Бизнесийн орчинд хүлээлт үүсгээд байсан хэд хэдэн хууль УИХ-аар батлагдлаа. Та Эрчим хүчний үндэсний хороог ахалж буйн хувьд, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн өөрчлөлт, түүний ач холбогдлыг хэрхэн үнэлэх вэ?
Манай улс асар их дэд бүтцийн хэрэгцээтэй. Газар нутаг томтой, хүн ам цөөтэй. Тиймээс санхүүжилт босгох, хөрөнгө оруулалт татах шаардлага байнга тулгардаг. Гэвч Хөрөнгө оруулалтын хууль олон жил гацсанаас хөрөнгө оруулалтын орчин өнгөрсөн хугацаанд дэндүү их муудсан. Энэ алдааг залруулах зохицуулалтууд Хөрөнгө оруулалтын тухай хуульд багтаж, батлагдаж чадлаа. Шинэ хууль хөрөнгө оруулагчдыг урин дуудсан хууль болж чадсан гэж би үзэж байгаа.
Хамгийн чухал нь бизнесийн орчинд өөрчлөлт авчрах хууль эрхзүйн зохицуулалтуудыг Эдийн засгийн эрх чөлөөний хуулийг дагалдуулж цогцоор нь баталсан. Энэ их чухал. “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн үндсэн концепц маш энгийн. Монгол Улсад хөрөнгө оруулаач, бизнес хийгээч. Монгол Улс бол ардчилсан улс. Хувь хүн засагладаггүй, хуулиар асуудлаа шийдвэрлэдэг улс. Асар өргөн зах зээл, асар том боломжтой улс. Оруулсан хөрөнгө оруулалтыг хамгаална, хэн нэгэн булаахгүй, дээрэмдэхгүй, хүчээр зогсоохгүй, гомдол маргаан гарвал хурдан шуурхай шийдвэрлэнэ.” Үүнийг л хуулиар дамжуулж ойлгуулахыг, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхийг зорьсон.
Мэдээж энэ шинэчлэлийн ард олон салбарт өөрчлөлт гарна. Үүний нэг нь яах аргагүй эрчим хүчний салбар. Өмнө нь энэ салбарт хөрөнгө оруулалт чиглүүлнэ гэдэг бүтэшгүй зүйл байсан бол одоо өөрчлөгдөнө гэж итгэж байна.
Өмнө нь хөрөнгө оруулагчдад татварын хөнгөлөлт, дэмжлэг амладаг байсан ч тэр нь Татварын хуультайгаа зөрчилддөг байсан. Харин энэ удаад амлалтаа бүх түвшинд хэрэгжүүлэх гэж байх шиг байна?
Тийм. Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан хөнгөлөлт, дэмжлэг Татварын хуульд тусгагдаагүйгээс маш их маргаан, үл ойлголцол гардаг байсан. Энэ удаад тэр зөрчлийг нэг мөр эцэс болгох зохицуулалт хийлээ. Одоо Хөрөнгө оруулалтын хууль, Татварын хууль хоорондоо зөрчилдөхгүй.
Хөнгөлөлт, чөлөөлөлтийн тухайд, эрчим хүч, ногоон бизнесийн салбарт илүү таатай нөхцөл олгож байгаа. Мөн дата төв, ногоон устөрөгч зэрэг Монгол Улсад ээлтэй ирээдүйг авчрах төслүүд хөнгөлөлт, чөлөөлөлтөд түлхүү хамрагдана. Нар, салхины цахилгаан станц, батарей хуримтлууртай төсөл хэрэгжүүллээ гэхэд, оруулж ирэх тоног төхөөрөмжийг гаалийн татвараас бүрэн чөлөөлнө. Мөн НӨАТ-ыг төслөө хэрэгжүүлсний дараа дөрвөн жилийн хугацаанд төлөх боломж бүрдсэн.
Дэлхий дахинд шинжлэх ухаан, технологи, ялангуяа хиймэл оюунд суурилсан хөрөнгө оруулалтын төлөө асар их өрсөлдөөн өрнөж байна. Монгол Улс энэ салбарт шууд өрсөлдөхгүй юм гэхэд, дата тав байгуулах замаар гол оролцогч болох боломжтой.
Монгол Улсад дата төвийг асуудалгүй ажиллуулах цэвэр эрчим хүчний нөөц байна. Уул уурхайгаас дутахгүй орлого олох боломж эрчим хүчний салбарт байна. Хуулийн шинэчлэлийн хүрээнд, татварын асуудлыг онцгойлон тусгасан нь ч үүнтэй холбоотой.
Татварын дэмжлэгээс гадна санхүүжилтийн эх үүсвэр талдаа том ахиц гарсан. Өмнө нь санхүүжилт, хөрөнгө оруулалт голдуу банкаар дамждаг байсан. Харин өнөө үед хөрөнгө оруулалт хөрөнгө оруулалтын сан, хөрөнгийн зах зээлээр дамжих нь дэлхий дахинд давамгайлж байна. Гэтэл ийм төрлийн хөрөнгө оруулагчдыг бойжуулах, дэмжих тал дээр бид учир дутагдалтай ажиллаж ирсэн. Жишээлбэл, банкаар дамжуулж хөрөнгө оруулалт хийвэл таван хувийн татвартай. Харин компанийн бонд худалдан авч бизнесүүдэд хөрөнгө оруулбал 20 хувийн татвар ногдуулдаг байсан.
Одоо энэ зохицуулалт өөрчлөгдөж байна. Банкны санхүүжилттэй адил таван хувийн татвар ногдуулдаг болж байгаа. Ингэснээр хувийн хөрөнгө оруулалтын, дэд бүтцийн, үл хөдлөх хөрөнгийн, итгэлцлийн сангууд Монгол Улсад бий болох, гаднаас орж ирэх, үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байна. Хөгжлийг зөвхөн төсвөөр, банкны эх үүсвэрээр санхүүжүүлдэг загвараас бид аажим аажмаар татгалзах ёстой.
Ногоон, дэвшилтэт технологи, техник тоног төхөөрөмжүүдийг гаалийн татвараас чөлөөлж, НӨАТ дээр “хүлээцтэй” хандсанаар ямар өөрчлөлт гарна гэж та хэлэх вэ?
Бид уул уурхайгаас дутахааргүй орлого олдог, бүтээн байгуулалт өрнөдөг эрчим хүчний салбарыг бий болгох гэж байна. Ялангуяа сэргээгдэх эрчим хүчний салбарт энэ дэмжлэг бодит өөрчлөлт авчирна. Монгол Улсад нөөц нь байна, нөхцөл нь ч бүрдлээ.
Манай орон хуурай уур амьсгалтай. Хуурай уур амьсгалтай учраас нарны эрчим хүчний үр ашиг бусад орноос өндөр байдаг. Салхины хувьд ч мөн адил. Монгол Улс өндөрлөг бүсэд оршдог, дөрвөн улиралтай учраас салхины нөөц харьцангуй сайн. Салхины хувьд далайн салхи, эх газрын салхи гэж ярьдаг. Далайн салхи хүчтэй ч тогтвортой биш. Харин эх газрын салхи хүчтэй, тогтвортой. Монголд ийм нөөц их байна. Мөн говийн бүсэд жилийн 360 хоногоос 300 орчим өдөр нь нартай байдаг. Олон улсад энэ үзүүлэлт дунджаар 200-220 хоног л байдаг.
Түүнчлэн газар нутгийн ашиглалтын хувьд ч давуу тал бий. Жишээ нь, өмнөд хөршид нэг газрыг ашиглахдаа хоёр сонголттой тулгардаг. Тэр нь нарны панель тавих уу, тариалан эрхлэх үү гэдэг сонголт. Харин манайх газраа голцуу мал аж ахуйн зориулалтаар ашигладаг учраас сэргээгдэх эрчим хүчтэй хослуулах боломжтой. Дараагийн нэг давуу тал нь сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн нийлүүлэлт.
Өнөөдөр дэлхий дээр сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн 90 гаруй хувийг Хятад нийлүүлж байна. Европ ч, Америк ч Хятадаас авч байна. Харин бид яг хажууд нь байна.
Тэгэхээр бид тоног төхөөрөмжийг ойроос татаж, нар, салхины станц, батарей хуримтлууртай систем байгуулахад бусад улстай харьцуулахад зардал бага гаргана.
Эх үүсвэр нэмэгдээд, өрсөлдөөн бий болоод ирэхээр үнэ буурна. Хятад улс эрчим хүчнийхээ үнийг 6-8 цент орчимд тооцдог. Солонгост нэг кВт.ц цахилгаан 18, Японд 22-26 цент хүрдэг. Харин Монгол Улс нар, салхины эрчим хүчийг тооцсон хэмжээндээ ашиглаж чадвал өртөг хоёр цент орчимд буух боломжтой.
Ногоон технологийг дэмжиж, татвараас чөлөөлж байгаагийн ард бас нэг чухал зүйл бий. Тэр нь дата төв. Хиймэл оюунд суурилсан дата төвүүд голдуу цэвэр, ногоон эрчим хүч шаарддаг. Хэрэв бид Өмнөговийн салхи ихтэй бүсэд салхин станц, нарны станц, батарей хуримтлууртай систем байгуулбал дэргэд нь дата төв байгуулаад түүнийгээ эрчим хүчээр хангах бүрэн чадамжтай. Ялангуяа зуны саруудад хэрэглээ унадаг манай улсад 365 өдөр, 24 цагаар эрчим хүч ашигладаг дата төв байгуулчихвал Монгол Улс дата экспортлогч болно.
Мөн манай орон байгалийн хөргүүртэйгээрээ давуу талтай. Жилийн олон сард нь хүйтэн байдаг. Асар их дулаан ялгаруулдаг дата төвүүд хөргөлтийн системдээ маш их төсөв зарцуулдаг. Бид энэ зардлыг мэдэгдэхүйц багаар шийдэж болно. Ийм учраас дата төвийн хөрөнгө оруулагчид Монголыг маш их сонирхож байгаа. Асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийх боломж бий. Бид үүнийг угтан хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг бүрдүүлж, татварын нөхцөлийг сайжруулж байгаа нь зүгээр ч нэг хэрэг биш.
Ногоон устөрөгчийн сэдэв Монголоос хол санагддаг байсан. Одоо ойртож байна гэж ойлгож болох уу?
Ногоон устөрөгч гэхээр хүмүүс өндөр хөгжилтэй орнуудад л яригддаг сэдэв гэж ойлгодог. Энгийнээр тайлбарлая л даа. Цахилгаанжсан бороо гэж ярьдаг шүү дээ. Бороо орох үед тэнгэрт цахилгаан цахиж, агаар дахь азотын нэгдлүүд бороотой хамт хөрсөнд буудаг. Тариаланчид тийм бороог их хүсдэг. Байгалийн бордоо болж, ургац нэмэгдүүлдэг юм. Үүнтэй адил маш хямд цахилгааныг нар, салхинаас гаргаж аваад, уснаас устөрөгчийг ялгаж авна. Үүнийг электролизын арга гэж нэрлэдэг.
Уснаас устөрөгчийг нь ялгаж аваад, цааш тээвэрлэх, хадгалах боломжтой хэлбэрт шилжүүлнэ. Жишээлбэл, аммиак хэлбэрт оруулж болно. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг хамгийн их сонирхож байгаа улс бол Япон. Европын орнууд ч мөн сонирхож байна. Яагаад гэвэл Монгол Улс маш хямд, нар, салхинд суурилсан ногоон эрчим хүчний эх үүсвэртэй. Ийм эх үүсвэрээр үйлдвэрлэсэн устөрөгчийг ногоон устөрөгч гэж нэрлэж байгаа юм.
Ногоон устөрөгч өнөөдөр дэлхий дээр өндөр үнэтэй бүтээгдэхүүнд тооцогддог.
Яагаад гэхээр маш хүчтэй эх үүсвэр. Том оврын усан онгоц, ачаа тээврийн салбарт хэрэглээнд орж эхэлж байгаа энэ эх үүсвэрийг Монголд уул уурхайн том оврын техник, машинуудад ашиглах боломжтой. Устөрөгчөөр ажилладаг болговол хоёр давуу тал гарна. Нэгдүгээрт, маш хүчтэй. Хоёрдугаарт, утаа биш уур ялгаруулна.
Монгол Улс бензин, дизелийн түлшээ бараг 100 хувь хойд хөршөөсөө авдаг. Тэгвэл бидний хийх гэж байгаа зүйл энэ хамаарлыг багасгана. Бид өөрсдийгөө уул уурхайн орон л гэдэг. Үнэндээ бас эрчим хүчний орон гэдэгтээ итгэх цаг болсон. Энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийх сонирхлоо илэрхийлсэн томоохон хөрөнгө оруулагч ч байна.
Гэхдээ олон биш байх тийм ээ?
Мэдээж хаалганы цаана оочирлоод зогсож байгаа хөрөнгө оруулагч цөөн байна. Гэхдээ одоо сэргэж байна. Бид Үндсэн хуулиа өөрчилсөн. Хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Энэ нь хөрөнгө оруулагчдад тодорхой хэмжээнд итгэл төрүүлж байгаа хэрэг. Монголын дотоодын улс төрийн хэрүүл бол 30 дугаар асуудал. ХҮН нам Засгийн газарт орчихлоо, ямар муухай юм бэ гэж шүүмжилж болно.
Гэхдээ бид алга ташуулах гэж Засгийн газарт ороогүй. Асуудал шийдэх гэж орсон. Асуудал шийдэгдээд явж байна.
Бид энэ дөрвөн жилийн хугацаанд үр дүнгээ л үзүүлье л гэж байгаа. Гол нь төр үүнийг дангаараа хийхгүй. Хувийн сектороор хийлгэнэ. Мөнгийг нь босгож өгч чадна. Бодит алхам болгож хувийн секторт ил тод, нээлттэй дуудлага худалдаа ч зарлаж үзүүллээ. Бүх зүйл нүдэн дээр ил тод явагдсан. Өмнө нь хөшигний ард шийдэгддэг байсан. Дүгнэж хэлбэл, саяхныг хүртэл Монголын бүх хөгжлийг гацааж байсан салбар нь эрчим хүчний салбар байсан. Одоо ч хэвээр байна. Харин маргааш бүх салбарыг чирж явах салбар нь эрчим хүчний салбар байх болно. Боломж нь байна. Болгоно.
Шинэчилсэн зохицуулалтаар тогтворжуулах гэрчилгээний хугацааг 10-20 жилээр тогтоосон байна. Энэ хугацааг хэрхэн тооцсон бэ? Ер нь тогтворжуулах гэрчилгээний ач холбогдлыг та тодруулж тайлбарлахгүй юу?
Хөрөнгө оруулагчид эрсдэлээ маш сайн тооцож орж ирдэг. Гэтэл Монгол Улс өнгөрсөн хугацаанд эрсдэлтэй ангилалд орж ирсэн. Шалтгаан нь улс төрийн тогтворгүй орчин. Тиймээс татварын орчныг тогтвортой болгох, цаашлаад төр засаг солигдсон ч 10, 20 жилээр бизнесээ айх аюулгүй үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх нь чухал байсан. Одоогийн зохицуулалтаар Улаанбаатарт 15 тэрбум, орон нутагт 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийвэл татварын орчныг 10 жилээр тогтвортой хадгална. 50 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийвэл 15 жил, 100 тэрбум төгрөгөөс дээш бол 20 жилээр өнөөдрийн татварын орчныг хадгална. Ингэж байж том төсөл хэрэгжинэ.
Өнгөрсөн хугацаанд дэд бүтцийн хөрөнгө оруулалт орж ирэхгүй байсны, гараанаасаа гарлаа гэхэд гацдаг байсны шалтгаан ердөө тогтворгүй орчин. Одоо хөрөнгө оруулалтыг 10-20 жилийн хугацаатай тогтворжуулалтын гэрчилгээгээр баталгаажуулдаг болж байна. Энэ бол онцгой ач холбогдолтой.
Ялангуяа эрчим хүчний төслүүдэд бүр ч чухал. Монголд цахилгаан станц баригдахгүй байна. Төсөв, санхүүжилт ч алга. Цалин, тэтгэвэр гэж байтал төсөв маань дуусчихдаг. Гаднаас зээл авъя гэхээр гаднынхан ногоон төслүүд сонирхдог. Дээр нь өрийн хязгаар, төсвийн алдагдлаас болоод зээл авах боломж ч хумигдаж байна. Тэгэхээр бидэнд үлдэж байгаа бодит боломж нь хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх. Үүний тулд хувийн хэвшлийн дуу хоолойг сонсох ёстой.
Эрчим хүчний хөрөнгө оруулагч юу хүсэж байна гэхээр 15-25 жилийн хугацаатай эрчим хүч худалдаж авах гэрээ хүсэж байгаа.
Үүнийг PPA буюу Power Purchase Agreement гэж ярьдаг. Та бүхэн анзаарсан байх. Сая эрчим хүчний салбарт Монголын түүхэнд анх удаа таван байршилд нээлттэй дуудлага худалдаа зарлалаа. Энэ дуудлага худалдаанд 40 компани орж ирсэн. Тэд 100 хувь өөрсдийн хөрөнгөөр станц барья аа гэсэн. Гэхдээ гол нөхцөл нь эрчим хүчний тарифаа тохиръё гэж байгаа юм. Миний хувьд “Монгол - Эрчим хүчний эх орон” гэж ярьж явдгийн хувьд тэр үед тарифын өөрчлөлт хийж, үнийг өртөгт нь дөхүүлэхэд их хүч зарцуулсан. Үр дүнд нь хувийн сектор, бизнес эрхлэгчид энэ салбарт хөрөнгө оруулах сонирхолтой болж байна.
Эрчим хүчний салбарт орж ирж байгаа хөрөнгө оруулагч хоёр жилийн бизнес хийе гэж орж ирэхгүй. Тэд станцаа барина, зээл авна, хөрөнгө оруулалт хийнэ, өөрсдөө мөнгө гаргана. Магадгүй 10 дахь жилээсээ бага зэрэг ашигтай ажиллана. Ийм хэмжээний тооцоололтой, том бүтээн байгуулалт хийх гэж байгаа хүмүүс эрчим хүч худалдаж авах гэрээг дор хаяж 20 жилээр байгуулъя гэж хүсэх нь аргагүй. Үүнийг дагаад татварын орчныг ч бас энэ дайны хугацаанд тогтворжуулж өгөөч ээ гэж тэд хүсдэг. Тэгэхээр тогтворжуулах гэрчилгээний талаарх зохицуулалт их чухал зүйл болсон.
Хөрөнгө оруулалтын хууль “зүг чиг”-ээ олохоос өмнөх буюу эрчим хүчний салбарын өнөөгийн зовлонг та товчхон “тоочихгүй” юу?
Монгол Улс эрчим хүчний дутагдалтай. Үүнийг бүгд мэдэж байгаа. Өвөл болохоор лаагаа барих хэмжээнд хүрдэг. Суурилагдсан хүчин чадал нь 1850 МВт орчим. Тэр хүчин чадлаа өвлийн оргил ачааллын үед тултал ашигладаг. Харин зун хэрэглээ 400-500 МВт хүртэл унадаг. Манай эрчим хүчний зах зээл жижиг. Тогтвортой хэрэглээтэй зах зээл биш. Ийм хэрнээ тариф маш бага, Засгийн газар үнэ барьчихдаг. Ийм орчинд хувийн сектор орох сонирхолгүй. Татварын орчин нь бусад салбартай адилхан байхаар бүр ч тоохгүй.
Гэтэл нөгөө талд манай станцуудын ихэнх нь 50, 60 насалчихсан. Маргааш унтрахад бэлэн. Бид газар доороо асар их нүүрстэй. Газар дээрээ асар их нар, салхитай. Ийм баялаг нөөцтэй байж өөрсдөө үйлдвэрлэж чадахгүйд л гол зовлон оршдог. Зовлонгийн шалтгааныг нь эрээд, нэхээд харахаар эрх зүйн орчин нь байдаг. Тэрийгээ шийдчихье, засчихъя гэхээр Засгийн газар нь популизмд баригддаг, ард түмнээсээ айдаг.
Ард түмэн ядуу байхад цахилгаан, дулааны үнэ тарифыг яагаад өсгөв гэх шүүмжлэлээс үеийн үед айж ирсэн.
Өнөөдөр хамтарсан Засгийн газар ажиллаж байна. ХҮН нам Засгийн газарт хамтарч ажиллаж байгаа хамгийн том шалтгаан энэ. Эдийн засгаа тэлэхийн тулд эрчим хүчний либералчлалыг хийх, эрчим хүчний хөрөнгө оруулалт татах. Үүнийг л хийхгүй бол Монгол Улс хөгжих боломжгүй. Гаднаас эрчим хүчээ авдаг улс хэвээрээ л үлдэнэ. Тиймээс бид хамгийн түрүүнд тарифыг нэмсэн. Иргэд маш их уурласан. Магадгүй ХҮН нам, эсвэл Т.Доржханд олон хүнд таалагдахгүй байгаа байх. Гэхдээ тэр хамаагүй. Тариф өсөж болно. Харин зах зээлд нийлүүлэлт нэмэгдээд ирэхээр үнэ зах зээлийн зарчмаараа буурна. Энэ бол цаг хугацааны асуудал.
Хоёрдугаарт бид санхүүжилтийг шийдсэн. Маш богино хугацаанд хоёр тэрбум ам.долларын эх үүсвэр босгож, хувийн секторт хөрөнгө оруулалт хийх боломжийг нээсэн. Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас нэг тэрбум ам.доллар, Европын хөрөнгө оруулалтын банкнаас нэг тэрбум евро гээд нийт найман их наяд төгрөгийн эх үүсвэр бүрдүүлсэн. Энэ бол бидэнд дутагдаж байгаа 2000 МВт-ын хүчин чадлыг санхүүжүүлэх хэмжээний эх үүсвэр.

Монгол Улс хөрөнгө оруулагчидтайгаа маргадаг гашуун туршлагатай. Маргаан шийдвэрлэх үйл явц олон жил үргэлжилдэг. Энэ удаагийн зохицуулалтад маргаан шийдвэрлэх асуудлыг хэрхэн тусгасан бэ?
Зарчмуудыг хуульд маш тодорхой тусгасан. Дээр хэлсэнчлэн гаднын ч бай, дотоодын ч бай бизнес эрхлэгчийн оруулсан хөрөнгийг булааж авахгүй, дээрэмдэхгүй, хууль бусаар хураахгүй гэсэн гол зарчим бий. Өмнө нь хөрөнгө оруулалтын маргаан шууд шүүхийн шат руу явчихдаг байсан. Ингээд шүүх дээр олон жил үргэлжилнэ. Давна, дахин хэлэлцэнэ. Тэр хооронд хөрөнгө оруулагчид хилийн хориг тавина. Гаднаас ирсэн хөрөнгө оруулагч гэртээ харьж чадахгүй нөхцөл үүснэ. Энэ бол хөрөнгө оруулагчийн хувьд аймшигтай тогтолцоо.
Одоо хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх олон нийтийн зөвлөл байгуулж, маргааныг 30 хоногийн дотор шийдвэрлэх зохицуулалт оруулсан. Зөвлөлийг маш яаралтай байгуулна.
Дараагийн шат нь эвлэрүүлэн зуучлал. Энэ шатанд талууд хоорондоо ойлголцох, асуудлаа эвээр шийдэх боломж бүрдэнэ. Энэ процесс ил тод явах ёстой. Гурав дахь нь арбитр. Шууд шүүхэд очихоос өмнө Монголын арбитр, эсвэл олон улсын арбитрт хандах боломжийг нээж өгч байгаа. Энэ бүх шат үр дүн өгөхгүй бол шүүхийн асуудал яригдана.
Ингэснээр хөрөнгө оруулалттай холбоотой гомдол, маргааныг богино хугацаанд, шуурхай шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдэж байна. Хөрөнгө оруулалт, худалдааны газар энэ асуудлыг түргэн шуурхай шийдээд явна. Засгийн газартай холбоотой асуудал байвал мөн шуурхай шийдвэрлэх чиглэлээр зохион байгуулалт хийнэ.
Ярилцлагын төгсгөлд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн талаар асууя. Анхдагч хууль гэдгээрээ онцлогтой хууль шүү дээ. Та энэ хуулийг хэрхэн дүгнэж байна вэ? Мөн энэ удаагийн чуулганаар УИХ ажлаа хэр сайн хийсэн гэж дүгнэх вэ?
Анх энэ хуулийн төсөл Засгийн газраас “Бизнесийн эрх чөлөөний тухай хууль” нэртэй орж ирсэн. Гэхдээ Ардчилсан намын ажлын хэсгийн санаачилгаар, эдийн засгийн эрх чөлөөг олгоё гэсэн агуулгаар нэр томьёо нь өөрчлөгдсөн байх. Гэхдээ агуулга хэвээрээ. Энэ хууль бол бизнес, хөрөнгө оруулалтын орчныг таатай болгох хууль. Сайн хууль гэж харж байгаа. Үндсэн зарчмуудыг тодорхой болгож өгсөн. Энэ хуулийг дагалдуулаад Хөрөнгө оруулалтын тухай хууль орж ирсэн. Мөн Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль орж ирсэн. Маш олон төрлийн зөвшөөрлийг байхгүй болгож байна. Ингэснээр бизнесүүд илүү чөлөөтэй үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ. Цаашлаад энэ “малгай” дор хүлээлт дагуулсан татварын багц хуулиуд, Нийгмийн даатгалын хууль ч орж ирж батлагдлаа. Чуулганаар реформын шинжтэй олон хуулийг цогцоор нь баталсан. Энэ бол гишүүд парламент дотроо ойлголцож ажилласны үр дүн. Популизм харьцангуй бага байлаа. Өмнө нь хоёр намын систем ажиллахгүй байсан юм. Хоёр тийшээ хараад суучихдаг байсан. Харин одоо парламентад ч, Засгийн газрын түвшинд ч бүтэц сайн ажиллаж байна. Би Засгийн газрыг бүрдүүлэх үйл явцад гурван удаа оролцож, Засгийн газарт Шадар сайдын хувиар ажиллаж байгаа ХҮН намын даргын хувьд өнөөдрийн үр дүнд сэтгэл хангалуун байна.
Ярилцсанд баярлалаа.
Баярлалаа. Та бүхэн сайхан наадаарай.


