Энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн инфляцын өсөлт эрчимжсээр 12 хувьд хүрлээ. Энэ бол өнгөрсөн нэг жилийн энэ үетэй харьцуулахад дөрвөн нэгж хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Харин төв банкны зүгээс сүүлийн жил гаруйн хугацаанд бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалсаар буй. Энэхүү шийдвэрээ инфляцын огцом өсөлтийг улиралаас хамаарсан нийлүүлэлтийн шалтгаантай, наймдугаар сараас өргөн хэрэглээний барааны үнэ тогтворжиж түүнийг дагаад  инфляц буурна гэсэн хүлээлттэй байгаа хэмээн тайлбарлаж буй.

Мах, махан бүтээгдэхүүний үнэ жилийн өмнөхөөс 38 орчим хувь, геополитикийн нөхцөл байдлаас үүдсэн  шатахууны үнийн жилийн өсөлт 17 орчим хувьд хүрсэн нь инфляцын өсөлтийн 3.1 нэгж хувийг бүрдүүлж байна.

Үүнээс харахад инфляцын өсөлтийн голлох шалтгаан хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа махны үнийн өсөлт мөн боловч геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан  газрын тос, түлшний үнийн асуудал тэнцвэргүй байгаа нь төв банкны хүлээлтийг тодорхой хэмжээнд бүдгэрүүлж байна.

Зах зээлд шатахууны үнэ 10 хувиар нэмэгдэхэд бараа бүтээгдэхүүний үнэ 2-3 хувиар нэмэгддэг тооцоо бий. Аж Үйлдвэр Эрдэс Баялгийн Яамнаас наадам дуустал бензиний үнэ нэмэгдэхгүй гэж мэдэгдсэн ч энэ нь урт хугацааны тогтвортой үнийн амлалт биш. Өөрөөр хэлбэл наадам өнгөрөөд хэрхэх нь тодорхойгүй хэвээр. Гэхдээ наадам дуусах нь л тодорхой билээ. 

2022 онд COVID-19 цар тахлын үеийн эдийн засгийн хямрал, инфляцын өсөлтийг тогтоон барихын тулд Монголбанкнаас бодлогын хүүг жилийн дотор 2.2 дахин нэмэгдүүлж 13 хувьд хүргэж байв. Үүнээс хойш хөдөлгөөн багатай өнөөдрийг хүрсэн бодлогын хүүг ахин хөдөлгөж мэдэх “хоёр оронтой тоо” ийнхүү хаалга тогшиж байна. 

Гэхдээ өнөөдөр бодлогын хүүг хөдөлгөөд л маргаашнаас  махны үнэ буурна гэсэн үг биш. Олон улсын судалгаанаас харахад бодлогын хүүгийн өөрчлөлт зах зээлд хүчтэй нөлөө үзүүлэхэд ойролцоогоор нэг жил орчмын хугацаа шаардлагатай аж. Иймд мөнгөний бодлогын хариу арга хэмжээг удаашруулах нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй амьжиргааны зардлын дарамтад дасан зохицохоос өөр аргагүйд хүргэж магадгүй юм.

Энэ талаар эдийн засагч Д.Ган-Очир хэлэхдээ:

“Инфляцын өсөлтийг дан ганц нийлүүлэлтийн шалтгаантай гэж үзээд мөнгөний бодлогын хариу арга хэмжээг удаашруулах нь эрсдэлтэй. Инфляц удаан хугацаанд өндөр түвшинд үргэлжлэхэд нийлүүлэлтийн шок нь цалин, үйлчилгээний үнэ, инфляцын хүлээлт, дотоод эрэлтээр дамжин эдийн засагт суурьшдаг. Үүний дараа инфляцыг бууруулахын тулд илүү хүчтэй, илүү өндөр өртөгтэй бодлого хэрэгжүүлэх шаардлагатай болно. Эцэст нь энэ өртгийг иргэд амьжиргааны зардлын огцом өсөлтөөр, бизнесүүд санхүүжилтийн илүү хатуу нөхцөлөөр, эдийн засаг бүхэлдээ өсөлтийн алдагдлаар төлдөг ” гэжээ.

Инфляц иргэдийн худалдан авах чадварт  бодит дарамт учирч буй энэ үед бодлогын хүүг хэвээр хадгалах нь үнэхээр  эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалах алхам болж чадах эсэх асуудал ойрын хугацаанд тодорхой болно. Төв банкны хүлээлт биелж инфляц саарах уу, эсвэл өндөр үнийн орчин эдийн засагт “хэвийн үзэгдэл” болж үлдэх үү?