Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний талаар ихэвчлэн хүний амь нас, эрүүл мэндийн тухай ерөнхий байдлаар ярьдаг. Мэдээж энэ нь хамгийн чухал асуудал. Гэхдээ бид бодит жишээн дээр тулгуурлан илүү тодорхой ярилцах хэрэгтэй болов уу?
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлыг манай улс бүх түвшиндөө илүү чухалчилж хараасай гэж хүсдэг. Монгол Улсад жил бүр үйлдвэрлэлийн осол болон мэргэжлээс шалтгаалах өвчний тодорхой тооны тохиолдол бүртгэгддэг. Гэвч үүнээс шалтгаалан өрх гэр, улс орон, нийгмийн даатгалын санд ямар хэмжээний эдийн засгийн хохирол учирч байгааг нарийвчилсан тооцоо судалгаа бараг байдаггүй.
2019 онд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас жилд ойролцоогоор 123 тэрбум төгрөгийн эдийн засгийн алдагдал бий болдог гэсэн судалгаа гарсан. Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэдээллээр үйлдвэрлэлийн ослын улмаас дэлхийн хэмжээнд ДНБ-ий ойролцоогоор хоёр хувьтай тэнцэх хэмжээний эдийн засгийн хохирол учирдаг гэх судалгаа бий.
Тодорхой жишээн дээр яривал, уул уурхайн салбарт ажилладаг 4-5 сая төгрөгийн цалинтай хүнд даацын машины оператор осолд орлоо гэж бодъё. Зөвхөн нөхөн төлбөрөөс гадна шинэ ажилтан бэлтгэх, үйлдвэрлэлийн алдагдал зэрэг нь ажил олгогчид асар их зардал үүсгэдэг. Нөгөө талаас, 40 орчим насандаа хөдөлмөрийн чадвараа алдсан хүн үйлдвэрлэлийн ослын даатгалын сангаас насан туршдаа тэтгэвэр авдаг. Энэ нь мөн нийгмийн даатгалын тогтолцоонд урт хугацааны өндөр зардалыг бий болгодог. Түүнчлэн мэргэжлээс шалтгаалсан уушги тоосжих өвчтэй хүмүүс дунджаар 9-14 жилээр богино насалдаг гэсэн судалгаа гарсан. Энэ бол маш ноцтой асуудал.
Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил болгон ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг. Шалгуурын гол шаардлага нь хамгийн сайн татвар төлсөн байх. Гэвч нөгөө талдаа эдгээр компаниуд тогтвортой хөгжлийн тайлан гэдэг зүйлийг чухалд тооцдоггүй. Өөрөөр хэлбэл, тогтвортой хөгжлөөр уралддаг тогтолцоо Монголд алга. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
Өнөөдөр "Бизнес ба хүний эрх", "Ёс зүйтэй бизнес" гэдэг ойлголтуудыг олон улсын хэмжээнд идэвхтэй ярьж байна. Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон олон улсын байгууллагууд ч энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлдэг.
Гэвч улсад их хэмжээний татвар төлсөн компаниудад талархлын бичиг гардуулж, шилдэгээр тодруулсаар байна. Гэтэл ТОП-100 аж ахуйн нэгжид багтсан нэг уул уурхайн компани их хэмжээний татвар төлдөг ч, тухайн компанийн уурхайд үйлдвэрлэлийн ослын улмаас 4-5 хүний амь эрсэдсэн явдал болсон. Үүний дараа компани үйл ажиллагаагаа зогсоож, нэрээ өөрчлөөд өөр хэлбэрээр үргэлжлүүлэн ажиллаж байна. Бас Заамарт болсон эмгэнэлт осол байна. Тэр ослын газар дээр очиход байгаль орчин ихээхэн сүйдэж, зам талбай, уурхайн орчин бүхэлдээ аюултай болсон байсан. Энэ нь бизнесийн хариуцлагагүй байдалтай шууд холбоотой. Мэдээж ёс зүйтэй, сайн ажиллаж байгаа компани бий. Гэхдээ нийтлэг дүр зургаараа бизнесийн ёс зүй хангалттай түвшинд хүрээгүй байна.
Жишээ нь, нэг компани 100 ам.долларын ашиг олох боломжтой байсан ч байгаль орчны нөхөн сэргээлт, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэхийн тулд ашгаа бууруулж болно. Үлдсэн ашгаасаа ажилчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдалд хөрөнгө оруулж, ар гэр, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд мөнгө зарцуулж болно. Мөн өөрийн үйл ажиллагаа явуулж буй салбарынхаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулж болно. Ингэснээр тухайн байгууллагын ашиг өмнөх шиг өндөр биш байж болох ч энэ нь хариуцлагатай, тогтвортой хөгжлийг эрхэмлэсэн бизнесийн зөв жишээ болно шүү дээ.
Томоохон компаниудыг тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын үзүүлэлтээр нь үнэлдэг тогтолцоог бий болгох хэрэгтэй.
-Ийм тогтолцоо бусад улс орнуудад хэрхэн хөгжсөн байдаг вэ?
Хэдэн жилийн өмнө би Малайзад болсон нэгэн хуралд оролцож байсан. Тэнд Монголын Оюутолгойтой дүйцэхүйц хэмжээний, төр, хувийн хэвшлийн хамтарсан газрын тосны томоохон компани болох “Петронас”-ын туршлагатай танилцсан. Энэ компани 20 гаруй мянган ажилтантай. Монголд ч спортын олон арга хэмжээг ивээн тэтгэдэг учраас хүмүүс ногоон өнгийн логог нь мэддэг байх.
Тэдний цахим хуудсанд ороход тогтвортой хөгжлийн бүх үзүүлэлтээ ил тод байршуулсан байсан. Үүнд байгаль орчин, хүлэмжийн хийн ялгаруулалт, эдийн засгийн үзүүлэлт, ажил эрхлэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэдээллээс гадна гэрээт компаниудынхаа үйлдвэрлэлийн ослын үзүүлэлтийг хүртэл ангилан нийтэлсэн байсан. Өөрөөр хэлбэл, бүх мэдээллээ нээлттэй, ил тод тайлагнадаг жишиг тогтсон байна. Манайд ч ийм жишиг хэрэгтэй. Ялангуяа томоохон компаниуд энэ чиглэлээр манлайлах ёстой.
Бид энэ талаар Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд санал тавьж байсан. Гэвч одоогоор ТОП-100 аж ахуйн нэгжийг үнэлэх шалгуурт ийм үзүүлэлтүүдийг оруулах тал дээр дорвитой ахиц гараагүй байна.
Ийм платформыг бий болгоход хамгийн их нөлөө үзүүлж чадах байгууллага нь Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим гэж боддог. Бизнес эрхлэгчид ч энэ талаар шаардлага тавих хэрэгтэй.
ТОП-100 аж ахуйн нэгжийг татвараас гадна тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлага, хөдөлмөрийн аюулгүй байдлын үзүүлэлтээр давхар үнэлдэг болох хэрэгтэй.
Хэрэв ийм санаачилга хэрэгжвэл Засгийн газраас тогтвортой хөгжлийн шаардлага хангасан байгууллагуудад тусгай тэмдэглэгээ олгох, татварын тодорхой урамшуулал үзүүлэх зэрэг бодлогын дэмжлэг хэрэгжүүлэх боломжтой. Харамсалтай нь өнөөдөр ийм бодлого хангалтгүй байгаа учраас энэ асуудал үргэлж хойш тавигдсаар байна. Үүнийг улс төрийн түвшинд ч анхаарах шаардлагатай.
Тогтвортой хөгжлийн тайлангаа тогтмол гаргаж, иргэд олон нийтэд нээлттэй, шударга үйл ажиллагаа явуулдаг компанийн үр өгөөж ямар байх вэ?
Юуны өмнө хууль зөрчих, байгаль орчинтой холбоотой асуудал үүсгэх эрсдэл буурна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал сайжирна. Мөн тухайн орон нутгийн иргэдийн үл ойлголцол, эсэргүүцэл ч багасна. Үүний үр дүнд байгууллага тогтвортой өсөж хөгжих боломж бүрдэж, олон нийтийн итгэлийг хүлээсэн, олон арван жилийн настай бизнес болон төлөвшинө. Богино хугацаанд их ашиг олоод зах зээлээс алга болдог компани биш, харин 20, 50, бүр 100 жилийн турш үнэ цэнээ хадгалсан байгууллага байх боломжтой.
Бизнесийн эцсийн зорилго нь хэмжээлшгүй их ашиг хуримтлуулах бус, улс орон, нийгэм, цаашлаад дэлхий нийтэд эерэг үнэ цэнэ бүтээх явдал гэж боддог. Ийм бизнес л жинхэнэ хүнлэг, тогтвортой бизнес юм.
Хэрэв зөвхөн ашгийн төлөө ажиллавал, Заамарт гарсан осол шиг нөхцөл байдал дахин үүснэ. Тухайлбал уурхайн лицензийн талбай дахь өрөмдлөгийн нүхийг бөглөөгүй, аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүйгээс болж томоохон эрсдэл үүссэн. Харин тогтвортой хөгжлийн шаардлагыг мөрдөж, байгаль орчноо нөхөн сэргээж, уурхайн талбайн хил хязгаар, аюулгүй байдлаа бүрэн хангасан байсан бол ийм осол гарахгүй байх боломжтой байсан. Тиймээс хамгийн түрүүнд ёс зүйтэй бизнесийн шалгуур үзүүлэлтээ тодорхой болгох шаардлагатай. Өнөөдөр Монголд хувийн хэвшил, төрийн өмчит үйлдвэр, гадаадын хөрөнгө оруулалттай компани гээд олон төрлийн уул уурхай, үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Энэ бүхнийг байгууллага нэг бүрээр нь судалж үзээгүй болохоор аль нь ямар түвшинд байгааг нарийн хэлж мэдэхгүй байна.
Өнөөдөр төрийн өмчит компаниудад ч үйлдвэрлэлийн осол гарч, мэргэжлээс шалтгаалах өвчин бүртгэгдэж байна. Хуулийн шаардлагыг хэрэгжүүлж байгаа ч бодит байдал дээр ажлын байрны тоосжилт, доргио чичиргээ, хорт бодис зэрэг эрсдэлийг бууруулах, аюулгүй орчин бүрдүүлсний дараа ажилтнаа ажиллуулах үндсэн үйл явц хангалттай хэрэгжихгүй байгаа тохиолдол бий. Харин үйлдвэрлэлийн төлөвлөгөө, олборлолтын хэмжээг хугацаанд нь биелүүлэхэд илүү анхаарч байна.
Байгууллагууд тогтвортой хөгжлийн зорилтоо хэрэгжүүлдгээрээ өрсөлддөг байх нь зөв.
Нөгөө талаар томоохон уурхайтай бүсүүдийн асуудлыг бас ярих хэрэгтэй. Жишээ нь, Өмнөговь аймагт хэд хэдэн том уурхай үйл ажиллагаа явуулж байна. Цогтцэций сумыг аваад үзье. Тэнд гурван том уурхай ажиллаж байгаа. Тэр суманд төрсөн хүүхэд 18 нас хүртлээ уурхайтай зэрэгцэн амьдарч, дараа нь сургуульд сурахаар Улаанбаатар руу явлаа гэж бодъё. Энэ хугацаанд уурхайн тоосжилтын нөлөөнд өссөн тэр хүүхдийн эрүүл мэндэд ямар үр дагавар гарах вэ, гэдэг асуулт зайлшгүй тавигдана.
Мэдээж эдгээр уурхай эдийн засагт чухал хувь нэмэр оруулж, их хэмжээний татвар төлж, олон хүнийг ажлын байраар хангаж байгаа. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ уул уурхайтай ойр сум, суурингийн иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг тогтмол хийлгэж, ямар сөрөг нөлөө үүсэж байгааг тогтоогоод түүнийг бууруулах, арилгах арга хэмжээг төр, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлэх ёстой.
Аливаа уурхай, үйлдвэр, бизнес зөвхөн "хуулийн шаардлагыг биелүүлсэн" гэдгээр зогсох ёсгүй. Хуулийн шаардлага гэдэг бол хамгийн доод түвшний шалгуур. Үүнээс цааш тогтвортой хөгжлийн шалгуур үзүүлэлтээр өрсөлдөх хэрэгтэй. Байгууллагууд тогтвортой хөгжлийн зорилтоо хэрэгжүүлдгээрээ өрсөлддөг байх нь зөв.


