Танай компани хэдэн оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бэ? Монголд амьдралын даатгал хөгжих боломжийг анх юунаас харсан бэ?
"Нэйшнл Лайф Даатгал" ХХК нь 2007 онд байгуулагдсан, Монголын анхны урт хугацааны буюу амьдралын даатгалын компани юм. Амьдралын даатгал нь хувь хүний амь нас, эрүүл мэндэд учирч болох эрсдэлээс үүдэлтэй орлогын тасалдлаас сэргийлж, гэр бүлийн санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалах зорилготой. Нийгмийн даатгал нь хатуу зохицуулалттай байдаг бол хувийн даатгал нь иргэдийн хэрэгцээнд илүү уян хатан нийцдэгээрээ давуу талтай.
Одоогоор Монголд энэ зах зээл жижиг байгаа хэдий ч эрүүл мэнд, тэтгэврийн сангийн өнөөгийн нөхцөл байдал нь хувийн даатгалын хэрэгцээ асар их байгааг харуулж байна. Салбарын хөгжил нь иргэдийн хуримтлал үүсгэх чадвар болон төрийн татварын таатай бодлогоос шууд хамаардаг.
Олон улсад амьдралын даатгалыг татварын хөнгөлөлтөөр дэмждэг гэж та ярилаа. Тэгвэл Монголд ийм бодлого хэрэгтэй юу? Хэрэв өнөөдөр бодлогын нэг өөрчлөлт хийх боломж танд олдвол юуг өөрчлөх вэ?
Монголд зохицуулалтын орчин харьцангуй сайжирч байна гэж би хардаг. Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа. Батлагдана гэсэн хүлээлт бий. Мөн амь насны болон эрүүл мэндийн даатгалтай холбоотой зарим зохицуулалт татварын хувьд илүү таатай болж эхэлж байна. Амьдралын даатгалыг байгууллагууд ажилтнаа урамшуулах, тогтоон барих хүний нөөцийн бодлогын чухал хэрэгсэл (benefit) болгон ашиглах бүрэн боломжтой.
Цалин нэмэх нь богино хугацааны л сэтгэл ханамж өгдөг бөгөөд ажил олгогчид татвар, шимтгэлийн өндөр зардал үүсгэдэг. Харин үүнийг эрүүл мэнд, амь нас, тэтгэврийн хуримтлалын даатгал руу чиглүүлбэл харьцангуй бага зардлаар ажилтанд илүү бодитой, урт хугацааны үнэ цэн бүтээж өгнө.
Түүнчлэн, даатгалын гэрээнд “тодорхой жил тогтвортой ажиллавал хуримтлал бүрэн шилжих” зэрэг нөхцөл тусгаснаар ажил олгогч болон ажилтны хооронд бат бөх итгэлцэл үүсэж, тогтвор суурьшил нэмэгддэг. Тиймээс бид өөрсдийгөө зөвхөн даатгалын үйлчилгээ борлуулдаг компани гэж хардаггүй. Аж ахуйн нэгжүүдэд хүний нөөцийн бодлогоо илүү ухаалгаар төлөвлөх, ажилтнуудаа халамжлах, тогтвортой ажиллуулахад нь туслах шийдлийг бид бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ санал болгодог.
Амьдралын даатгал салбарынхаа бусад тоглогчидтой, тухайлбал банк бус санхүүгийн байгууллага, үнэт цаасны компанитай хэрхэн уялдаж ажиллах боломжтой вэ?
Амьдралын даатгал нь зөвхөн хамгаалалт төдийгүй зорилготой хуримтлал үүсгэх хэрэгсэл юм. Даатгалын компани нь иргэд, байгууллагаас хураамж төвлөрүүлж, түүнийгээ банк бус санхүүгийн байгууллага (ББСБ), үнэт цаасны компаниуд зэрэг салбарын бусад тоглогчидтой хамтран хөрөнгө оруулалтад байршуулж ажилладаг. Жишээлбэл, байгууллагууд ажилтнуудынхаа хуримтлалыг даатгалд төвлөрүүлж, цааш нь ББСБ-аар дамжуулан өсгөх боломжтой бөгөөд энэ үед ажилтны мөнгө даатгалын гэрээгээр эрсдэлээс бүрэн хамгаалагдсан байдгаараа онцгой давуу талтай юм.

Mongolian Economy сэтгүүл, 2026 оны зургаадугаар сарын "Санхүүгийн салбарын гол тоглогчид" тусгай дугаарын 38-39р нүүр


