Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт 2026 оны наймдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 54.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 10.8 их наяд төгрөг буюу 24.7 хувиар өслөө. Үүнд төгрөгийн хадгаламж 5.7 их наяд, төгрөгийн харилцах дансны үлдэгдэл 3.0 их наяд, валютын харилцах данс 2.4 их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлснийг Үндэсний статистикийн хорооны тайланд дурджээ.

Төгрөгийн хадгаламж наймдугаар сарын эцэст 28.8 их наяд төгрөг болж, жилийн өмнөхөөс 24.9 хувиар өсжээ. Үүний 23.7 их наяд төгрөг буюу 82.3 хувь нь иргэдийн, 5.1 их наяд төгрөг буюу 17.7 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна. Иргэдийн төгрөгийн хадгаламж жилийн дотор 21 хувиар, байгууллагын хадгаламж 70.1 хувиар нэмэгдсэн нь анхаарал татаж байна.

Харин валютын хадгаламжийн хэмжээ таван их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 446.9 тэрбум төгрөг буюу 8.2 хувиар буурчээ. Валютын харилцах дансны үлдэгдэл 48 хувиар өсөж, 7.3 их наяд төгрөгт хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, валютын хөрөнгийн тодорхой хэсэг хугацаатай хадгаламжаас илүү хөрвөх чадвартай харилцах дансанд төвлөрөх хандлага ажиглагдав.

Мөнгөний нийлүүлэлтийн 25 хувийг гадаад цэвэр актив, 75 хувийг дотоод цэвэр актив бүрдүүлж байна. Гадаад цэвэр актив жилийн өмнөхөөс 2.2 дахин нэмэгдэж, 13.6 их наяд төгрөгт хүрсэн бол дотоод цэвэр актив 8.9 хувиар өсөж, 40.8 их наяд төгрөг болжээ.

Монгол Улсын банкны системийн нийт зээлийн үлдэгдэл 2026 оны наймдугаар сарын эцэст 48.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 6.1 их наяд төгрөг буюу 14.3 хувиар өсжээ. Үүний 59.4 хувь буюу 28.9 их наяд төгрөг нь иргэдэд, 39.2 хувь буюу 19.1 их наяд төгрөг нь хувийн хэвшлийн байгууллагад олгосон зээл байна.  Нийт зээлийн 92.2 хувь буюу 44.9 их наяд төгрөгийг хэвийн зээл эзэлж байгаа бөгөөд энэ үзүүлэлт жилийн өмнөхөөс 16.8 хувиар өсжээ. Анхаарал хандуулах зээлийн үлдэгдэл 36.3 хувиар буурч, 1.2 их наяд төгрөг болсон байна.

Харин чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн өсөлтөөс арай өндөр хурдаар нэмэгджээ. Чанаргүй зээлийн үлдэгдэл жилийн өмнөхөөс 347.5 тэрбум төгрөг буюу 15.8 хувиар өсөж, 2.6 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь нийт зээлийн багцын 5.2 хувийг эзэлж байгаа юм.

Арилжааны банк болон Монголын Ипотекийн корпорацаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл 2026 оны долоодугаар сарын эцэст 12.4 их наяд төгрөгт хүрч, жилийн өмнөхөөс 18.6 хувиар өсжээ. Ипотекийн зээлийн 97.6 хувь нь хэвийн, 1.5 хувь нь анхаарал хандуулах, 0.9 хувь нь чанаргүй ангилалд бүртгэгдсэн байна. Түүнчлэн наймдугаар сард төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш 3594.47 төгрөг болж, өмнөх сараас 7.69 төгрөгөөр суларчээ. Мөн юанийн дундаж ханш 533.58 төгрөгт хүрч, сарын дүнгээр 4.29 төгрөгөөр суларсан бол еврогийн ханш 4166.34 төгрөг болж, 69.45 төгрөгөөр нэмэгдсэн байна.