Энэ оны эхний хагаст гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 36.3 хувиар өсжээ. Экспорт 10.4 тэрбум ам.доллар, импорт 6.1 тэрбум ам.доллар болж, худалдааны тэнцэл 4.3 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Дээрх тоон үзүүлэлтийг харвал өсөлттэй, харин бүтцээр нь авч үзвэл манай улсын гадаад худалдаа өнөө л танил замаараа давхиж явна.

Жолоогоо сольсонгүй, уяагаа ч тайлсангүй. Экспортын ачааг энэ удаад ч нүүрс, зэс гэсэн эр хоёр загал чирэв.

Гэхдээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал байдал багагүй өөрчлөгджээ. Тухайлбал, 2025 оны эхний зургаан сард Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлт 12.1 тэрбум ам.доллар, экспорт 6.6 тэрбум ам.доллар, импорт 5.5 тэрбум ам.доллар байсан бөгөөд худалдааны тэнцэл 1.1 тэрбум ам.долларын ашигтай гарч байв. Тухайн үед экспорт өмнөх оны мөн үеэс 16.6 хувиар буурч, нүүрсний экспортын уналт нийт дүнг хамгийн ихээр доош нь татсан юм. Харин энэ онд зураглал эсрэгээр эргэжээ. Экспорт 3.8 тэрбум ам.доллароор нэмэгдэж, нийт гадаад худалдааны өсөлтийн гол ачааг зэсийн баяжмал, чулуун нүүрс үүрлээ. 

Энэ оны эхний зургаан сарын экспортын бүтцийг задалж харвал зэсийн баяжмал 4.65 тэрбум ам.долларт хүрч, нийт экспортын 44.7 хувийг чулуун нүүрсний экспорт 3.94 тэрбум ам.доллар болж, экспортын 37.9 хувийг бүрдүүлэв.

Өөрөөр хэлбэл, Монголын экспортын 10 ам.доллар тутмын найм орчмыг нь нүүрс, зэс хоёр олж ирж байна. Хөдөө аж ахуй, хүнс, нэхмэл, арьс шир, боловсруулсан бүтээгдэхүүн экспортлох, эдийн засгаа солонгоруулах тухай олон жил ярьж байгаа ч гол тайзан дээр өнөө л хоёр дүр ноёлж байна. 

Чулуун нүүрсний экспортын хэмжээ 2025 оны мөн үетэй харьцуулахад огцом буюу 21.8 сая тонноор өсөж, үнийн дүн нь 1.39 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна. Гэвч хилийн дундаж үнэ 58.5 ам.доллароор буурсан нь анхаарах дохио юм. Илүү их нүүрс гаргасан ч тонн тутмын үнэ сул хэвээр байжээ. 

Харин зэсийн баяжмалын экспортын дүр зураг илүү таатай хэвээр. Экспортын биет хэмжээ 253.3 мянган тонноор, үнийн дүн 2.29 тэрбум ам.доллароор өсөв.

Хилийн дундаж үнэ ч нэмэгдсэн байна. Ингэснээр 2026 оны эхний хагасын экспортын өсөлтөд зэс хамгийн том “үүрэг”-тэй ажиллажээ. Өнгөрсөн онд нүүрс экспортын уналтын гол шалтгаан байсан бол 2026 онд харин өсөлтийн нэг тулгуур болов. 2025 онд зэсийн баяжмал экспортын уналтыг зөөллөж байсан бол 2026 онд өсөлтийн гол хөдөлгүүр болжээ. Өнгөрсөн жил нэг нь бүдэрч, нөгөө нь түшиж байсан бол энэ жил хоёулаа зэрэг давхив. Гадаад худалдааны өсөлт ингэж л гарлаа.

Алт, төмрийн хүдэр, жонш: хөтөлгөө морьд 

Экспортын бусад гол нэрийн бараанд алт, төмрийн хүдэр, хайлуур жонш, боловсруулаагүй нефть, молибдены баяжмал багтаж байна. Гэвч эдгээр нь нүүрс, зэсийн ард нэлээд хол зайтай давхиж явна. Төмрийн хүдрийн экспорт 4.36 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 498.9 мянган тонноор өссөн байна. Гэхдээ үнэ нь бага зэрэг буурчээ. 

Алтны экспортын хувьд биет хэмжээ буурсан ч үнийн дүн өсөв. 2026 оны эхний зургаан сард экспортолсон алтны хэмжээ өмнөх оноос 1.4 тонноор багассан ч орлого 93.4 сая ам.доллароор нэмэгдсэн байна. Алтны 83.1 хувь Швейцарь, 16.9 хувийг АНУ руу гаргасан байна.

Хайлуур жоншны экспорт биет хэмжээгээр өссөн ч үнэ нь мөн л буурчээ. 2025 оны мөн үед нэг тонн хайлуур жонш 192 ам.доллар байсан бол 2026 оны эхний хагас жилийн байдлаар 180.2 ам.доллар болж буурчээ. 

Нэг хаалгатай экспорт

Монгол Улс 2026 оны эхний зургаан сард дэлхийн 65 оронд бараа экспортолсон гэхээр чамлахааргүй. Гэвч мөнгөн дүнгээр харвал агшилттай, үндсэндээ нэг л том хаалга руу чиглэжээ. Тодруулбал, нийт экспортын 94 хувь БНХАУ-д ногджээ. Швейцарь 3.6 хувь, АНУ 0.8 хувийг эзэлсэн байна. Эдгээр гурван улс нийлээд нийт экспортын 98.4 хувийг бүрдүүлэв. Монголын экспорт олон орны нэртэй ч мөнгөний урсгал нь цөөхөн зах зээлээр дамжсаар. 

Өнгөрсөн оны мөн үед БНХАУ экспортын 91.7 хувийг, Швейцарь 5.2 хувийг, АНУ 1.2 хувийг эзэлж байв. Өөрөөр хэлбэл, энэ жилийн өсөлт зах зээлийн төрөлжилтөөс ургасангүй. Гол худалдан авагч хэвээр, гол бүтээгдэхүүн хэвээр, гол эрсдэл хэвээр.

Зэсийн баяжмал, чулуун нүүрсийг 100 хувь БНХАУ руу гаргасан нь Монголын экспортын хамгийн том боломж, хамгийн том эмзэг цэг хоёр нэг газар байгааг харуулж байна.