Олон улсын монгол судлалын өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн тодорхойлох вэ? Судалгааны цар хүрээ, чанар, судлаачдын залгамж халааны хувьд өсөлт ажиглагдаж байна уу, эсвэл хумигдах хандлага давамгайлж байна уу?

Манайхан заримдаа дэлхий дахинд монгол судлал хумигдаж, энэ чиглэлээр ажилладаг эрдэмтдийн тоо цөөрч байна гэж ярьдаг. Үүнийг хоёр талаас нь авч үзэх хэрэгтэй. Ялангуяа ахмад эрдэмтэд өөрсдийн үеийн судлаачид цагийн жамаар цөөрч байгааг хараад монгол судлал унаж, хумигдаж байна хэмээн дүгнэх тохиолдол бий. Гэхдээ миний хувьд монгол судлалын салбар хөгжиж, өөрчлөгдөн үе солигдох замаар л явж байгаа.

Харин монгол судлалын хамрах сэдэв, цар хүрээ өөрчлөгдөж байна. Өмнө нь монгол судлалыг хэл, соёл, түүх, угсаатан судлал гэсэн уламжлалт хүрээнд голлон авч үздэг байлаа. Одоо Монголын орчин үеийн нийгмийг сонирхон судлах хандлага нэмэгдсэн.

Тухайлбал, орчин үеийн Монголын нийгэм, уур амьсгал, байгаль орчин, нүүдэлчин соёл зэрэг шинэ сэдвийг сонирхох нь нэмэгдлээ. Тэр бүү хэл Монголын “нутгийн зөвлөл” гэж юу болохыг судалж байна. Монголчуудын соёл, ахуй амьдрал, сэтгэлгээний уламжлалт технологи, уламжлалт анагаах ухааныг хүртэл тусгайлан судалж байна. Эдгээр сэдэв нь монгол судлалын бидний өмнө төсөөлж байснаас илүү өргөн цар хүрээтэй болсныг харуулдаг. Сэдэв, хамрах хүрээ, оролцоо, байгууллага, эрдэмтэн судлаачдын тоо гээд бүх үзүүлэлтээр монгол судлал тэлж байгаа.

Жишээлбэл, энэ удаагийн Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурал Монголын түүхийн судалгааг гурван том дэд салбарт хувааж байгаа. Нэгдүгээрт, Монголын эртний болоод эзэнт гүрний үеийн түүх, хоёр дахь нь Манжийн үе, гуравдугаарт, орчин  үеийн түүхийн судалгаа.

Үүний зэрэгцээ “Монголын орчин үеийн нийгэм, гадаад харилцаа” гэсэн тусдаа салбар хуралдаан зохион байгуулна. Энэ хүрээнд хууль эрх зүй, парламентын тогтолцооны асуудлыг хөндөнө. Эдгээр сэдвээр гадаадын эрдэмтэд голлон илтгэл хэлэлцүүлэхээр байгаа. Иймээс монгол судлал тэлж байгааг үгээр тайлбарлахаас илүү хурлын илтгэгчдийн бодит оролцоо, зохион байгуулалтын үйл ажиллагаа нотолж байгаа юм.

Дэлхийн аль улс орон, эрдэм шинжилгээний төвүүд монгол судлалаар тэргүүлж байна вэ? Тэдний сонирхож буй гол сэдэв, судалгааны арга барил хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

Өнөөдрийн байдлаар байгууллагын тоо, эрдэмтдийн оролцоо, судалгааны цар хүрээгээр манай урд хөршийг бусад улстай зэрэгцүүлэн харьцуулах аргагүй. Тиймээс БНХАУ-ыг тусад нь авч үзэх хэрэгтэй. Бусад орноос жишээ татвал байгууллагын тоо, эрдэмтдийн оролцоо, судалгааны хамрах хүрээгээр Япон дэлхийн монгол судлалд тэргүүлэх байр суурь эзэлж байна.

Улс орон бүрд монгол судлалын төв байгуулж, өргөн хүрээний үйл ажиллагаа явуулах хэрэгцээ, боломж адилгүй л дээ. Гэхдээ Монголыг сонирхож, судалж буй өнөөгийн цар хүрээг бидний өнцгөөс харвал хангалттай түвшинд байгаа. Харин Монголын зүгээс өөрсдийгөө гадаад ертөнцөд шинжлэх ухааны зөв арга замаар таниулах, энэ чиглэлийн үйл ажиллагааг дэмжих ажил дутагдалтай байгаа. Үүнд илүү анхаарах шаардлагатай.

Монголын талаар гол төлөв гадаадын судлаачид тайлбарлаж, судалж ирсэн түүхтэй. Өнөөдөр монгол судлаачид олон улсын академик орчинд өөрсдийн дуу хоолой, судалгааны байр суурийг хэр хүргэж чадаж байгаа вэ?

Энэ тал дээр Монголын судлаачид олон улсын түвшнээс нэг их хоцроогүй. Гэхдээ салбар бүрийн онцлог өөр. Тухайлбал, Монголын түүх, ялангуяа эзэнт гүрний судалгаа дан ганц Монголын түүхэд хамаарахгүй, дэлхий болон бүс нутгийн томоохон нэг хэсэг байсан. Тиймээс Монголын эзэнт гүрний судалгаа нь дэлхийн түүхийн асуудлыг ч хөнддөг. Энэ чиглэлээр ажилладаг Монголын эрдэмтэд олон улсын томоохон хэвлэлийн газруудаар ном, бүтээлээ хэвлүүлж, нэр хүндтэй цуврал бүтээлүүдэд судалгаагаа нийтлүүлдэг түвшинд аль хэдийн хүрсэн.

Харин тоон үзүүлэлтээр олон эрдэмтэн ийм түвшинд хүрч чадсан уу гэвэл хараахан хангалттай биш. Боломж, хамрах хүрээ ч тодорхой хэмжээнд хязгаарлагдмал. Олон улсын түвшинд бүтээлээ гаргах боломж нь судалгааны сэдвээс мөн шалтгаалдаг. Монголын эзэнт гүрний судалгаа дэлхийн түүхийн асуудлыг хөнддөг учраас харьцангуй өргөн боломжтой. Харин Монголын орчин үеийн түүхийн чиглэлээр дагнан хийсэн судалгааг олон улсын түвшинд нийтлүүлэхэд сонирхон хүлээж авах хэвлэл, судалгааны талбар харьцангуй цөөн байх жишээтэй.

Монгол судлалыг төрөөс дэмжих бодлого өнөөгийн хэрэгцээнд нийцэж чадаж байна уу? Санхүүжилтийг хурал зохион байгуулах, ном хэвлүүлэхээс гадна урт хугацааны судалгааны төсөл, тэтгэлэг, олон улсын сэтгүүл, залуу судлаач бэлтгэхэд хэрхэн чиглүүлэх шаардлагатай вэ?

Олон улсын судалгаа шинжилгээний арга барилаас суралцах, олон улсын жишигт нийцсэн судалгаа бичиж туурвих, түүнийгээ хэвлүүлж нийтлүүлэх үйл явцад Монголын эрдэмтэд аль хэдийн оролцож эхэлсэн. Цаашид хүрээгээ тэлж, илүү идэвхтэй ажиллан, олон улсын түвшний судалгаа хийдэг эрдэмтдийнхээ тоог нэмэгдүүлэх шаардлага бий. 

Монгол судлал гэдэг хэдхэн судлаач, эсвэл энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цөөн байгууллагын хүрээнд яригддаг асуудал биш. Энэ бол Монгол Улсын төрийн бодлогын асуудал. Монгол судлалыг хөгжүүлэх асуудлыг хэдхэн судлаачдад даатгаад орхиж хэрхэвч болохгүй.

Дэлхийн улс орнууд, ялангуяа Азийн орнууд хэл, соёлоо түгээн дэлгэрүүлэхэд төр засгийн зүгээс өндөр ач холбогдол өгч, бодлогоор анхаардаг. Жишээлбэл, Күнзийн институт, Сэжун институт, Япон сан гэх мэт байгууллагаар дамжуулан өөрсдийн хэл, соёлыг сурталчилж, судлаачид, суралцагчдыг дэмждэг.

Монголчууд дэлхий дээр оршин буй олон улс, үндэстний нэг хэсэг. Бид дэлхий нийтээс салангид, ганцаараа амьдрах боломжгүй. Дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж, бусдаас суралцаж, хамтдаа урагшлахын тулд өөрсдийгөө дэлхий ертөнцтэй зөв холбох ёстой. Тэр холбоос, гүүр нь монгол судлал юм. Монгол Улсыг гадаад ертөнцөд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зөв таниулж чадвал олон улсын анхаарлыг татна. Үүнийг дагаад Монголыг сонирхох сонирхол нэмэгдэж, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтын боломжууд ч өргөжинө.

Монгол Улс өөрийн хэл, соёлыг сурталчлах, таниулах, зааж сургах чиглэлээр тэднээс ч илүү хүчин чармайлт гаргах шаардлагатай. Наад зах нь монгол хэл сурч буй гадаадын залуу судлаач, оюутнуудыг дэмжсэн тэтгэлэг, хөтөлбөрүүдийг тасралтгүй хэрэгжүүлэх ёстой.

Дэлхий дахинд Монгол Улс, монгол үндэстэн оршин тогтнодог, бусдаас ялгарах өөрийн соёл, түүх, өв уламжлал, сэтгэлгээтэй гэдгийг хэдий чинээ өргөн хүрээнд таниулна, төдий чинээ бидний оршихуйн дархлаа бэхжинэ. Гадаад ертөнцөд Монголыг мэдэх, таних хүрээ өргөжихийн хэрээр биднийг сонирхон ирэх, аялах, үзэж харах хүний тоо нэмэгдэнэ  гэсэн үг. Энэ бүхэн улс орны хөгжилд эергээр нөлөөлнө.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх монгол судлалын ач холбогдлыг чин сэтгэлээсээ ойлгож, энэ салбарт онцгой анхаарах шаардлагатай гэж үзэж, дэмждэг.

Тиймээс монголч эрдэмтдийн хурлыг таван жил тутам зохион байгуулдаг байсныг гурван жилийн давтамжтай болгох саналыг дэмжиж, XIII их хурлыг ивээлдээ авсан.  Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хуралд оролцож буй гадаадын эрдэмтдийг тусгайлан хүндэтгэн хүлээн авч, уулзах санал гаргасан. Аль нэг улсад болж буй эрдэм шинжилгээний арга хэмжээнд төрийн тэргүүн нь биечлэн оролцож, судлаачдад хүндэтгэл үзүүлэх тохиолдол тийм ч олон биш. Мөн Олон улсын монголч эрдэмтний XIII их хурлыг зохион байгуулах Засгийн газрын тогтоол гарч, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяраар ахлуулсан зохион байгуулах хороо ажиллаж, санхүү удирдлагын бүх асуудлыг шийдвэрлэж байгааг хэлэхэд сайхан байна.

Монгол хэлний мэдлэгтэй залуу гадаад судлаачдын тоо, бэлтгэгдэж буй түвшин ямар байна вэ?

Сүүлийн үеийн мэдээллээр 18 улсын 25 орчим судалгааны төвд монгол судлалын чиглэлийн сургалт явуулж байна. Эдгээр төв монгол хэл, соёлыг сургалтын хөтөлбөртөө оруулан зааж, монгол судлаачдыг бэлтгэж байгаа. Энэ бол чамлахаар тоо биш. Харин суралцагчдын тоог хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт анхаарах ёстой.

Гадаад дахь монгол судлалын зарим төв хаагдах, санхүүжилт нь буурах, монгол хэлний хөтөлбөрүүд цөөрөх асуудал үе үе хөндөгддөг. Энэ нь салбарын хэмжээнд хэр бодит эрсдэл вэ? Үндсэн шалтгаан нь юу байна вэ?

Хамгийн чухал асуудал нь тогтвортой байдал. Монгол судлалыг дэмжих төрийн бодлого аль нэг дарга, сайд, түшмэлээс үл хамааран тогтвортой үргэлжлэх ёстой. Бидний гаргадаг нэг том алдаа бий. Монгол судлалын ач холбогдлыг зөв ойлгодог хүн гарч ирээд тодорхой ажил, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Харин дараагийн хүн нь гарч ирээд өмнөх ажлыг үгүйсгэх, эсвэл орхигдуулах тохиолдол бий.

Ялангуяа гадаадын эрдэмтэд болон гадаад дахь монгол судлалын төвүүдийг дэмжих асуудалд тогтвортой байдал маш чухал. Нэг хэсэг дэмжиж явснаа гэнэт зогсоовол гадаадын монгол судлаачдад тайлбарлахад хэцүү.

Тиймээс монгол судлалыг дэмжин хөгжүүлэх төрийн бодлого улс төрийн нам, албан тушаалтан, дарга удирдлагаас үл хамааран тогтвортой байх нь нэн тэргүүний асуудал.

Хоёрдугаарт, “Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг өмнө нь хоёр удаа баталсан. Нэг дэх хөтөлбөрийг 2012-2016 онд, дараагийн хөтөлбөрийг 2018-2021 онд хэрэгжүүлсэн. Сүүлийн хөтөлбөрийг миний бие ахлан боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар батлуулж байлаа. Сүүлийн хөтөлбөр дууссанаас хойш хэдэн жил өнгөрсөн ч шинэ хөтөлбөр батлагдаагүй л байна. Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр тасралтгүй үргэлжлэх ёстой. Төрийн тодорхой бодлого байж гэмээн бодитой хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ.

Гуравдугаарт, монгол судлалын чиглэлээр ажилладаг, ялангуяа гадаадын эрдэмтдийг Монгол руу татах, Монголд судалгаа шинжилгээ хийх нөхцөлийг нь бүрдүүлэх, Монголыг судалж буй хичээл зүтгэлийг урамшуулах нь чухал.

Монгол судлалыг, бидний түүх, соёлыг өөртөө төвлөрүүлэх сонирхолтой улс орон  бидний хажууханд байна. Тэдэнд бодлого, санхүүгийн боломж бий. Гадаадын эрдэмтдийн татагдах чиглэл Монголоос өөр тийш хэлбийж эхэлбэл дэлхийн монгол судлалын төв хаана байх вэ гэсэн асуулт гарч ирнэ. Энэ бол үл тоогоод өнгөрөх жижиг биш, Монгол Улсын том асуудал.