Аливаа улс орны аюулгүй байдлын нэг бүрэлдэхүүн нь хүнс тэжээлийн баталгаат хангамж байдаг. Хүн амын уламжлалт хэрэглээний болон дотооддоо хямд үйлдвэрлэдэг хүнсний бүтээгдэхүүн энэ үүргийг гүйцэтгэдэг. Тиймээс Япон, Тайланд зэрэг улсад цагаан будааг, Турк, Орост бол буудайг нөөцөлдөг. Түүхийг мөшгивөөс ийм барааны хангамж нь гаднаас хамаарал багатай байхыг улс орнууд эрхэмлэн иржээ. 

Дээрх шалгууруудыг бодолцвол манай стратегийн гол хүнс нь мах баймаарсан. Хямд өртөг талаасаа ч, үйлдвэрлэл нь үндэсний хэмжээнд жигд тархсан талаасаа ч тэр. Гэвч 1960-аад онд газар тариалан эрхлэн хөгжүүлснээс хойш хүнсний аюулгүй байдлыг үр тариатай холбож ирсэн. Чингэснээр дан мал аж ахуйд бус, бас газар тариаланд тулгуурлах боломж гарав. Үүнийг “унаа, хөтөлгөө хос морьтой” болсонтой зүйрлэх сайн хэрэг. 

Хадгалах, тээвэрлэх, түгээхэд хялбар учраас үр тарианд стратегийн ач холбогдол өгөхөд буруудах ч үгүй биз. Монголын нөхөн үйлдвэрлэлийн бүтэц, загварт зарчмын өөрчлөлт гарч буй. Ийм цаг үед стратегийн хүнсний үзэл баримтлалаа цэгцлэн тодотгож, зарим чиглэлийг нь эргэж нэг харахаар болсон. Юуны өмнө газар тариаланг дэмжих бодлогод хамаарах өртөг зардлын талаас нь дүн шинжилгээ хийж үзмээр.

Жилд 114 сая тонн буудай хурааж дэлхийд тэргүүлдэг өмнөд хөрш нэг га-гаас дунджаар 47 центнер /цн/ ургац хураадаг. 

Тэгвэл 60 сая тонныг хурааж гуравт жагсдаг хойд хөрш га-гаас 23 цн-ийг авч байна. Монгол Улс өнгөрсөн онд 15,3 цн, энэ жил 14 цн буудай авсан. Бүтээмж нь Хятадынхаас гурав дахин, Оросынхоос бараг хоёр дахин доогуур гэсэн үг. Эдгээр тоо баримт нөгөө талаасаа өртөг зардлынх нь тусгал болох нь мэдээж. Зээлийг нь хүчингүй болгох, хөнгөлөлттэй үнээр техник, үр бордоо олгох. Түлшийг зээлээр хангах, хүүгүй зээл өгөх гэх зэрэг олон төрлийн хөнгөлөлт, дэмжлэгийг бид сүүлийн 20-иод жил газар тариаландаа үзүүлсэн. Шууд болон дам эдгээр татаасыг нэгтгэн тооцож үзсэн болов уу?... 

“Хүн амын гол хүнс” гэдэг сүржин уриагаар далайлгасаар, ямар ч үнээр болов талх тариатай байх сэтгэлгээнд ижил дасал болцгоосон, бид. Болзолт рефлексийн хэмжээнд хүртлээ дадсан гэхэд хилсдэхгүй. Эл уриа сүүдэр талдаа “мөнгө босгох” сувгийг Тариалан эрхлэлтийг дэмжих сан, гурилын үйлдвэрүүд, Улсын нөөц зэрэг сүлжээгээр дамжуулан үүсгэсэн. Гурилын үйлдвэрт тушаасан тонн буудай бүрт сүүлийн хоёр жилд 100 мянган төгрөгийн урамшуулал олгож буй. Нийт ургацын гуравны хоёр нь төвлөрсөн бэлтгэлд хамрагдана гэвэл 30 гаруй тэрбум төгрөг болно. Тонныг нь өнөөдрийн дэлхийн зах зээлийн ханшаар буюу 250 ам.доллараар импортолно гэж үзье. 

Тэгвэл 85 мянган тонн буудай буюу үндэсний нийт хэрэгцээний 20 хувийг энэ урамшууллаар хангахад хүрэлцээтэй санхүүжилт. Энэ онд буудайг 360-420 мянган төгрөг буюу дунджаар 280 орчим ам.доллараар улс худалдан авч буйг Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд мэдэгдсэн. Дээр нь өнөөх 100 мянгын урамшуулал, хадгалалт, тээвэрлэлтийн зардал нэмэгдэнэ. Үүний дүнд монгол талх олон улсынхаас илт давуу өртөгтэй болдог. Газар тариалан дахь шалгарал үндсэндээ дуусгавар болж, тэсэж үлдсэн компаниуд нь хөл дээрээ бараг босчихлоо. Өнөөгийн ийм нөхцөлд үр тарианд олгож буй дэмжлэг, татаасыг зохих хэмжээгээр хумих хэрэгтэй байх. 

Тэгэхдээ зардлын хувьд өрсөлдөх боломжгүй сум, аж ахуй, тариаланчид өөр тарималд, эсхүл өөр салбарт шилжих нөхцлийг хангах үүднээс шүү. Энэ ажлыг эртнээс мэдээлж, ил тод, үе шаттайгаар зугуухан хэрэгжүүлэх ёстой нь мэдээж. Урамшуулал хөнгөлөлтийн төрөл, хувийг ил тод бас тогтвортой болгоё. Мөн тоо хэмжээг нь нийтэд тайлагнах тогтолцоог ч сайжруулах хэрэгцээ буй. Төмс, хүнсний бусад ногоо ч хүнсний хангамжид чухал нөлөөтэй. 

Тиймээс урамшууллын тогтолцоонд тэдгээрийг хамруулах механизмыг бий болгох нь зөв. Хүнсний аюулгүй байдлыг заавал буудайгаар биш заримыг нь зардал багатай бусад таримлаар хангах үүднээс тэр. Хэрэглээний загвар тогтмол гэхээсээ илүү түүхэн ойлголт биз, 1960-аад оноос өмнө монголчуудын хүнсэнд үр тариа ялимгүй хувьтай байсан нь ойлгомжтой. Гурилын үнийг бодит түвшинд нь жинхэнэ өртгийнх нь хэмжээнд тавиад ирвэл өөр төрлийн орлох бүтээгдэхүүн оронд нь гараад ирэх биз. Зарим оронд тариалж буй талбайд нь уялдуулж урамшуулал өгдөг. Энэ нь нэгжийн гарц, зах зээлд нийлүүлэлтийг хөхиүлэх тал дээр дутагдалтай. 

Гэхдээ хүнсний хангамжийг нэмэгдүүлэх ач тустай. Хэрэг дээрээ гэр бүл, тосгон суурины дотоод хэрэгцээнд зориулагдаж буй ногоо ч ийм дэмжлэгт хамаарна гэсэн үг.

Өөр нэг асуудал гэвэл үндэсний газар тариаланг дэмжиж буй тогтолцоогоо бид илүү уян хатан, хөрш зах зээлтэй харилцан үйлчлэлтэй болгомоор санагддаг. Ухаан нь тариалангийн бүсээс алслагдмал Баян-Өлгий аймагт гадаад гурил хэрэглэх нь төвийн бүсээс татаж авснаас арай хямд байхуйц гаалийн татвар үйлчлэх ёстой. Үүний нэг адил илүүдэл үр тариаг гадаадад гаргах нь боломж ч нээлттэй байх ёстой. 

Ер нь Тариалан эрхлэлтийг дэмжих санг тарианы үндэсний хангамж балансыг бүхэлд нь хариуцаж экспорт импортын шуурхай ажиллагаа явуулах эрх бүхий төрийн өмчийн компани болгоход тохирно. Орон нутагт арилжааны үндсэн дээр зоорь агуулах түрээслэх, тээвэр-борлуулалтын сүлжээг ч гэрээгээр ажиллуулах боломжийг ч улсын өмчлөлийн эл компанид олгоно.Харин санхүүгийн тайланг нь нийтэд ил байлгах ёстой. Гурил үйлдвэрлэгчдийн зүгээс тогтоох гэж үе үе оролддог монопол, үнийг захиргааны биш, эдийн засгийн аргаар цохих боломж ч нэмэгдэнэ. Хүнсний баталгаат хангамжийг бүрдүүлэхдээ биет байдлаар нь үйлдвэрлэх, нөөцлөх биш юм. 

Харин зоос мөнгөө базаачихаад шуурхай нийлүүлдэг аж. Энэ зарчмаар ажилладаг практикийг сүүлийн үед дэлхийн улс орнууд түлхүү хэрэглэх болж байна. Ер нь хямд төсөр хувилбар гэнэ. Яагаад гэвэл урт хугацаагаар үргэлжилдэг дайн байлдаан, бүслэлт хаалтын шинжтэй хориг саад эдүгээ багассан. Ган гачиг, үер бороо, осол аваар зэрэг түр зуурын гамшгийг даван туулах хэрэгцээ л гол төлөв үүсэх болсон. 

Нөгөөтэйгүүр улс дамнасан тээвэрлэлтийн технологи боломж сайжирсан учраас тэр. Оросын Алтайн хязгаар, зүүн Казахстан болон Дорнод Хятад гэх Азийн үр тарианы тэргүүлэх “ гурван сагс”- ны дунд бид оршдог. Тиймээс “зоос базаах” арга манайд бүр ч зохистой хувилбар байж мэднэ. Буудайн нийт хэрэгцээнийхээ дөрөвний гурав орчмыг л дотооддоо баталгаатай үйлдвэрлээд бусдыг нь бүс нутгийн худалдаагаар хангавал зохилтой.

Тэр нь бидний хувьд зардал багатай хувилбар байх болов уу. 

Тансаг, өвөрмөц зориулалтын гурилын импортыг байнга нээлттэй байлгая. Харин гаалийн татвар өндөрхөн тогтоож тусгай санд хуримтлуулах хэрэгтэй. Түүнээ эргээд газар тариаландаа хэрэглэхэд болохгүй зүйл үгүй санагдана. Нөгөө талаас газар тариаланд олгож буй татаас нь хүнсний хангамжийн баталгааг хангах зориулалттай гэхээсээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилготой байдгийг бид анзаарах ёстой. 

Жишээ нь Европын холбооны “Нийтийн сан” юуны өмнө АНУ, Туркийн хямд үр тарианаас зах зээлээ хамгаалахад чиглэгдсэн байдаг. Гэхдээ өмгөөлөлдөө авах дотоодын үйлдвэрлэл нь боломжийн өртөгтэй байх шаардлагатай. Монгол орны нутаг дахь Азийн тэгш өндөрлөг нь хуурай, дулааны улирал нь богино, хөрсний шим муутай. 

Тийм газартаа тариалан эрхлэх нь тун ч эрсдэлтэй бизнес болно. Иймд төр засгаас энэ салбарыг дэмжих нэг чухал хэлбэр нь хандив татаас гэхээсээ илүү даатгалын үндэсний тогтолцоо байх ёстой. Бүх төрлийн таримлыг албан журмаар даатгах нь “эрсдэлтэй тариалалт”-ын бүсийн хувьд орно. Дээрх 100 мянгын урамшууллаас чухаг зүйл гэхэд хэтрүүлэг болохгүй. 

Харин мах үйлдвэрлэл манай байгаль цаг уурт зохицсон, илчлэгийн агууламж нь өндөр, өртөг нь ч өрсөлдөхүйц билээ. Иймд энэ бүтээгдэхүүнд стратегийн нөөцийн статусыг нь олгох. Улмаар хүнсний аюулгүй байдлын нэг тулгуур болгох бодлого үгүйлэгдэж байна. Хүнсний аюулгүй байдлын хүрээнд илчлэгийн наад захын хэрэгцээг хангах, эрүүл ахуйн стандартын асуудал бас багтана. Энэ тухайд өгүүллийнхээ хүрээнд хөндөөгүй болохыг өчсү. 

Mongolian Economy сэтгүүлийн 2013 оны 12-р сарын "Том төрд сөгдсөн бизнес" дугаараас