Монголын хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй, тодорхойгүй бараг хоёр жил болов. Үүний эцэст шинэхэн мэндэлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийг тойрсон өөр өөр байр суурь бий. Эдийн засагт гарах эерэг үр дүнгийн талаарх хүлээлт, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн болов уу гэх таамаг ч үргэлжилсээр. Өнгөрсөн сарын 18-20-нд Хонконгт болсон “Mongolia Investment Summit 2013” арга хэмжээ өнгөрсөн жилийг бодвол халуун дулаан уур амьсгалтай, эерэг сэтгэгдэл ихтэй байсан талаар тус чуулганд оролцогч албаны болон хувийн хэвшлийн төлөөлөгчид санал нэгтэй, өндөр сэтгэгдэлтэй өгүүлж байна. Гурав дахь удаагаа болж буй тус чуулганд 18 улсын 320 орчим төлөөлөл оролцжээ.
Энэ нь Монголыг шохоорхох гаднын хөрөнгө оруулагчдын итгэл дахин сэргэсэн гэдгийн баталгаа юм. Өнгөрсөн жилийн Хонконгийн хөрөнгө оруулалтын хурлаас манай төлөөлөгчид нэлээд уруу царайлж ирсэн. Цаг цагаараа байдаггүй ээ гэж. Усны шувууд шиг орхиод одсон тэдний заримыг ямар аясын салхи нь Монгол руу эргүүлсэн юм бол.
ЭЗХЯ-ны Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар “Энэ онд баталсан Хөрөнгө оруулалтын хуулиар суурь эрх зүйн зохицуулалтаа хийж чадлаа. Тус хуулиар Монголын зах зээлийг нээлттэй, бүх талын хөрөнгө оруулагчдад ээлтэй болгож чадсан. Мөн Хөрөнгө оруулалтын үр шимийг хэрхэн зохицуулах вэ гэдгийг тодорхой болгосон. Тиймээс хөрөнгө оруулагчдын итгэл дахин сэргэсэн гэж хэлж болно” гэв. Энд эхлээд хуулийн давуу талыг дурдъя.
Хуулийн гол үзэл баримтлал нь хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоодын гэж алагчлалгүй бүх хөрөнгө оруулагчид 5-22 жилийн дараа ч өнөөдрийнхөө хуулиар зохицуулагддаг тийм тогтвортой байдлыг бий болгосон гэдэгт олзуурхах хүн олон.
Мөн өөр нэг давуу тал нь хувийн хөрөнгө оруулагчид Засгийн газраас зөвшөөрөл авахгүйгээр стратегийн гэж нэрлэгддэг уул уурхайн болон бусад салбарт хөрөнгө оруулах боломж нээгдэж байгаа явдал юм.
Гэхдээ хуулийн 21.1-т . . .“Дараах салбарт үйл ажиллагаа эрхлэх Монгол Улсын хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 33 буюу түүнээс дээш хувийг гадаадын төрийн өмчит хуулийн этгээд эзэмших тохиолдолд зөвшөөрөл авна.
-21.1.1.уул уурхай; -21.1.2.банк, санхүү;
-21.1.3.хэвлэл, мэдээлэл, харилцаа холбоо” гэж заасан байна.
Энэ нь зах зээлээ хамгаалсан бодлого гэдгийг УИХ-ын гишүүд тайлбарлаж байсан. Түүнчлэн гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахын тулд төслийн үр ашигт тулгуурлан зарим татварыг тогтворжуулах тогтолцоог бий болгосон.
Энэ бас хуулийн нэг давуу тал. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 14.1-т зааснаар...
“Тогтворжуулах гэрчилгээгээр албан татвар, төлбөрийн хувь, хэмжээг гэрчилгээ хүчинтэй байх хугацаанд тогтворжуулна. Эдгээрээс гадна энэ хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй саналаар шийдвэрлэнэ гэж тусгажээ. Энэ нь гаргасан хуулиа байн байн өөрчилж, “сюрприз” барьдаг УИХ-ын гишүүдийн тогтворгүй занг аргамжих арга төдийгүй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн амин сүнс гэж олзуурхаж болох. Энэ мэт хуулийн ололттой заалтуудыг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид алга ташин угтаж авсан.
Гэхдээ алга ташилтын ард... Хөрөнгө оруулагчдад айх юм үлдсэн үү? Үлдсэн гэж хэлбэл та гайхаж магадгүй.
Шинэ хууль мэндэлсний маргаашнаас л талууд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаарх өөр өөрийн байр сууриа илэрхийлж эхэлсэн. Гэхдээ олонхийн хүлээн зөвшөөрч байгаагаар шинэ хуулиар хийж чадаагүй нэг зүйл байна.
Тэр нь хуулиар тогтворжуулсан дөрвөн төрлийн татвараас гадна өөр төрлийн татвар нэмэгдэхээр бол Тогтворжуулах гэрчилгээтэй компанид нөлөөлөхгүй гэх.
УИХ гишүүн Д.Оюунхорол “Хөрөнгө оруулагчдын хувьд тогтвортой орчныг л хүсдэг. Гэтэл тэр тогтвортой байдлыг нь бий болгох Тогтворжуулалтын гэрчилгээтэй хөрөнгө оруулагчдад гэнэт гарч ирэх аливаа татварын нэмэгдэл нөлөөлөхгүй гэх заалтаа яагаад хасчихсан юм бол” гэж хэвлэл мэдээллээр мэдэгджээ. Хууль санаачлах дуртай гишүүд маань Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар шиг шинэ татварын тухай хууль, заалт санаачлаад олонх нь гар өргөөд баталчихвал юу болох вэ.
Тэр үед Монголын төр нэг гараараа баталсан хуулиа нөгөө гараараа баллах хар түүхийг дахиад л эхлүүлж магадгүй. Хүлээлт Гадаадын хөрөнгө оруулалт 40 гаруй хувиар уруудсан дүнтэй байгаа гэж Монголын гадаад худалдаа, эдийн засгийн хөгжлийг дэмжих төвөөс гаргасан судалгаанд дурдсан байна. Энэ байдлаараа гаднын хөрөнгө төдийлэн нэмэгдэхгүй байсаар 2013 оныг үдэх нь. Харин монголчууд хүлээсээр.
Монгол Улсад 2014-2018 онд уул уурхайн олборлох хийгээд боловсруулах, дэд бүтцийн хөгжлөө дэмжих болон бусад салбарт хөрөнгө оруулахад 84 орчим тэрбум ам.доллар шаардлагатай аж. Энэ талаар “Mongolia Investment Summit 2013” чуулганы үеэр дурдагджээ. Ийм их мөнгө Монголын төр, түмэн олон татвар төлөгчид, бизнесмэнүүдийн алинд ч байхгүй.
Тиймээс гаднын хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй. Тэр тусмаа улсын зээлийн хэмжээг ДНБ-ий 40 хувиас хэтрүүлэхгүй гээд тогтоочихсон. Олон улсын зах зээлээс нэмж бонд босгох “эрхээ хасуулсан” манай оронд гаднын хөрөнгө оруулагчдыг хүлээхээс өөр зам үлдсэнгүй бололтой. Хүлээхэд учир бий Унжаад байхаар унаад ирээсэй гээд үлгэрийн төгсгөл шиг хүлээлт бидэнд хэрэггүй.
Тиймээс шинэ хууль баталчихаад хөрөнгө оруулагчид хүрээд ирээсэй гээд хүлээгээд суух нь утгагүй. Усны шувууд шиг зантай хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхийн тулд шийдвэрлэх ёстой ажил Засгийн газарт олон байгаа аж.
“Новатерра” ХХК-ийн захирал Б.Бямбасайхан “Mongolia Investment Summit 2013” чуулганы үеэр Монголд хэрэгжиж байгаа дөрвөн том төсөл болох “Оюутолгой”, “Тавантолгой”, ТЭЦ-5 болон “Тавантолгой”-н төмөр замын талаар хөрөнгө оруулагчид их сонирхож байлаа.
Учир нь хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулах итгэлийг дахин олж авахын тулд өнөөдөр хэрэгжиж байгаа төсөл чинь хэр амжилттай явж байна гэдэгт анхаарлаа хандуулж байна” гэсэн юм. Гэтэл эдгээр нь маш том төслүүд. Том учраас олон жил хэрэгжих учиртай. Гэвч зарим төслийг тухайлбал, ТЭЦ- 5-ын талаар үе үеийн Засгийн газар яриад байгаа болохоос ажил хэрэг болгосон нь үгүй.
Үүний цаана байгаа ужиг хүнд өвчин бол нөгөө л төрийн залгамж халаатай холбоотой. Төрийн ярьсан санаачилсан томоохон төслүүд сонгууль дамжин сунжирдаг, сонгуулийн дараа “унждагт” хөрөнгө оруулагчид бас л дургүй. Тиймээс хууль баталснаас гадна хийх ёстой ажил, эмчлүүлэх хэрэгтэй салбар байгаа гэдгийг онцлох хүн олон байна.
Mongolian Economy сэтгүүлийн 2013 оны 12-р сар "Том төрд сөгдсөн бизнес" үндсэн дугаараас


