Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өчигдөр /2026.06.24/ хуралдаж, бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Энэ удаагийн шийдвэр нь инфляцын эрсдэлийг хянах байр сууриа хадгалсан, хүлээзнэсэн дохио байв.
Учир нь энэ оны эхний улиралд 7.1 хувьтай байсан инфляц тавдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 11.2 хувьд хүрээд байна. Өөрөөр хэлбэл, хоёр сарын дотор инфляц 4.1 нэгж хувиар нэмэгдэв. Үүний 2.6 нэгж хувийг хүнсний үнийн өсөлт, 0.7 нэгж хувийг шатахууны үнийн өсөлт тус тус тайлбарлаж байна.

Харин уул уурхайн бус дийлэнх салбарын идэвхжил сул, мөнгөний болон макро зохистой бодлогын төлөв хатуу байгаа нь суурь инфляц харьцангуй бага түвшинд хадгалагдахад нөлөөлж буйг Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт онцолсон юм. Түүнчлэн тэрбээр “цаашид инфляц зургаа болон долоодугаар сард 12 хувийн орчимд хүрч эрчимжих боловч наймдугаар сараас мах, ногооны нийлүүлэлт нэмэгдэхтэй зэрэгцэн буурна гэсэн хүлээлттэй байна” хэмээн мэдэгдлээ.
Эдийн засгийн өсөлт энэ оны эхний улиралд 7.9 хувьд хүрсэн ч өсөлтийн бүтэц өргөн суурьтай биш байна. Уул уурхай, тээврийн салбар өсөлтийг голлон бүрдүүлсэн бол худалдаа, боловсруулах үйлдвэрлэл зэрэг уул уурхайн бус салбарын идэвхжил харьцангуй сул хэвээр байна. Ийм нөхцөлд бодлогын хүүг нэмж, эдийн засгийн идэвхжлийг улам дарах нь эрсдэлтэй.
Харин хүүг бууруулбал инфляцын хүлээлтэд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Тиймээс Монголбанк энэ удаа хүүг хэвээр хадгалах хувилбарыг сонгов.
Ойрх Дорнодын нөхцөл байдал, ОХУ-Украины дайн, газрын тосны үнийн хэлбэлзэл инфляцын шинэ эрсдэл болж байна. Газрын тосны үнэ өсвөл зөвхөн шатахууны үнэ нэмэгдэхгүй. Үүнийг дагаад тээвэр, хүнс, барилгын материал, үйлдвэрлэлийн орц, түүхий эд гээд бараг бүх салбарт зардлын дарамт нэмэгдэнэ. Манай улс шиг импортын хамаарал өндөртэй эдийн засагт энэ дам нөлөө илүү хурдан мэдрэгддэг.
Монголбанк шатахууны дотоод үнийг энэ оныг дуустал тогтвортой байна гэж тооцож буй. Гэхдээ энэ бол суурь төсөөлөл. Хэрвээ геополитикийн нөхцөл хурцадвал энэ тооцоолол өөрчлөгдөх магадлалтай. Тиймээс мөнгөний бодлогын мэдэгдэлд цаашид бодлогын хүүг нэмэгдүүлэх эсэхийг инфляцын өрнөл, нийлүүлэлтийн хүчин зүйлс, гадаад, дотоод эдийн засгийн төлөвөөс хамааруулна гэж онцолсон нь зах зээлд өгч буй урьдчилсан дохио гэж уншигдаж байна.
Иргэд, бизнесийн хамгийн их сонирхдог асуулт бол бодлогын хүүгийн шийдвэр зээлийн хүүнд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг. Бодлогын хүү 12 хувьд хэвээр үлдсэнээр банкны эх үүсвэрийн өртөг өндөр түвшинд хадгалагдана. Инфляц 11 хувиас давсан үед хадгаламж эзэмшигчид бодит өгөөжөө хамгаалахыг хүснэ. Банкууд ч эх үүсвэр татахын тулд харьцангуй өндөр хүү санал болгохоос өөр аргагүй.
Ийм нөхцөлд зээлийн хүү огцом буурах орон зай хязгаарлагдмал хэвээр байна. Харин зээлийн өсөлт сүүлийн улирлуудад алгуур саарч байгаа нь голчлон хэрэглээний зээлийн өсөлт удааширсантай холбоотой гэж Монголбанк дүгнэжээ.
Нөгөө талаас ипотекийн болон бизнесийн зээлийн өсөлт харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг дэмжих эерэг талтай.
Ерөнхийдөө энэ удаагийн шийдвэр хүү буурах мөчлөг эхлээгүйг харууллаа. Инфляцын дарамт буурч, нийлүүлэлтийн шок намжих хүртэл мөнгөний бодлого болгоомжтой, харьцангуй хатуу төлөвт хадгалагдах төлөвтэй байна.


