“Mongolian Economy” сэтгүүлийн баг Бүгд Найрамдах Франц улсын нийслэл Парис хотноо ажиллаж эхэллээ.
Сүүлийн жилүүдэд Монгол Улс дахь Францын хөрөнгө оруулалт эрчимжиж байгаатай холбоотойгоор уул уурхай, нийтийн тээвэр, онцгой байдлын салбарт хоёр орны хамтын ажиллагаа өргөжин тэлэх төлөвтэй байна. Тухайлбал, Орано группийн ураны төсөл, Францын Баялгийн сангаас санхүүжүүлж буй Помагийн дүүжин тээврийн төслүүд гараанаасаа хөдлөөд буй билээ.
Түүнчлэн 2023 онд хоёр улсын төрийн тэргүүнүүд харилцан айлчлал хийсэн нь хоёр орны харилцаа улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагааны түвшнийг шинэ шатанд гаргах чухал алхам болсон юм.
Тиймээс “Mongolian Economy” сэтгүүлийн редакц “Шинэ жарны эхлэл” сэтгүүлийн тусгай дугаараар дамжуулан хоёр орны дипломат харилцааны 60 жилийн түүх, ирэх 60 жилийн харилцаа, хамтын ажиллагааны төлвийг уншигчдадаа хүргэх зорилгоор тус улсыг зориод байна.
Сурвалжлах багт ерөнхий эрхлэгч Д.Бэхбаяр, орлогч эрхлэгч Н.Энхбаяр, сэтгүүлийн редактор Т.Амаржаргал, найруулагч, зураглаач Т.Түвшинжаргал нар ажиллаж байна.
Албан томилолтын хугацаанд сэтгүүлийн сурвалжлах баг ярилцлага, нийтлэл, видео контент, подкаст, фото сурвалжлагуудыг бэлтгэх бөгөөд Франц, Монголын төр-хувийн хэвшил, бизнесийн байгууллагын төлөөлөлтэй цуврал ярилцлага хийх болно. Мөн Монгол Улсаас Франц улсад суугаа Элчин сайд У.Нямхүүтэй ярилцлага хийхийн зэрэгцээ Францын сенат дахь Монгол-Францын найрамдлын бүлгийн дарга Филипп Муетай уулзах болно.
Сэтгүүлийн баг Франц улсад ажилласны дараа Герман улсыг зорьж, тус улсын боловсролын салбарыг онцлон видео контент, цуврал нийтлэлүүдийг бэлтгэн хүргэх болно.

