Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2021 онд шинэчлэн баталж, 2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү шинэчлэлээр нийслэл эдийн засгийн хувьд илүү бие дааж, хотын онцлог чиг үүргээ хэрэгжүүлэх боломж нэмэгдсэн нь 1997 оноос хойших хамгийн том эрх зүйн өөрчлөлт болсон. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот эдийн засгийн хувьд бараг л “туурга тусгаар” болж байв.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн төсвийн баталсан зардлын хэмжээг 2022 онтой харьцуулахад 5.5 дахин өссөн.
Энэ нь хотын санхүүгийн чадавх нэмэгдэж буйг илтгэхийн зэрэгцээ зарцуулалтын хэмжээ ч эрчимтэй өссөнийг харуулж байна. Нийслэлийн зардлын талаас илүү хувийг автозам, дэд бүтцийн бүтээн байгуулалтууд эзэлдэг бол мега төслүүдэд "зориулсан" өндөр тоонууд ч төсвийг алдагдалтай батлахад гол нөлөө үзүүлж байна. Энэ онд л гэхэд "Туулын хурдны зам" төсөлд 800 орчим тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгасан ч өнөөдрийн байдлаар нэг ч төгрөг зарцуулаагүй байгааг хотын шинэ дарга дурдаж байлаа. Түүнчлэн сүүлийн дөрвөн жилд төсвийг алдагдалтай баталснаас гадна, зарим төслүүдэд давуу байдал олгож төсвийг хэт үрэлгэн зарцуулсан зөрчлүүд илэрчээ. Тухайлбал, өнгөрсөн онд баталсан 118 арга хэмжээний 23 нь Засаг даргын үйл ажиллагааны төсөвтэй уялдаагүй байна гэж шинжээчид танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн төсвийн нийт алдагдал 2.4 их наяд төгрөгт хүрсэн нь улсын нэгдсэн төсвийн алдагдлаас даруй 230 хувиар өндөр үзүүлэлт болов
Нийслэлээс төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 2024 онд 2.5 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний бонд гаргасан. Үүнээс гадаад бондын орлого болох 1.7 их наяд төгрөгийг Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөсөн. Гэсэн ч энэхүү бүтээн байгуулалтын зөвхөн барилга угсралтын ажлын гэрээ 1.8 их наяд гаруй төгрөгтэй тэнцэж байна. Түүгээр ч зогсохгүй санхүүжилт саарсны улмаас сүүлийн 2 сар гаруй хугацаанд гүйцэтгэгч компаниудын хөлсийг олгоогүй. Иймд цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болсноо ААН-үүдийн төлөөлөл мэдэгджээ.
Бондын үндсэн төлбөрийг 2027 оны наймдугаар сард эргэн төлөх ёстой ч орон сууц ашиглалтад орох хугацаа ийнхүү удааширч байгаа нь борлуулалтын орлогоос бондын төлбөрийг барагдуулах боломжийг бууруулж байна.
Хэрэв бондын эргэн төлөлтийн явцад асуудал үүсвэл хариуцлагыг Засгийн газар хүлээнэ. Үүнээс үүдэн улсын эдийн засагт хүндрэл үүсгэх эрсдэлтэйг сангийн сайд З.Мэндсайхан сонсголын үеэр онцолж байлаа.
Хотын эдийн засаг тэлж, санхүүгийн эх үүсвэр нэмэгдэж байгаа ч зарлагын бүтэц, мега төслүүдийн хэрэгжилттэй холбоотой асуудлууд төсвийн тогтвортой байдалд ийнхүү нөлөөлж байгаа нь нийслэлийн өрийн удирдлага, эрх зүйн байдлыг эргэн харах цаг болсныг илтгэх шиг.

Нөгөө талаас Улаанбаатар хотын өмнө шийдэх шаардлагатай асуудлууд цөөнгүй. Замын түгжрэл, агаарын бохирдол, дэд бүтцийн хомсдол, хүн амын төвлөрөл зэрэг олон жилийн хуримтлагдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд нийслэл одоогоор
28.9 их наяд төгрөгийн өртөг бүхий 16 мега төсөл хэрэгжүүлж буй. Эдгээр төслийн дундаас хамгийн том нь “Улаанбаатар метро” төсөл бөгөөд нийт мега төслийн өртгийн 30 орчим хувийг дангаараа эзэлж байна. Түүнчлэн төслүүд хэрэгжих хугацаа аль хэдийн талдаа орсон ч төсвийн зарцуулалт ердөө таван хувьтай байгааг шинжээчид танилцууллаа.
Ийнхүү нийслэлийн төсөв урьд өмнөхөөсөө хэд дахин тэлж, үүнийг дагаад хотын хөгжлийн шинэ үеийг эхлүүлэх боломж ч бүрдсээр байна. Гэвч том төсөв том хариуцлага дагуулдаг. Өрийн дарамт, төсвийн сахилга бат, мега төслүүдийн үр ашиг зэрэг асуудлыг хэрхэн удирдах нь Улаанбаатарын ирээдүйн хөгжлийг тодорхойлох шалгуур болно. Харин нийслэлийн өөрөө удирдах гол байгууллага болох НИТХ-ын тухай анхаарал татахуйц “но”-той мэдээллүүд сонсголын үеэр дурдагдаж байв.
Нийслэлийн төсөвтэй холбоотой эдгээр “том” тоонууд ирээдүйд бүх нийтийн нуруун дээр ачаа болж буух вий гэх болгоомжлолыг дагуулж байна. Ямартай ч нийслэл орлого, зарлагаа эргэн харж сахилга батыг бэхжүүлэх үү, эсвэл эрхзүйн байдалд ахин шинэчлэл хийх үү? гэдэг асуулт яаралтай хариу нэхсээр үлдлээ.


