Үүнээс шалтгаалж, АНУ-д зорчих Монгол Улсын иргэд аяллын өмнө өөрийн виз, цагаачлалын статус болон зорчих зорилготой холбоотой баримт бичгээ сайтар нягталж, шаардлагатай мэдээллийг биедээ авч явахыг зөвлөсөн байна.
АНУ-ын Төрийн департаментын албан ёсны мэдээлэлд дурдсанаар хүчинтэй виз нь гадаадын иргэнд улсын хилийн боомт хүртэл зорчих, нэвтрэх хүсэлт гаргах эрхийг олгодог. Өөрөөр хэлбэл, АНУ-д нэвтрүүлэх эцсийн шийдвэрийг тухайн хилийн боомтод ажиллаж буй Хил, гаалийн хамгаалалтын албаны (U.S. Customs and Border Protection - CBP) албан хаагч тухайн иргэний нөхцөл байдлыг бүхэлд нь харгалзан үзэж гаргадаг юм.
Иймд хүчинтэй паспорт, визтэй байсан ч хил, гаалийн хамгаалалтын албанаас зорчигчийн баримт бичиг болон цагаачлалын асуудлыг тодруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, эсхүл санамсаргүй сонголтоор нэмэлт шалгалтад шилжүүлдэг. Тиймээс АНУ-ын хилээр нэвтрэх үед CBP-ийн албан хаагчид шаардлагатай гэж үзвэл зорчигчийн гар утас, компьютер зэрэг цахим төхөөрөмжид шалгалт хийх бүрэн эрхтэй байдгийг анхаарах шаардлагатай аж.
Аяллын өмнө шаардлагатай зүйлс:
Паспорт болон визийн ангилал, хүчинтэй хугацаа таны зорчих зорилготой нийцэж байгаа эсэх
АНУ-д өмнө нь зорчиж байсан бол зөвшөөрөгдсөн хугацааг хэтрүүлээгүй эсэхийг баталгаажуулах
Оюутан болон солилцооны хөтөлбөрийн оролцогчид I-20, DS-2019 зэрэг холбогдох маягтын хүчинтэй байдлыг нягтлах
АНУ-д зорчих зорилго, байрлах газар, буцах нислэг, урилга, ажил эсхүл сургуультай холбоотой мэдээллийг тодорхой, үнэн зөв өгөхөд бэлтгэх
Өмнө нь визийн нөхцөл зөрчсөн, хугацаа хэтрүүлсэн, цагаачлалын статус өөрчлөгдсөн, баривчлагдсан болон эрүүгийн хэрэгт холбогдож байсан бол аяллын өмнө өөрийн эрх зүйн нөхцөл байдлыг сайтар нягталсан байх.
Түүнчлэн 15,000 ам.долларын визийн бонд буюу барьцаа байршуулах шаардлагатай 50 улсын тоонд Монгол Улс өнгөрсөн дөрөвдүгээр сард багтсан. Тодруулбал, АНУ-ын B1, B2 ангиллын визний шаардлага хангасан Монгол Улсын иргэн виз олгохоос өмнө 15,000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа байршуулах шаардлагатай болсон билээ.
Эх сурвалж: U.S. Department of State – Visa Information Resources,
U.S. Customs and Border Protection (CBP) – International Travel and Admissions


