Монгол Улсын төсвийн орлого 2026 оны эхний таван сард өссөн байна. Гэхдээ орлогын өсөлтөөс илүү хурдтай тэлсэн нь зарлага байна. Тодруулбал, төсвийн зарлага нь тэнцвэржүүлсэн орлогоосоо 1.35 их наяд төгрөгөөр давжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.2 дахин их үзүүлэлт гэсэн үг юм.

Үндэсний статистикийн хорооны урьдчилсан гүйцэтгэлээс харахад улсын нэгдсэн төсвийн нийт орлого 13.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 18.7 хувиар өссөн байна. Харин төсвийн бодлогыг үнэлэхэд ашигладаг тэнцвэржүүлсэн орлого 11.7 их наяд төгрөг болж, өсөлтийн хурд нь ердөө есөн хувь.

Түүнчлэн нийт зарлага 18.7 хувиар өсөж 13.0 их наяд төгрөг болсон нь орлогын өсөлтийг бараг бүрэн "залгиж", төсвийг алдагдалд хүргэв.

Орлогын бүтцийг харвал төсвийг дэмжсэн гол эх үүсвэр нь үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой татварууд байлаа. Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого өмнөх оны мөн үеэс 16.7 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 9.8 хувиар өссөн нь эдийн засгийн идэвхжил хадгалагдаж байгааг илтгэнэ. Харин орлогын албан татвар бага зэрэг буурч, онцгой албан татварын орлого 28.2 хувиар агшсан нь төсвийн орлогын бүтэц жигд бус байгааг харууллаа. Татварын бус орлого харин 46.5 хувиар өссөн нь төсвийн нийт орлогыг тодорхой хэмжээнд дэмжжээ.

Нийт зарлага 2.05 их наяд төгрөгөөр нэмэгдэхэд хөрөнгийн зардал хамгийн өндөр буюу 72.5 хувиар өссөн нь анхаарал татаж байна. Ялангуяа барилга байгууламжийн хөрөнгө оруулалт 87.2 хувиар өссөн нь улсын төсвийн тэлэлтийн гол хөдөлгөгч хүчин болжээ. Үүнээс гадна бараа, үйлчилгээний зардал 17.5 хувь, урсгал шилжүүлэг 7.1 хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдалд хүрсэн нь зарлага эрчимтэй өссөнөөс шалтгаалж байна. Хэрэв өнөөдрөөс эхлээд 2026 он дуусах хүртэлх үлдсэн хугацаанд хөрөнгө оруулалтын болон урсгал зардлын өсөлт энэ хэвээр үргэлжилбэл төсвийн дарамт улам нэмэгдэх эрсдэлтэй.

Энэ дүр зураг нь Дэлхийн Банкны "Global Economic Prospects-2026" тайланд дэвшүүлсэн саналтай таарч байна. Дэлхийн Банк түүхий эд экспортлогч хөгжиж буй орнуудын төсвийн бодлогыг судлахдаа уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөх үед төсвийн орлого эрчимтэй нэмэгддэг ч ихэнх улс уг нэмэлт орлогоо хуримтлуулахын оронд зарлагаа тэлэхэд ашигладаг болохыг онцолжээ. 

Үүний улмаас түүхий эдийн үнийн мөчлөг эргэж, экспортын орлого саарахад төсвийн орлого огцом хумигдаж, өрийн дарамт нэмэгдэн, төсвийн тогтвортой байдал алдагдах эрсдэл өндөр болдог гэж тайланд дурдсан байна.

Тиймээс түүхий эдийн мөчлөгөөс үүдэх эрсдэлийг бууруулахын тулд төсвийн дүрэм, баялгийн сангийн үр ашигтай удирдлага, өрийн оновчтой бодлогыг тууштай хэрэгжүүлэхийг зөвлөжээ.

Монгол Улсыг энэхүү судалгаанд тусгайлан авч үзээгүй ч нүүрс, зэсийн экспортоос төсвийн орлогын дийлэнх нь бүрддэг эдийн засгийн бүтцийн хувьд дээрх дүгнэлтэд хамаарч байгаа юм. 2026 оны эхний таван сарын байдлаар төсвийн орлого өссөн ч зарлага түүнээс илүү хурдтай тэлж, тэнцвэржүүлсэн төсөв 1.35 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан нь өсөлтийн үед төсвийн сахилга бат ямар чухал болохыг дахин харуулж буй.

Гэхдээ улсын нэгдсэн төсөвт эерэг үр дүн ч гарсан байна. Тодруубал, орон нутгийн төсөв 415.2 тэрбум төгрөгийн ашигтай гарсан бол Нийгмийн даатгалын сан 336.2 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 11.9 хувиар буурч, 100 тэрбум төгрөгийн ашигтай гарсан нь нийт төсвийн тогтолцоонд тодорхой хэмжээний тэнцвэр үүсгэсэн байна.

Эдийн засгийн өсөлт үргэлжилж, татварын орлого нэмэгдэж байгаа үед ч төсөв алдагдалтай гарчээ. Ийм нөхцөлд оны хоёрдугаар хагаст төсвийн сахилга бат, хөрөнгө оруулалтын үр ашиг, урсгал зардлын хяналт нь төсвийн тогтвортой байдлыг тодорхойлох гол хүчин зүйл болох төлөвтэй байна.