Аливаа улсад бизнесийн үйл ажиллагаа хэдий чинээ өргөжин тэлж хөгжинө, тэр хэмжээгээр иргэд нь ажлын байртай, орлоготой. Мөн ажилгүйдэл, гэмт хэрэг зэрэг нийгмийн асуудал бага. Нөгөөтэйгүүр татварын орлого өндөр байж нийтийн боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдал зэрэг нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмж дээшлэх юм. 

“Төрийн гүйцэтгэх гол үүрэг нь бизнес эрхлэх хамгийн таатай орчныг бүрдүүлж, бизнес дэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх явдал” хэмээн “Монгол Улсын эдийн засгийн эрх чөлөөний тойм”-д дурдсан байдаг. Бизнес амжилттай явах, урт хугацаанд ашиг орлого олох. Мөн өрсөлдөх чадвартай байх үндэс нь юун түрүүнд бизнесийн орчин аж. 

Жишээлбэл, орчин үеийн мэдээллийн технологийн зах зээлийг байлдан дагуулж буй Ipod-ыг АНУ-ын Засгийн газраас тусгайлан дэмжсэн учраас гарч ирээгүй нь тодорхой. Ийм бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр гарч ирж, “Apple” компани болон АНУ-ын нэрийг мандуулна гэж Америкийн улстөрчид зүүдлээ ч үгүй биз. Гагцхүү бизнес эрхлэх эерэг орчинг бүрдүүлж, хувийн санаачлагыг дэмжих. Зарцуулсан хөдөлмөр болон гаргасан санаачлагынхаа үр шимийг чөлөөтэй хүртэх боломжийг олгосон учир зах зээл өөрөө ийм амжилтыг төрүүлж чаддаг байна. 

Төр “ялагч” нарыг тодруулах биш. Харин зах зээл өөрөө “ялагч” нарыг тодруулах нь эдийн засгийн өсөлтийн суурь нь болж өгөх ёстой. Манай улсын хувьд бизнесийн орчин төдийлэн таатай бус байгааг тус салбарт ажиллаж, амьдарч буй хүмүүс хэлэх нь бий. “Улс орны хэмжээнд авлига маш их байна. Тухайлбал, зөвхөн Улаанбаатар хотод л гэхэд хүмүүс, албан тушаалтнуудад жилдээ 479 тэрбум төгрөгийн авлига өгдөг гэсэн баримт судалгаа байх жишээтэй. 

Хотын төсвөөсөө илүү хэмжээний авлига авдаг гээд бод доо” хэмээн Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга хэлсэн юм. “Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал” гэсэн судалгааг манай улсад байгаа АНУын Олон улсын хөгжлийн агентлаг/ ОУХА/-аас хийжээ. Судалгаанд 330 гаруй компани хамрагдсан байна. Компаниудын 86 хувь нь жижиг, дунд. Үлдсэн нь том компани аж. Компаниудыг салбараар нь авч үзвэл, худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, уул уурхай, хөдөө аж ахуй, барилга угсралтын компани голлож байна. 

Тус судалгаанд “Жижиг, дунд компаниудад авлига нь том компанитай харьцуулахад илүү хүндээр тусч, бизнесийн үйл ажиллагаанд саад болж байна” гэжээ. Мөн сүүлийн жилүүдэд төрийн байгууллага дахь авлига хувийн хэвшилд тархах болсныг тэмдэглэсэн байна. Ингэснээр жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй харьцуулахад том бизнес эрхлэгчид өөрсдийн нөөц бололцооныхоо ихэнх хувийг үр ашиггүй, хүнд суртал бүхий үйл ажиллагаанд зарцуулдаг байна. Тэдний 17 хувь нь ажлын цагийнхаа 50-иас дээш хувийг үйлдвэрлэлийн бус саад бэрхшээлийг шийдвэрлэхэд үрдэг. Өөрөөр хэлбэл, авлига, төрийн албаны хүнд суртлаас үүдэн “баялаг бүтээгчид” сул зогсолт хийхэд хүрдэг гэсэн үг.

Харин жижиг компаниудын найман хувь нь бололцооныхоо 25-аас дээш хувийг үйлдвэрлэлийн бус асуудлыг шийдэхэд зориулдаг аж. 

Тэр тусмаа барилга угсралтын салбар бизнесийнхэн дундаа хамгийн их шүүмжлэлд өртөг байна. Судалгаанд өгүүлснээр барилгын компаниудын нэр хүнд төдийлэн сайн биш. Гэсэн ч тухайн салбарыг бүхэлд нь авч үзвэл тэдэнд учирдаг ихэнх бэрхшээл дарамт шахалт Засгийн газрын агентлагуудын зүгээс ирдэг аж. Мөн уул уурхайн салбарт ч ялгааг үй дээрх шинж тэмдэг илэрдэг байна. Уг байдлаас түргэн гарах, асуудлаа шийдүүлэх. Мөн лиценз, зөвшөөрөл, гарын үсгээ авахын тулд авлига өгдөг гэжээ. Нэг үгээр, төрийн алба үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй атлаа далд авлига авч байгаа нь ёс бус гэмт хэрэг юм.

Бизнес эрхлэгчид хэзээд өндөр татвар төлөгчид байдаг. Улсын төсвийн орлогын 70 гаруй хувийг бүрдүүлж байдаг. Мөн ажлын байр шинээр бий болгож, улс орны хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэдэг “нэргүй албат” юм. Гэвч тэднийг үнэлэх бус мохоох нь их. Зах зээлээс шахах. Төрийн нэрээр дарамтлах байдал газар авсныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Том төрөөс ухаалаг төр лүү” үндэсний зөвлөлдөх уулзалтын үеэр төрд анхааруулсан юм. 

Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Өнөөдрийн дарлагдсан ард бол бизнес эрхлэгчид. Бизнес эрхлэгчдийг дарамталдаг бүхэл бүтэн тогтолцоо байна” гэв. Ерөнхийлөгч төр бизнест оролцдоггүй, хэрэгтэй үед нь тусалдаг, сонирхлын зөрчилгүй байх ёстойг сануулсан. Ийм бизнесийн таатай орчныг тус салбарынхан хүсч байгааг мэдэгдсэн юм. Өнөөдөр бизнес эрхлэгчид эрх зүйн тогтвортой, тэгш, тунгалаг орчин. Мөн өрсөлдөхүйц, зохистой, төлөвлөж болохуйц татварын орчныг мөрөөдсөөр байгааг Ерөнхийлөгч хэлсэн. Нөгөөтэйгүүр ямар ч тохиолдолд төр аж ахуйн нэгж байгуулаад, бизнес эрхлэгчидтэйгээ өрсөлдөх ёсгүйг дээрх уулзалтын үеэр бас дурдсан. Харин төр болон бизнесийн хоорондох харилцаанд авлига хэрхэн нөлөөлж байгаа талаар ямар нэгэн судалгаа, мэдээлэл өнөөг хүртэл манай улсад хийгдээгүй иржээ. 

Үүнийг нөхөх гарын авлага гэж хэлж болох дээрх судалгаанаас бизнесийн орчин дахь авлигын өнөөгийн дүр зургийг харж болохоор.

Бизнесийн орчинд гэлтгүй Монгол Улсад авлига нэн түрүүнд тулгамдаж буй асуудал гэдэгтэй хэн хүнгүй санал нэгдэх болсон. Түүний үр дагаврыг хүртэгсэд өнөөдөр авлигын “тор”-ноос шилжин “төмөр тор”- ны цаана эрх чөлөөгөө хасуулж буй. Өөрөөр хэлбэл, төр бизнес эрхлэгчдийг заримыг “гэмт хэрэгтэн” болгохын зэрэгцээ бизнест нь “хар тамга” дарсаар байгаа. Авлига нь аль нэг байгууллага дангаар шийдвэрлэчихдэг асуудал биш. Харин нийгмийн салбар бүрийн хамтарсан хүчин чармайлт шаарддаг болохыг “Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал” судалгаанд тэмдэглэжээ. 

Төр үйлчилгээ үзүүлж, ажил үүргээ гүйцэтгэх учиртай. Гэтэл үүнийхээ төлөө шан харамж горьдох ёсгүй. Чин үнэнчээр үүргээ хэрэгжүүлсэн бол амжилт хүсээд үлдэх нь зүйд нийцнэ. Гэтэл “хойноос чангаах” нь эрүүл бус хандлага. Энэ байдал нь нийгэмд шударга бус байдлыг гааруулж, түүнд авлига өгч, урамшуулж байгаа нь бизнес эрхлэгчдийн буруу ажиллагаа болохыг мөн дурджээ. Төрийн албан хаагчдад илүү мөнгө төлөх нь энгийн зүйл болж, бизнес эрхлэгчид төрийн албан хаагчдад дэмжлэг үзүүлэх замаар өөрсдөдөө ашигтай шийдвэрийг гаргуулж байна. 

Энэ байдал эргээд нөгөө талдаа хүлээлтийг бий болгож, улмаар зах зээлийн эдийн засгийг бүхэлд нь гажуудуулах үндэс суурь болдог аж. Өрсөлдөх талбаргүй бол зах зээлийн орц гарц зогсолтод орж, өрсөлдөөн үгүй болох. Эдийн засаг гажуудан хяналтаас гарч, цаашдын хөгжилд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг тус судалгаанд тэмдэглэжээ. Тэгвэл судалгаанд хамрагдсан оролцогчдын дөнгөж 12 хувь нь л авлигын эсрэг ямар нэгэн арга хэмжээ авч хэрэгжүүлдэг гэжээ. Үлдэж буй 88 хувь нь нэг талаасаа авлигыг хөхиүлэн дэмжиж байгаа хэрэг юм. Судалгаанд оролцсон компаниудын 42 хувь нь төрийн байгууллагад авлига их гэж үзжээ. 

Тэд сүүлийн хагас жилд өөрсдийн үйл ажиллагаа эрхэлж байгаа салбартаа төр болон хувийн компанийн харилцаанд авлигын чанартай зүйл байгааг анзаарсан байна. Ялангуяа барилгын салбарынхан авлигын талаар хамгийн их мэдээлэлтэй байжээ. Бизнесийн үйл ажиллагаанд хамгийн их саад учруулдаг байгууллагаар Татварын алба “тодорсон” байна. Дараа нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газар орж байна. Төрийн байгууллага дахь авлига буурвал бизнес эрхлэгчдийн цэвэр ашиг өснө гэж оролцогчдын 50 хувь үзжээ. Гэтэл 26 хувь нь авлига буурвал ашиг буурна гэжээ. Түүнчлэн зарим оролцогчид ихэвчлэн зөвхөн төрөөс олж авдаг зарим нөөц боломжоо алдахаас эмээж байгаагаа илэрхийлсэн байна. Авлига буурсан тохиолдолд барилга угсралтын салбарт орлого нэмэгдэх аж. 

Авлига зөвхөн төрийг худалдаж авах хэрэгсэл байхаас гадна өрсөлдөгчөө түлхэн унагах цорын ганц арга зам болсон байгаа нь анхаарал татсан юм.

Энэхүү судалгаанд оролцогчдын олонх нь авлига авсан өгсөн аль алинд хариуцлага тооцох ёстой гэж үзсэн байна. Бизнес эрхлэгчдийн хувьд хэн нэгэн эрх мэдэлтний гарыг хүндрүүлэх. Эсвэл бизнесийн түүхдээ “delete” хийх болдог. Тиймээс авлига өгөөд ч болов оршин тогтнохын тулд гэсэн хандлага нь төр томрох шалтгаан болж, үүнээс үүдэн эдийн засгийн хөгжил саарч байгаа юм. 

Мөн бизнес эрхлэгчид төрийн буруу үйлдэлд нэгдэх бус сөрөх учиртай. Түүний эсрэг хамтдаа тэмцэх итгэл үнэмшил сул байгаа нь авлига “хөөсрөх” шалтаг болсоор. “Бизнесийн дарамт, сүүдрийн эдийн засгийг арилгах. Мөн өсөлтийг дэмжсэн татварын шинэчлэл хийх” шаардлагатай ажил байгааг Ерөнхийлөгч Засгийн газарт сануулсан. Бизнесийн орчинд үүрлээд буй авлигыг бууруулах олон сонголт бидний өмнө бий. Тухайлбал, судалгаанд оролцогчдын 62.7 хувь нь шударга зарчмаар ажиллах. Мөн авлигач улстөрчдийн эсрэг компанит арга хэмжээ явуулах. Хэвлэл мэдээллийнхэнд авлигын талаар мэдээлэл өгөх зэргээр авлигыг “цэвэрлэх” боломжтой хэмээн үзжээ.Та авлигын эсрэг ямар сонголт хийх вэ. 

Mongolian Economy сэтгүүлийн 2013 оны 12-р сарын "Том төрд сөгдсөн бизнес" дугаараас