто замынхаас 20, агаарын тээврийнхээс 300 дахин бага ажээ.

Дипломат харилцаагаар оролдоод бүтээж чадаагүй зүйлийг дайн ийнхүү гүйцэлдүүлж байгаа бололтой.

Эх сурвалж: The Economist