Гэвч үнийн өсөлтийг хасаж тооцдог бодит цалингийн индекс өмнөх улирлаас 1.8 хувиар буурсан байна. Өөрөөр хэлбэл, цалин мөнгөн дүнгээр өссөн ч иргэдийн худалдан авах чадвар өмнөх улирлаас бага зэрэг буурчээ. Цалин нэмэгдэхэд сарын зардлаа арай тайван зохицуулж, боломж гарвал хэдэн төгрөг хуримтлуулахыг бид хүсдэг. Гэвч хүнс, унаа, үйлчилгээний үнэ дагаад өсвөл цалингийн өсөлт маань өдөр тутмын зардалд шингээд дуусаж байна.

Жишээлбэл, гурван сая төгрөгийн дундаж цалингаас татвар, нийгмийн даатгалын шимтгэл суутгагдаж, гар дээр 2.42 сая орчим төгрөг үлдэхээр байна. Сарын хүнс, унаа, байрны төлбөрөө энэ мөнгөндөө л тааруулна гэсэн үг юм. Наймдугаар сарын байдлаар улсын жилийн инфляц 12.5 хувьтай гарсан. Өөрөөр хэлбэл, хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ дунджаар өнгөрсөн оны мөн үеэс ийм хэмжээгээр өссөн гэсэн үг. Үнийн өсөлтийн гол шалтгаан нь хүнс, шатахуун, төрөөс үнийг нь тогтоодог зарим бараа, бүтээгдэхүүн байжээ. Шатахууны өсөлт үйлчилгээний үнэд ч нөлөөлсөн байна. Энгийнээр тайлбарлавал, дэлгүүрт зарах барааг тээвэрлэж авчирна, үйлдвэр түүхий эдээ татна. Шатахууны үнэ нэмэгдсэн учраас эдгээр зардал ч дагаад өснө. Эцэстээ лангуун дээрх бараа, үйлчилгээний үнэ нэмэгдэх эрсдэлтэй.
Ингээд машин унадаг, унадаггүй бүх хүн шатахууны үнийн өсөлтийг худалдан авалтаараа дамжуулан мэдэрнэ.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, 2026 оны II улирлын голч цалин 2.62 сая төгрөг байв. Голч цалин гэдэг нь ажиллагчдыг цалингийн хэмжээгээр нь жагсаахад яг дунд нь байгаа хүний цалин юм. Тиймээс нийт ажиллагчдын тал нь 2.62 сая төгрөгөөс бага, үлдсэн тал нь үүнээс их цалин авч байна гэсэн үг.
Цалингийн хэмжээ салбараасаа хамаарч асар ялгаатай байна. Тухайлбал, уул уурхайн салбарт дундаж цалин таван сая төгрөг давсан байхад зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хоёр сая хүрэхгүй байна. Эмэгтэйчүүдийн дундаж цалин мөн эрэгтэйчүүдийнхээс доогуур гарчээ. Гэхдээ энэ зөрүүг тайлбарлахдаа хүмүүс ямар ажил хийдэг, аль салбарт ажилладаг зэргийг хамтад нь харах хэрэгтэй. Улсын дундаж өссөн гэх статистик тооны ард ийм олон ялгаа бий. Цалингийн ялгаа их байхад үнийн өсөлтийг давах боломж ч өрх бүрд адилгүй байх нь аргагүй.



